Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 42

Еховад үнэнч хүмүүс жаргалтай

Еховад үнэнч хүмүүс жаргалтай

«Явдал үйл нь гэм зэмгүй [буюу үнэнч], ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!» (ДУУ. 119:1).

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

ТОЙМ *

Итгэл үнэмшлээсээ няцаагүй болон Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг үнэнчээр дэмждэгээсээ болж шоронд хоригдож байсан эсвэл хоригдож байгаа зоригтой итгэл нэгтнүүд (1, 2-р догол мөрийг үзээрэй)

1, 2. а) Зарим засгийн газар Еховагийн ард түмнийг хэрхэн эсэргүүцсэн бэ? Ард түмэн нь яасан бэ? б) Бид хавчигдсан ч яагаад жаргалтай байдаг вэ? (Бас сэтгүүлийн нүүрэн дэх зургийг хараад тайлбарлана уу).

 ОДООГИЙН байдлаар дэлхийн 30 гаруй улс манай үйл ажиллагааг хязгаарласан юм уу хорьсон. Зарим улс орны эрх мэдэлтнүүд ах дүүсийг маань баривчилж шоронд хийсэн. Тэд буруу юм хийсэн үү? Үгүй ээ, Ехова тэднийг буруу юм хийсэн гэж үздэггүй. Тэд ердөө л Библи уншиж судлаад итгэл үнэмшлээ хүмүүстэй хуваалцаж, итгэл нэгтнүүдтэйгээ хамт цугладаг байсан. Бас улс төрийн асуудлаар аль нэг талыг дэмжээгүй. Бурхны энэ үйлчлэгчид ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ч үнэнч * байж Еховагийн талд бат зогссон. Үүндээ ч аз жаргалтай байдаг.

2 Эдгээр зоригтой гэрчийн заримынх нь зургийг болон инээмсэглэл тодорсон царайг нь та харсан байх. Тэд Еховад үнэнч байн сайшаалыг нь хүртэж байгаагаа мэдэж байгаа учраас баяртай байдаг (Ш.дээд 29:17а). Есүс: «Зөв юм хийгээд хавчигддаг хүн жаргалтай. ... Агуу шагнал хүртэх учир баярлагтун, ихэд баярлагтун» гэж хэлсэн (Мат. 5:10–12).

ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЛДЭЭСЭН ХҮМҮҮС

Петр Ёохан хоёрын үлгэр дуурайл шүүх дээр итгэл үнэмшлээ хамгаалах гэж буй Христийн өнөөгийн дагалдагчдад тустай (3, 4-р догол мөрийг үзээрэй)

3. Үйлс 4:19, 20-ийг үзвэл элч нар хавчигдахдаа яасан бэ? Яагаад?

3 Ах дүүс маань, Есүс Христийн тухай дэлгэрүүлээд хавчигдаж явсан нэгдүгээр зууны элч нартай адилхан зовлон үзэж байна. Иудейн дээд шүүхийнхэн элч нарыг хавчиж «Есүсийн нэрээр юу ч ярьж заахгүй байхыг тушаасан» нь нэгээр тогтохгүй (Үйлс 4:18; 5:27, 28, 40). Тэгэхэд нь элч нар яасан бэ? (Үйлс 4:19, 20-ийг уншина). Иудейн дээд шүүхийнхнээс илүү дээгүүр эрх мэдэлтэй Христ өөрийнхөө тухай «сайтар гэрчлэхийг ... тушаасныг» тэд мэдэж байсан (Үйлс 10:42). Тиймээс Петр Ёохан хоёр шүүгчдийн үгийг дагахаас илүү Бурханд дуулгавартай байхаа, Есүсийн тухай ярихаа болихгүй гэдгээ элч нарыг төлөөлж зоригтойгоор хэлсэн. Энэ нь үнэндээ эрх мэдэлтнүүдээс «Та нар өөрсдийнхөө тушаалыг Бурхныхаас дээгүүр гэж яахан хэлж зүрхэлнэ вэ?» гэж асуусантай адил юм.

