Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 17

«Би та нарыг анд нөхөд гэсэн»

«Би та нарыг анд нөхөд гэсэн»

«Би та нарыг анд нөхөд гэсэн. Учир нь би Эцгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн» (ЁОХ. 15:15).

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

ТОЙМ *

1. Хүнтэй найзалъя гэвэл яах хэрэгтэй вэ?

 ХҮНТЭЙ нөхөрлөж, дотнын найз болох эхний алхам нь байнга уулзаж учран, ярьж хөөрч, санал бодол, сэтгэл санаагаа хуваалцах явдал юм. Харин Есүстэй дотносон нөхөрлөх гэхээр тийм ч амархан биш. Яагаад?

2. Есүстэй нөхөрлөх нь яагаад амархан биш вэ?

2 Юуны өмнө, бид Есүстэй нүүр тулж уулзаагүй. Нэгдүгээр зуунд ч Есүстэй уулзаж үзээгүй дагалдагч олон байсан. Гэхдээ элч Петр: «Та нар түүнийг хэзээ ч хараагүй боловч хайрладаг. Одоо хардаггүй ч түүнд итгэдэг» гэж хэлжээ (1 Петр 1:8). Тэгэхээр, Есүстэй уулзаж үзээгүй ч дотносон нөхөрлөх боломжтой байх нь ээ.

3. Бидэнд тулгардаг хоёр дахь бэрхшээл юу вэ?

3 Хоёрдугаарт, бид Есүстэй ярьж чадахгүй. Залбирвал зөвхөн Еховатай ярьдаг. Залбирлаа Есүсийн нэрээр дамжуулдаг ч Есүстэй өөртэй нь ярьдаггүй. Тэгээд ч Есүс зөвхөн Еховад залбираасай гэж хүсдэг. Яагаад? Залбирал бол шүтлэгийн нэг хэсэг юм. Бид Еховаг л шүтэх ёстой (Мат. 4:10). Гэлээ ч Есүст хайраа илэрхийлэх боломж бий.

4. Бидэнд тулгардаг гурав дахь бэрхшээл юу вэ? Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

4 Гуравдугаарт, Есүс тэнгэрт байдаг учраас бид түүний хажууд байх боломжгүй. Тэглээ ч гэсэн Есүсийн талаар их зүйлийг мэдэж болно. Есүстэй улам дотносоход тустай дөрвөн аргыг энэ өгүүллээр ярилцана. Харин эхлээд, Христтэй дотносон нөхөрлөх нь яагаад чухал гэдгийг авч үзье.

ЕСҮСТЭЙ НАЙЗЛАХЫН УЧИР

5. Бид яагаад Есүстэй найзлах ёстой вэ? (Бас  «Есүстэй найзалбал Еховагийн найз болно»,  «Есүсийн талаар зөв үзэлтэй байх нь» гэсэн хавсралтыг үзнэ үү).

5 Еховатай сайн харьцаатай байя гэвэл Есүстэй найзлах учиртай. Яагаад? Хоёр шалтгааныг авч үзье. Нэгдүгээрт, Есүс шавь нартаа «Эцэг өөрөө та нарыг хайрладаг. Учир нь та нар намайг хайрласан» гэж хэлсэн (Ёох. 16:27). Бас «Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэг рүү очихгүй» гэжээ (Ёох. 14:6). Хаалгагүй байшинд орж болдоггүйтэй адил, Есүстэй найзлахгүйгээр Еховатай нөхөрлөх аргагүй. Есүс үүнтэй төстэй жишээ татаж өөрийгөө «хонины хашааны үүд» гэсэн байдаг (Ёох. 10:7). Хоёр дахь шалтгаан нь, Есүс зан аашаараа Эцэгтэйгээ гайхалтай адилхан. Тэрбээр шавь нартаа «Намайг харсан хүн Эцгийг харсан» хэмээжээ (Ёох. 14:9). Тиймээс Еховаг таньж мэдэх нэг чухал арга нь Есүсийн амьдралыг судлах юм. Есүсийн тухай мэдэхийн хэрээр түүнийг хайрладаг болно. Есүстэй дотносохын хэрээр Эцгийг нь улам их хайрладаг болно.

