Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 3

Үй олон хүн Бурхан болон Христийг магтдаг

Үй олон хүн Бурхан болон Христийг магтдаг

«Сэнтийд залрагч Бурхныхаа ачаар, Хурганы ачаар бид аврагдсан» (ИЛЧ. 7:10).

ДУУ 30 Ехова захирч эхэллээ

ТОЙМ a

1. 1935 оны чуулган дээр тавьсан илтгэл нэг залууд хэрхэн нөлөөлсөн бэ?

 АРВАН НАЙМТАЙ залуу 1926 онд баптисм хүртжээ. Эцэг эх нь Библи Судлаачид буюу одоогийнхоор Еховагийн Гэрчүүд байв. Тэд гурван хүү, хоёр охиноо Ехова Бурханд үйлчилдэг, Есүс Христийг дуурайдаг хүн болгон хүмүүжүүлжээ. Тэр үеийн Библи Судлаачид жил бүр Эзний оройн зоогийн талх, дарснаас хүртдэг байлаа. Чин сэтгэлтэй мөнөөх залуу ч энэ жишгийг дагадаг байжээ. Гэвч «Үй олон хүн» гэсэн сэдэвтэй түүхт илтгэлийг сонсоод ирээдүйгээ өөрөөр харах болсон юм. 1935 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон чуулган дээр Ж. Ф. Рүтэрфорд уг илтгэлийг тавьжээ. Тэр чуулганаар ямар нууц тайлагдсан бэ?

2. Рүтэрфорд ах ямар үнэнийг илчилсэн бэ?

2 Рүтэрфорд ах Илчлэл 7:9-д гардаг «үй олон хүн» гэж хэн болохыг тайлбарлажээ. Үүнээс өмнө Библи Судлаачид энэ бүлгийг итгэлийн хувьд тослогдогсдоос арай дутмаг, тэнгэрт очих хоёрдугаар анги гэж үздэг байв. Гэвч үй олон хүн нь тэнгэрт амьдрахаар сонгогдоогүй ч агуу их гамшгийг эсэн мэнд давж гараад, дэлхий дээрээ мөнх амьдрах өөр хоньд b гэдгийг Рүтэрфорд ах Библид үндэслэн тайлбарлажээ (Илч. 7:14). Есүс: «Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд надад бий. Би тэднийг ч бас хариулах ёстой. Тэд дуугаар минь намайг танина. Ийнхүү нэг хоньчинтой нэг сүрэг болно» гэж амласан байдаг (Ёох. 10:16). Өөр хоньд бол диваажин болсон дэлхий дээрээ мөнх амьдрах ирээдүйтэй Еховагийн үнэнч Гэрчүүд юм (Мат. 25:31–33, 46). Библийн үнэний тухай энэхүү шинэ ойлголт Еховагийн олон үнэнч үйлчлэгчийн, түүний дотор 18 настай мөнөөх залуугийн амьдралыг өөрчилжээ (Дуу. 97:11; Сур. 4:18).

ШИНЭ ОЙЛГОЛТ МЯНГА МЯНГАН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛСӨН НЬ

3, 4. 1935 оны чуулганаар олон мянган хүн юу ойлгосон бэ? Яагаад?

3 Чуулганы, хамгийн их сэтгэл хөдөлгөсөн мөч ирэв. Илтгэгч: «Дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс бүгдээрээ суудлаасаа босно уу» гэж үзэгчдэд хандан хэллээ. Болсон явдлыг нүдээр үзсэн хүний хэлснээр, хүрэлцэн ирсэн 20-оод мянган хүний талаас илүү нь суудлаасаа босжээ. «Харагтун, үй олон хүн!» хэмээн Рүтэрфорд ахыг дуу алдахад үзэгчид нижигнэтэл алга ташив. Босож зогссон хүмүүс тэнгэрт амьдрахаар сонгогдоогүйгээ ойлгожээ. Тэд Бурхны агуу хүчээр тослогдоогүй гэдгээ мэдэж байв. Маргааш нь баптисм хүртсэн 840 хүний ихэнх нь өөр хоньд байлаа.

