СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 1
Тайван байж, Еховад найдаарай
2021 ОНЫ УРИА: «Үнэнч итгэл ба тайван байх нь та нарын хүч мөн» (ИС. 30:15)
ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл
ТОЙМ a
1. Бид заримдаа юу гэж асуудаг вэ?
БИД бүгдээрээ амар тайван амьдрахыг хүсдэг. Санаа зовох гэдэг бол дурлаад байх юм биш. Гэсэн хэдий ч бид заримдаа ямар нэгэн юманд маш их санаа зовдог. Давид хаан: «Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж, бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ?» гэж асуужээ. Еховагийн зарим үйлчлэгч бас ингэж асуудаг (Дуу. 13:2).
2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Санаа зовоох юм бишгүй байдаг ч сэтгэлээ хэтэрхий их чилээхгүй байх боломжтой. Бидний санааг зовоож мэдэх зарим зүйлийг энэ өгүүллээр ярилцъя. Дараа нь, бэрхшээл тохиолдсон үед тайван байхад тус болох зургаан аргыг авч үзье.
ЮУНААС БОЛЖ САНАА ЗОВДОГ ВЭ?
3. Бид юунаас болж санаа зовдог вэ? Үүнийг бид зохицуулж чадах уу?
3 Бидний мэдэл, хэр чадлаас хэтэрсэн янз бүрийн асуудал бий. Үүнээс болж санаа зовдог. Жишээлбэл: хоол хүнс, хувцас хунар, орон байрны үнэ жилээс жилд өсөж байгааг зохицуулж чадахгүй; ажлынхан юм уу ангийнхан биднийг үнэнч бус болгох эсвэл садар самуунд уруу татах гэж оролддогийг нь болиулж чадахгүй. Мөн эргэн тойронд болж буй гэмт хэргийг зогсоож чадахгүй. Ямар учраас ийм юм болдог вэ? Яагаад гэвэл энэ ертөнцийн ихэнх хүн Библийн зарчмыг баримталдаггүй. «Өнөө үеийн амьдралдаа санаа зовсноос» болоод зарим хүн Еховад үйлчлэхээ болино гэдгийг энэ тогтолцооны бурхан Сатан мэддэг (Мат. 13:22; 1 Ёох. 5:19). Энэ ертөнц санаа зовоох зүйлээр дүүрэн байдаг нь гайхах зүйл биш юм!
4. Хэтэрхий их санаа зовохоор яадаг вэ?
4 Бид заримдаа хэтэрхий их санаа зовохоороо өөр юмыг анхаарах сөхөөгүй болдог. Жишээлбэл олсон хэд нь хаанаа ч хүрэхгүй бол, өвчин тусвал, ажилдаа явж чадахгүй юм уу эсвэл бүр ажилгүй болбол санаа зовдог. Сорилт, хорхой хүргэм зүйл тулгарвал Бурхны хуулийг зөрчөөд үнэнч биш болчих вий гэж айдаг. Тун удахгүй Сатан эрхшээлдээ байдаг хүмүүсээ турхирахад тэд Бурхны ард түмэн рүү дайрна. Тэр үед би яах бол оо гэж санаа зовдог. Заримдаа «Ингэж санаа зовох нь зөв үү, буруу юу?» гэж боддог.
5. Есүс: «Санаа зовохоо боль» гэж хэлсэн нь ямар учиртай вэ?
5 Есүс дагалдагчдадаа «Санаа зовохоо боль» гэж хэлсэн байдаг (Мат. 6:25). Тэгвэл юунд ч санаа зовох ёсгүй гэсэн үг үү? Мэдээж үгүй! Еховагийн эртний үнэнч үйлчлэгчид ч санаа зовдог байсан. Тэглээ гээд Еховагийн сайшаалыг алдаагүй b (Х.дээд 19:4; Дуу. 6:3). Есүс ямар учраас дээрх үгийг хэлсэн бэ? Биднийг амьдралын наад захын хэрэгцээнийхээ төлөө хэтэрхий их санаа зовох вий, үүнээс болоод Бурхандаа олигтой үйлчилж чадахгүй болох вий гэсэндээ тэр ажээ. Санаа зовсон үедээ яах нь зүйтэй вэ? ( «Яах вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).
ТАЙВАН БАЙХАД ТУСТАЙ ЗУРГААН АРГА
6. Филиппой 4:6, 7-г үзвэл бид яагаад тайвширдаг вэ?
6 1) Байнга залбираарай. Бэрхшээл зовлонгоос болж санаа зовсон үедээ Еховад хандан шаргуу залбираарай (1 Петр 5:7). Ехова Бурхан залбиралд тань хариулж «хүний ухаанаас давуу амар тайвныг» өгнө (Филиппой 4:6, 7-г уншина). Бас түгшсэн сэтгэлийг тань хүчирхэг агуу хүчээрээ тайвшруулна (Гал. 5:22).
