Skip to content

Гарчиг руу орох

Ойроос авсан тайзны зураг. Дээр нь лоозон харагдаж байна

1922—Зуун жилийн өмнө

1922—Зуун жилийн өмнө

«ЕСҮС Христийнхээ тусламжаар ... ялдаг маань Бурхны ач юм» (1 Кор. 15:57). 1922 оны уриа болсон Библийн энэ зүйл нь Библи Судлаачдыг үнэнчээр зүтгэдгийнх нь төлөө Ехова шагнахыг сануулсан хэрэг гэлтэй. Үнэхээр ч Ехова идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэгчдийг тухайн оны туршид шагнасан. Ехова тэднийг ивээж, ном хэвлэлээ хэвлээд өөрсдөө хавтаслах болон Хаант төрийн үнэнийг радиогоор цацахад нь тусалсан. Ехова ард түмнээ ивээж байгаа нь мөн оны сүүлчээр ч дахин тодорхой харагдсан. АНУ-ын Охайо мужийн Сидар Пойнтод болсон Библи Судлаачдын чуулган нь түүхэн чуулган болоод зогсохгүй Еховагийн байгууллагын өнөөг хүртэлх үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байв.

«МАШ ГАЙХАЛТАЙ САНАЛ»

Библи судлаачид Брүүклиний Бетелд сэтгүүлүүдээ хэвлэдэг ч хатуу хавтастай номуудыг хэвлэлийн компаниудаар хэвлүүлдэг хэвээрээ байв. Номын хомсдол олон сар үргэлжилсэн нь дэлгэрүүлэх ажилд нөлөөлж байлаа. Тиймээс Рүтэрфорд өөрсдөө ном хэвлэх боломжтой эсэхийг үйлдвэрийн менежер Роберт Мартинаас асуусан.

Брүүклиний Конкорд гудамж дахь үйлдвэр, Нью Йорк

Мартин: «Маш гайхалтай санал. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн хэвлэх үйлдвэр байгуулна гэсэн утгатай үг хэлсэн» хэмээн дурсжээ. Ах дүүс маань Брүүклиний Конкорд гудамжны 18-р байрыг түрээсэлж, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан.

Энэ шинэ саналыг хүн бүр баяртай хүлээж аваагүй. Манай номыг хэвлэдэг байсан компанийн захирал хэвлэх үйлдвэр дээр маань ирж үзээд «Та нар дээд зэргийн төхөөрөмжтэй болчихжээ. Гэхдээ ажиллуулж чадах хүн нэг ч байхгүй. 6 сарын дотор эвдээд дуусна даа» гэжээ.

Мартин: «Тэр захирал үнэн үг хэлсэн юм шиг санагдаж болох ч бидэнтэй үргэлж хамт байдаг Эзнийг тооцож үзээгүй» гэж хэлж байсан. Мартины үг үнэн байв. Удалгүй хэвлэх үйлдвэр маань өдөрт 2000 ном гаргадаг болсон.

Ажилчид хэвлэх машиныхаа дэргэд зогсож байна

РАДИОГООР МЯНГА МЯНГАН ХҮНД ДЭЛГЭРҮҮЛСЭН НЬ

Еховагийн ард түмэн хэвлэлээ өөрсдөө гаргадаг болсноос гадна сайн мэдээг шинэ аргаар буюу радиогоор түгээж эхэлсэн. 1922 оны 2-р сарын 26-ны ням гаргийн үдээс хойш Рүтэрфорд радиогоор анх илтгэл тавьсан нь «Одоо амьд байгаа олон сая хүн хэзээ ч үхэхгүй» гэдэг сэдэвтэй байсан. Үүнийг АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Кэй О Жи (KOG) хэмээх радио станцаар нэвтрүүлсэн.

Энэ хөтөлбөрийг ойролцоогоор 25 000 хүн сонссон. Зарим нь бүр талархлын захиа илгээсэн. Тэдний нэг нь Калифорни мужийн Санта-Ана хотын оршин суугч Виллард Эшфорд байв. Тэрбээр Рүтэрфордын илтгэлийг «хөгжилтэй болон сонирхолтой байсан» гэж магтсан. Тэгээд бас «Манайх өвчтэй гурван хүнтэй. Та хажуугийн байшинд илтгэл тавьсан байлаа ч бид очих боломжгүй байсан. Харин радиогоор нэвтрүүлсэн учраас л сонсож чадсан» гэжээ.

