Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 52

Сэтгэлийн зовлонтойгоо тэмцэх нь

Сэтгэлийн зовлонтойгоо тэмцэх нь

«Ачаагаа ЭЗЭНд даатга, тэр чамайг өмгөөлнө» (ДУУ. 55:22).

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

ТОЙМ a

1. Хүн сэтгэлээр унахаараа ямар болдог вэ?

 БЭРХШЭЭЛГҮЙ өдөр гэж бараг байдаггүй. Бид бэрхшээлээ давахын тулд чадах бүхнээ хийдэг. Гэхдээ сэтгэлээр унасан үед бэрхшээлийг давна гэдэг амаргүй. Хүн сэтгэлээр унахаараа өөртөө итгэхгүй, зүрх зориггүй, баяр хөөргүй болдог. Сургаалт үгс 24:10-т «Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж» гэж байдаг. Үнэндээ сэтгэлээр унахлаар хүч тэнхээ барагдаж, бэрхшээлийг даван туулахад хэцүү болдог.

2. Юунаас болж сэтгэлээр унадаг вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Бид гадаад, дотоод янз бүрийн хүчин зүйлээс болж сэтгэлээр унаж магадгүй. Үүнд: алдаа дутагдал, өвчин эмгэгийг дурдаж болно. Түүнчлэн хүсэн хүлээсэн үүрэг даалгавраа авахгүй байх, үржил шимгүй хөрстэй зүйрлэм хэсэгт дэлгэрүүлэх ч орно. Сэтгэлийн зовлонгоосоо салахын тулд юу хийх хэрэгтэйг энэ өгүүллээр үзнэ.

АЛДАА ДУТАГДАЛТАЙГАА ТЭМЦЭХ НЬ

3. Алдаа дутагдлынхаа талаар ямар бодолтой байх нь зүйтэй вэ?

3 Алдаа дутагдлынхаа талаар буруу үзэлтэй болох амархан. «Би алдаа гаргасан юм чинь Ехова намайг шинэ ертөнцөд оруулахгүй» гэж боддог. Ийм хандлага аюултай. Алдаа дутагдлынхаа талаар ямар бодолтой байх нь зүйтэй вэ? Есүс Христээс бусад бүх хүн «нүгэл үйлдсэн» гэж Библид байдаг (Ром 3:23). Гэхдээ Библийн Зохиогч бол өө сэв хайдаг, төгс байхыг шаарддаг Нэгэн биш, харин бидэнд туслахыг хүсдэг хайр халамжтай Эцэг юм. Тэрбээр бас тэвчээртэй. Алдаа дутагдал, өөрийнхөө талаарх буруу үзэлтэйгээ хэрхэн тэмцэж явааг маань хардаг бөгөөд бидэнд туслахад бэлэн байдаг (Ром 7:18, 19).

Ехова урьдын болон одоогийн үйл хэргийг маань мэддэг (5-р догол мөрийг үзээрэй) c

4, 5. 1 Ёохан 3:19, 20-ийг харвал, хоёр Гэрч эмэгтэй сэтгэлийн зовлонгоо хэрхэн давсан бэ?

4 Дебора Мариа b нарын жишээг ярилцъя. Гэрийнхэн нь Дебораг бага байхаас нь л дорд үздэг, барагтай бол магтдаггүй байсан учир өөрийгөө өөдгүй, унхиагүй гэж боддог байжээ. Яльгүй алдаа гаргахаараа бүтэлгүй амьтан гэж өөрийгөө зүхнэ. Мариа бас ийм зовлонтой байлаа. Гэрийнхэн нь түүнийг шоолж дооглодог байжээ. Үүнээс болоод өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог болсон гэнэ. Баптисм хүртсэнийхээ дараа ч өөрийгөө Еховагийн Гэрч байх зохисгүй гэж боддог байв.

5 Гэхдээ энэ хоёр эмэгтэй Еховад үйлчлэхээ болиогүй. Яагаад? Еховад шаргуу залбирч ачаагаа даатгажээ (Дуу. 55:22). Хүн урьдын таагүй явдлаас болоод буруу үзэлтэй болдгийг хайртай тэнгэрийн Эцэг маань ойлгодог. Мөн өөрсдөө ч мэддэггүй сайхан зан чанарыг маань Ехова биднээс олж хардаг. Дебора Мариа хоёр үүнийг ойлгож авчээ (1 Ёохан 3:19, 20-ийг уншина).

