Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 22

Үл үзэгдэх бэлгээ эрхэмлээрэй

Үл үзэгдэх бэлгээ эрхэмлээрэй

«Үл үзэгдэх юмыг үргэлж анхаар ... Учир нь үзэгдэх юм зуурдынх, үл үзэгдэх юм үүрдийнх» (2 КОР. 4:18).

ДУУ 22 Ехова бол миний Хоньчин

ТОЙМ *

1. Есүс тэнгэр дэх эд хөрөнгийн тухай юу гэж ярьсан бэ?

ҮНЭ цэнтэй бүхэн нүдэнд харагддаг байх албагүй. Харин ч хамгийн үнэтэй эрдэнэ нүдэнд харагддаггүй. Есүс уулан дээр сургаал айлдахдаа бодит эд хөрөнгөөс илүү чухал, тэнгэр дэх эд хөрөнгийн тухай дурдаад, «Хүний эд хөрөнгө хаана байна, сэтгэл нь тэнд байдаг» гэжээ (Мат. 6:19–21). Хүн эрхэмлэдэг буюу өндөр үнэлдэг зүйлдээ татагддаг гэсэн үг. Бурханд сайшаагдахыг хичээдэг маань «тэнгэрт эд хөрөнгө хурааж» буй хэрэг юм. Есүсийн хэлснээр, ийм эд хөрөнгө хэзээ ч устаж үгүй болохгүй, хулгайлагдахгүй.

2. а) 2 Коринт 4:17, 18-ыг харвал, Паул бидэнд юуг анхаарахыг уриалсан бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Элч Паул «үл үзэгдэх юмыг үргэлж анхаарахыг» уриалжээ (2 Коринт 4:17, 18-ыг уншина). Үл үзэгдэх юм гэдэг нь маш үнэтэй эрдэнэс юм. Бурхны байгуулах шинэ ертөнцөд хүртэх ивээл ч үүнд багтана. Энэ өгүүллээр, үл үзэгдэх дөрвөн эрдэнийн тухай ярилцъя. Ирээдүйд төдийгүй одоо ач тусаа өгдөг эдгээр эрдэнэ бол Бурхантай тогтоосон харьцаа, залбирал, Бурхны агуу хүч болон тэнгэрээс ирдэг тусламж юм. Эдгээр үл үзэгдэх бэлгээ хэрхэн эрхэмлэхийг бас мэдэж авъя.

ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦАА

3. Хамгийн үнэтэй эрдэнэ юу вэ? Ийм эрдэнэтэй болох боломж хэрхэн бүрдсэн бэ?

3 Хамгийн үнэтэй үл үзэгдэх эрдэнэ бол Ехова Бурхантай тогтоосон харьцаа юм (Сур. 3:32). Ариун Бурхан нүгэлт хүмүүстэй найзалж болдог гэж үү? Болно. Учир нь Есүс «Ертөнцийн нүглийг арилгахаар» амиа золиосолсон (Ёох. 1:29). Есүс хүн төрөлхтнийг аврахын тулд үхэн үхтэлээ үнэнч байж чадна гэдгийг Ехова бүр өмнөөс мэдэж байсан. Тийм учраас Христийг нас барахаас өмнө амьдарч байсан хүмүүстэй найзалдаг байжээ (Ром 3:25).

4. Есүсийг дэлхийд ирэхээс өмнө амьдарч байсан Бурхны найзууд хэн бэ?

4 Есүсийг дэлхийд ирэхээс өмнө амьдарч байсан Бурхны найзуудын тухай бодъё. Абрахам маш бат итгэлтэй хүн байв. Нас барснаас нь хойш 1 000 гаруй жилийн дараа Ехова түүнийг «Миний найз» гэсэн байдаг (Ис. 41:8). Тэгэхээр, үнэнч найз нь нас барлаа ч Ехова дотнын найзаа гэж үзсэн хэвээрээ байдаг ажээ. Абрахам Еховагийн ой тойнд амьд байгаа (Лук 20:37, 38). Өөр нэг хүн бол Иов юм. Бүх тэнгэрийн элчийг тэнгэрт цугларсан үед Ехова Иовын талаар «Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн» хэмээн итгэл төгс хэлжээ (Иов 1:6–8). Тэгвэл харийн нутагт 80 жил амьдарсан үнэнч үйлчлэгч Даниелынхаа талаар ямар бодолтой байсан бол? Тэнгэрийн элч нас өндөр болсон Даниелыг Бурханд «ихэд хүндлэгддэг» гэж гурван удаа хэлсэн (Дан. 9:23, ШЕ; 10:11, 19). Ехова нас барсан хайртай найзуудаа амилуулах өдрөө сэтгэл догдлон хүлээж байгаа нь тодорхой (Иов 14:15).

