Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 27

«Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж бүү бод»

«Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж бүү бод»

«Би та бүхэнд үүнийг хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж бүү бод. Харин ... ухаалаг бай» (РОМ 12:3).

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

ТОЙМ *

1. Филиппой 2:3-т бичсэнийг үзвэл, даруу хүн яагаад бусадтай сайн харьцаатай байдаг вэ?

БИДЭНД юу сайн гэдгийг Ехова хамгийн сайн мэддэг. Бид үүнийг хүлээн зөвшөөрдөг учраас даруу байж, Еховад захирагддаг (Эф. 4:22–24). Даруу байвал Еховагийн хүслийг өөрийнхөөсөө дээгүүр тавьж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодно. Ингэдэг бол Еховатай ч, итгэл нэгтнүүдтэйгээ ч сайн харьцаатай байна (Филиппой 2:3-ыг уншина).

2. Элч Паул юуг хүлээн зөвшөөрсөн бэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Гэхдээ сэрэмж алдвал Сатаны ертөнцийнхний нөлөөнд автаж бардам, аминч болох аюултай. * Элч Паул: «Би та бүхэнд үүнийг хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж бүү бод. Харин та нарын хүн нэг бүрд Бурхны өгсөн итгэлийн дагуу ухаалаг бай» гэж бичсэнийг үзвэл МЭ I зуунд амьдарч байсан зарим дагалдагчдад ийм аюул тулгарч байсан бололтой (Ром 12:3). Хүн өөрийгөө тодорхой хэмжээгээр хүндлэх нь буруу биш гэдгийг Паул хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ туйлшрахгүйн тулд даруу байх хэрэгтэй. Энэ өгүүллээр, 1) ханьтайгаа харьцахдаа, 2) хариуцлагатай үүрэг гүйцэтгэхдээ, 3) олон нийтийн сүлжээ ашиглахдаа даруу байх нь ямар ач тустайг ярилцъя.

ХАНЬТАЙГАА ХАРЬЦАХДАА

3. Эхнэр нөхөр хоёр яагаад санал зөрөлддөг вэ? Зарим хүн ийм асуудлыг яаж шийддэг вэ?

3 Ехова гэрлэлтийг санаачлан эхнэр нөхөр хоёрын аз жаргалын эхлэлийг тавьжээ. Гэхдээ эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь төгс бус учраас хааяа санал зөрөлдөх нь ойлгомжтой. Гэрлэхлээр санаа зовох юм нэмэгдэнэ гэж Паул хэлсэн нь санамсаргүй хэрэг биш ээ (1 Кор. 7:28). Зарим хүн ханьтайгаа байнга муудалцдагаасаа болоод бид хоёр таарч тохирохгүй юм байна гэдэг. Хэрэв ертөнцийн нөлөөнд автсан бол энэ асуудлыг шийдэх цорын ганц арга нь салах гэж дүгнэдэг. Тэдний хувьд хамгийн чухал нь өөрөө л жаргалтай байх ажээ.

4. Гэрч хүн яах ёсгүй вэ?

4 Гэрч хүн ханийнхаа талаар сэтгэл дундуур явах ёсгүй. Гэр бүл цуцлах Библийн үндэстэй цорын ганц шалтгаан нь садар самуун явдал гэдгийг бид мэддэг (Мат. 5:32). Бэрхшээл тулгарсан үед эхнэр нөхрүүд: «Би энэ хүнтэй суугаад хүссэн бүхнээ авсан уу? Энэ хүн намайг хүссэнээр минь хайрлаж байна уу? Би өөр хүнтэй суувал жаргах юм биш биз?» гэж бодон бардамнах ёсгүй. Ийм бодолтой хүн ханиа хайхардаггүй бөгөөд зөвхөн амиа боддог. «Зүрхнийхээ л хүслийг дага, өөрөө л жаргаж байвал салсан ч яах вэ!» гэж энэ ертөнцийнхөн зөвлөдөг. Харин Бурхан: «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» гэж хэлдэг (Флп. 2:4). Ехова эхнэр нөхөр хоёрыг бүү салаасай, хамт байгаасай гэж хүсдэг (Мат. 19:6). Өөрийгөө бус, ханиа эхлээд бодоорой. Ехова танаас үүнийг хүсэж байгаа.

5. Эфэс 5:33-ыг үзвэл эхнэр нөхөр хоёр бие биетэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?