7. Бурханд залбирахдаа юуг санах хэрэгтэй вэ?
7 Еховад зүрх сэтгэлээ уудлан, тодорхой хэлж залбираарай. Ямар бэрхшээл тохиолдоод байгаа, сэтгэл санаа ямар байгаагаа хэлээрэй. Асуудлаа шийдэх боломжтой бол Бурхнаас мэргэн ухаан, хүч тэнхээ гуйгаарай. Харин нөхцөл байдлыг өөрчлөх ямар ч боломжгүй бол хэтэрхий их санаа зовохгүй байхад туслаач гэж Бурхнаас гуйгаарай. Тодорхой залбирдаг бол Ехова залбиралд тань хэрхэн хариулж байгааг яваандаа илүү сайн мэдэрдэг болно. Залбирлынхаа хариуг тэр даруйд нь аваагүй байсан ч залбираад л байгаарай. Ехова биднийг тодорхой залбираасай гэхээс гадна шаргуу гуйгаасай гэж хүсдэг (Лук 11:8–10).
8. Залбирахдаа юуг мартаж болохгүй вэ?
8 Еховад хандан залбирч, санаа зовоосон зүйлээ хэлэхдээ талархахаа бүү мартаарай. Тулгарсан бэрхшээл дааж давахын аргагүй байлаа ч Бурхан яаж ивээж ирснийг эргэцүүлэн бодоорой. Хэрэв шаналсан сэтгэлээ илэрхийлэх үг олдохгүй бол «Туслаарай!» гэж залбирахад л Ехова сонсоод хариулна гэдгийг санаарай (Ш.дэд 18:31; Ром 8:26).
9. Жинхэнэ авралыг үзье гэвэл яах ёстой вэ?
9 2) Өөртөө бус, Еховагийн мэргэн ухаанд найдаарай. МЭӨ 8-р зууны Иудагийн ард түмэн ассиричуудын довтолгооноос айдаг байв. Тэд ассиричуудын буулганд орохгүйн тулд Египетээс тусламж гуйжээ (Ис. 30:1, 2). Египетчүүдэд найдсан учир сүйрнэ гэдгийг нь Ехова анхааруулсан (Ис. 30:7, 12, 13). Жинхэнэ авралыг үзье гэвэл яах ёстойг нь Ехова тэдэнд Исаиагаар хэлүүлжээ. Тэрбээр: «Үнэнч итгэл ба чимээгүй [«тайван», ШЕ] байх нь та нарын хүч мөн» гэж айлдсан (Ис. 30:15б).
10. Еховад итгэж найддагаа ямар үед баталж болох вэ?
10 Еховад итгэж найддагаа ямар үед баталж болох вэ? Хэдэн жишээ авъя. Танд ахиухан цалинтай ажлын санал иржээ. Гэтэл энэ ажлыг хийвэл та Бурханд одоогийнх шигээ үйлчилж чадахгүй болно. Эсвэл хамт ажилладаг эсрэг хүйсийн хүн таныг сонирхдог болжээ. Гэхдээ тэрбээр Гэрч биш. Эсвэл хайртай хүн тань: «Нэг бол намайг, нэг бол Бурхнаа сонго» гэж тулгажээ. Энэ гурван нөхцөлийн аль нь ч байлаа гэсэн, шийдвэр гаргах амаргүй. Гэхдээ Ехова танд хэрэг болох удирдлага зааврыг өгнө (Мат. 6:33; 10:37; 1 Кор. 7:39). Харин тэр үед та Еховад найдаж, удирдлага зааврыг нь дагах болов уу?
11. Библийн ямар жишээг судалбал эсэргүүцэл хавчлагын үед тайван байж чадах вэ?
11 3) Сайн, муу жишээнээс сургамж аваарай. Тайван байж, Еховад найдахын чухлыг онцолсон жишээ Библид олон байдаг. Бурхны үйлчлэгчид ширүүн эсэргүүцэл хавчлагын үед хэрхэн тайван байж чадсаныг эдгээр жишээг судалж байхдаа бодож үзээрэй. Тухайлбал, Иудейн дээд шүүх дэлгэрүүлэхээ зогсоохыг шаардахад элч нар айгаагүй. Харин ч «Бид хүнд бус, Бурханд захирагдах ёстой» гэж зоригтой хэлсэн (Үйлс 5:29). Бүр ташуурын амтыг үзсэн ч айж балмагдаагүй. Яагаад гэвэл Ехова өөрсдийнх нь талд байж, сайшааж байгаа гэдгийг тэд мэдэж байв. Тийм учраас сайн мэдээгээ дэлгэрүүлсээр байсан (Үйлс 5:40–42). Есүсийн шавь Стефан алуулахаасаа өмнө гайхалтай тайван байсан учраас «Царай нь тэнгэрийн элчийнх мэт байв» гэж Библид бичжээ (Үйлс 6:12–15). Учир нь Ехова сайшааж байгаа гэдэгт тэрбээр итгэлтэй байсан.