4. Үйлс 5:27–29-ийг үзвэл элч нар Христийн жинхэнэ дагалдагчдад ямар жишээ үлдээсэн бэ? Тэднийг хэрхэн дуурайх вэ?

4 Элч нар «хүнд бус, Бурханд захирагдаж» Христийн дагалдагчдад үлгэр дуурайл үлдээсэн. Тэр жишгийг бид одоо ч дагадаг (Үйлс 5:27–29-ийг уншина). Бурханд үнэнч байсныхаа төлөө зодуулж жанчуулсан ч «Есүсийн нэрнээс болж зовох зохистой хүн гэж тооцогдсондоо элчүүд баяр хөөр болсоор Иудейн дээд шүүхээс» гараад үргэлжлүүлэн дэлгэрүүлдэг (Үйлс 5:40–42).

5. Ямар асуултуудын хариуг мэдэх хэрэгтэй вэ?

5 Элч нарын жишээг бодохоор зарим асуулт гарч ирдэг. Жишээлбэл элч нар хүнд бус, Бурханд захирагдахын зэрэгцээ «Дээд эрх мэдлүүдэд ... захирагд» гэсэн тушаалыг яаж дагаж чадсан бэ? (Ром 13:1). Бас бид элч Паулын хэлсэнчлэн «төр засаг болон эрх баригчдад захирагдан дуулгавартай байхын» зэрэгцээ хамгийн дээд Захирагч Бурхандаа хэрхэн үнэнч байх вэ? (Тит 3:1).

«ДЭЭД ЭРХ МЭДЛҮҮД»

6. а) Ром 13:1-д дурдсан «дээд эрх мэдлүүд» гэдгээр хэнийг хэлдэг бэ? Бид ямар үүрэгтэй вэ? б) Бүх хүмүүн удирдагчийн эрх мэдэл ямар вэ?

6 Ром 13:1-ийг уншина. Энэ зүйлд байгаа «дээд эрх мэдлүүд» гэдгээр бусдыг захирах эрх мэдэл бүхий хүмүүн удирдагчдыг хэлдэг. Христийн дагалдагчид энэ удирдагчдад захирагддаг. Удирдагчид нийгмийн хэв журам болон хуулийг сахиулж, заримдаа Еховагийн ард түмнийг ч хамгаалдаг (Илч. 12:16). Тиймээс бид тавьсан шаардлагынх нь дагуу татвар төлж, тэднээс эмээж, бас хүндэтгэх ёстой (Ром 13:7). Ер нь Ехова зөвшөөрсөн учраас л тэд ийм эрх мэдэлтэй. Есүс Ромын захирагч Понти Пилатад байцаагдаж байхдаа энэ зарчмыг тодорхой болгосон. Понти Пилат Есүсийг өршөөх юм уу үхэх ял оноох эрхтэйгээ хэлэхэд Есүс хариуд нь «Бурхан зөвшөөрөөгүй л бол та намайг захирах эрхгүй байх байсан» гэдэг (Ёох. 19:11). Бүх хүмүүн удирдагчийн эрх мэдэл Пилатынхтай адил хязгаарлагдмал юм.

7. Бид ямар үед хүмүүн удирдагчдад захирагдах ёсгүй вэ? Тэд юуг мэдэж байх ёстой вэ?

7 Бурхны хуультай зөрчилдөөгүй л бол засгийн газрын бүх зааврыг Христийн дагалдагчид биелүүлдэг. Гэхдээ Бурхны хориглосон юмыг хийлгэх юм уу эсвэл Бурхны тушаалыг дагахыг хоригловол бид захирагдахгүй. Жишээлбэл тэд Гэрч залуусыг цэрэгт явахыг шаардаж болох юм. * Эсвэл Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг болон дэлгэрүүлэхийг, цугларахыг хориглож магад. Хэрэв хүмүүн удирдагчид эрх мэдлээ урвуулан ашиглаж, жишээ нь Христийн дагалдагчдыг эсэргүүцвэл Бурхан тэдэнтэй хариуцлага тооцно. Ехова бүгдийг харж байгаа нь тодорхой! (Ном. 5:8).