5 Эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлаж, хүндлэх ёстой (Эфэс 5:33-ыг уншина). Авахыг бус, өгөхийг бодож байгаарай гэж Библи бидэнд заадаг (Үйлс 20:35). Гэрлэсэн хоёр, бие биеийнхээ хайрыг булааж, хүндэтгэлийг хүлээхийн тулд ямар байх хэрэгтэй вэ? Даруу байх хэрэгтэй. Эхнэр нөхөр хоёр даруу бол «өөрийнхөө бус, [ханийнхаа] ашиг сонирхлыг харна» (1 Кор. 10:24).

Даруу бол ханьтайгаа өрсөлдөхийн оронд нэг багийн гишүүд мэт хамтарч ажиллана (6-р догол мөрийг үзээрэй)

6. Стивен Стефани хоёрын ярианаас та юу ойлгосон бэ?

6 Даруу учраас жаргалтай байдаг Гэрч хосууд олон бий. Жишээлбэл, Стивен гэдэг эрэгтэй: «Эхнэр нөхөр хоёр өөрсдийгөө нэг багийнхан гэж боддог бол, ялангуяа санал зөрөлдсөн үед хамтарч ажиллаж чадна. “Надад юу сайн бэ?” гэхийн оронд “бидэнд юу сайн бэ?” гэж бодно» гэжээ. Эхнэр Стефани нь бас ийм бодолтой ажээ. Тэрбээр: «Хэн ч өрсөлдөгчтэйгөө хамт амьдрахгүй шүү дээ. Бид хоёрт санал зөрөлдөх юм гарвал шалтгааныг нь олохыг хичээдэг. Дараа нь залбирч, судалгаа хийж, асуудлаа яаж шийдэхээ ярилцдаг. Бид бие бие рүүгээ биш, тухайн асуудал руу довтолдог» гэж ярьсан юм. Өөрийгөө ханиасаа илүү гэж боддоггүй хосууд жаргалтай байдаг.

ЕХОВАД ҮЙЛЧЛЭХДЭЭ

7. Гэрч эрэгтэй хариуцлагатай үүрэг гүйцэтгэхээр болсон бол ямар хандлагатай байх ёстой вэ?

7 Еховад ямар ч аргаар үйлчлэхийг бид завшаан гэж үздэг (Дуу. 27:4; 84:10). Гэрч эрэгтэй Еховагийн байгууллагад тусгай үүрэг гүйцэтгэхэд бэлэн бол үнэхээр магтууштай. Библид «Хэрэв хүн ахлагч болохыг зорьдог бол сайн ажлыг хүсэж байгаа хэрэг» гэж бий (1 Тим. 3:1). Гэхдээ хариуцлагатай үүрэг гүйцэтгэхээр болсон бол өөрийгөө бусдаас илүү гэж бодох ёсгүй (Лук 17:7–10). Даруу байж, бусдад үйлчлэх зорилготой байх учиртай (2 Кор. 12:15).

8. Диотреф Уззиа Абсалом нарын түүхээс юу ойлгож болох вэ?

8 Өөрийгөө хэтэрхий чухалд үздэг байсан хүмүүсийн жишээг Библид бичсэн нь бидэнд сэрэмжлүүлэг болдог. Диотреф хурлын «тэргүүн болохыг» дурлаж эрээ цээргүй авирласан (3 Ёох. 9). Уззиа бардамнан сагсуурч, Еховагийн оноогоогүй ажлыг хийх гэж зүтгэсэн (Ш.дэд 26:16–21). Абсалом, хаан болох хүсэлдээ хөтлөгдөн зальжин аргаар олны дэмжлэгийг авахыг оролдсон (2 Сам. 15:2–6). Ехова алдар нэр хөөцөлддөг хүнд дургүй гэдэг нь эдгээр түүхээс тодорхой харагддаг (Сур. 25:27). Бардам зантай, нэр төрд дуртай хүн эцэстээ сүйрдэг (Сур. 16:18).

9. Есүс ямар жишээ үлдээсэн бэ?

9 Харин Есүс тэр бардам хүмүүсээс эрс ялгаатай. Библид түүний тухай бичихдээ «Тэрээр хэдийгээр Бурхантай адил байсан боловч байрыг нь эзэлж, эн зэрэгцэхийг бодоо ч үгүй билээ» гэжээ (Флп. 2:6). Есүс эрх мэдлээрээ Еховагийн дараа ордог ч өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж боддоггүй. Тэрбээр шавь нартаа «Өөрийгөө өчүүхэн гэж үздэг хүн та нарын дунд агуу нь байх юм» гэж хэлсэн байдаг (Лук 9:48). Есүсийг дуурайн даруу байдаг эхлэгч, туслах үйлчлэгч, ахлагч, дүүрэг хариуцагчтай хамт үйлчлэх нь ивээл юм! Хэрэв бид даруу байдаг бол Бурхны жинхэнэ үйлчлэгчдийн таних тэмдэг болсон хайрыг бие биедээ илэрхийлнэ (Ёох. 13:35).