4 Энэ илтгэлээс хойш, дээр дурдсан залуу болон мянга мянган хүн Эзний оройн зоогийн талх, дарснаас хүртэхээ больжээ. Нэгэн даруухан ахын хэлснийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр: «1935 оны Дурсах цуглаан миний хувьд бэлгэдлийн идээнээс хүртсэн сүүлчийн цуглаан байсан. Ехова надад тэнгэрт амьдрах найдвар өгөөгүйг би ойлгосон. Харин ч дэлхий дээрээ амьдарч, дэлхийгээ диваажин болгох ажилд оролцох найдвартай байсан юм билээ» гэж хэлжээ (Ром 8:16, 17; 2 Кор. 1:21, 22). Тэр цагаас хойш улам бүр өсөн нэмэгдэж байгаа үй олон хүн одоо дэлхий дээр байгаа тослогдогсодтой мөр зэрэгцэн үйлчилж байна.

5. Дурсах цуглааны бэлгэдлийн идээнээс хүртэхээ больсон хүмүүсийн талаар Ехова ямар бодолтой байдаг вэ?

5 1935 оноос хойш Дурсах цуглааны бэлгэдлийн идээнээс хүртэхээ больсон хүмүүсийг Ехова юу гэж үздэг вэ? Мөн урьд нь талх, дарснаас хүртдэг байснаа, дараа нь агуу хүчээр тослогдоогүйгээ мэдээд больсон орчин үеийн Гэрчийн талаар Ехова ямар бодолтой байдаг вэ? (1 Кор. 11:28). Зарим хүн найдварынхаа талаар буруу ойлгосон байдаг. Харин алдаагаа хүлээн зөвшөөрч, бэлгэдлийн идээнээс хүртэхээ болиод, үнэнч үйлчилсээр байвал Ехова тэднийг өөр хоньдод тооцох нь гарцаагүй. Тэд бэлгэдлийн идээнээс хүртэхээ больдог ч өөрсдийнх нь төлөө их юм хийсэн Ехова Есүс хоёрт гүнээ талархаж явдаг учраас Дурсах цуглаанд оролцсоор байдаг.

ХОСГҮЙ НАЙДВАР

6. Есүс тэнгэрийн элч нарт юу гэж тушаасан бэ?

6 Агуу их гамшиг хаяанд тулж ирсэн энэ үед «Илчлэл» номын 7 дугаар бүлгийг судалбал урамшин зоригжино. Тэнд Христийн тослогдсон дагалдагчид болон үй олон хүний тухай бичсэн байдаг. Есүс хөнөөлт дөрвөн салхийг барьж байхыг тэнгэрийн элч нарт тушаажээ. Ехова тослогдогсдыг бүгдийг нь тамгалж дуустал буюу үнэнч хэмээн сайшаах хүртэл тэд дөрвөн салхийг сул тавилгүй, барьж байх ёстой (Илч. 7:1–4). Тослогдогсод үнэнч байвал тэнгэрт Христтэй хамт хаад, тахилчид болох шагнал хүртэнэ (Илч. 20:6). Бурхны гэр бүлийн тэнгэр дэх хэсгийнхэн 144 000 тослогдогсдыг тэнгэрийн шагналаа авахыг хараад баяр хөөр болно.

Далдуу модны найлзуур барьсан, цагаан хувцастай үй олон хүн Бурхны сэнтий болон Хурганы өмнө зогсож байна (7-р догол мөрийг үзээрэй)

7. Илчлэл 7:9, 10-т бичсэнээр, Ёохан хэнийг харсан бэ? Тэд юу хийж байсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

7 Ёохан 144 000 хаан, тахилчийн тухай сонссоныхоо дараа сэтгэл хөдөлгөм нэг үзэгдэл үзжээ. Хармагедоныг эсэн мэнд давсан «үй олон хүн» байлаа. Энэ бүлэг эхний бүлгээс хамаагүй олон хүнтэй бөгөөд тоо нь тодорхойгүй ажээ (Илчлэл 7:9, 10-ыг уншина). Тэд «дуулгаваргүй хүний амьдралын хэв маягт автаагүй», Бурхан болон Христэд үнэнч гэдгийг илтгэх «цагаан хувцастай» байлаа (Яак. 1:27). Үй олон хүн: «Сэнтийд залрагч Бурхныхаа ачаар, Хурганы [буюу Есүсийн] ачаар бид аврагдсан» гэж хашхирч байв. Бас Есүс бол Еховагийн томилсон Хаан гэдгийг баяртайгаар хүлээн зөвшөөрснөө харуулж далдуу модны найлзуур барьжээ (Ёохан 12:12, 13-тай харьцуулаарай).