12. 1 Петр 3:14; 4:14-ийг үзвэл, бид хавчигдсан ч яагаад жаргалтай байх вэ?
12 Ехова өөрсөдтэй нь хамт байгааг элч нар баттай мэдэж байв. Яагаад гэвэл Бурхан тэдэнд гайхамшиг үйлдэх чадвар өгчээ (Үйлс 5:12–16; 6:8). Харин бидэнд ийм чадвар өгдөггүй. Гэхдээ шударга сайны төлөө зовох цагт Ехова бидний талд байж, агуу хүчээрээ тусална гэсэн амлалтыг Үгэндээ бичүүлжээ (1 Петр 3:14; 4:14-ийг уншина). Ирээдүйд ширүүн эсэргүүцэл хавчлагад өртөхөөрөө яах бол гэж санаа зовох хэрэггүй. Харин Ехова дэмжинэ, аварна гэдэгт улам бат итгэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Эртний дагалдагчдын адил, бид бас Есүсийн амлалтад итгэх хэрэгтэй. Есүс: «Би та нарт үг болон мэргэн ухаан өгнө. Та нарыг эсэргүүцдэг хэн ч тэдгээрийг сөрж, няцааж чадахгүй» гэж амласан байдаг. «Эцэс хүртэл тэвчвэл амиа аварна» гэсэн баталгааг Есүс бидэнд өгсөн (Лук 21:12–19). Ехова үхэн үхтэлээ үнэнч байсан үйлчлэгчдийнхээ өчүүхэн жижиг юмыг ч санаж байдгийг хэзээ ч битгий мартаарай. Энэ мэдлэгээ ашиглан тэднийгээ амилуулна.
13. Тайван байж, Бурханд найдаж чадаагүй хүмүүсийн муу жишээ ямар сургамжтай вэ?
13 Тайван байж, Бурханд найдаж чадаагүй хүмүүсийн алдаанаас сургамж авах хэрэгтэй. Тэдний муу жишээг судалбал алдааг нь давтахгүй. Жишээ авъя. Иудагийн хаан Аса төр бариад удаагүй байхдаа үй түмэн цэрэгтэй дайсны довтолгоог эсэргүүцэн тулалдахаар болжээ. Аса тэр үед Еховад найдсан учраас ялалт байгуулж чадсан (Ш.дэд 14:9–12). Гэтэл хожим нь Израйлын хаан Баашаг цөөхөн цэрэгтэй ирэхэд Еховагаас аврал эрэхийн оронд сиричүүдэд мөнгө төлж тусламж хүсжээ (Ш.дэд 16:1–3). Аса насныхаа эцэст хүнд өвчин туссан ч Еховад найдаагүй, тусламж гуйгаагүй (Ш.дэд 16:12).
14. Асагийн алдаанаас ямар сургамж авах вэ?
14 Бэрхшээл тулгарахад Аса эхэндээ Бурханд найддаг байсан. Харин сүүлдээ Бурхнаас тусламж гуйхын оронд асуудлыг өөрөө шийдэхийг илүүд үзсэн. Израйлтай байлдахын тулд Сириэс тусламж авахаар төлөвлөсөн нь, өнгөц харахад, буруу биш юм шиг санагдаж болох юм. Гэвч Израйлд амар тайван байдал удаан үргэлжлээгүй. Ехова Асад «Чи өөрийн Бурхан ЭЗЭНд найдалгүй, Арамын хаанд найдсан учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ» гэж зөнчөөрөө хэлүүлжээ (Ш.дэд 16:7). Бид асуудлаа шийдэж чадна гэж өөртөө эрдэхээс болгоомжлох ёстой. Харин үүний оронд Еховагаас тусламж гуйж, Үгээс нь удирдлага заавар хайх учиртай. Яаралтай шийдэх асуудал гэнэт гарсан үед ч тайван байж Еховад найдвал зөв шийдвэр гаргахад тэрбээр тусална.
15. Библи уншиж байхдаа яах нь зүйтэй вэ?