6. Есүстэй найзлах ёстойн бас нэг шалтгаан юу вэ? Тайлбарлана уу.

6 Залбирлынхаа хариуг авъя гэвэл Есүстэй найзлах шаардлагатай. Бид «Есүсийн нэрээр» дамжуулж залбирдаг ч энэ үгийг ёс төдий хэлэх учиргүй. Ехова залбиралд маань хариулахдаа Есүсээр юу хийлгэдгийг ойлгодог байх ёстой. Есүс элч нартаа «Та нар миний нэрээр юу ч гуйсан, ... би гуйсныг тань биелүүлнэ» гэжээ (Ёох. 14:13). Биднийг залбирахад зөвхөн Ехова сонсож, хариулдаг ч шийдвэр биелүүлэх эрх нь Есүст байдаг (Мат. 28:18). Тэгэхээр, Бурхан залбирлын хариуг өгөхөөсөө өмнө Есүсийн зөвлөгөөг дагадаг эсэхийг маань анхаардаг. Жишээ нь Есүс: «Та нар хүмүүсийн алдаа дутагдлыг уучилбал та нарыг тэнгэрийн Эцэг тань бас уучилна. Та нар хүмүүсийн алдаа дутагдлыг уучлахгүй бол та нарыг Эцэг тань бас уучлахгүй» гэсэн (Мат. 6:14, 15). Ехова Есүс хоёр шиг энэрэнгүй байх нь хэчнээн чухал вэ!

7. Есүсийн золиосны ач тусыг ямар хүн хүртэх вэ?

7 Есүстэй дотносон нөхөрлөдөг хүн л золиосны ач тусыг хүртэнэ. Яагаад тэгж хэлж болох вэ? Есүс «нөхдийнхөө төлөө амиа өгөхөө» хэлж байсан билээ (Ёох. 15:13). Есүсийг дэлхийд ирэхээс өмнө амьдарч байсан Бурхны үнэнч үйлчлэгчид түүний тухай мэдэж аваад, хайрладаг болох шаардлагатай. Абрахам Сара Мосе Рахаб гээд эрэгтэй эмэгтэй олон хүн амилна. Зөв шударга энэ хүмүүс ч мөнх амьдрахын тулд Есүстэй найзлах ёстой (Ёох. 17:3; Үйлс 24:15; Евр. 11:8–12, 24–26, 31).

8, 9. Ёохан 15:4, 5-д бичсэнээр, бид Есүстэй найзалбал юу хийх вэ? Есүстэй найзлах нь яагаад чухал вэ?

8 Бид Есүстэй хамт Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлж, Библийн үнэнийг зааж байгаадаа баяртай байдаг. Есүс дэлхий дээр байхдаа багш байсан. Тэнгэрт буцаж очсон ч хурлын тэргүүн учраас дэлгэрүүлэх, заах ажлыг удирдаж байна. Өөрийг нь болон Эцгийг нь аль болох олон хүнд таниулах гэж хичээж байгаа таныг Есүс өндөр үнэлдэг. Үнэндээ Ехова Есүс хоёрын тусламжгүйгээр энэ ажлыг амжилттай хийх аргагүй (Ёохан 15:4, 5-ыг уншина).

9 Бурхны Үгэнд бичсэнээр, Еховагийн таалалд багтъя гэвэл Есүсийг хэзээ ямагт хайрладаг байх ёстой. Тэгвэл Есүстэй хэрхэн найзлах вэ? Дөрвөн аргыг авч үзье.

ЕСҮСТЭЙ НАЙЗЛАХ НЬ

Та 1) Есүсийг таньж мэдэн, 2) Есүстэй адилхан боддог, үйлддэг болж, 3) ах дүүг нь болон 4) байгууллагаас зохиож буй ажлыг дэмжвэл Есүсийн дотнын найз болно (10–14-р догол мөрийг үзээрэй) *

10. Есүстэй найзлахын тулд эхлээд яах хэрэгтэй вэ?