8. Илчлэл 7:11, 12-ыг үзвэл, Еховагийн тэнгэрийн гэр бүл яах вэ?

8 Илчлэл 7:11, 12-ыг уншина. Бурхны тэнгэрийн гэр бүлийнхэн яаж байхыг Ёохан харсан бэ? Тэд Бурхныг магтан алдаршуулж байгаа үй олон хүнийг хараад баяр хөөрөөр цалгиж байлаа. Энэ үзэгдэл бодитоор биелж үй олон хүн агуу их гамшгийг эсэн мэнд давахад Еховагийн тэнгэрийн гэр бүлийнхэн үнэхээр их баярлана.

9. Илчлэл 7:13–15-ыг үзвэл, үй олон хүн одоо юу хийж байгаа вэ?

9 Илчлэл 7:13–15-ыг уншина. Үй олон хүн «Хурганы цусаар хувцсаа угааж, цагаан болгосон» гэж Ёохан бичжээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэд цэвэр мөс чанартай бөгөөд Еховагийн тааллыг олсон гэсэн үг (Ис. 1:18). Еховад өөрсдийгөө зориулж, баптисм хүртсэн тэд Есүсийн золиосонд бат итгэдгийн зэрэгцээ Еховатай дотно харьцаатай байдаг (Ёох. 3:36; 1 Петр 3:21). Тийм учраас «Бурхны сэнтийний өмнө байгаа бөгөөд сүмд нь өдөр шөнөгүй түүнд үйлчлэх» шаардлага хангасан. Үй олон хүн одоо ч сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлын ихэнхийг хичээл зүтгэлтэй хийдэг. Бурхны Хаант төрийн үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг учраас тэр юм (Мат. 6:33; 24:14; 28:19, 20).

Агуу их гамшгийг эсэн мэнд давсан үй олон хүн баяр хөөрөөр цалгиж байна (10-р догол мөрийг үзээрэй)

10. Үй олон хүн юунд итгэлтэй байдаг вэ? Ямар амлалт биелэхийг үзэх вэ?

10 Агуу их гамшгийг давж гарсных нь дараа ч Бурхан өөрсдөд нь санаа тавина гэдэгт үй олон хүн итгэлтэй байдаг. Учир нь «Сэнтийд залрагч Нэгэн асраараа тэднийг бүрхэнэ». Бас «[Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» гэсэн амлалт биелэхийг өөр хоньд хүсэн хүлээдэг. Энэ амлалт баараггүй биелнэ (Илч. 21:3, 4).

11, 12. а) Илчлэл 7:16, 17-д бичсэнээр, үй олон хүн ямар ивээл хүртэх вэ? б) Дурсах цуглааны үед өөр хоньдод ямар боломж олддог вэ? Тэд яагаад Ехова Есүс хоёрыг магтан алдаршуулдаг вэ?

11 Илчлэл 7:16, 17-г уншина. Өнөөдөр Еховагийн зарим үйлчлэгч мөнгө төгрөгөөр гачигдах, дайн самууны хөлд үрэгдэх зэргээс болж өлөн зэлмүүн амьдарч байна. Зарим нь итгэл үнэмшлийнхээ улмаас шоронд хоригддог. Гэхдээ энэ үй олон хүн Сатаны бузар муу ертөнцийн сүйрлийг эсэн мэнд давж гарсныхаа дараа хоол хүнсээр элбэг дэлбэг болно. Бас Еховагийн удирдлага заавраар тасрахгүй. Тэд үүнийг мэддэг учраас баяртай байдаг. Ехова Сатаны бузар муу ертөнцийг устгахад уур хилэнгийнх нь «аагим халуунд» үндэстнүүд шатах боловч үй олон хүн халах ч үгүй. Агуу их гамшиг дуусахад Есүс тэднийг мөнх «амийн усны булгууд руу зална». Тэдэнд байдаг хосгүй найдварын тухай бодоод үз дээ. Олон тэрбум хүн хэзээ ч үхэхгүй! (Ёох. 11:26).

12 Өөр хоньд ийм гайхалтай найдвар өгсөн Ехова Есүс хоёрт талархдаг! Тэднийг тэнгэрт амьдруулахаар сонгоогүй. Гэхдээ Ехова тослогдогсдыг ч, тэднийг ч яг адилхан хайрладаг. Хоёр бүлгийн бүх хүн Бурхан болон Есүсийг магтан алдаршуулах боломжтой. Яаж? Нэг арга нь Дурсах цуглаанд оролцох явдал юм.