Дараа дараагийн 7 хоногуудад өөр нэвтрүүлгүүд ар араасаа хөвөрсөн. Оны эцэс гэхэд «дор хаяж 300 000 хүн радиогоор сайн мэдээг сонссон» гэж «Харуулын цамхаг» сэтгүүлд тэмдэглэжээ.

Хүмүүсийн сэтгэгдлийг сонсоод урамшсан Библи Судлаачид Брүүклиний Бетелийн ойролцоо байдаг Стэйтэн Айландад радио станц байгуулахаар шийдсэн. Түүнээс хойших он жилүүдэд Библи судлаачид Даблю Би Би Ар (WBBR) радио станцын тусламжтайгаар Хаант төрийн мэдээг илүү олон хүнд хүргэж чадсан.

«ADV» (ЭЙ ДИ ВИ)

«Харуулын цамхаг» сэтгүүлийн 1922 оны 6-р сарын 15-ны дугаарт Охайо мужийн Сидар Пойнтод 9-р сарын 5–13-ны хооронд чуулган болох тухай зарлал нийтэлсэн. Библи Судлаачид бид Сидар Пойнтод баяр хөөр болсоор очсон.

Рүтэрфорд эхний илтгэлээ тавихдаа чуулганд ирсэн хүмүүст хандан «Эзэн энэ чуулганыг ивээнэ, мөн хаана ч хэзээ ч байгаагүй гэрчлэл болно гэдэгт би бат итгэлтэй байна» гэж хэлсэн. Чуулганд илтгэл тавьсан эрчүүд дэлгэрүүлэх ажилд оролцохыг ах дүүстээ дахин дахин уриалж байв.

Охайогийн Сидар Пойнт дахь чуулганд оролцож байгаа хүмүүс, 1922 он

9-р сарын 8-ны баасан гарагт хүрэлцэн ирсэн 8000 орчим хүн Рүтэрфордын илтгэлийг сонсох гэж сэтгэл догдлон хүлээж байлаа. Тэд урилга дээрх «ADV» гэсэн 3 үсэг ямар утгатайг Рүтэрфорд тайлбарлана гэж хүлээж байв. Байраа эзэлсэн хүмүүсийн зарим нь тайзны дээд талд хуйлсан даавууг өлгөснийг анзаарсан нь лавтай. АНУ-ын Оклахома мужийн Талсагаас ирсэн Артур Клаус илтгэл сайн сонсогдох газар олоод суув. Тэр үед дуу өсгөгч байгаагүй учир ийм газар олох амаргүй байсан.

«Бид үг алдалгүй сонсож байлаа»

Рүтэрфордыг илтгэл тавих үеэр саад болохгүйн тулд хоцорсон хүмүүсийг танхимд оруулахгүйг хөтлөгч зарласан. Өглөөний 9:30 болоход Рүтэрфорд, Матай 4:17-д байдаг «Бурхны Хаант төр ойрхон байна» гэсэн Есүсийн үгийг эш татан илтгэлээ эхлэв. Тэгээд «Есүс ирчихээд байх үедээ ургац хураах ажлыг удирдаж, үнэнч хүмүүсээ цуглуулахаа хэлсэн» гэж Хаант төрийн тухай мэдээг хүмүүст хэрхэн сонсгохыг тайлбарласан.

Гол танхимд сууж байсан Артур: «Бид үг алдалгүй сонсож байлаа» хэмээн дурсжээ. Гэхдээ гэнэт гэдэс нь базлаад танхимаас гарах хэрэгтэй болов. Харин танхимд буцаад орох боломжгүй болсондоо ихэд харамсжээ.