Үл үзэгдэх бэлгээ эрхэмлэх ямар ямар арга байдаг вэ? (5-р догол мөрийг үзээрэй) *

5. Еховатай найзлахын тулд ямар шаардлага хангах хэрэгтэй вэ?

5 Өнөөдөр Ехова хэр олон төгс бус хүнтэй найзалдаг вэ? Олон сая хүнтэй найзалдаг. Яагаад тэгж хэлж болох вэ? Дэлхийн өнцөг булан бүрд буй эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд биеэ зөв авч яван Бурхны найз гэдгээ баталдаг. Ехова «цэх шулуун хүнтэй дотно байдаг» (Сур. 3:32). Есүсийн золиосонд итгэдэг бол Бурхантай найзлах боломжтой. Ехова: «Надад өөрийгөө зориулан баптисм хүртээд найз минь болоорой» гэж уриалдаг нь ийм учиртай. Уриалгыг нь дагаад орчлонт ертөнцийн хамгийн агуу Нэгэнтэй дотно болсон хүн сая сая бий. Та Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртвэл тэдний нэг болно!

6. Бурхантай тогтоосон харьцаагаа эрхэмлэдгээ хэрхэн батлах вэ?

6 Бурхантай тогтоосон харьцаагаа эрхэмлэдгээ хэрхэн батлах вэ? Абрахам Иов нар Бурханд 100 гаруй жил үйлчлэхдээ үнэнч хэвээрээ байсан. Бид бас Еховад хэр олон жил үйлчилснээсээ үл хамааран, үнэнч хэвээрээ байх ёстой. Бурхантай тогтоосон харьцаагаа Даниелын нэгэн адил, аминаас ч илүү эрхэмлэх учиртай (Дан. 6:7, 10, 16, 22). Бид Еховагийн ачаар аливаа бэрхшээлийг давж, үргэлж дотнын анд нөхөр нь байж чадна (Флп. 4:13).

ЗАЛБИРАЛ

7. а) Сургаалт үгс 15:8-д бичсэнийг үзвэл биднийг залбирахад Еховад ямар санагддаг вэ? б) Ехова залбиралд маань хэрхэн хариулдаг вэ?

7 Үл үзэгдэх бас нэг бэлэг бол залбирал юм. Дотнын найзууд бодол, сэтгэлээ хуваалцдаг. Еховатай тогтоосон нөхөрлөлийн тухайд ч мөн ялгаагүй. Ехова бидэнтэй Үгээрээ дамжуулан ярилцдаг. Бодол, сэтгэлээ Үгэндээ бичүүлсэн байдаг. Бид Еховад залбирч оюун бодол, сэтгэл зүрхэндээ байгаа бүхнээ илчилдэг. Биднийг залбирахад Еховад таатай санагддаг (Сургаалт үгс 15:8-ыг уншина). Хайртай Найз Ехова маань бидний залбирлыг сонсдог төдийгүй хариулдаг. Заримдаа бид залбирлынхаа хариуг тэр дор нь авдаг. Харин заримдаа тухайн зүйлийнхээ талаар байнга залбирах шаардлагатай байдаг. Гэлээ ч Ехова цаг нь болохоор хамгийн сайн аргаар хариулна гэдэгт итгэх хэрэгтэй. Мэдээж бидний хүссэнээр хариулах албагүй. Жишээ нь бэрхшээлийг маань арилгаж өгөхгүй ч тэвчих хүч, мэргэн ухаан өгч болох юм (1 Кор. 10:13).

(8-р догол мөрийг үзээрэй) *

8. Залбирал хэмээх үнэтэй бэлгээ эрхэмлэдгээ хэрхэн батлах вэ?

