Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 22

Баптисм хүртэхэд нь суралцагчдаа тусалъя

Баптисм хүртэхэд нь суралцагчдаа тусалъя

«Баптисм хүртэгтүн» (ҮЙЛС 2:38).

ДУУ 10 Би энд байна! Намайг илгээ

ТОЙМ a

1. Есүсийн шавь Петр цугларсан олонд юу гэж хариулсан бэ?

 ГАЗАР газраас ирсэн, янз бүрийн хэлээр ярьдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс цугларчээ. Энэ өдөр гайхалтай үйл явдал болсон. Хэсэг иудейчүүд тэнд цугласан хүмүүсийн төрөлх хэлээр ярих нь тэр! Хэдийгээр энэ нь гайхалтай үйл явдал байсан ч иудейчүүд болон Петрийн юу ярьсан нь бүр ч их гайхал төрүүлсэн. Тэдний ярьснаар Есүс Христэд итгэдэг хүн аврагдах ажээ. Энэ үг нь тэдний сэтгэлийг маш их хөдөлгөв. Тэгээд тэд: «Бид яах нь зүйтэй вэ?» гэж асуудаг. Тэгэхэд нь Петр: «Баптисм хүртэгтүн» гэжээ (Үйлс 2:37, 38).

Гэрч эрэгтэй эхнэрийнхээ хамт «Үүрд жаргалтай амьдраарай!» номын хуулбар ашиглан нэг залуутай хичээл хийж байна (2-р догол мөрийг үзээрэй)

2. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

2 Дараа нь бүр ч гайхалтай явдал болжээ. Тэр өдөр 3 000 орчим хүн баптисм хүртэж Есүсийн шавь болсон. Энэ нь Есүсийн тушаасан шавь бэлдэх агуу ажлын эхлэл байв. Түүний дагалдагчид энэ ажлыг одоо болтол хийсээр. Өнөөдөр ямар ч хүн хэдхэн цагийн дотор баптисм хүртэх шаардлага хангаж чадахгүй. Баптисм хүртэх шаардлага хангахад олон сар, нэг жил, бүр түүнээс ч илүү хугацаа хэрэгтэй байж болох юм. Хэрвээ та одоо хэн нэгэнтэй Библи судалж байгаа бол шавь бэлдэх ажил нөр их хөдөлмөр шаарддагийг мэдэж байгаа байх. Энэ өгүүллээр суралцагчдаа хэрхэн тусалбал баптисм хүртэхийг ярилцана.

МЭДЭЖ АВСНАА АЖИЛ БОЛГОХОД НЬ ТУСЛААРАЙ

3. Матай 28:19, 20-д бичсэнээр суралцагч ахиц гаргаж баптисм хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?

3 Суралцагч баптисм хүртэхээсээ өмнө Библийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх ёстой (Матай 28:19, 20-ийг уншина). Тэрбээр мэдэж авснаа ажил болгодог бол Есүсийн жишээнд гардаг, байшин барихдаа газраа гүн ухаад хадан дээр суурийг нь тавьсан «хэрсүү» хүнтэй адил болно (Мат. 7:24, 25; Лук 6:47, 48). Суралцагчид хэрхэн туслах вэ? Одоо гурван зүйлийг ярилцъя.

4. Суралцагчдаа хэрхэн тусалбал ахиц гаргасаар баптисм хүртэх вэ? (« Зорилго тавьж, түүндээ хүрэхэд нь суралцагчдаа туслаарай» гэсэн хавсралтыг үзээрэй).