15 4) Библийн зүйлүүдийг цээжлээрэй. Үргэлж тайван байж, Еховад найддаг бол хүч тэнхээтэй байдаг. Үүнийг батлах Библийн зүйл олохоороо цээжилж байгаарай. Олсон зүйлүүдээ чанга унших юм уу бичиж аваад байн байн давтаад байвал цээжлэгдэнэ. Ехова Иошуад хуулийн номыг нам дуугаар тогтмол уншиж байхыг тушаажээ. Иошуа энэ тушаалыг биелүүлснээр хөгжин дэвжиж, амжилтад хүрэх ажээ. Бас хуулийн номоос уншвал хэнээс ч айлгүй, Бурхны ард түмнийг зоригтой удирдах хүчийг олж авах байв (Иош. 1:8, 9). Санаа зовж, айж сандарсан үед тайван байхад тус болох үг Библид олон байдаг (Дуу. 27:1–3; Сур. 3:25, 26).
16. Тайван байж, Бурханд найдахад хурлынхан маань хэрхэн тусалдаг вэ?
16 5) Бурхны үйлчлэгчидтэй ойр дотно байгаарай. Тайван байж, Бурханд найдахад итгэл нэгтнүүд маань тусалдаг. Бид цуглаанд сууж илтгэл сонсоод удирдлага заавар авдаг. Нэг нэгнийхээ хариултыг сонсоод урамшин зоригждог. Итгэл нэгт ах дүү нартайгаа ярилцаад сэтгэл сэргэдэг (Евр. 10:24, 25). Түүнээс гадна, санаа зовоогоод байгаа зүйлээ хурлынхаа дотнын найзад ярихаараа тайвширдаг. Найз нөхдийнхөө «эелдэг үгийг» сонсохлоор сэтгэл хөнгөрч, санаа зовох нь багасдаг (Сур. 12:25).
17. Еврей 6:19-ийг харвал, Хаант төрд найддаг хүн бэрх цагт ч тайван байна гэхийн учир юу вэ?
17 6) Итгэл найдвараа батжуулаарай. Хэрэв бид Хаант төрийн ивээлийг хүртэнэ гэж итгэж найддаг бол хүнд бэрх цагт ч, санаа зовсон үедээ ч зангуугаа буулгасан усан онгоц шиг тогтвортой байна (Еврей 6:19-ийг уншина). Таагүй юм бодохоо болих сайхан ирээдүйн тухай Еховагийн амлалтыг эргэцүүлэн бодоорой (Ис. 65:17). Муу муухай бүхэн үгүй болсон амар тайван шинэ ертөнцөд байгаагаар төсөөлөөрэй (Мика 4:4). Бас шинэ ертөнцийн талаар хүмүүст яриарай. Дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлаа хамаг чадлаараа хийгээрэй. Энэ бүхнийг анхаардаг бол «эцэс хүртэл огт эргэлзэхгүй найдаж явна» (Евр. 6:11).
18. Энэ тогтолцооны төгсгөл ойртох тусам юу болох вэ? Үүнийг хэрхэн давах вэ?
18 Энэ тогтолцоо төгсгөл рүүгээ ойртох тусам санаа зовоосон асуудал улам нэмэгдэнэ. 2021 оны уриаг санаж явбал зовлон бэрхшээл тохиолдсон үед тайван байж, өөртөө бус, Еховад найдна. «Үнэнч итгэл ба тайван байх нь та нарын хүч мөн» гэсэн Еховагийн үгэнд итгэдгээ энэ жилийн турш үйлсээрээ харуулцгаая (Ис. 30:15).
ДУУ 49 Еховад хоргодъё
a Санаа зовоосон асуудал тулгарсан үед Еховад найдах нь чухал гэдгийг 2021 оны уриа онцолдог. Жилийн уриа болсон Библийн зөвлөгөөг хэрхэн ажил хэрэг болгохыг энэ өгүүллээр үзнэ.
b Зарим итгэл нэгтэн маань хэтэрхий их санаа зовдог эсвэл сэтгэлийн түгшүүртэй явдаг. Энэ нь сэтгэцийн эмгэг бөгөөд үүнийг Есүсийн ярьсан санаа зовохтой андуурч болохгүй.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: 1) Санаа зовоосон асуудлын талаар өдрийн турш залбирч буй Гэрч эмэгтэй.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: 2) Тэрбээр үдийн цайны цагаар Бурхны Үгээс мэргэн ухаан хайж байна.
e ЗУРГИЙН ТАЙЛБАР: 3) Библид байдаг сайн муу жишээг эргэцүүлэн бодож байна.
f ЗУРГИЙН ТАЙЛБАР: 4) Цээжлэх гэж байгаа Библийн зүйлээ бичээд хөргөгчин дээрээ нааж байна.
g ЗУРГИЙН ТАЙЛБАР: 5) Найз нөхөдтэйгөө дэлгэрүүлээд баяр баясгалантай байна.
h ЗУРГИЙН ТАЙЛБАР: 6) Ирээдүйнхээ тухай эргэцүүлэн бодоод найдвараа батжуулж байна.