8. «Дээд» болон «Дээдийн Дээд» гэдгийн ялгаа юу вэ? Ялгааг нь мэдэх нь яагаад чухал вэ?

8 «Дээд» гэдгээр «илүү сайн, илүү агуу, илүү өндөр байр суурьтай» гэсэн санааг илэрхийлдэг. Гэхдээ «хамгийн сайн, хамгийн агуу, хамгийн өндөр байр суурьтай» гэсэн утгатай биш юм. Үүнийг «Дээдийн дээд» гэсэн үгээр илэрхийлж болох юм. Хүний засгийн газруудыг «дээд эрх мэдлүүд» гэж нэрлэдэг хэдий ч хамгийн өндөр буюу «дээдийн дээд» эрх мэдэл гэж бий. Библид 4 удаа Ехова Бурхныг «Дээдийн Дээд Нэгэн» гэжээ (Дан. 7:18, 22, 25, 27).

«ДЭЭДИЙН ДЭЭД НЭГЭН»

9. Зөнч Даниел ямар үзэгдэл үзсэн бэ?

9 Зөнч Даниел Еховагийн эрх мэдэл бусад бүх эрх мэдлээс агуу гэдгийг харуулсан үзэгдэл үзсэн. Тэрбээр эхлээд өнгөрсөн болон өнөө үед захирч буй дэлхийн эзэнт гүрнүүдийг бэлгэддэг дөрвөн том араатныг харсан. Тэдгээр нь Вавилон, Меде-Перс, Грек, Ром юм. Бас Ромоос салбарлаж гарсан Англи-Америкийн дэлхийн эзэнт гүрэн одоо захирч байна (Дан. 7:1–3, 17). Даниел мөн тэнгэр дэх сэнтийдээ заларсан Ехова Бурхныг харсан (Дан. 7:9, 10). Үүний дараа харсан зүйл нь өнөөгийн удирдагчдад сануулга болох юм.

10. Даниел 7:13, 14, 27-д бичсэнээр Ехова дэлхийг захирах эрхийг хэнд өгөх вэ? Энэ нь Еховаг ямар эрх мэдэлтэй гэдгийг баталдаг вэ?

10 Даниел 7:13, 14, 27-г уншина. Бурхан хүний засгийн газруудыг халж, дэлхийг захирах эрхийг илүү хүчтэй, илүү зохистойд нь өгнө. Хэнд? «Үүрд» захирах «Хүний Хүү шиг Нэгэн» Есүс Христэд болон «Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүс» 144 000-д өгнө (Дан. 7:18). Ингэх эрх мэдэлтэй нэгэн бол зөвхөн Ехова учраас тэрбээр «Дээдийн Дээд Нэгэн» юм.

11. Даниел Еховаг хүнийхээс дээгүүр эрх мэдэлтэй гэдгийг батлах өөр ямар зүйл бичсэн бэ?

11 Даниелын үзсэн дээрх үзэгдэл үүнээс өмнө «Тэнгэрийн Бурхан ... хаадыг босгож, унагадаг. ... Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдөг» гэж хэлсэнтэй нь тохирдог (Дан. 2:19–21; 4:17). Ехова хаадыг босгож, унагаж байсан уу? Тийм ээ!

Ехова хаант төрийн захирах эрх мэдлийг Белшазараас авч Меде болон Персийн хүмүүст өгсөн (12-р догол мөрийг үзээрэй)

12. Ехова хаадыг унагасан жишээг хэлнэ үү (Зургийг үзээрэй).