8 Залбирал хэмээх үнэтэй бэлгээ эрхэмлэдгээ хэрхэн батлах вэ? Нэг арга нь Бурхны зөвлөгөөг дагаж «тасралтгүй залбирах» хэрэгтэй (1 Тес. 5:17). Ехова сонгох эрх чөлөөг маань хүлээн зөвшөөрдөг учраас залбир гэж биднийг албаддаггүй. Харин «тасралтгүй залбирахыг» уриалдаг (Ром 12:12). Тэгэхээр бид өдрийн турш залбирдаг бол талархаж буй хэрэг юм. Залбирахдаа Еховаг магтаж, Еховад талархахаа мартаж болохгүй нь ойлгомжтой (Дуу. 145:2, 3).

9. Нэг Гэрч эрэгтэй залбирлын талаар ямар бодолтой явдаг вэ? Та ямар бодолтой явдаг вэ?

9 Еховад олон жил үйлчилж залбирлынхаа хариуг авах тусам залбирал гэдэг бэлгээ улам өндөр үнэлдэг болно. Жишээ нь сүүлийн 47 жил бүрэн цагаар үйлчилж буй Крис гэдэг эрэгтэй залбирлын талаар ямар бодолтой явдгаа ярьсан юм. Тэрбээр: «Өглөө эрт босоод Ехова Бурхандаа аажуу тайван залбирах хэчнээн сайхан байдаг гээч! Нарны анхны туяанд шүүдрийн дусал гялтганадаг шиг, Еховатай ярихаар сэтгэл сэргэдэг! Өгсөн бэлэг бүрийнх нь төлөө талархах сэтгэл төрдөг. Залбирах завшаан олгосонд нь баярладаг. Орой залбирсныхаа дараа санаа амар орондоо орох сайхан шүү» гэжээ.

АГУУ ХҮЧ

10. Бурхны агуу хүчийг яагаад өндөр үнэлэх хэрэгтэй вэ?

10 Бурхны агуу хүч бол үнэлж эрхэмлэвэл зохих өөр нэгэн үл үзэгдэх бэлэг юм. Бурхнаас агуу хүчийг нь гуйж залбирч байхыг Есүс уриалсан (Лук 11:9, 13). Ехова биднийг агуу хүчээрээ дэмждэг. Бүр «хэрээс хэтэрсэн хүч» өгдөг (2 Кор. 4:7; Үйлс 1:8). Бурхны агуу хүчний ачаар ямар ч бэрхшээлийг давах боломжтой.

(11-р догол мөрийг үзээрэй) *

11. Агуу хүч хэрхэн тусалдаг вэ?

11 Байгууллагаас авсан даалгаврыг биелүүлэхэд агуу хүч тусалдаг. Яаж? Авьяас чадварыг маань сайжруулдаг. Хүлээж авсан үүргээ биелүүлэх чадвартай болгодог. Бид өөрсдийнхөө хүчээр бус, Бурхны агуу хүчний нөлөөгөөр сайн үр дүнд хүрдгээ мэддэг.

12. Дуулал 139:23, 24-т бичсэнээр, бид яахын тулд агуу хүчийг гуйх хэрэгтэй вэ?

12 Бурхны агуу хүчийг эрхэмлэх бас нэг арга нь буруу юм бодохгүй, хүсэхгүй байхад туслаач хэмээн залбирах юм (Дуулал 139:23, 24-ийг уншина). Ийм залбиралд Ехова агуу хүчээрээ хариулж буруу бодол, буруу хандлагаа мэдэж авахад тусалдаг. Хэрэв бид буруу юм бодож эсвэл хүсэж байгаагаа мэдвэл үүнтэйгээ тэмцэхийн тулд Бурхнаас агуу хүчийг нь гуйх хэрэгтэй. Энэ бол агуу хүчээрээ туслахад нь саад болох аливаа зүйлийг хийхгүй байхаар шийдсэний баталгаа юм (Эф. 4:30).

