Skip to content

Гарчиг руу орох

Та сайн хамтрагч уу?

Та сайн хамтрагч уу?

«БИ ТҮҮНИЙ хажууд бүтээгч болж ... Түүний өмнө үргэлж баярлаж байв» (Сур. 8:30). Энд Бурхны Хүү дэлхийд ирэхээсээ өмнө Эцэгтэйгээ хамт тоолж баршгүй олон жил ажилласан тухай бичжээ. Бурхантай хамтран ажиллах Есүст ямар байсан бэ? Тэрбээр «үргэлж баярлаж байв».

Есүс тэнгэрт байхдаа багаар ажиллах чадвартай болсон учир дэлхийд ирээд бусадтай сайн хамтарч ажилладаг байсан. Бид Есүсээс юу сурах хэрэгтэй вэ? Үзүүлсэн жишээг нь нарийн судлаад сайн хамтрагч болоход хэрэгтэй гурван зарчмыг мэдэж авъя. Эдгээрийг хэрэгжүүлбэл итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй хамтран ажиллана.

Ехова Есүс хоёрыг дуурайн хамт ажилладаг хүмүүстэйгээ мэдлэг туршлагаа хуваалцаж байгаарай

1-Р ЗАРЧИМ: «АХ ДҮҮГЭЭ ХҮНДЭЛ»

Сайн хамтрагч даруу байдаг. Бусдын анхаарлыг өөр лүүгээ л татах гэж оролддоггүй, тэднийгээ эрхэмлэн хүндэлдэг. Есүс ийн даруу байхыг Эцгээсээ сурчээ. Ехова ганцаараа Бүтээгч гэгдэх зохистой боловч өөртэй нь хамтран ажилласан Хүүгийнхээ үүргийг онцолсон. Энэ нь «Бид өөрсдийнхөө дүр төрхийн дагуу ... хүнийг бүтээе» гэж хэлснээс нь харагддаг (Эх. 1:26). Ехова хэчнээн даруу болохыг энэ үгнээс нь Есүс ойлгожээ (Дуу. 18:35).

Есүс дэлхий дээр байхдаа яг ийм даруу байсан. Хүмүүс түүнийг магтахад бүх алдрыг Еховад өргөдөг (Марк 10:17, 18; Ёох. 7:15, 16). Тэрбээр шавь нартайгаа эвтэй байж, тэднийгээ боол гэж биш, анд нөхдөө гэж үздэг байсан (Ёох. 15:15). Даруу байхыг зааж, хөлийг нь хүртэл угааж байв (Ёох. 13:5, 12–14). Бид ч эрх ашгаа итгэл нэгтнүүдийнхээсээ дээгүүрт тавилгүй тэднийгээ хүндэлдэг байх хэрэгтэй. «Ах дүүгээ ... хүндэлдэг», магтаалын хойноос явдаггүй бол багаараа ихийг хийж бүтээнэ (Ром 12:10).

Даруу хүн «Олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй» гэдгийг ойлгодог (Сур. 15:22). Хэчнээн мэдлэг туршлага, ур чадвартай байсан ч бүгдийг мэддэг хүн байдаггүйг бид санаж явах учиртай. Есүс хүртэл мэддэггүй юм байдгаа хүлээн зөвшөөрч байсан (Мат. 24:36). Тэрбээр төгс бус шавь нараасаа үзэл бодлыг нь асуудаг, саналыг нь сонсдог байсан (Мат. 16:13–16). Есүстэй хамт байх шавь нарт нь хэчнээн амар байдаг байсан бол! Бид ч бүгдийг мэддэггүйгээ хүлээн зөвшөөрч нэгнийхээ саналыг сонсдог бол бусадтайгаа эв нэгдэлтэй, ажил үйлс маань «бүтэмжтэй» байна.

Ялангуяа ахлагчид хамтран ажиллахдаа Есүсийг дуурайн даруу байх нь чухал. Ехова ахлагчдын хэнээр нь ч зөв шийдвэр гаргахад хэрэг болох зүйлийг хэлүүлж болохыг санах учиртай. Хуралдахдаа бүх хүн саналаа чөлөөтэй хэлэх боломжийг бүрдүүлбэл хурлынханд бүгдэд нь ач тустай шийдвэр гаргана.

2-Р ЗАРЧИМ: «ТА НАРЫН УХААЛГИЙГ БҮХ ХҮН МЭДЭЭСЭЙ»

Сайн хамтрагч ухаалаг буюу уян хатан байдаг, өөрийнхөөрөө зүтгэдэггүй. Есүс Эцгийнхээ энэ чанарыг харж байсан. Жишээ нь Ехова үхэхээс өөр сонголтгүй хүн төрөлхтнийг аврахын тулд түүнийг дэлхий рүү явуулдаг (Ёох. 3:16).

Есүс шаардлагатай тохиолдолд уян хатан байсан. Жишээ нь израйлчуудад туслах үүрэгтэй байсан ч финики эмэгтэйд тусалдаг (Мат. 15:22–28). Бас шавь нараасаа ихийг шаардаагүй. Дотнын анд Петр нь олны өмнө өөрийг нь үгүйсгэхэд дуртайяа уучилдаг. Хожим Петрт чухал үүрэг даалгасан (Лук 22:32; Ёох. 21:17; Үйлс 2:14; 8:14–17; 10:44, 45). Бид Есүсийг дуурайн уян хатан байдаг бол «Та нарын ухаалгийг бүх хүн мэдээсэй» гэснийг биелүүлнэ (Флп. 4:5).