4 Зорилго тавихад нь туслаарай. Яагаад? Дараах жишээг бодоорой. Хэрвээ та хол аялах гэж байгаа бол үзэсгэлэнтэй газруудад зогсохоор төлөвлөх байх. Тэгвэл холын замыг ажрахгүй давна. Үүнтэй адилаар суралцагч баптисм хүртэх зорилгодоо (хэтийн) хүрэхийн тулд зорилтууд (ойрын) тавих нь сайн. Зорилтуудаа биелүүлээд байвал зорилгодоо хүрнэ. Суралцагчдаа туслахын тулд «Үүрд жаргалтай амьдраарай!» номын «Зорилт» гэсэн хэсгийг ашиглаарай. Хичээл болгоны дараа мэдэж авснаа хэрэгжүүлэхэд зорилт тавих нь ямар ач тустайг ярилцаарай. Суралцагчаараа өөр зорилт тавиулах хэрэгтэй гэж үзвэл ярилцаад тус номын «Бусад» гэдгийн доор бичүүлээрэй. Библийн хичээл бүрийн энэ хэсгийг үзэхдээ зорилт, зорилгынх нь талаар суралцагчтайгаа ярилцаарай.

5. Марк 10:17–22-ыг үзвэл Есүс баян залууд юу гэж хэлсэн бэ? Яагаад?

5 Амьдралаа өөрчлөхөд нь туслаарай (Марк 10:17–22-ыг уншина). Бүх эд хөрөнгөө зарна гэдэг нь баян хүнд амаргүйг Есүс мэдэж байсан (Марк 10:23). Гэхдээ ингэж өөрчлөгдөөрэй гэсэн. Яагаад? Түүнийг хайрласандаа л тэр. Бид сурснаа амьдралдаа хэрэгжүүлэх талаар суралцагчтайгаа ярилцахаас заримдаа хойш суудаг. Яагаад гэвэл суралцагч маань амьдралаа өөрчлөх болоогүй гэж боддог. Муу зуршлаасаа салж шинэ хүнийг өмсөхөд хугацаа хэрэгтэй байдаг (Кол. 3:9, 10). Гэхдээ аль болох эртнээс энэ талаар ярилцвал суралцагч амьдралаа эртхэн өөрчилж эхэлнэ. Ийнхүү ярилцах нь суралцагчдаа санаа тавьдгийн илрэл юм (Дуу. 141:5; Сур. 27:17).

6. Бид яагаад суралцагчийнхаа үзэл бодлыг мэдэх хэрэгтэй вэ?

6 Тухайн сэдвийн талаар юу бодож байгааг нь мэдэхийн тулд суралцагчаас асуулт асуух нь чухал. Ингэвэл юу ойлгосон, юунд итгэдгийг нь мэдэж авна. Ийм маягаар тогтмол ярилцвал хүлээн зөвшөөрөхөд хэцүү байж болох асуудлыг хожим ярилцахад хялбар болно. «Үүрд жаргалтай амьдраарай!» номд үзэл бодлыг мэдэхэд тустай олон асуулт бий. Жишээлбэл 4-р хичээлд «Нэрийг нь хэлэхэд Еховад ямар санагддаг гэж та бодож байна вэ?», 9-р хичээлд «Та юу юуны тухай залбирмаар байна вэ?» гэсэн асуултууд бий. Суралцагчаас үзэл бодлыг нь мэдэх зорилгоор асуулт асуухад эхэндээ тэр даруй хариулж чадахгүй байх. Библийн зүйлүүд болон зургийн талаар эргэцүүлэн бодож сурахад нь туслаарай.

7. Амьдралд тохиолдсон явдлыг хэрхэн ашиглах вэ?

7 Хэрвээ суралцагч юу хийхээ ойлгосон бол түүнийгээ ажил болгоход нь туслахын тулд амьдралд тохиолдсон явдлаас хуваалцаарай. Жишээлбэл суралцагч тань цуглаанд тогтмол явдаггүй бол «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 14-р хичээлийн «Мэдлэгээ тэлье» хэсгийн «Ехова намайг анхаарч халамжилдаг» видеог үзүүлж болох юм. Ийм бодитой мэдээлэл уг номын «Ухаж ойлгоё» хэсэгт ч байгаа. b Тэр чадсан юм чинь чи ч бас чадна гэж хэлэн суралцагчаа бусадтай бүү харьцуулаарай. Харин суралцагч өөрөө ийм дүгнэлтэд хүрэх хэрэгтэй. Библийн сургаалыг ажил болгоход видеоны гол баатарт юу нөлөөлснийг онцлох нь тустай. Жишээ нь, суралцагчийнхаа анхаарлыг Библийн зүйлд эсвэл тус болсон зүйлд хандуулж болно. Боломжтой бол Ехова яаж тусалсныг тодруулаарай.

