Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 26

«Над уруу буцан ирэгтүн»

«Над уруу буцан ирэгтүн»

«Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно» (МАЛ. 3:7).

ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»

ТОЙМ *

1. Ганц л хонь буцаж ирэхэд Ехова яадаг вэ?

ЕХОВА өөрийгөө сайн хоньчинтой зүйрлэдгийг өмнөх өгүүллээр ярилцсан билээ. Сайн хоньчин хонь бүрдээ санаа тавьж, сүргээсээ төөрсөн хонийг эрж хайдаг. Өөрийг нь орхисон израйлчуудад Ехова: «Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно» гэж хэлжээ. «Би өөрчлөгдөшгүй» гэсэн учраас одоо ч ингэж уриалдаг (Мал. 3:6,7). Идэвхгүй болсон үйлчлэгчдийнх нь нэг нь л буцаж ирэхэд Ехова болон тэнгэрийн элч нар баяр хөөр болдог гэж Есүс хэлсэн (Лук 15:10, 32).

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Еховад үйлчлэхээ больсон хүмүүст туслахын тулд Есүсийн хэлсэн гурван жишээг авч үзье. Төөрсөн хонь мэт хүмүүсийг буцааж авчрахын тулд бид ямар зан чанар илэрхийлэх хэрэгтэйг ярилцъя. Идэвхгүй болсон хүмүүст туслах гэж чамгүй их хүчин чармайлт гаргах нь яагаад сайн болохыг хэлэлцье.

ГЭЭСЭН ЗООСОО ХАЙСАН НЬ

3, 4. Лук 15:8–10-т гардаг эмэгтэй гээсэн драхмагаа яагаад сайтар хайсан бэ?

3 Ехова руу буцаж очих хүсэлтэй хүмүүсийг олохын тулд ихээхэн чармайх хэрэгтэй. «Лук» номд гардаг, Есүсийн ярьсан ёгт үлгэрт нэг эмэгтэй үнэтэй юмаа хайж байгаа тухай өгүүлдэг. Тэр нь драхма гэдэг мөнгөн зоос байлаа. Юмыг эрж олоход ихээхэн зүтгэл гаргах хэрэгтэйг энэ үлгэрээс мэдэж авъя (Лук 15:8–10-ыг уншина).

4 Тэр эмэгтэй үнэтэй зоосоо олоод ямар их баярласныг Есүс дүрслэн хэлсэн байдаг. Есүсийн үед зарим иудей эмэгтэйчүүд арван драхмаг охиндоо хуримын өдөр нь бэлэглэдэг байсан бололтой. Тэгэхээр энэ эмэгтэйн хайж байсан зоосыг ээж нь өгсөн байж болох юм. Зоосоо шалан дээр унасан гэж бодоод дэн асааж, өрөөн доторхыг тойруулж харав. Гэвч жижигхэн мөнгөн зоос олдсонгүй. Тосон дэн нь олигтой гэрэлтүүлээгүй байх. Эцэст нь гэрийнхээ шалыг нямбай гэгч нь шүүрдэхэд үнэтэй драхма нь дэнгийн гэрэлд гялтганах нь тэр. Санаа нь ямар их амраа бол оо! Бүсгүй энэ сайхан мэдээгээ найзууд, хөршүүдтэйгээ хуваалцсан.

5. Хурлынхнаасаа хөндийрсөн хүмүүсийг эрж олох нь яагаад хэцүү байдаг вэ?

5 Гээсэн юмаа олоход нөр их хөдөлмөр хэрэгтэйг Есүсийн ярьсан жишээнээс мэдэж болно. Үүнтэй адил, хурлаас холбоогоо тасалсан хүмүүсийг эрж олохын тулд ихээхэн зүтгэл гаргах хэрэгтэй. Тэд идэвхгүй болоод олон жил өнгөрсөн байж болох юм. Өөр газар нүүснийг нь ахлагчид мэдээгүй байж магадгүй. Гэтэл идэвхгүй болсон зарим хүн яг энэ мөчид Ехова руу буцаж очихыг, итгэл нэгтнүүдтэйгээ цуг Еховад үйлчлэхийг хүсэн мөрөөдөж байгаа нь эргэлзээгүй. Тийм хүмүүст тусламж зайлшгүй хэрэгтэй.

6. Идэвхгүй болсон хүнийг хайх ажилд хурлын бүх гишүүн хэрхэн оролцож болох вэ?

6 Идэвхгүй болсон хүмүүсийг хайх ажилд ямар хүн оролцож болох вэ? Ахлагч, эхлэгч, гэрийнхэн нь, хурлынхан нь гээд, бид бүгдээрээ оролцож болно. Танд идэвхгүй болсон найз юм уу хамаатан байдаг уу? Та айлаар эсвэл нийтэд дэлгэрүүлж байхдаа идэвхгүй Гэрчтэй уулзаж байсан уу? Хэрэв тэрбээр Гэрчүүдтэй уулзахыг хүсэж байвал гэрийнх нь хаяг, утасных нь дугаарыг ахлагчдад өгч болох эсэхийг түүнээс асуугаарай.

7. Томас гэдэг ахлагчийн хэлсэн үгээс та юу ойлгож авсан бэ?

7 Ехова руу буцаж очихыг бодож буй хүмүүсийг хайж олохын тулд, ялангуяа, ахлагчид яах хэрэгтэй вэ? Испанид амьдардаг Томас * гэдэг ахлагчийн хэлснийг анхаараарай. Тэрбээр 40 гаруй Гэрчид хуралдаа буцаж ирэхэд нь тусалжээ. Томас: «Эхлээд би идэвхгүй болсон хүмүүсийн хаана амьдарч байгааг эсвэл цуглаанд явахаа больсон хүнийг санаж байгаа эсэхийг дэлгэрүүлэгчдээс асуудаг. Ихэнх нь дуртайяа тусалдаг. Учир нь тэд эрж хайх ажилд хамтран оролцож байгаагаа ойлгоод баярладаг. Дараа нь би, идэвхгүй болсон хүмүүсийн гэрт очоод хүүхдүүд, төрөл төрөгсдийнх нь тухай асуудаг. Зарим нь хүүхдүүдтэйгээ цуглаанд явдаг байсныг, тэр хүүхдүүд нь дэлгэрүүлэгч байсныг олж мэддэг. Ехова руу буцаж очиход нь тэдэнд ч туслах хэрэгтэй» гэж ярьсан юм.

ЕХОВАГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ БУЦААЖ АВЧРАХ НЬ

8. Лук 15:17–24-т гардаг ёгт үлгэрийн аав гэмшсэн хүүдээ хэрхэн хандсан бэ?

8 Ехова руу буцаж очихыг хүсэж буй хүмүүст туслахын тулд бид ямар зан чанар илэрхийлэх шаардлагатай вэ? Гэрээсээ явсан эрх хүүгийн тухай Есүсийн ярьсан үлгэрээс сургамж авцгаая (Лук 15:17–24-ийг уншина). Тэр хүү эцэстээ ухаарч, гэртээ буцаж очихоор шийддэг. Аав нь хүүгээ угтан гүйж, халуун дотноор тэвэрч авахад хүү нь аавынхаа хайрыг мэдэрсэн нь лавтай. Тэр хүү хийсэн хэргээсээ болоод сэтгэл нь ихэд зовж, өөрийгөө хүү нь гэж дуудуулах зохисгүй гэж боджээ. Бодсон бүхнээ аавдаа хэлэхэд, аав нь хүүгээ өрөвдөв. Тэгээд гэмшсэн хүүдээ зориулан найр хийж, сайн хувцас өмсгөлөө. Ингэснээрээ аав нь хүүгээ хөлсний ажилчин биш, харин гэр бүлийнхээ эрхэм хүн гэж үзэж байгаагаа батлан харуулсан.

9. Идэвхгүй болсон хүмүүсийг Ехова руу буцаж ирэхэд нь туслахын тулд бид ямар зан чанар илэрхийлэх ёстой вэ? ( «Эргэж ирэх хүсэлтэй хүнд тусалъя» гэсэн хавсралтыг үзээрэй).

9 Ехова тэр жишээний аавтай адилхан. Идэвхгүй болсон итгэл нэгтнүүдийг маань хайрласан хэвээрээ байдаг, эргээд ирээсэй гэж хүсдэг. Тиймээс буцаж ирэхэд нь тэдэндээ туслан Еховаг дуурайцгаая. Үүний тулд тэвчээр, өрөвч сэтгэл, хайр илэрхийлэх хэрэгтэй. Энэ гурван чанар яагаад чухал вэ? Хэрхэн илэрхийлэх вэ?

10. Еховатай дахин дотносоход нь бусдад туслахын тулд яагаад тэвчээртэй байх хэрэгтэй вэ?

10 Ехова руу буцаж ирэхэд нэлээд хугацаа хэрэгтэй байдаг. Тийм учраас бид тэвчээртэй байх учиртай. Ахлагчид болон хурлынхныг дахин дахин ирж уулзсаны дараа л нүүр өгсөн гэдгээ урьд нь идэвхгүй байсан олон хүн хэлсэн байдаг. Зүүн өмнөд Азид амьдардаг Нэнси: «Хурлын маань дотнын найз надад маш их тусалсан. Намайг эгч шигээ хайрладаг байсан. Урьд нь хамт өнгөрөөсөн сайхан цагийг сануулдаг байсан. Сэтгэлээ уудалж ярихыг минь тэвчээртэй сонсож, дуртайяа зөвлөгөө өгдөг байсан. Ямар ч үед туслахад бэлэн, жинхэнэ найз гэдгээ баталсан» гэжээ.

11. Сэтгэлийн шархыг эдгээхийн тулд яагаад өрөвч байх хэрэгтэй вэ?

11 Сайн тос өвчин намдаадагтай адил, өрөвч сэтгэл зовлонт хүний сэтгэлийн шархыг эдгээдэг. Идэвхгүй болсон зарим хүн итгэл нэгтэндээ гомдоод олон жил уур хорсол тээж явдаг. Нөгөө заримд нь шударга бус хандсан юм шиг санагддаг байх. Үгийг нь сонсоод, сэтгэлийг нь ойлгох хүн тэдэнд хэрэгтэй байж мэднэ (Яак. 1:19). Урьд нь идэвхгүй байсан Мария: «Намайг чин сэтгэлээсээ сонсож, уйлахад минь тайвшруулж, зааж зөвлөх хүн хэрэгтэй байсан» гэсэн юм.

12. Еховагийн хайрыг яагаад уяатай зүйрлэснийг жишээгээр хэлнэ үү.

12 Үйлчлэгчдээ гэсэн Еховагийн хайрыг Библид уяатай зүйрлэсэн байдаг. Үүний учрыг ойлгохын тулд жишээгээр бодъё. Далайн усанд живэх шахаж байгаа тан руу нэг хүн аврах хантааз шидлээ. Та хантаазтай болсон учраас живэх аюулаас мултарч, усны мандал дээр хөвж байгаадаа баярлах нь мэдээж. Гэхдээ бүр аврагдчихсан гэсэн үг биш. Аврах завин дээр гарахгүй бол хүйтэн усанд удаан тэсэхгүй шүү дээ. Хэн нэг нь тан руу олс шидэж аврах завь руу татах шаардлагатай. Ехова өөрөөс нь хөндийрсөн израйлчуудын тухай «Би тэднийг ... хайрын уяагаар дагуулсан [«татдаг байсан, ШЕ»]» гэж хэлсэн байдаг (Хос. 11:4). Ехова өнөөдөр ч ийм л бодолтой. Өөрт нь үйлчлэхээ больж, бэрхшээл зовлонгийн далайд живж буй хүмүүсээ хайрладаг хэвээрээ, буцааж ирүүлэх дуртай гэдгээ мэдүүлэхийг хүсдэг. Тэдэнд хайртайгаа танаар дамжуулан мэдрүүлж магадгүй.

13. Ах дүүгийн хайр хүчтэйг харуулах жишээ хэлнэ үү.

13 Ехова ч, бид ч идэвхгүй болсон хүмүүст хайртай хэвээрээ гэдгийг ойлгуулах нь чухал. Өмнөх өгүүлэлд гардаг Пабло 30 гаруй жил идэвхгүй байжээ. Тэрбээр: «Нэг өглөө гэрээсээ гараад явж байтал сайхан сэтгэлтэй настай Гэрч эгч тааралдаад надтай ээж шиг минь л ярьж билээ. Би ч хүүхэд шиг уйлж гарлаа. Ехова таныг надтай яриулахаар явуулжээ гэж би хэлсэн. Ехова руу буцаж очъё гэж яг тэр үед шийдсэн» гэжээ.

СУЛ ДОРОЙ ХҮМҮҮСИЙГ ХАЙРЛАН ХАЛАМЖЛАХ НЬ

14. Лук 15:4, 5-д байдаг ёгт үлгэрийн хоньчин хонио олоод яасан бэ?

14 Идэвхгүй болсон хүмүүст тусалсаар байх хэрэгтэй. Тэд Есүсийн ярьсан жишээний хүү шиг, сэтгэл нь шаналаад явдаг байж болох юм. Сатаны ертөнцөд үзэж туулсан бүхнээсээ болоод Еховатай урьдын адил дотно биш болсон байх. Тийм учраас Еховад дахин итгэдэг болоход нь туслах хэрэгтэй. Ёгт үлгэрт гардаг хоньчин төөрсөн хонио хайж их ч цаг, хүч зарцуулсны эцэст олсон. Гэхдээ хонь нь өөрөө яваад сүрэгтээ буцаж очих тэнхэлгүй болжээ. Тиймээс хоньчин хонио мөрөндөө тэгнээд авч явдаг (Лук 15:4, 5-ыг уншина).

15. Ехова руу буцаж очихыг хүсэж буй сул дорой хүмүүст хэрхэн туслах вэ? ( «Үнэ цэнтэй багаж» гэсэн хавсралтыг үзээрэй).

15 Саадыг даваад Еховад дахин үйлчилдэг болоход нь идэвхгүй Гэрчүүдэд туслахын тулд ихээхэн цаг, хүч зарцуулах хэрэгтэй болж мэднэ. Гэхдээ Еховагийн агуу хүч, Библи, хурлаар дамжиж ирдэг ном хэвлэлийн тусламжаар бид тэдэнд Еховатай дахин дотносоход нь тусалж чадна (Ром 15:1). Яаж туслах вэ? «Ехова руу буцаж очихоор шийдсэн ихэнх хүн дахиад Библийн хичээл заалгах хэрэгтэй байдаг» гэж туршлагатай ахлагч хэлжээ. * Хэрэв таныг идэвхгүй болсон хүнтэй хичээл хийгээрэй гэвэл дуртайяа хүлээж аваарай. «Хичээл заахаар болсон дэлгэрүүлэгч идэвхгүй болсон хүний итгэлийг даах сайн найз нь болох хэрэгтэй» гэж тэр ахлагч бас зөвлөжээ.

ТЭНГЭР ГАЗАРТ БАЯР ХӨӨР БОЛНО

16. Тэнгэрийн элч нар тусална гэдэгт яагаад итгэж болох вэ?

16 Еховатай дахин дотносох хүсэлтэй хүмүүсийг хайж олоход тэнгэрийн элч нар тусалдгийг харуулсан явдал олон бий (Илч. 14:6). Жишээлбэл Эквадорт амьдардаг Силвио гэдэг эрэгтэй хуралдаа буцаж очиход туслахыг гуйн шаргуу залбирдаг байжээ. Нэг удаа тийнхүү залбирч байтал хонх дуугарав. Хаалгаа нээхэд хоёр ахлагч зогсож байлаа. Тэд зайлшгүй хэрэгтэй тусламж үзүүлэх болсондоо маш их баярлажээ.

17. Сул дорой хүмүүст тусалсан хүн яадаг вэ?

17 Ехова руу эргээд ирэхэд нь сул дорой хүмүүст тусалж чадвал бид бөөн баяр болох нь дамжиггүй. Идэвхгүй болсон хүмүүст туслахыг онцгой анхаардаг Сальвадор гэдэг эхлэгч: «Заримдаа би баярын нулимсаа барьж дийлдэггүй. Ехова хайртай хоньдынхоо нэгийг Сатаны ертөнцөөс аварлаа шүү дээ, энэ ажилд би Еховатай хамт оролцлоо шүү дээ гэж бодохоор сайхан санагддаг» гэж ярьсан юм (Үйлс 20:35).

18. Та идэвхгүй болсон бол юунд итгэлтэй байж болох вэ?

18 Та Еховад үйлчлэхээ больсон бол Ехова одоо ч танд хайртай хэвээрээ гэдэгт итгээрэй. Тэрбээр таныг эргээд ирээсэй гэж хүсдэг. Ехова руу буцаж очихын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ Есүсийн ярьсан ёгт үлгэрийн аав хүүгээ харуулддаг шиг, Ехова таныг харуулдаж байгаа. Ирэхээр тань бөөн баяр болж, гараа дэлгэн угтаж авах нь дамжиггүй.

ДУУ 60 Бурхан таныг бататгана

^ д/м 5 Ехова идэвхгүй болсон хүмүүсийг эргээд ирээсэй гэж хүсэн хүлээдэг бөгөөд «Над уруу буцан ирэгтүн» хэмээн урьдаг. Урилгыг нь хүлээж авах хүсэлтэй хүмүүсийг зоригжуулахын тулд хийх юм их бий. Юу хийж болохыг энэ өгүүллээр ярилцана.

^ д/м 7 Зарим нэрийг өөрчлөв.

^ д/м 15 Идэвхгүй болсон хүнд туслахын тулд заримтай нь «Бурхнаараа хайрлуулж явъя» номын, заримтай нь «Еховад ойртогтун» номын тодорхой бүлгүүдийг хамт судалж болох юм. Идэвхгүй болсон хүнд Библийн хичээл заах дэлгэрүүлэгчийг хурлын үйлчлэлийн хороо сонгоно.

^ д/м 68 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эргэж ирэх хүсэлтэй Гэрчид гурван Гэрч тусалж байна. 1) Байнга холбоотой байна. 2) Ехова болон итгэл нэгтнүүд нь хайртай хэвээрээ гэдгийг мэдрүүлж байна. 3) анхааралтай сонсож байна.