Хэдэн минутын дараа гэдэс нь өвдөхөө больж буцаад танхим руугаа явж байтал хүмүүс нижигнэтэл алга ташихыг сонссон. Энэ нь сонирхлыг нь улам их татав! Дээвэр өөд авирах хэрэгтэй болсон ч хамаагүй, энэ сонирхолтой илтгэлийн үлдсэн хэсгийг сонсъё гэж шийджээ. Тэр үед 23-хан настай байсан Артур арга хайж яваад дээвэр өөд авирах боломж байгааг олж харав. Дээврийн цонхнууд онгорхой байсан тул тийшээ дөхөж очиход илтгэл маш тод сонсогдож байв.

Гэхдээ Артур дээврийн хөндийд ганцаараа байсангүй. Зарим найз нь тэнд байв. Тэдний нэг Фрэнк Жонсон түүнээс «Чамд хурц тонгорог байхгүй биз?» гэж асуув.

«Байгаа» гэж Артур хариулав.

«Бидэнд хутгатай нэг хүн хэрэг болоод залбирсан юм» гэж Фрэнк хэлээд цааш нь «Тэр хуйлмал даавууг харж байна уу? Лоозон байгаа юм аа. Шүүгчийг анхааралтай сонсож байгаарай. * Тэгээд “Тунхаглагтун, тунхаглагтун” гэж хэлэхээр нь энэ 4 уяаг огтлох ёстой юм» гэсэн.

Ингээд Артур хутгаа бариад бусадтайгаа хамт хүлээж суув. Удалгүй Рүтэрфордын илтгэл оргил үедээ хүрэв. Сэтгэл нь хөдөлсөн тэрбээр чанга дуугаар бараг хашхирах шахам «Эзэнд үнэнч, жинхэнэ гэрч байгтун. Вавилоны ул мөр үлдэхгүй болтол урагш давшин тэмцэгтүн. Сайн мэдээг хаа сайгүй тунхаглагтун. Еховаг Бурхан гэдгийг, Есүс Христийг хаадын Хаан, эздийн Эзэн гэдгийг дэлхий даяар мэдэх ёстой. Одоо бол хамгийн чухал цаг үе мөн. Харагтун, Хаан захирч байна! Та нар Хааны төлөөлөгчид мөн. Тиймээс Хаан болон түүний хаанчлалыг тунхаглагтун, тунхаглагтун, тунхаглагтун» гэв.

Артур нөгөө гуравтайгаа 4 уяаг огтлоход лоозон алгуурхан дэлгэгдэв гэж ярьсан. Урилга дээр бичсэн ADV гэсэн гурван үсэг нь лоозон дээрх «Хаан болон түүний хаанчлалыг тунхаглагтун» гэсэнтэй тохирч байв. ADV гэсэн нь англи хэлний «тунхаглагтун» (advertise) гэдэг үгний эхний гурван үсэг юм.

ЧУХАЛ АЖИЛ

Ах дүүс маань Хаант төрийн тухай мэдээг дэлгэрүүлэх чухал ажлаа илүү анхаарахад Сидар Пойнтод болсон чуулган их ач тустай байлаа. Идэвх зүтгэлтэй хүмүүс энэ ажилдаа сэтгэл дүүрэн оролцож байв. АНУ-ын Оклахома мужийн нэгэн ном түгээгч (одоогийн эхлэгч): «Бид уурхайчдын дүүрэгт дэлгэрүүлсэн. Тэд маш ядуу амьдралтай байв» гэж бичжээ. «Алтан үе» сэтгүүлд бичсэн мэдээллийг тэдэнд дуулгахад «бүр уйлж байсан» гэж тэрбээр хэлсэн. «Тэднийг тайвшруулах нь үнэхээр ивээл байв» гэж үгээ дуусгажээ.

Лүк 10:2-т байдаг «Ургац арвин боловч ажилчид цөөн байна» гэсэн Есүсийн үг хэчнээн чухал болохыг Библи судлаачид ойлгож байлаа. Оны эцэс гэхэд Хаант төрийн тухай мэдээг хаа сайгүй дэлгэрүүлэх гэсэн тэдний шийдвэр урьд урьдынхаасаа улам илүү батжив.

^ Рүтэрфордыг заримдаа «шүүгч» гэдэг байв. Яагаад гэвэл тэрбээр АНУ-ын Миссури мужид заримдаа шүүгчээр ажилладаг байсан юм.