12 Ехова «дээд эрх мэдлүүдээс» дээгүүр эрх мэдэлтэй гэдгээ тодорхой харуулж байсан. Гурван жишээг ярилцъя. Египетийн фараон, боолчилж байсан Еховагийн ард түмнийг чөлөөлөхөөс удаа дараа татгалзсан. Гэвч Бурхан ард түмнээ чөлөөлж, фараоныг Улаан тэнгист живүүлсэн (Ег. 14:26–28; Дуу. 136:15). Вавилоны хаан Белшазар найр хийж «тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилсөн». Бас Ехова Бурхныг бус «алт, мөнгө[н] ... бурхдыг магтан» алдаршуулсан (Дан. 5:22, 23). Гэвч Бурхан ихэмсэг түүнийг дорд болгосон. «Тэр шөнө» Белшазар алагдаж, хаант төр нь Меде-Персийн мэдэлд шилжсэн (Дан. 5:28, 30, 31). Палестины хаан I Херод Агрийп элч Яаковыг цаазалж дараа нь элч Петрийг егүүтэх зорилгоор шоронд хорьсон. Гэвч Ехова саад хийсэн учраас Херод хаан төлөвлөснөө хэрэгжүүлж чадаагүй. «Еховагийн тэнгэрийн элч Херодыг өвчлүүлж» тэрбээр үхжээ (Үйлс 12:1–5, 21–23).

13. Ехова эвсэн нэгдсэн хаад захирагчдыг хэрхэн ялсныг жишээгээр хэлнэ үү.

13 Ехова бас эвсэн нэгдсэн хаад захирагчдаас ч хамаагүй илүү гэдгээ харуулсан. Тэрбээр Израйлын төлөө тулалдаж, эвсэн нэгдсэн канаанчуудын 31 хааныг устгаж, амласан газрын томоохон хэсгийг эзэлж аваад ард түмнийхээ эзэмшил болгосон (Иош. 11:4–6, 20; 12:1, 7, 24). Бас Израйлтай тулалдаж байсан Бен-хадад болон Сирийн өөр 32 захирагчийг бут цохисон (Х.дээд 20:1, 26–29).

14, 15. а) Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн талаар Небухаднезар Дариус хаан хоёр юу гэж хэлсэн бэ? б) Ехова болон ард түмнийх нь тухай дуулалч юу гэж хэлсэн бэ?

14 Ехова Дээдийн Дээд Нэгэн гэдгээ дахин дахин баталсан. Вавилоны хаан Небухаднезар Еховаг магтан алдаршуулах зохистой нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрч даруу байхын оронд «өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдраараа» сайрхаад байхлаар нь Бурхан түүнийг галзуу солиотой болгодог. Тэрбээр дараа нь эдгэрээд «Хамгийн Дээд Нэгэнийг магтаж» «Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл» гэдгийг хүлээн зөвшөөрч «Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй» гэсэн (Дан. 4:30, 33–35). Даниелд арслангийн нүхэнд хаягдаж үхэх сорилт тулгарахад Ехова үнэнч үйлчлэгчээ аварсан. Тиймээс Дариус хаан: «Хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн гэдгийг би тушааж байна. Яагаад гэвэл Тэрбээр амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал, Түүний эрх мэдэл мөнхөд байх болно» хэмээн тунхаглажээ (Дан. 6:7–10, 19–22, 26, 27).

15 Дуулалч: «ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг. Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог» гээд цааш нь «Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюу Өөрийнхөө өв болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!» гэжээ (Дуу. 33:10, 12). Еховад үнэнч байх нь үнэхээр чухал байгаа биз?

ЭЦСИЙН ДАЙН

Эвсэн нэгдсэн үндэстнүүд Еховагийн тэнгэрийн дайчдын хаана нь ч хүрэхгүй! (16, 17-р догол мөрийг үзээрэй)

16. «Агуу их гамшгийн» үеэр юу болно гэдэгт бид бат итгэдэг вэ? Яагаад? (Зургийг үзээрэй).