6. Муу зуршилтайгаа тэмцэж байгаа хүн түүндээ дийлдвэл яадаг вэ?

6 Муу зуршилтайгаа тэмцэж байгаа хүн түүндээ дийлдвэл сэтгэлээр унадаг. Нүгэл үйлдэхээрээ өөрийгөө тодорхой хэмжээгээр буруутгах нь байдаг л зүйл (2 Кор. 7:10). Гэхдээ хэтэрхий их буруутган, «Би хэнд ч хэрэггүй хүн. Ехова намайг хэзээ ч уучлахгүй» гэж бодох ёсгүй. Ингэж бодох нь буруу бөгөөд Еховад үйлчлэхээ болиход хүргэж мэднэ. Сургаалт үгс 24:10-т юу гэж бичсэнийг санаарай. Сэтгэлээр унахлаар хүч тэнхээ үгүй болдог. Ийм үед Еховатай «хамт хэлэлцээрэй». Яаж? Залбираарай, өршөөл гуйгаарай (Ис. 1:18). Чин сэтгэлээсээ гэмшиж байгааг тань Ехова хараад уучилна. Бас ахлагчдад хандаарай. Тэд таныг Бурхантай дахин сайн харьцаатай болоход тэвчээртэй тусална (Яак. 5:14, 15).

7. Алдаа гаргавал өөрийгөө хэзээ ч засаршгүй хүн гэж бодох ёсгүйн учир юу вэ?

7 Францад ахлагчаар үйлчилдэг Жан Люк дутагдалтайгаа тэмцэж яваа хүмүүст хандан: «Ехова хэзээ ч алддаггүй хүнийг бус, харин алдаа гаргасандаа гэмшээд давтахгүй байхыг хичээдэг хүнийг зөв гэж үздэг» хэмээн хэлж байна (Ром 7:21–25). Тийм учраас алдаа гаргавал өөрийгөө хэзээ ч засаршгүй хүн гэж бүү бодоорой. Ямар ч хүн өөрийнхөө хүчээр Бурханд зөв хэмээн тооцогдохгүй, зөвхөн золиосонд үндэслэн Бурхны нигүүлслийг хүртэнэ гэдгийг санаарай (Эф. 1:7; 1 Ёох. 4:10).

8. Сэтгэлээр унасан үедээ хэнд хандах вэ?

8 Итгэл нэгтнүүдээсээ тусламж аваарай. Тэд таныг зоригжуулна! Яриаг тань анхааралтай сонсож, урмын үгээр сэтгэлийг тань засна (Сур. 12:25; 1 Тес. 5:14). Нигерид амьдардаг Жой гэдэг Гэрч эмэгтэй сэтгэлийн зовлонтойгоо тэмцэж яваа нэгэн. «Ах дүү нар маань байхгүй байсан бол би яах бол оо? Тэдний тусламж дэмжлэг бол Ехова залбиралд минь хариулдгийн баталгаа юм. Тэр байтугай, сэтгэлээр унасан хүнийг яаж тайвшруулахыг би тэднээсээ сурч авсан» гэж ярьжээ. Бидэнд хэзээ тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг ах дүү нар маань тэр бүр мэдэхгүй шүү дээ. Тийм учраас төлөвшсөн итгэл нэгтэн дээрээ өөрөө очоод, тусламж хэрэгтэй байгаагаа хэлээрэй.

ӨВЧИН ЗОВЛОНТОЙГОО ТЭМЦЭХ НЬ

9. Дуулал 41:3; 94:19-д бичсэн үг хэрхэн сэтгэл сэргээдэг вэ?

9 Еховагаас тусламж гуйгаарай. Сэтгэл тавгүйтсэн үед эсвэл архаг хуучтай бол эерэг бодолтой байх амаргүй. Ехова биднийг одоо гайхамшгаар эдгээхгүй ч тайвшруулж, өвчин зовлонгоо тэвчих хүч өгдөг (Дуулал 41:3; 94:19-ийг уншина). Жишээлбэл гэр орны ажил хийх, дэлгүүрээс юм худалдаж авах зэрэгт тусламж хэрэгтэй болбол итгэл нэгтнүүдийг маань явуулдаг. Мөн бидний төлөө залбирах хүслийг тэдэнд төрүүлдэг. Эсвэл удахгүй болох шинэ ертөнцөд өвчин зовлонгүй, эрүүл саруул болох гайхалтай найдварын тухай Библид бичсэнийг сануулдаг (Ром 15:4).