10 1) Есүстэй танилцаарай. Үүний тулд Библийн «Матай», «Марк», «Лук», «Ёохан» номыг унших хэрэгтэй. Есүсийн амьдралын тухай уншиж, эргэцүүлэн бодвол элэгсэг харьцаатай түүнийг хайрлаж, хүндэлдэг болно. Жишээлбэл Есүс, Эзэн атлаа шавь нараа боол шиг үзэж байгаагүй. Харин ч тэдэнд хамаг юмаа нууж хаалгүй ярьдаг байсан (Ёох. 15:15). Зовлонг нь хуваалцаж, хамт уйлдаг байжээ (Ёох. 11:32–36). Мэдээг нь хүлээж авсан хүмүүстэй анд нөхөр болсныг нь эсэргүүцэгчид хүртэл хүлээн зөвшөөрсөн (Мат. 11:19). Бид Есүсийг дуурайвал бие биетэйгээ улам дотносож, сэтгэл хангалуун, баяр хөөртэй болно. Энэ хэрээр Христийг улам бүр хайрлаж хүндэлнэ.

11. Есүстэй найзлах хоёр дахь арга юу вэ? Энэ нь яагаад чухал вэ?

11 2) Есүстэй адилхан бодож, үйлдэж байгаарай. Есүсийн сэтгэхүйг илүү сайн мэдэж аваад дуурайх тусам түүнтэй улам дотносно (1 Кор. 2:16). Есүсийг хэрхэн дуурайх вэ? Ганцхан жишээ авъя. Есүс өөрийнхөө сэтгэлд нийцүүлэхээс илүү, бусдад туслахыг л боддог байжээ (Мат. 20:28; Ром 15:1–3). Ийм хандлагатай учраас бусдын төлөө өөрийгөө гаргуунд нь гаргаж чаддаг, уучламтгай хүн байсан. Өөрийг нь муулсан хүнд гомддоггүй (Ёох. 1:46, 47). Хүнтэй харьцахдаа мууг нь сөхөж, муухайг нь хэлнэ гэж үгүй (1 Тим. 1:12–14). Есүс: «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» хэмээн хэлсэн (Ёох. 13:35). Тиймд бид өөрсдөөсөө «Би итгэл нэгтэнтэйгээ эвтэй байхын тулд Есүсийг дуурайхыг хичээдэг үү?» гэж асуух нь зүйтэй.

12. Есүстэй найзлах гурав дахь арга юу вэ? Христийн ах дүүг хэрхэн дэмжих вэ?

12 3) Христийн ах дүүг дэмжээрэй. Тослогдсон ах дүүг нь дэмжвэл өөрийг нь дэмжиж байна гэж Есүс үздэг (Мат. 25:34–40). Тослогдогсдыг дэмжих гол арга нь Есүсийн тушаалыг дагаж Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд бүх чадлаараа оролцох явдал юм (Мат. 28:19, 20; Үйлс 10:42). Христийн ах дүү нар дэлхий дахинд өрнөж буй дэлгэрүүлэх ажлыг «өөр хоньдын» тус дэмээр л амжилттай хийж чадна (Ёох. 10:16). Та өөр хоньдын тоонд багтдаг бол энэ ажилд оролцох бүрдээ тослогдогсдод төдийгүй Есүст хайртайгаа баталж байна гэсэн үг.

13. Лук 16:9-д байдаг Есүсийн зөвлөгөөг хэрхэн ажил хэрэг болгох вэ?

13 Түүнчлэн Ехова Есүс хоёрын ажлыг дэмжиж хандив өргөвөл тэдэнтэй найз болно (Лук 16:9-ийг уншина). Жишээ нь дэлхий дахинд өрнөж буй ажилд, тухайлбал, алслагдмал нутагт сайн мэдээ дэлгэрүүлэх; цуглаан, чуулганы танхим барих, засварлах; гамшигт нэрвэгдэгсдэд эд материалын тусламж үзүүлэх зэрэг ажилд зориулан хандив өргөж болдог. Бас хурлынхаа зардалд зориулж мөнгө хандивлах, гачигдал зовлон үзэж буй найз нөхдөдөө туслах нь зүйтэй (Сур. 19:17). Энэ бүхэн бол Христийн ах дүү нарыг дэмжих арга юм.