БУРХАН БА ХРИСТИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ МАГТААРАЙ

Есүс хүн төрөлхтний төлөө амиа золиосолсныг бид Дурсах цуглаан дээр талх, дарс дамжуулах үедээ санадаг (13–15-р догол мөрийг үзээрэй)

13, 14. Тослогдогсод болон өөр хоньдын хэн хэн нь Христийн нас барсныг дурсах цуглаанд очих ёстойн учир юу вэ?

13 Сүүлийн жилүүдэд Дурсах цуглаанд оролцдог 1 000 хүн тутмын 1 хүрэхгүй нь талх, дарснаас хүртдэг. Өөрөөр хэлбэл, бэлгэдлийн идээнээс хүртдэг хүн ихэнх хуралд байдаггүй. Энэ нь Дурсах цуглаанд очдог хүмүүсийн дийлэнх нь дэлхий дээр амьдрах найдвартайг харуулж байна. Тэгвэл тэд яагаад Эзний оройн зоогт оролцдог вэ? Тэднийг найзынхаа хуримд очиж байгаа хүнтэй зүйрлэж болно. Тийм хүн гэрлэж буй хосыг дэмжихийн зэрэгцээ хайртайгаа батлахын тулд хуримд нь очдог. Үүн шиг, өөр хоньд Христ болон тослогдогсдыг дэмжихийн тулд, хайртайгаа батлахын тулд Дурсах цуглаанд очдог. Түүнээс гадна, золиосны ачаар дэлхий дээр мөнх амьдрах боломж олгосонд талархлаа илэрхийлэхийн тулд очдог.

14 Өөр хоньд Дурсах цуглаанд очдогийн бас нэг чухал шалтгаан нь Есүсийн тушаалыг дагадагтай холбоотой. Есүс тэр үдэш үнэнч элч нартайгаа тусгай зоог барихдаа «Намайг дурсаж ийнхүү үйлдэж байгаарай» гэж захижээ (1 Кор. 11:23–26). Тэгэхээр, тослогдогсдыг дэлхий дээр байх хугацаанд өөр хоньд Эзний оройн зоогийг тэмдэглэсээр байх болно. Түүгээр зогсохгүй, тэд Дурсах цуглаанд хамт очъё гэж бүх хүнийг урьдаг.

15. Бид Дурсах цуглаан дээр Бурхан болон Христийг дор бүрнээ хэрхэн магтах вэ?

15 Дурсах цуглаанд очвол Бурхан болон Христийг дуугаар, залбирлаар магтах боломжтой. Энэ жил «Бурхан Христ хоёрын хийсэн бүхэнд талархах нь» гэсэн сэдэвтэй илтгэл тавина. Үүнийг сонсоод бид Ехова Есүс хоёрт улам их талархдаг болно. Дурсах цуглааны үеэр дамжуулах талх, дарсыг хараад Есүсийн бие болон цусыг төлөөлдгийг санана. Мөн Ехова биднийг мөнх амьдруулахын тулд Хүүгийнхээ амийг золиосолсныг санана (Мат. 20:28). Тэнгэрийн Эцгийг болон Хүүг нь хайрладаг хүн бүр Дурсах цуглаанд сууна.

НАЙДВАР ӨГСӨН ЕХОВАД ТАЛАРХААРАЙ

16. Тослогдогсод болон өөр хоньд юугаараа адилхан бэ?

16 Тослогдогсод болон өөр хоньд зарим талаараа адилхан. Аль аль нь Еховад үнэ цэнтэй. Ехова хүн нэг бүрийг яг адилхан үнээр буюу хайртай Хүүгийнхээ амиар худалдаж авсан. Тэд бүгдээрээ Бурхан болон Христэд хэзээ ямагт үнэнч байх ёстой (Дуу. 31:23). Бас агуу хүч хэн хэнд нь адилхан үйлчилдгийг санаарай. Өөрөөр хэлбэл, тослогдогсдын нэг үү, өөр хоньдын нэг үү гэдгээс үл хамааран тухайн хүнд юу хэрэгтэй байна, түүнийх нь дагуу Бурхан агуу хүчээ өгдөг. Энэ хоёр бүлгийн ялгаа нь гэвэл, өөр өөр найдвар өвөрлөдөг.

17. Дэлхий дээр байгаа тослогдогсод юуг хүсэн хүлээдэг вэ?