10. Исан осолд орсон ч сэтгэлийн зовлонгоо хэрхэн давсан бэ?

10 Нигерид амьдардаг Исан осолд орсны улмаас саажжээ. Эмч нь түүнд явж чадахгүй болсныг нь хэлэхэд тэнгэр ниргэх шиг болж, сэтгэлээр маш их унажээ. Энэ зовлонгоо давж чадсан болов уу? Тийм ээ, чадсан. Юу тус болсон бол? Исан: «Эхнэр бид хоёр Еховад тасралтгүй залбирч, Үгийг нь судалсаар байсан. Мөн одоо байгаа сайн сайхан бүхний төлөө, ирээдүйн гайхалтай найдварынхаа төлөө талархаж байхаар шийдсэн» хэмээн хэлжээ.

Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч үр дүнтэй, баяр хөөртэй дэлгэрүүлж чадна (11–13-р догол мөрийг үзээрэй)

11. Синди хүнд өвчтэй байхдаа хэрхэн баяр баясгалантай байж чадсан бэ?

11 Мексикт амьдардаг Синди амь насанд аюултай өвчин туссанаа мэджээ. Тэгээд яасан бэ? Эмнэлэгт эмчлүүлж эхэлсэн цагаасаа өдөр болгон дэлгэрүүлэх зорилго тавьсан байна. Тэрбээр: «Ингэсний хүчинд хагалгааны тухай, өвчин шаналлын тухай бодохын оронд өөр юманд анхаарлаа төвлөрүүлж чадсан. Яадаг байсан бэ гэвэл, эмч сувилагч нартай ярилцаж байхдаа гэрийнхнийх нь тухай асууна. Тэгээд яагаад ийм хэцүү мэргэжил сонгосныг нь сонирхоно. Ингэхлээр, ямар сэдвээр яривал сэтгэлийг нь хөдөлгөхөө мэдэж авдаг. “Биднээс ингэж асууж санаа тавьдаг өвчтөн ховор шүү. Санаа тавьсанд баярлалаа” гэж хэлсэн эмч, сувилагч олон байсан. Зарим нь бүр гэрийн хаяг, утасны дугаараа өгсөн. Амьдралын минь энэ хэцүү цагт Ехова жинхэнэ баяр баясгаланг мэдрүүлсэн. Би өөрөө ч гайхсан!» гэж бичжээ (Сур. 15:15).

12, 13. Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй итгэл нэгтнүүд маань хэрхэн дэлгэрүүлдэг вэ? Ямар үр дүнд хүрдэг вэ?

12 Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс санасандаа хүртэл дэлгэрүүлж чаддаггүй учраас сэтгэлээр унадаг. Гэсэн хэдий ч тэд дэлгэрүүлэх аргаа олдог. Лорел гэдэг америк эгчийг жишээ болгон авъя. Тэрбээр 37 жил төмөр уушгитай байжээ! Бас хорт хавдар, арьсны архаг өвчтэй байснаас гадна хүнд хүнд мэс засал хийлгэжээ. Ийм хэцүү үедээ ч тэрбээр дуугүй байгаагүй юм. Гэрт нь ирж эмчилгээ хийдэг эмч сувилагч нарт дэлгэрүүлсээр байсан. Ямар үр дүнд хүрсэн бэ? Лорел дор хаяж 17 хүнийг Библийн үнэн зөв мэдлэгтэй болгожээ!

13 Францад байдаг Ричард гэдэг ахлагч гэрээсээ гарч чаддаггүй эсвэл асрамжийн газар байдаг итгэл нэгтнүүддээ энгийн зөвлөгөө өгдөг ажээ. Тэрбээр: «Байгууллагынхаа ном, сэтгүүлээс хэдийг нүдэнд харагдах газар тавьчихаж бай гэж би хэлдэг юм. Хүмүүс сонирхоод асуухлаар сайхан яриа өрнүүлж болно. Тэгвэл айлаар дэлгэрүүлж чадахаа больсон тэр ах эгч нар маань урамшина шүү дээ» гэж ярьсан юм. Бас захиа бичиж, утсаар дэлгэрүүлэх боломж бий.

ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ДААЛГАВРАА АВААГҮЙ БОЛ

14. Давид хаан ямар гайхалтай жишээ үзүүлсэн бэ?

14 Нас, эрүүл мэнд болон бусад шалтгааны улмаас хүсэн хүлээсэн даалгавраа авах боломжгүй хүмүүс бий. Та тэдний нэг бол Давид хааны жишээг бодоорой. Бурхны сүмийг барих нь Давидын хүсэж мөрөөдөж байсан зүйл юм. Гэхдээ Бурхан Давидыг сонголгүй, өөр хүнд энэ даалгаврыг өгөх болсноо хэлдэг. Тэгэхэд нь Давид тэр хүнийг бүрэн дэмжсэн. Тэр бүү хэл, энэ ажилд их хэмжээний хандив өргөжээ. Үнэхээр гайхалтай жишээ байгаа биз? (2 Сам. 7:12, 13; Ш.дээд 29:1, 3–5).

15. Үйг сэтгэлийн зовлонгоо хэрхэн давсан бэ?

15 Францад амьдардаг Үйг гэдэг Гэрч эрүүл мэндийн улмаас ахлагчаар үйлчлэхээ больжээ. Тэр байтугай, гэр орны наад захын ажлаа ч хийх чадваргүй болсон байна. Тэрбээр: «Эхлээд би хэнд ч хэрэггүй боллоо гэж бодоод сэтгэлээр маш их унасан. Гэхдээ яваандаа юу хийж чадаж байгаа, юу хийж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг ойлгосон. Тэгээд Еховад баяр хөөртэй үйлчлэх болсон. Би бууж өгөхгүй байхаар шийдсэн. Гидеон 300 цэрэгтэйгээ хэчнээн ядарсан ч тэмцлээ үргэлжлүүлсэн шиг, би бас тэмцсээр байх болно!» гэж бичжээ (Шүү. 8:4).

16. Тэнгэрийн элч нарт тохиолдсон явдлаас юу сурах вэ?

16 Үнэнч тэнгэрийн элч нар сайн үлгэр дуурайл болдог. Нэг удаа Ехова хорон муу Ахаб хааныг яаж хуурах талаар саналаа хэлэхийг тэнгэрийн элч нараас хүсжээ. Тэд ч саналаа хэлж байлаа. Гэхдээ Ехова нэг л тэнгэрийн элчийн саналыг хүлээн авч, санаж сэдсэнээ хийгээрэй гэжээ (Х.дээд 22:19–22). Бусад нь сэтгэлээр унасан уу? «Санал хэлэх гэж толгойгоо гашилгасны хэрэг байна уу?» гэж бодсон болов уу? Мэдээж үгүй. Тэнгэрийн элч нар үнэхээр даруу бөгөөд зөвхөн Еховаг алдаршуулахыг хүсдэг (Шүү. 13:16–18; Илч. 19:10).

17. Хүсэн хүлээсэн үүрэг даалгавраа аваагүйгээс болоод сэтгэлээр унавал яах нь зүйтэй вэ?

17 Ехова Бурхны Гэрч байх завшаанаа, Хаант төрийнх нь тухай тунхаглах хүндтэй үүргээ санаж яваарай. Бид үүрэг даалгавар авсан ч бай, үгүй ч бай даруу, дөлгөөн байсан цагт Ехова ч, итгэл нэгтнүүд маань ч биднийг үнэтэй гэж үзнэ. Тийм учраас даруу, дөлгөөн байхад туслаач гэж Еховагаас гуйж байгаарай. Библид гардаг Еховагийн даруу, дөлгөөн үйлчлэгчдийн талаар бодож үзээрэй. Итгэл нэгтнүүддээ боломжийнхоо хэрээр туслахад бэлэн байгаарай (Дуу. 138:6; 1 Петр 5:5).

ҮРЖИЛ ШИМГҮЙ ХӨРСТЭЙ ЗҮЙРЛЭМ ХЭСЭГТ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛБОЛ

18, 19. Үржил шимгүй хөрс шиг хэсэгт дэлгэрүүлдэг хүн яавал баяр хөөрөө алдахгүй вэ?