13. Бурхны агуу хүчийг илүү их эрхэмлэдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

13 Бурхан агуу хүчээрээ одоо юу хийж байгааг эргэцүүлэн бодвол энэ хүчийг илүү их эрхэмлэдэг болно. Есүс тэнгэрт гарахаасаа өмнө шавь нартаа «Бурхан агуу хүчээрээ дэмжихэд та нар намайг ... дэлхий даяар гэрчилнэ» гэж хэлжээ (Үйлс 1:8). Хэлсэн үг нь өнөөдөр яг таг биелж байна. Дэлхийн өнцөг булан бүрд буй 8 сая 500 мянга орчим хүн агуу хүчний нөлөөгөөр Еховагийн үйлчлэгч болжээ. Тэд бүгдээрээ ах дүү бололцож, эв нэгдэлтэй байдаг. Яагаад гэвэл хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих зэрэг сайхан зан чанартай болоход Бурхны агуу хүч тусалдаг. Эдгээр зан чанар «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог» (Гал. 5:22, 23). Тэгэхээр агуу хүч бол үнэ цэнтэй бэлэг юм!

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛ БА ТЭНГЭРЭЭС ИРДЭГ ТУСЛАМЖ

14. Үл үзэгдэх өөр ямар бэлэг байдаг вэ? Тайлбарлана уу.

14 Бид Еховатай болон байгууллагынх нь тэнгэр дэх хэсэгтэй «хамтран ажиллах» завшаантай. Үүнийг үл үзэгдэх бэлэг гэж хэлж болно (2 Кор. 6:1). Шавь бэлдэх ажилд оролцох бүрдээ бид тэдэнтэй хамтран ажилладаг. Энэ ажилд оролцдог бүх хүнийг «Бурхны хамтран зүтгэгчид» гэж Паул хэлсэн (1 Кор. 3:9). Бид дэлгэрүүлэхдээ Есүстэй ч хамтарч ажилладаг. Есүс дагалдагчдадаа «Бүх үндэстнийг шавь болгогтун» гэсэн тушаал өгөөд, «Би та нартай ... хамт байх болно» хэмээжээ (Мат. 28:19, 20). Тэгвэл тэнгэрийн элч нартай яаж хамтран ажилладаг вэ? Тэд биднийг удирдан чиглүүлж, «газар дээр суугч бүх үндэстэнд» «мөнхийн сайн мэдээ» тунхаглахад тусалдаг. Энэ бол ивээл юм! (Илч. 14:6).

15. Дэлгэрүүлэх ажилд Ехова ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулах Библийн жишээ хэлнэ үү.

15 Бид тэнгэрээс ийм тусламж аваад юу амжуулдаг вэ? Хаант төрийн үрийг цацах үед зарим үр чин сэтгэлтэй хүмүүсийн зүрх хэмээх хөрсөнд унадаг бөгөөд ургадаг (Мат. 13:18, 23). Үнэний энэ үр ургаж, жимс гаргадаг нь хэний ач вэ? «Эцэг татахгүй л бол хэн ч намайг дагахгүй» гэж Есүс хэлсэн (Ёох. 6:44). Үүнийг харуулах тод томруун жишээ Библид байдаг. Паул Филиппой хотын гадна хэдэн эмэгтэйд дэлгэрүүлжээ. Тэдний дунд Лудиа гэдэг эмэгтэй байв. «Ехова туслахад Лудиа Паулын хэлснийг хүлээн авчээ» гэж Библид бичжээ (Үйлс 16:13–15). Ехова Лудиаг татсан шигээ, олон сая хүнийг татдаг.

16. Дэлгэрүүлэх ажилд амжилт гаргавал хэн магтаал хүртэх ёстой вэ?

16 Бид дэлгэрүүлэх ажилд оролцоод амжилт гаргавал хэн магтаал хүртэх ёстой вэ? Паул Коринтын хуралд бичсэн захидалдаа энэ асуултад хариулжээ. «Би тарьсан, Апол усалсан, харин Бурхан ургуулдаг. Тиймээс хэн тарьсан, хэн усалсан нь чухал биш, харин ургуулдаг Бурхан чухал юм» (1 Кор. 3:6, 7). Бид дэлгэрүүлэх ажилд ямар ч амжилт гаргасан, Паулыг дуурайн Еховаг магтан алдаршуулах ёстой.

17. Бурхантай, Христтэй, тэнгэрийн элч нартай хамтран ажиллах завшаанаа үнэлдгээ хэрхэн батлах вэ?