17 Христийн тослогдсон дагалдагчид тэнгэрт амьдрах найдвар өвөрлөж төрдөггүй. Бурхан тэдэнд ийм найдвар өгдөг. Тослогдогсод найдварынхаа тухай бодож, залбирч, тэнгэрийн шагналаа авах гэж тэмүүлдэг. Тэнгэрт очихоороо ямар биетэй болохоо хараахан мэдээгүй байгаа (Флп. 3:20, 21; 1 Ёох. 3:2). Гэлээ ч тэд Ехова, Есүс, тэнгэрийн элч нар болон бусад тослогдогсодтой уулзах гэж хүсэн тэмүүлдэг. Тэгээд тэдний дунд орж, тэнгэрийн Хаант төрд байр сууриа эзлэх цагаа тэсэн ядан хүлээдэг.

18. Өөр хоньд юуг хүсэн хүлээдэг вэ?

18 Өөр хоньд дэлхий дээрээ мөнх амьдрахыг хүсдэг. Тэдний энэ хүсэл төрөлхийнх юм (Ном. 3:11). Тэд дэлхийгээ бүхэлд нь диваажин болгох өдрөө сэтгэл догдлон хүлээдэг. Тэр цаг болоход өөр хоньд гэр байшингаа барина, тариа ногоогоо тарина, үр хүүхдээ эрүүл саруул өсгөнө (Ис. 65:21, 23). Дэлхийг тойрон аялж, уул нуруу, ой мод, далай тэнгисийг үзэж, Еховагийн тоймгүй олон бүтээлийг шинжлэн судална. Хамгийн гол нь Ехова Бурхантайгаа улам бүр дотносно гэдгээ мэддэг учраас хөөрөн баярладаг.

19. Дурсах цуглааны үед хүн болгонд ямар боломж олддог вэ? Энэ үйл явдал хэзээ болох вэ?

19 Ехова ирээдүйн гайхалтай найдварыг өөрт нь амь амьдралаа зориулсан үйлчлэгч бүрдээ бэлэглэнэ (Иер. 29:11). Биднийг үүрд мөнх аз жаргалтай амьдруулахын тулд хийсэн бүхнийх нь төлөө Бурхан болон Христийг магтах учиртай. Ийм сайхан боломж Дурсах цуглааны үед бид бүгдэд олддог. Жил бүр болдог Дурсах цуглаан бол Еховагийн Гэрчүүдийн хувьд хамгийн чухал үйл явдал юм. Энэ удаа 2021 оны 3 дугаар сарын 27-ны бямба гарагт нар шингэсний дараа болно. Еховаг чөлөөтэй шүтэх боломжтой улс оронд олон хүн энэ цуглаанд очно. Түүнээс гадна, манай үйл ажиллагааг хязгаарласан газрын болон шоронд байгаа ах дүү нар маань ч оролцоно. Тэр үед Ехова, Есүс, тэнгэрийн элч нар, амилсан тослогдогсод тэнгэрээс биднийг харна. Хурал, бүлэг, хувь хүн бүр Эзний оройн зоогийг баяр хөөртэй тэмдэглэх болтугай!

ДУУ 49 Еховад хоргодъё

a 2021 оны 3 дугаар сарын 27 бол Еховагийн Гэрчүүдийн хувьд онцгой өдөр юм. Тэр үдэш бид Христийн нас барсныг дурсан тэмдэглэнэ. Цуглах хүмүүсийн ихэнх нь Есүсийн нэрлэсэн «өөр хоньд» гэдэг бүлэгт багтдаг. Энэ бүлгийн тухай ямар нууц 1935 онд илчлэгдсэн бэ? Өөр хоньд агуу их гамшгийн дараа ямар гайхалтай ирээдүйг үзэх вэ? Тэд Дурсах цуглаанд ажиглагчаар оролцохдоо Бурхан болон Христийг хэрхэн магтах вэ?

b ҮГИЙН ТАЙЛБАР: Өөр хоньд гэдэгт эцсийн өдрүүдэд цугларч буй хүмүүс бас багтдаг. Тэд Христийг дагадаг бөгөөд дэлхий дээр мөнх амьдрах ирээдүйтэй. Үй олон хүн гэдэг нь өөр хоньдын нэг хэсэг юм. Христ хүн төрөлхтнийг шүүх үед тэд амьд сэрүүн байх бөгөөд агуу их гамшгийг эсэн мэнд давна.