16 Ехова өнгөрсөн хугацаанд юу хийснийг бид мэдэж авлаа. Тэгвэл ойрын ирээдүйд юу болох бол? Ехова «агуу их гамшгийн» үеэр үнэнч үйлчлэгчдээ аварна гэдэгт бид бат итгэдэг (Мат. 24:21; Дан. 12:1). Энэ амлалт Магогийн Гог хэмээх эвсэн нэгдсэн үндэстнүүд дэлхий даяарх Еховагийн үнэнч үйлчлэгчид рүү хорсолтойгоор дайрч довтлох үед биелнэ. Энэ эвсэлд НҮБ-ын 193 гишүүн орон бүгдээрээ нэгдэх байлаа ч Дээдийн Дээд Нэгэн болон тэнгэрийн дайчдын хаана нь ч хүрэхгүй. Ехова: «Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэж амласан (Езе. 38:14–16, 23; Дуу. 46:10).

17. Библид бичсэнээр дэлхийн хаад болон Еховад үнэнч хүмүүс ирээдүйд яах вэ?

17 Гогийн дайралтаас болж Ехова «дэлхий даяар[х] ... хаадыг» устгах Хармагедон гэдэг дайн хийнэ (Илч. 16:14, 16; 19:19–21). Гэхдээ «цэх шулуун хүн л газар дэлхий дээр амьдарч, Буруугүй нь байсаар байх болно» (Сур. 2:21).

БИД ҮРГЭЛЖ ҮНЭНЧ БАЙХ ЁСТОЙ

18. Христийн жинхэнэ дагалдагч юугаараа дэнчин тавихаас буцдаггүй вэ? Яагаад? (Даниел 3:28).

18 Хэмжээгүй эрхт Захирагч Еховагаа хайрладаг учраас эрх чөлөө, бүр амь насаараа дэнчин тавьж байсан Христийн жинхэнэ дагалдагч хүн төрөлхтний түүхэнд олон байсан. Тэд Еховад үргэлж үнэнч байхаар бат шийдсэн хүмүүс бөгөөд Дээдийн Дээд Нэгэнд үнэнч байсныхаа төлөө дүрэлзсэн галтай зууханд хаягдахаас айгаагүй гурван еврей залуутай адил юм (Даниел 3:28-ыг уншина).

19. Ехова ард түмнээ шүүхдээ юуг үндэслэл болгох вэ? Тиймээс бид одоо яах ёстой вэ?

19 Дуулалч Давид Бурханд үнэнч байх нь хэчнээн чухал байдгийг онцолж «ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг. Миний дотор буй миний зөв шударга болон үнэнч байдлын дагуу, ЭЗЭН, намайг зөвтгөөч [«шүүгээч», ШЕ]» гэж хэлсэн (Дуу. 7:8). Бас «үнэнч болон шулуун шударга байдалд намайг хамгаалаг» гэж хэлсэн (Дуу. 25:21). Амьдралын хамгийн сайн зам бол юу ч тохиолдсон Еховад гуйвшгүй үнэнч байх явдал юм. Ингэдэг бол «Явдал үйл нь гэм зэмгүй, ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!» гэж хэлсэн дуулалчтай санал нийлнэ (Дуу. 119:1).

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

^ Христийн дагалдагч хүн дээд эрх мэдлүүд буюу энэ ертөнцийн засгийн газруудад дуулгавартай байх ёстой гэж Библид байдаг. Гэхдээ зарим засгийн газар Еховаг, түүний үйлчлэгчдийг эсэргүүцдэг нь илэрхий харагддаг. Бид хүмүүн удирдагчдад дуулгавартай байхын зэрэгцээ Еховад үнэнч байя гэвэл яах ёстой вэ?

^ ҮГНИЙ ТАЙЛБАР: Еховад үнэнч байна гэдгээр ямар ч үед бүр хүнд бэрх сорилтод орсон үед ч Еховаг болон хэмжээгүй эрх мэдлийг нь тууштай дэмжихийг хэлнэ.

^ Энэ дугаарт гарсан «Эртний израйлчууд дайтдаг байсан. Бид яагаад үгүй вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй.