Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

«Хийх ёстойгоо л хийлээ»

«Хийх ёстойгоо л хийлээ»

ДОНАЛД РИДЛИ Еховагийн Гэрчүүдийн эрх ашгийг хууль ёсоор хамгаалах ажлыг 30 гаруй жил хийжээ. Цус хийлгэхээс татгалзах эрх өвчтөнд байдгийг олон нийтэд ойлгуулахад тэрбээр жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тийм учраас манай байгууллага АНУ-ын дээд шүүхэд олон удаа ялалт байгуулсан. Найзуудынхаа дунд Дон гэдэг нэрээр алдаршсан тэрбээр хичээнгүй, даруу, бусдын төлөө өөрийгөө гаргуунд нь гаргахад бэлэн хүн байв.

Дон 2019 онд мэдрэлийн ховор өвчнөөр өвджээ. Эмчилгээгүй, маш хурдан явцтай энэ өвчин 2019 оны 8 дугаар сарын 16-нд Доны амийг авч одсон юм. Намтрыг нь толилуулъя.

Би 1954 онд АНУ-ын Миннесота мужийн Сант Паул хотод төрсөн. Манайх Ромын католик шашинтай, дунд зэргийн амьдралтай айл байлаа. Би таван хүүхдийн хоёр дахь нь. Католик шашны бага сургуульд сурч байхдаа сүмийн ёслолын үед хамбад туслах үүрэг гүйцэтгэдэг байв. Гэсэн ч Библийн талаар бараг мэдэхгүй. Бүхнийг бүтээсэн Бурхан байх ёстой гэж боддог байсан ч католик шашинд итгэхээ больсон.

ҮНЭНИЙГ МЭДСЭН МИНЬ

Намайг хуулийн сургуульд ордог эхний жил Еховагийн Гэрч эхнэр нөхөр хоёр манай хаалгыг тогшив. Би хувцсаа угаагаад завгүй байсан тул тэд дараа ирэхээр боллоо. Тэгээд дахин ирэхэд нь би: «Яагаад муу хүмүүс сайн хүмүүсээс илүү сайхан амьдардаг юм бэ? Жинхэнэ ёсоор жаргалтай байхын тулд яах ёстой юм бэ?» гэсэн хоёр асуултыг асуув. Тэд надад гэрэлтсэн ногоон өнгийн хавтастай «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ыг «Мөнхийн амь руу хөтлөх үнэн» гэдэг номтой хамт өгөв. Бас Библи судлах санал тавихад нь би хүлээж авсан. Үүнээс хойш нүд минь нээгдсэн дээ. Бурхны Хаант төр бол хүн төрөлхтнийг удирдах цорын ганц засгийн газар гэдгийг сонсоод сэтгэл хөдөлж билээ. Хүн хүнээ захираад ямар ч амжилтад хүрээгүйгээр барахгүй дэлхий ертөнц тэр чигээрээ зовлон, гамшиг, шударга бус явдлаар дүүрсэн нь тодорхой байлаа.

Би 1982 оны эхээр Еховад өөрийгөө зориулж, мөн ондоо Сант Паул хотын олон нийтийн төвд болсон «Хаант төрийн тухай үнэн» гэсэн сэдэвтэй чуулганы үеэр баптисм хүртсэн. Дараагийнх нь 7 хоногт би дахин олон нийтийн төвд очиж хуулийн шалгалт өгсөн. Шалгалтдаа тэнцэж хуульч болох эрхтэй болсноо 10 дугаар сарын эхээр мэдэв.

«Хаант төрийн тухай үнэн» гэдэг тэр чуулган дээр би Брүүклиний Бетелд үйлчилдэг Майк Ричардсонтой танилцаж, удирдах төвд Хуулийн оффис байгуулагдаж байгааг сонссон юм. Үйлс 8:36-д байдаг Этиопын тайганы хэлсэн үгийг санаад «Яагаад Хуулийн оффист ажиллах талаар асууж болохгүй билээ?» гэж бодсон. Ингээд Бетелд үйлчлэх анкет бөглөв.

Аав ээж маань намайг Еховагийн Гэрч болоход дуртай байгаагүй. Аав надаас, «Харуулын цамхаг»-ийн төлөө ажиллавал хуульчийн мэргэжлээрээ дэвшиж чадах уу гэж асуулаа. Би сайн дурын ажил хийх болсноо тайлбарлав. Бетелчний сарын нөхөн олговор гэж багахан мөнгө авна гэдгээ ч хэлсэн.

Би гэрээгээр шүүхэд ажиллаж байсан учраас шууд Бетелд орж чадаагүй. Харин 1984 онд Нью-Йоркийн Брүүклинд нүүж очсон. Намайг Хуулийн оффист томилов. Хуулийн байгууллагад ажиллахдаа олж авсан туршлага минь хожим хэрэг болсон.

«СТЭНЛИ» ТЕАТРЫГ ШИНЭЧИЛСЭН НЬ

«Стэнли» театрыг худалдаж авах үед ийм байсан

Нью Жерси мужийн Жерси хотод байдаг «Стэнли» театрыг манай байгууллага 1983 оны 11 дүгээр сард худалдаж авчээ. Еховагийн Гэрчүүд нутгийн удирдлагуудтай уулзаж «Стэнли» театрын барилгын цахилгаан, сантехникийг бүхэлд нь шинэчлэх зөвшөөрөл хүсэхдээ чуулганы танхимын зориулалтаар ашиглах бодолтой байгаагаа тайлбарлаж л дээ. Тэгтэл хэрэг мандав. Хотын барилга ашиглалтын хуулиар бол шүтлэгийн зориулалттай барилга зөвхөн орон сууцны хороололд байх ёстой. «Стэнли» театр хотын төвийн бизнес дүүрэгт байсан тул хотын удирдлагууд зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Ах нар давж заалдсан боловч хэрэгсээгүй ажээ.

Намайг Бетелд ордог эхний 7 хоногт манай байгууллага шүүхийн энэ шийдвэртэй холбоотой нэхэмжлэлийг дүүргийн шүүхэд гаргав. Би Сант Паул хотын дүүргийн шүүхэд нарийн бичгийн даргын ажлыг хоёр жил хийсэн болохоор иймэрхүү хэргийг сайн мэдэж байв. «Стэнли» театрыг олон нийтийн арга хэмжээнд, тухайлбал кино үзүүлэх, рок хөгжмийн концерт тоглох гэх мэтээр ашиглаж байсан юм бол шашны үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн хэрэг үү гэсэн асуудлыг манай өмгөөлөгчдийн нэг нь дэвшүүлэв. Шүүх уг асуудлыг авч хэлэлцээд, Жерси хотын захиргаа Еховагийн Гэрчүүдийн шашин шүтэх эрх чөлөөнд халдсан байна хэмээн буруутгаж, зөвшөөрөл олгохыг үүрэг болгов. Ехова ажлаа урагшлуулахын тулд байгууллагынхаа Хуулийн оффисын ажлыг ивээж байгааг би харсан. Үүнд нь оролцож байгаадаа маш их баяртай байлаа.

Ах нар «Стэнли» театрыг Жерси хотын чуулганы танхим болгон засах томоохон ажлаа эхэлж, жил хүрэлгүй дуусгав. Тэгээд уг танхимд Гилеад сургуулийн 79 дэх ангийн төгсөлтийн үйл ажиллагааг 1985 оны 9 дүгээр сарын 8-нд зохион байгуулсан. Хаант төрийн үйл хэргийг урагшлуулах ажилд хуулийн багийн гишүүний хувиар оролцсон минь завшаан байлаа. Урьд нь хуулийн ажил хийж байснаасаа илүү их аз жаргалыг Бетелд ороод мэдэрсэн. Ехова намайг хууль шүүхтэй холбоотой өөр олон ажилд оролцуулах гэж байгааг би тэр үед мэдээгүй байлаа.

ЦУСГҮЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ ЭРХИЙГ ХАМГААЛСАН НЬ

1980-аад онд эмч, эмнэлгүүд цусгүй эмчилгээ хийлгэх гэсэн насанд хүрсэн Гэрчүүдийн хүсэлтийг авч хэлэлцдэггүй байлаа. Ялангуяа Гэрч эмэгтэйчүүдэд том саад учирсан. Шүүгчдийнхээр бол, жирэмсэн эмэгтэйчүүд цус хийлгэхээс татгалзах эрхгүй бөгөөд цус сэлбүүлээгүйгээс болж үхвэл хүүхэд нь өнчрөх аюултай ажээ.

1988 оны 12 дугаар сарын 29-нд Денис Николоу гэдэг Гэрч эмэгтэй амаржиж хүү төрүүлснийхээ дараа их хэмжээний цус алдсан юм. Гемоглобины хэмжээ 5,0-аас бага байсан тул эмч нь цус хийлгэхийг зөвлөжээ. Харин Николоу цус сэлбүүлэхээс татгалзсан. Тус эмнэлэг шаардлагатай гэж үзсэн үедээ цус сэлбэж болно гэсэн зөвшөөрөл авах хүсэлтээ маргааш өглөө нь шүүхэд өгчээ. Шүүгч шүүх хурал хийлгүйгээр уг хүсэлтийн дагуу зөвшөөрөл өгсөн байна. Энэ тухайгаа Николоуд ч, нөхөрт нь ч мэдэгдсэнгүй.

Эмнэлгийн алба Николоуг сахиж байсан нөхөр болон хамаатных нь эсэргүүцлийг үл тоон 12 дугаар сарын 30-ны баасан гарагт цус сэлбэжээ. Тэр орой нь Николоуд цус сэлбэхэд саад болсон гэсэн шалтгаанаар ар гэрийнхнийг нь болон нэг, хоёр ахлагчийг баривчилсан байна. Энэ талаар Нью-Йорк хот болон Лонг Айландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маргааш нь буюу 12 дугаар сарын 31-ний бямба гаргийн өглөө мэдээлжээ.

Филип Брамлитай хамт, залуудаа

Даваа гаргийн өглөө нь би дээд шүүхийн шүүгч Милтон Моллентой утсаар ярьж хэргийг танилцуулахдаа шүүгч шүүх хурал хийлгүй цус сэлбэхийг зөвшөөрснийг онцлон тэмдэглэсэн юм. Шүүгч Моллен биднийг оффистоо оройхон ирэхийг урьж, баримтуудыг болон холбогдох хуулийг авч хэлэлцье гэлээ. Орой нь манай хэлтсийн хариуцагч Филип Брамли бид хоёр шүүгч Моллений ажил дээр явж очив. Тэрбээр нөгөө эмнэлгийн өмгөөлөгчийг бас дуудсан байлаа. Халуухан яриа боллоо. Брамли ах тэмдэглэлийн дэвтэр дээрээ «Дуугаа намсгаарай» гэж бичээд надад үзүүлэв. Сайн зөвлөгөө өгчээ гэж одоо боддог юм. Яагаад гэвэл би эмнэлгийн өмгөөлөгчийн бурууг батлах гэж улайраад өндөр дуугаар ярьж байсан юм билээ.

Зүүнээс баруун: Ричард Моук, Грегори Олдс, Пол Полидоро, Филип Брамли, би, Марио Морено. Манай өмгөөлөгчид АНУ-ын дээд шүүхэд «Страттон тосгоны хэрэг»-ээр аман мэдүүлэг өгсөн өдөр.—«Сэрцгээ!» сэтгүүлийн 2003 оны 1-р сарын 8-ны дугаарыг үзнэ үү (англи)

Цаг орчим үргэлжилсэн ярианы дараа шүүгч Моллен энэ хэргийг маргааш өглөө хамгийн түрүүнд авч хэлэлцэнэ гэлээ. Бид хоёрыг өрөөнөөс гарах үед тэрбээр: «Эмнэлгийн өмгөөлөгч маргааш хүндхэн ачаа үүрэх нь дээ» гэж хэлсэн юм. Тэр өмгөөлөгч өөрийнхөө байр суурийг хамгаалах гэж их зүдэрнэ гэсэн үг байлаа. Манай талд ялах боломж байгаа гэж Ехова хэлээд байх шиг санагдсан. Ехова хүсэл тааллаа биелүүлэхийн тулд биднээр юу хийлгэж байгааг харахаар даруухан байхаас өөр аргагүй.

Маргааш өглөө болох шүүх хуралд бид шөнөжин бэлдэв. Шүүхийн байр Брүүклиний Бетелээс хэдхэн байрны цаана байдаг болохоор манайхны ихэнх нь хуулийн жижигхэн өрөөнөөсөө гараад явган явж очсон. Дөрвөн шүүгч уг хэргийг авч хэлэлцээд цус сэлбэх зөвшөөрлийг цуцлав. Дээд шүүх хэргийг Николоу эгчийн талд шийдэж, өвчтөний санал хүсэлтийг харгалзан үзэхгүйгээр шүүхийн шийдвэр гаргах нь хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг гэж үзсэн.

Дараахан нь Нью-Йорк мужийн дээд шүүх Николоуг цусгүй эмчилгээ хийлгэх эрхтэйг баталсан. Энэ бол улсын дээд шүүхээс гаргасан цусгүй эмчилгээтэй холбоотой дөрвөн шийдвэрийн эхнийх нь байсан бөгөөд үүнд оролцсоныгоо би завшаан гэж боддог ( «Гэрчүүд ялалт байгуулсан нь» гэсэн хавсралтыг үзээрэй). Би бас хүүхэд асран хамгаалах, гэр бүл салах, үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжтай холбоотой хэргүүд дээр Бетелийн өмгөөлөгчидтэй хамтран ажиллаж байсан.

ГЭР БҮЛТЭЙ БОЛСОН МИНЬ

Эхнэр Денистэй хамт

Би Денис гэдэг бүсгүйтэй танилцав. Тэрбээр гурван хүүхдээ ганцаараа өсгөж яваа, нөхрөөсөө салсан эмэгтэй байлаа. Ажил хийнэ, эхлэгчээр үйлчилнэ. Хатуу хүтүү амьдрал туулсан ч Еховад тууштай үйлчилж яваа түүнийг их биширч билээ. 1992 онд Нью-Йоркт болсон «Гэрэлтүүлэгчид» гэдэг нэртэй мужийн чуулганд суух үедээ би түүнээс үерхэж болох уу гэж асуусан юм. Бид хоёр нэг жилийн дараа гэрлэсэн. Денис маань Еховаг ямагт эн тэргүүнд тавьдаг, алиа хошин зантай хүн. Ийм эхнэртэй болсныгоо ивээл гэж боддог. Миний эхнэр хамт амьдарсан цагаасаа эхлээд надад «зөвхөн сайныг үйлдэж» ирсэн (Сур. 31:12).

Бид хоёрыг гэрлэх үед хүүхдүүд 11, 13, 16-тай байсан. Би сайн аав байхыг хүссэн болохоор байгууллагын ном хэвлэлээс хойд эцгүүдэд зориулсан нэлээд материал уншиж, тэр болгоныг хэрэгжүүлдэг байсан. Олон жил янз бүрийн асуудал, бэрхшээл учирч байсан ч хүүхдүүд намайг итгэлт анд, халамжит аав гэж хүлээж авсанд их баярладаг. Хүүхдүүдийн маань найзууд манайхаар байнга орж гардаг байсан. Эрч хүчтэй тэр хүүхдүүдтэй хамт байхдаа бид дуртай байлаа.

Денис бид хоёр эцэг эхээ асрахаар 2013 онд Висконсин руу нүүж очсон. Гайхалтай нь, би Бетелд үйлчлэхээ болиогүй. Байгууллагынхаа хуулийн ажилд туслахын тулд түр хугацааны туслагчаар үргэлжлүүлэн ажилласан.

ГЭНЭТИЙН ӨӨРЧЛӨЛТ

Би хоолойгоо их засдаг болсноо 2018 оны 9 дүгээр сард анзаарав. Эмч маань шинжилгээ хийгээд шалтгааныг нь тогтоож чадсангүй. Дараа нь өөр эмчийн зөвлөгөөгөөр мэдрэлийн эмчид үзүүлэв. 2019 оны 1 дүгээр сард мэдрэлийн эмч даамжрах бөөмсийн дээд саажилт (progressive supranuclear palsy) гэдэг мэдрэлийн ховор өвчин гэсэн урьдчилсан онош тавьсан.

Гурав хоногийн дараа би тэшүүрээр гулгаж байгаад баруун гарынхаа бугуйны ясыг цуулчихав. Би насаараа гулгасан хүн. Тэшүүрээр гулгах нь ерийн хэрэг байсан болохоор хөдөлгөөнөө хянаж чадахаа больж байгаагаа ойлгосон. Өвчний явц маш хурдан гэдэг нь илэрхий боллоо. Ярих, хөдлөх, тэр байтугай юм залгих ч бэрх болж байна.

Хаант төрийн үйл хэргийг урагшлуулахад хуульчийн хувиар бага ч атугай хувь нэмэр оруулсныгаа завшаан гэж боддог. Мэргэжлийн сэтгүүлүүдэд өгүүлэл бичиж, дэлхийн олон улс оронд хууль зүй, анагаах ухааны семинаруудад үг хэлж, Еховагийн Гэрчүүд цусгүй эмчилгээ сонгох, цус сэлбүүлэхгүйгээр мэс засал хийлгэх эрхтэйг баталж явсандаа баярладаг. Гэхдээ Лук 17:10-т байдаг шиг, «Би бол өчүүхэн боол. Хийх ёстойгоо л хийлээ» гэж хэлье.