14. Эфэс 4:15, 16-г үзвэл, Есүстэй найзлах дөрөв дэх арга юу вэ?

14 4) Еховагийн байгууллагаас зохиож буй ажлыг дэмжээрэй. Хурлын тэргүүн Есүсийн дотнын найз болъё гэвэл хурлын гишүүдэд санаа тавих үүрэг даалгавар авсан хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй (Эфэс 4:15, 16-г уншина). Жишээлбэл, манай байгууллага сүүлийн үед цуглааны танхимуудаа үр өгөөжтэй ашиглахыг хичээж байна. Үүний тулд зарим хурлыг нэгтгэж, харьяалагдах хэсгийг нь өөрчилсөн. Зохион байгуулалтын энэхүү арга хэмжээний үрээр хандивын мөнгийг ихээхэн хэмнэж чадсан. Харин зарим дэлгэрүүлэгч шинэ нөхцөлд дасах шаардлагатай болсон. Нэг л хуралд олон жил үйлчилж, итгэл нэгтнүүдтэйгээ ижилдэн дассан үнэнч Гэрчүүд одоо өөр хуралд үйлчлэх болоод байна. Зохион байгуулалтын энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа тэдэнд Есүс ямар их баярладаг бол оо!

ЕСҮСИЙН ҮҮРДИЙН АНД НӨХӨД

15. Ирээдүйд бид Есүстэй улам дотносно гэхийн учир юу вэ?

15 Агуу хүчээр тослогдсон хүмүүс Есүстэй үүрд хамт байна, Бурхны Хаант төрийн өв залгамжлагчид болно гэсэн найдвар өвөрлөж явдаг. Тэд Христийг нүдээрээ харж, нүүр тулан ярилцаж, үргэлж хамт байна (Ёох. 14:2, 3). Есүс дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүсийг ч хайр халамжаар дутаахгүй. Тэд Есүстэй нүүр тулж уулзахгүй нь үнэн. Гэхдээ Ехова Есүс хоёрын бэлдэж өгсөн гайхалтай сайхан амьдралыг үзнэ. Тэгээд Есүстэй улам дотносно (Ис. 9:6, 7).

16. Есүсийн анд нөхөр болбол ямар ивээл хүртэх вэ?

16 Есүсийн урилгыг хүлээн авч найз нь болбол ивээл хүртэнэ. Жишээлбэл одоо хайрыг нь мэдэрнэ, тусламж дэмжлэг авна. Ирээдүйд мөнх амьдрах боломжтой. Хамгийн гол нь, хүн бүр Есүсийн Эцэг Еховатай ойр дотно болно. Энэ бол хамгийн үнэтэй эрдэнэ юм. Есүсийн анд нөхөд гэж дуудуулах нь юутай их завшаан бэ!

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

^ д/м 5 Элч нар хэдэн жил Есүстэй хамтран ажиллаж, ярьж хөөрсөөр сайн найзууд болцгоожээ. Есүс бидэнтэй ч найзлахыг хүсдэг. Есүстэй найзлах нь элч нарт амархан байсан бол, бидний хувьд тийм биш. Яагаад гэдгийг энэ өгүүллээр ярилцана. Мөн Есүстэй хэрхэн найз болох, үргэлж дотно байхын тулд яах хэрэгтэйг мэдэж авна.

^ д/м 55 ЗУРГИЙН ТАЙЛБАР: 1) Гэр бүлийн хичээлээрээ Есүсийн амьдрал, үйл хэргийн тухай судалцгаая. 2) Итгэл нэгтэнтэйгээ эвтэй байхыг хичээцгээе. 3) Христийн ах дүү нарыг дэмжиж дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцоцгооё. 4) Хурлуудыг нэгтгэх шийдвэр гаргавал дэмжицгээе.