Уян хатан байдаг бол ямар ч хүнтэй зохицоод эвтэй найртай ажиллаж чадна. Есүс бүх хүний ая эвийг олдог байсан учраас атаархуу дайснууд нь түүнийг «татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр» гэж хүртэл хэлж байсан (Мат. 11:19). Та ч Есүсийн адилаар өөрөөсөө тэс ондоо хүний ая эвийг олоод эвтэй найртай ажиллаж чадах уу? Бетелчнээр болон дүүрэг хариуцагчаар үйлчлээд олон янзын хүнтэй ажиллаж явсан Луис ийн ярьж байна. «Төгс бус хүмүүсийн хамтран ажиллахыг өөр өөр хэлбэртэй чулуугаар хана барихтай зүйрлэж болно. Хэлбэр нь янз бүр учраас тэгшхэн сайхан хана барих хэцүү. Гэхдээ чулуунуудыг зөв байрлуулбал болно. Тэгшхэн хана босгох буюу бусадтай эвтэй найртай байн ажлаа гүйцээхийн тулд буулт хийж уян хатан байхыг хичээдэг». Ямар зөв хандлагатай хүн бэ!

Сайн хамтрагч эрх мэдлээ алдахгүйн тулд чухал мэдээллийг нуун дарагдуулдаггүй

Жишээ нь, хэзээ уян хатан байж болох вэ? Бүлгийнхэнтэйгээ дэлгэрүүлэхдээ уян хатан байгаарай. Гэр бүлд хүлээсэн үүрэг хариуцлагаараа ялгаатай, насны зөрүү ихтэй хүмүүстэй дэлгэрүүлж болох юм. Дэлгэрүүлэхийн баяр хөөр эдлүүлэхийн тулд тэдний арга барил, алхаа гишгээнд тохируулж болохгүй нь юу билээ?

3-Р ЗАРЧИМ: «ХУВААЛЦАХАД БЭЛЭН БАЙ»

Сайн хамтрагч «хуваалцахад бэлэн байдаг» (1 Тим. 6:18). Есүс Еховатай хамт ажиллаад нууцлаг биш гэдгийг нь мэдсэн биз ээ. Ехова «тэнгэрийг бүтээхэд» Есүс «тэнд байсан» бөгөөд түүнээс ихийг суралцсан (Сур. 8:27). Хожим дэлхийд ирээд «Эцгээсээ сонссон бүхнээ» шавь нартаа дуртайяа мэдүүлсэн (Ёох. 15:15). Бид үүнийг санан мэдлэг туршлагаа хамтрагчидтайгаа дуртайяа хуваалцах хэрэгтэй. Эрх мэдлээ алдахгүй байх гэсэн зорилгоо биелүүлэхийн тулд чухал мэдээллийг нуун дарагдуулж болохгүй. Хэрэгтэй, мэдсэн сурсан зүйлээ бусадтайгаа дуртайяа хуваалцаж байх учиртай.

Бид мөн хамт ажилладаг хүмүүсээсээ урмын үгийг харамлах ёсгүй. Хэн нэгэн хичээж мэрийж байгааг тань анзаараад талархаж магтвал танд сайхан санагддаггүй гэж үү? Есүс нөхдийнхөө сайн талыг олж хараад магтдаг байсан (Мат. 25:19–23; Лук 10:17–20-той харьцуулна уу). Мөн өөрийнх нь хийснээс ч «агуу ажил хийнэ» гэж ерөөсөн (Ёох. 14:12). Үхэхийнхээ өмнөх шөнө үнэнч элч нартаа «Намайг зовж байхад хажууд минь байсан хүмүүс бол та нар» гэж хэлдэг (Лук 22:28). Шавь нар нь энэ үгийг сонсоод сэтгэл нь хөдөлж цаашдаа илүү ихийг хийх урам зориг нь бадарсан биз ээ. Бид ч нөхдөө магтдаг бол тэд маань улам баяр баясгалантай болно, илүү үр бүтээлтэй ажиллана.

ТА САЙН ХАМТРАГЧ БАЙЖ ЧАДНА

Каёдэ гэдэг Гэрч: «Сайн хамтрагч төгс байх албагүй. Харин эргэн тойрныхондоо баяр хөөр бэлэглэдэг, хамт ажиллахад амар хүн байдаг» гэжээ. Та ийм хүн үү? Хамт ажилладаг итгэл нэгтнүүдээсээ өөрийнхөө талаар асууж болохгүй нь юу билээ? Шавь нар нь Есүстэй хамт байхдаа дуртай байсан. Үүн шиг итгэл нэгтнүүд тань тантай хамтарч ажиллахдаа дуртай байдаг уу? Тийм бол та элч Паулын хэлсэн шиг бусдыг «баяр баясгалантай байгаасай гэсэндээ хамтарч ажилладаг» хүн гэсэн үг (2 Кор. 1:24).