10. Хурлын ажил доголдоод байх шиг санагдвал яах хэрэгтэй вэ?

10 Хурлын ажил доголдоод байх шиг санагдаад, ахлагчид юу ч хийхгүй байна гэж бодогдвол яах вэ? Дургүйцэхийн оронд удирдах үүрэгтэй хүмүүсийг дэмжиж даруу байгаарай (Евр. 13:17). Тэгэхийн тулд өөрөөсөө «Энэ нь зайлшгүй засах шаардлагатай, үнэхээр ноцтой асуудал уу? Одоо засах цаг нь мөн үү? Миний үүрэг үү? Би хурлын эв нэгдэлд хувь нэмэр оруулах гээд байна уу, эсвэл өөрийгөө сурталчлах гээд байна уу?» гэж асуугаарай.

Хариуцлагатай үүрэгтэй хүн чадвараараа төдийгүй даруу зангаараа олны хүндэтгэлийг хүлээх учиртай (11-р догол мөрийг үзээрэй) *

11. Эфэс 4:2, 3-т бичсэнээр, Еховад үйлчлэхдээ даруу байдаг бол үр дүн нь ямар байх вэ?

11 Ехова даруу занг ур чадвараас, эв нэгдлийг ажлын бүтээмжээс илүү чухалд үздэг. Тийм учраас Еховад үйлчлэхдээ даруу байя гэж хамаг чадлаараа хичээгээрэй. Тэгдэг бол хурлын эв нэгдэлд хувь нэмрээ оруулна (Эфэс 4:2, 3-ыг уншина). Дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцоорой. Хүмүүст үйлчилж, сайн юм хийгээрэй. Хариуцлагатай үүрэгтэй, үүрэггүй гэж ялгалгүй бүх хүнийг дайлж цайлж байгаарай (Мат. 6:1–4; Лук 14:12–14). Ийнхүү хурлынхантайгаа хамтран ажиллаж даруу байдаг бол таны чадвар төдийгүй даруу зан хэн бүхэнд илэрхий харагдана.

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ АШИГЛАХДАА

12. Найз нөхөдтэй болохыг Библи уриалдаг уу? Тайлбарлана уу.

12 Ехова биднийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт жаргалтай байгаасай гэж хүсдэг (Дуу. 133:1). Есүс сайн найзуудтай байсан (Ёох. 15:15). Жинхэнэ анд нөхөдтэй байхын ач тусыг Библид бичсэн байдаг (Сур. 17:17; 18:24). Бас зожгирох нь сайн биш гэж бичжээ (Сур. 18:1). Олон нийтийн сүлжээгээр хүмүүстэй харилцах нь найз нөхөдтэй болохоос гадна зожгирохгүй байхад тустай гэж хүмүүс боддог. Гэхдээ болгоомжтой байх шаардлагатай

13. Олон нийтийн сүлжээ ашигладаг хүмүүс яагаад ганцаардаж, сэтгэлээр унадаг вэ?

13 Олон нийтийн сүлжээнд тавигдсан зураг, сэтгэгдлүүдийг үзэх гэж хамаг цагаа үрдэг хүмүүс ганцаардах, сэтгэлээр унах нь их байдгийг судалгаагаар тогтоожээ. Яагаад? Нэг шалтгаан нь, хүмүүс ихэвчлэн амьдралынхаа онцгой үйл явдлыг харуулсан зургуудыг олон нийтийн сүлжээнд тавьдаг. Тэдгээр нь өөрсдийнх нь, найз нөхдийнх нь шилмэл зургууд байхаас гадна сонирхолтой газар оронд авхуулсан зураг байдаг. Тийм зураг үзсэн хүн өөрийгөө нэг л хэвийн, уйтгартай амьдралтай гэж бодож магадгүй. «Бусад хүн амралтын өдрүүдийг хөгжилтэй өнгөрөөж байхад, би гэртээ ганцаархнаа уйдаад суудаг юм байна гэж бодоод сэтгэлээр унасан» гэж 19 настай Гэрч бүсгүй ярьжээ.

14. Олон нийтийн сүлжээг ашиглахдаа ухаалаг байхад 1 Петр 3:8-д байдаг зөвлөгөө ямар ач тустай вэ?

14 Олон нийтийн сүлжээг зөв зохистой ашиглавал ач тустай нь мэдээж. Жишээлбэл гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцаа холбоотой байна. Гэхдээ зарим хүн өөрийгөө сурталчлах зорилгоор олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавьдгийг та анзаарсан уу? Яг л, «Намайг хар даа» гэж хэлээд байгаа мэт. Зарим нь өөрийнхөө болон бусдын тавьсан зургийн талаар бүдүүлэг, эрээ цээргүй сэтгэгдэл бичдэг. Христийн дагалдагч хүн даруу, бие биеэ гэсэн сэтгэлтэй байх учиртай. Тийм учраас олон нийтийн сүлжээг ашиглахдаа ухаалаг байдаг (1 Петр 3:8-ыг уншина).

Интернэтэд тавьсан мэдээллийг тань харсан хүн таныг даруу гэж бодох уу, онгироо гэж бодох уу? (15-р догол мөрийг үзээрэй)

15. Өөрөөрөө сайрхах нь зөв үү? Библид юу гэж байдаг вэ?

15 Та олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл, зураг, видео тавихдаа «Хүмүүс намайг өөрөөрөө сайрхаж байна гэж бодохгүй байгаа? Атаархах юм биш биз?» гэж өөрөөсөө асуугаарай. Библид «Ертөнцийн бүх юм, тухайлбал, махан биеийн хүсэл, нүдний хүсэл, эд хөрөнгөөрөө гайхуулах нь Эцгээс бус, ертөнцөөс эхтэй» гэж байдаг (1 Ёох. 2:16). Библийн нэг орчуулгад «эд хөрөнгөөрөө гайхуулах» гэдгийг «бусдаас илүү чухал мэт харагдах» хэмээн орчуулжээ. Христийн дагалдагч хүн өөрөөрөө сайрхдаггүй. Харин «Бардам зан гаргахгүй, өрсөлдөхгүй, атаархахгүй байцгаая» гэсэн уриалгыг дагадаг (Гал. 5:26). Бид даруу бол өөрийгөө бусдаас илүү гэж үздэг энэ ертөнцийнхний хандлагад автахгүй.

«УХААЛАГ БАЙ»

16. Бид яагаад бардам байж болохгүй вэ?

16 Бид даруу байж сурах зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл бардам хүн ухаалаг байж чаддаггүй (Ром 12:3). Тийм хүмүүс хэрүүлч, аминч байдаг. Тэд бодол, үйлдлээрээ өөрийгөө ч, өрөөлийг ч зовоодог. Хэрэв сэтгэхүйгээ өөрчлөхгүй бол Сатан ухаан санааг нь сохолж, самууруулж болзошгүй (2 Кор. 4:4; 11:3). Харин даруу хүн саруул ухаантай. Хэр хэмжээгээ мэддэг, өөрийгөө зөв дүгнэдэг бөгөөд бусад хүнийг аль нэг талаараа давуу гэдгийг хүлээн зөвшөөрдөг (Флп. 2:3). Бас «Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнийг энэрч нигүүлсдэгийг» мэддэг (1 Петр 5:5). Саруул ухаантай хүн Еховатай дайсагналцахыг хүсдэггүй.

17. Үргэлж даруу байхын тулд яах шаардлагатай вэ?

17 Үргэлж даруу байхын тулд «Хуучин хүнээ муу зуршилтай нь тайлж шинэ хүнийг өмс» гэсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Ингэхийн тулд нэлээд их хүчин чармайлт гаргах шаардлагатай. Есүсийн жишээг судалж, аль болохоор адилхан болохыг хичээгээрэй (Кол. 3:9, 10; 1 Петр 2:21). Хичээсний хэрэг гарах нь зайлшгүй. Даруу байж сурвал гэр бүлээрээ жаргана, хурлаараа эв нэгдэлтэй байна, олон нийтийн сүлжээг зөв ашиглана. Хамгийн гол нь, Еховагийн ивээлийг хүртэж, сайшаалыг нь хүлээнэ.

ДУУ 19 Бурхны амласан Диваажин

^ д/м 5 Өнөөгийн нийгэмд бардам, аминч хүмүүс үй түмээрээ байна. Бид тэдэн шиг болохоос сэрэмжлэх ёстой. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж бодохоос зайлсхийх гурван тохиолдлыг энэ өгүүллээр авч үзнэ.

^ д/м 2 ҮГИЙН ТАЙЛБАР: Бардам хүн бусдыг бус өөрийгөө л боддог учраас аминч байдаг. Харин даруу хүн аминч биш, бардамнан сагсуурдаггүй, өөрийгөө бусдаас илүү гэж боддоггүй.

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Чуулган дээр илтгэл тавихын зэрэгцээ хариуцлагатай эрчүүдэд заавар өгдөг нэг ахлагч дэлгэрүүлэхийг ч, цуглааны танхим цэвэрлэхийг ч завшаан гэж үздэг ажээ.