8. Бурхныг хайрладаг болоход нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

8 Еховаг хайрладаг болоход нь туслаарай. Яаж? Еховагийн зан чанаруудад анхаарлыг нь хандуулаарай. Жаргалтай Бурхан Ехова өөрийг нь хайрладаг хүмүүсийг дэмждэгийг ойлгуулаарай (1 Тим. 1:11; Евр. 11:6). Мэдэж авснаа амьдралдаа хэрэгжүүлбэл ач тус хүртэхийг, бас ач тус нь Еховагийн хайрын илрэл гэдгийг тайлбарлаж өгөөрэй (Ис. 48:17, 18). Суралцагч Еховаг хайрлахын хэрээр өөрчлөгдөх хүсэлтэй болно (1 Ёох. 5:3).

ИТГЭЛ НЭГТНҮҮДТЭЙГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ

9. Суралцагч золиос гаргаж баптисм хүртэхэд Марк 10:29, 30-д бичсэн зүйл тустай гэхийн учир юу вэ?

9 Ахиц гаргаж баптисм хүртэхийн тулд суралцагч ямар нэг юмаа золиослох хэрэг гарна. Дээр дурдсан баян хүний адилаар зарим суралцагч эд зүйлээ золиослох шаардлагатай болдог. Эрхэлдэг ажил нь Библийн зарчимтай нийцэхгүй бол ажлаа өөрчлөх байх. Еховаг хайрладаггүй найзуудаасаа харьцаагаа таслах хэрэг ч гарах байх. Еховагийн Гэрчүүдэд дургүй гэр бүлийнхэндээ хаягдаж ч магадгүй. Эдгээрийг золиослоход заримд нь хэцүү байхыг Есүс хэлсэн. Гэхдээ өөрийг нь дагавал хэзээ ч харамсахгүй гэж амласан. Харин ч том шагнал хүртэж хайр бялхсан гэр бүлийн гишүүн болно гэсэн (Марк 10:29, 30-ийг уншина). Яаж тусалбал суралцагч тань ийм бэлэг авах вэ?

10. Мануэлийн хэлсэн үгээс та юу мэдэж авсан бэ?

10 Суралцагчтайгаа найзлаарай. Суралцагчдаа санаа тавих нь маш чухал. Яагаад? Мексикт амьдардаг Мануэлийн хэлсэн үгийг анхаараарай. Тэрбээр Библийн хичээл хийж байсан үеэ дурсан «Багш маань хичээл хийхээсээ өмнө ажил амьдралын минь талаар дандаа асуудаг байж билээ. Тэгэхээр нь би биеэ барихаа больдог байсан. Санаа тавьж байгааг нь ойлгож бүх юмаа ярьдаг байсан» гэж ярьжээ.

11. Суралцагчийнхаа төлөө цаг заваа зориулдаг бол ямар ач тустай вэ?

11 Есүс шавь нартайгаа хамт байх дуртай байсан. Түүнийг дуурайн суралцагчдаа цаг заваа зориулж байгаарай (Ёох. 3:22). Ахиц гаргаж байгаа суралцагчтайгаа хамт цай уух юм уу хоол идэх, эсвэл сар тутмын телевизийн нэвтрүүлгийг үзэх зорилгоор гэртээ урьж болох юм. Ялангуяа баяр наадмын үеэр ганцаардах үед нь уривал их талархах байх. Угандад амьдардаг Казибве: «Би хичээлийн бус цагаар багштайгаа хамт хөгжилдөж байхдаа ч Еховагийн тухай ихийг мэдэж авдаг байсан. Ехова үйлчлэгчдээ хэрхэн халамжилдгийг болон үйлчлэгчид нь ямар их жаргалтай байдгийг би нүдээрээ харсан. Би ийм л байхыг хүссэн» гэжээ.