18 Дэлгэрүүлдэг хэсэг тань үржил шимгүй хөрс шиг бол, эсвэл эзгүй айл ихтэй бол та сэтгэлээр унадаг уу? Ийм үед баяр баясгалангаа алдахгүйн тулд яах вэ?  «Баяр хөөртэй дэлгэрүүлэхийн тулд» гэсэн хавсралтад дурдсан зөвлөгөөг уншаарай. Түүнчлэн дэлгэрүүлэх ажлынхаа талаар зөв үзэлтэй байх нь чухал. Энэ нь юу гэсэн үг вэ?

19 Бурхны нэр болон Хаант төрийн тухай дэлгэрүүлэхийг голлон анхаараарай. Амь руу хүргэдэг замыг харьцангуй цөөхөн хүн олно гэж Есүс хэлсэн (Мат. 7:13, 14). Дэлгэрүүлэх ажилд оролцох нь Ехова, Есүс, тэнгэрийн элч нартай хамтран ажиллаж байгаа хэрэг (Мат. 28:19, 20; 1 Кор. 3:9; Илч. 14:6, 7). Ехова зохистой хүмүүсийг өөр лүүгээ татдаг (Ёох. 6:44). Тиймээс хүмүүс мэдээнд маань энэ удаа нааштай хандахгүй байлаа ч дараагийн удаа сонсож болох юм.

20. Иеремиа 20:8, 9-ийг үзвэл, сэтгэлээр унахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

20 Зөнч Иеремиагаас сурах юм их бий. Тэрбээр туйлын хэцүү хэсэгт мэдээ тунхаглахаар томилогдсон. Тэнд «бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв» (Иеремиа 20:8, 9-ийг уншина). Тэрбээр сэтгэлээр маш их унаж, бүр дэлгэрүүлэхээ больё гэж бодсон удаатай. Гэхдээ болиогүй. Яагаад? Еховагийн үг түүний дотор шатаж буй гал мэт болж тэсвэрлэхэд хэцүү байсан. Оюун бодол, зүрх сэтгэлээ Бурхны Үгээр дүүргэвэл бид ч яг ийм болно. Өөрөөр хэлбэл Библийг өдөр болгон судалж, эргэцүүлэн бодох хэрэгтэй. Ингэдэг бол бүр ч их баяр баясгалантай болно, дэлгэрүүлэх ажил маань ч үр дүнтэй байна (Иер. 15:16).

21. Сэтгэлийн зовлонгоо хэрхэн давах вэ?

21 «Сатаны хэрэглэдэг аюултай зэвсгийн нэг нь сэтгэлээр унагах явдал юм» гэж дээр дурдсан Дебора хэлжээ. Гэхдээ Сатан ямар ч зэвсэг хэрэглээд Еховаг дийлэхгүй. Тиймээс та ямар нэг шалтгаанаар сэтгэлээр унавал Еховагаас тусламж гуйгаарай. Ехова алдаа дутагдалтайгаа тэмцэхэд тань тусална. Өвчин зовлонтой үед дэмжиж тэтгэнэ. Үүрэг даалгаврын талаар зөв үзэлтэй болгоно. Дэлгэрүүлэх ажлынхаа талаар өөдрөг үзэлтэй байхад тусална. Түүнээс гадна чухам юунд санаа зовоод байгаагаа тэнгэрийн Эцэгтээ илэн далангүй хэлээрэй. Та Бурхны тусламжаар сэтгэлийн зовлонгоо давж чадна!

ДУУ 6 Бурхны үйлчлэгчийн залбирал

a Сэтгэлээр унах үе хүн болгонд байдаг. Сэтгэлийн зовлонтойгоо хэрхэн тэмцэхийг энэ өгүүллээр ярилцана. Энэ тэмцэлд ялахад Ехова тусална.

b Зарим нэрийг өөрчлөв.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй нэг хэсэг сэтгэлээр унасан ч өмнө нь Еховад хэрхэн үйлчилж байснаа бодоод, залбирч байна. Урьдын болон одоогийн үйл хэргийг нь Ехова мэдэж байгаа гэдэгт итгэдэг ажээ.