17 Бурхантай, Христтэй, тэнгэрийн элч нартай хамтран ажиллах завшаанаа үнэлдгээ хэрхэн батлах вэ? Сайн мэдээ дэлгэрүүлэх боломж бүрийг идэвхтэй хайх хэрэгтэй. «Олны өмнө мөн айлаар» дэлгэрүүлэх зэрэг олон арга бий (Үйлс 20:20). Албан бусаар дэлгэрүүлэх дуртай хүмүүс ч байдаг. Тэд танихгүй хүнтэй уулзахаараа найрсгаар мэндлэн, яриа өдөхийг хичээдэг. Хэрэв тэр хүн ярих дуртай байвал ярианыхаа сэдвийг эвтэйхэн өөрчилж Хаант төрийн тухай мэдээгээ дуулгадаг.

(18-р догол мөрийг үзээрэй) *

18, 19. а) Үнэний үрийг хэрхэн услах вэ? б) Ехова нэгэн Библийн суралцагчид хэрхэн тусалсан бэ?

18 Бид «Бурхны хамтран зүтгэгчид» учраас үнэний үрийг суулгаад орхилгүй, услах хэрэгтэй. Айлын хүн мэдээг маань сонирхвол Библийн хичээл эхлэх зорилгоор дахин уулзаж ярилцах юм уу өөр дэлгэрүүлэгчийг явуулах зэргээр чадах бүхнээ хийх учиртай. Суралцагч ахиц дэвшил гаргаж, бодол санаагаа өөрчилбөл түүнд тусалж байгаа Еховад бид баярладаг.

19 Өмнөд Африкт амьдардаг Рапалалани гэдэг домч Библийн хичээлээс мэдэж авснаа эрхэмлэдэг байв. Харин Бурхны Үгэнд байдаг нэг сургаалыг хүлээж авахад хэцүү санагджээ. Тэр нь нас барсан өвөг дээдэстэйгээ харьцаж болохгүй гэсэн сургаал байлаа (Д.хууль 18:10–12). Гэхдээ яваандаа Бурхны ачаар бодол санаагаа өөрчлөв. Тэгээд амьжиргааны эх үүсвэр болсон домчийн ажлаа хийхээ больжээ. Одоо 60 настай Рапалалани: «Еховагийн Гэрчүүд надад ажил олж өгөх зэргээр маш их тусалсанд би талархаж явдаг. Хамгийн гол нь, амьдралаа өөрчлөхөд минь тусалсан Еховадаа их талархдаг. Тийм учраас одоо баптисм хүртэж Гэрч болчихоод, дэлгэрүүлэх ажилд оролцоод явж байна» гэж ярьсан юм.

20. Та яахаар шийдсэн бэ?

20 Энэ өгүүллээр, үл үзэгдэх дөрвөн эрдэнийн тухай ярилцлаа. Хамгийн үнэтэй эрдэнэ бол Еховатай тогтоосон харьцаа юм. Хэрэв Еховатай дотносон нөхөрлөвөл бусад эрдэнэ ч биднийх болно. Түүнд залбирч, агуу хүчээр нь туслуулж, дэлгэрүүлэхдээ тэнгэрээс ирдэг тусламжийг авна гэсэн үг. Үл үзэгдэх эдгээр бэлгээ улам бүр үнэлж эрхэмлэцгээе. Хамгийн сайн Найз Еховадаа хэзээ ямагт талархаж явцгаая.

ДУУ 19 Бурхны амласан Диваажин

^ д/м 5 Бид өмнөх өгүүллээр, Бурхны өгсөн үзэгдэх бэлгийн тухай ярилцсан. Энэ өгүүллээр, үл үзэгдэх бэлгийн тухай ярилцаж, хэрхэн эрхэмлэхийг мэдэж авцгаая. Ингэснээр бүх бэлгийн Эх булаг Ехова Бурхандаа улам их талархдаг болно.

^ д/м 58 ЗУРГИЙН ТАЙЛБАР: 1) Гэрч бүсгүй Еховагийн бүтээлийг харангаа хамгийн сайн Найз Еховагийнхаа тухай бодож байна.

^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: 2) Зоригтой дэлгэрүүлэхэд туслахыг Еховагаас гуйж байна.

^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: 3) Хаант төрийн тухай мэдээг албан бусаар зоригтой дэлгэрүүлэхэд нь агуу хүч тусалжээ.

^ д/м 64 ЗУРГИЙН ТАЙЛБАР: 4) Нөгөө эмэгтэйдээ Библийн хичээл зааж байна. Дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлаа тэнгэрийн элч нарын дэмжлэгээр хийж байна.