Та Библийн хичээлдээ өөр өөр дэлгэрүүлэгчийг урьж оролцуулбал суралцагч тань цуглаанд очоод биеэ барихгүй (12-р догол мөрийг үзээрэй) c

12. Библийн хичээлд яагаад өөр өөр дэлгэрүүлэгчийг урих хэрэгтэй вэ?

12 Библийн хичээлдээ өөр өөр дэлгэрүүлэгчийг уриарай. Заримдаа хичээлдээ ганцаараа юм уу байнга л нэг хүнтэй явах нь амар байж болох юм. Гэхдээ өөр өөр хүнийг оролцуулбал суралцагчид тустай. Молдовад амьдардаг Дмитрий: «Хичээлд оролцсон дэлгэрүүлэгч болгон өөрийн гэсэн өвөрмөц аргаар тайлбарладаг. Энэ нь үзэж буй материалыг өөр талаас нь харахад надад тустай байсан. Бас анх удаа цуглаанд очоод тийм ч их биеэ бариагүй. Яагаад гэвэл хурлынхны олон хүнтэй урьд нь уулзаж байсан болохоор тэр» гэжээ.

13. Цуглаанд явдаг болоход нь суралцагчдад яагаад тусламж хэрэгтэй вэ?

13 Цуглаанд явдаг болоход нь туслаарай. Яагаад? Ехова цуглаанд явахыг тушаасан. Энэ нь шүтлэгийн нэг хэсэг юм (Евр. 10:24, 25). Мөн бид бүгдээрээ нэг гэр бүлийн гишүүд. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт цугларах нь гэр бүлээрээ хамтдаа сайхан хоол идэж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Хэрэв та цуглаанд явдаг болоход нь суралцагчдаа тусалбал баптисм хүртэхэд нь тустай маш чухал зүйлийг хийсэн гэсэн үг. Гэхдээ цуглаанд явах нь эхэндээ суралцагчдад хэцүү байж болох юм. Үүнийг давж гарахад нь «Үүрд жаргалтай амьдраарай!» ном хэрхэн тус болох вэ?

14. Суралцагчаа цуглаанд явдаг болоход нь хэрхэн туслах вэ?

14 Цуглаанд явах хүсэлтэй болоход нь туслахын тулд «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 10-р хичээлийг ашиглаарай. Энэ номыг хэвлэлтэд өгөхөөс өмнө зарим туршлагатай дэлгэрүүлэгч 10-р хичээлийн тусламжтайгаар суралцагчтайгаа ярилцаад маш сайн үр дүнд хүрсэн. Гэхдээ 10-р хичээлийг үзтэлээ цуглаанд урихаа бүү хойшлуулаарай. Аль болохоор эрт, бас үе үе урьж байгаарай. Суралцагч бүр өөр өөрийн бэрхшээлтэй ч хэрэгцээ шаардлагыг нь мэдэж аваарай. Тэгээд ямар аргаар туслахаа бодоорой. Суралцагч цуглаанд очтол тодорхой хугацаа хэрэгтэй бол сэтгэлээр бүү унаарай. Тэвчээртэй, тууштай байгаарай.

АЙДСАА ЯЛАХАД НЬ ТУСЛААРАЙ

15. Суралцагч юунаас айж магадгүй вэ?

15 Та Еховагийн Гэрч болно гэхээс айж байснаа санаж байна уу? Айлаар дэлгэрүүлж хэзээ ч чадахгүй гэж бодож байсан уу? Эсвэл гэрийнхэн юм уу найзууд тань эсэргүүцэх байх гэж эмээдэг байсан уу? Тэгвэл та суралцагчаа ойлгох байх. Зарим хүнд ийм айдас төрж болохыг Есүс хэлсэн. Гэхдээ айдаст автаж Еховад үйлчлэхээ болихгүй байхыг уриалсан (Мат. 10:16, 17, 27, 28). Айдсаа ялахад нь Есүс дагалдагчдадаа хэрхэн тусалсан бэ? Та Есүсийг хэрхэн дуурайх вэ?

16. Итгэл үнэмшлээ тайлбарлаж сурахад нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

16 Итгэл үнэмшлээ хуваалцахыг бага багаар зааж өгөөрэй. Есүс шавь нараа дэлгэрүүлэх ажилд урихад тэд сандарсан байх. Гэхдээ Есүс хаана, юу ярихыг нь зааж өгсөн (Мат. 10:5–7). Та Есүсийг яаж дуурайх вэ? Хэнд дэлгэрүүлэхээ мэдэж авахад нь суралцагчдаа туслаарай. Жишээ нь, Библийн аль нэг сургаалыг хэнд яривал тустай байж болохыг асуугаарай. Дараа нь үүнийгээ яаж энгийн тайлбарлахыг үзүүлж, хамт бэлдээрэй. Шаардлагатай бол «Үүрд жаргалтай амьдраарай!» номын «Зарим хүн» гэсэн хэсгээс ярилцаж болно. Ингэхдээ суралцагч тань Библиэс энгийн, эвтэйхэн хариулдаг болоход нь туслаарай.

17. Еховад найддаг болоход нь туслахдаа Матай 10:19, 20, 29–31-ийг хэрхэн ашиглах вэ?

17 Еховад найддаг болоход нь туслаарай. Ехова шавь нарт нь хайртай учраас тусална гэдгийг Есүс хэлж байсан (Матай 10:19, 20, 29–31-ийг уншина). Ехова бас чамд тусална гэдгийг суралцагчдаа сануулаарай. Суралцагчтайгаа хамт байхдаа зорилгынх нь талаар залбирдаг бол Еховад найддаг болно. Польшид амьдардаг Франчишек: «Библийн багш залбирахдаа тавьсан зорилгыг минь дурддаг байсан. Залбиралд нь Ехова хэрхэн хариулсныг хараад би шууд залбирч эхэлсэн. Цуглаан, чуулгануудад суухын тулд шинэ ажлаасаа чөлөө авах хэрэг гардаг. Тийм үед Ехова тусалж байсан» гэжээ.

18. Библийн багш нарын хийдэг ажил Еховад ямар санагддаг вэ?

18 Ехова Библийн суралцагчдад маш их санаа тавьдаг. Өөртэй нь дотно болоход нь суралцагчдаа тусалж нөр их хөдөлмөрлөдөг Библийн багш нарыг Ехова өндөр үнэлдэг, хайрладаг (Ис. 52:7). Хэрэв та яг одоо Библийн хичээлгүй бол өөр дэлгэрүүлэгчийн хичээлд оролцон, суралцагчид нь туслах боломжийг бүү алдаарай.

ДУУ 144 Амь аврах мэдээ

a Есүс хүмүүст хэрхэн тусалж шавь болгосныг, бид түүнийг хэрхэн дуурайхыг энэ өгүүллээр үзнэ. Түүнчлэн «Үүрд жаргалтай амьдраарай!» гэдэг шинэ номын зарим онцлогийг ярилцана. Энэ ном ахиц гаргаж баптисм хүртэхэд суралцагчид тусална.

b Амьдралд тохиолдсон явдлыг 1) «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-аас үзээрэй. «Библи» > «Орчин үед ч ач тустай» > «Библи хүнийг өөрчилдөг» («Харуулын цамхаг» сэтгүүлд тогтмол гардаг булан) гэж ороорой. 2) «JW Library®»-руу ороод «Media» > «Ярилцлага» хэсгээс бас үзэх боломжтой.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч нөхөр нь нэг залуутай Библийн хичээл хийхдээ эхнэрээ урьжээ. Бас өөр өөр Гэрч эрэгтэйг хичээлдээ оролцуулжээ.