СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 31
Залбирах завшаанаа эрхэмлээрэй
«Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог» (ДУУ. 141:2).
ДУУ 51 Бид Еховад үнэнч
ТОЙМ *
1. Еховад залбирах боломжоо юу гэж үзэх ёстой вэ?
ТЭНГЭР газрыг Бүтээгч Нэгэн бидэнд гайхалтай бэлэг өгсөн. Энэ бол залбирал юм. Та бодоод үз дээ. Бид Еховад хэзээ ч, ямар ч хэлээр зүрх сэтгэлээ уудлах боломжтой. Тэр байтугай цаг авах ч шаардлагагүй. Эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа ч, шоронд хоригдож байхдаа ч залбирахад хайр халамжтай Эцэг маань сонсоно гэдэгт итгэдэг. Ийм бэлэг өгсөнд нь бид үнэхээр их талархдаг.
2. Давид хаан залбирах завшаанаа эрхэмлэдгээ хэрхэн харуулсан бэ?
2 Давид хаан залбирах завшаанаа эрхэмлэдэг байсан. Тэрбээр Еховад «Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог» гэж дуулсан (Дуу. 141:1, 2). Давидын үед тахилчдын шатаадаг, Еховад өргөдөг ариун утлагыг урьдчилан сайтар бэлддэг байв (Ег. 30:34, 35). Давид утлагын тухай дурдсаныг үзвэл тэнгэрийн Эцэгтээ залбирахаасаа өмнө хэлэх үгээ сайтар боддог байсан байх нь ээ. Бид ч үгээ сайн бодож байгаад залбирч Еховаг баярлуулахыг хүсдэг.
3. Еховад залбирахдаа ямар хандлагатай байх ёстой вэ? Яагаад?
3 Бид Еховаг гүнээ хүндэтгэн залбирах учиртай. Исаиа Езекиел Даниел Ёохан нарын үзэгдлийг бодоорой. Эдгээр үзэгдэл нь өөр хоорондоо ялгаатай ч нэг зүйлээрээ адилхан. Тэд бүгд Еховаг сүр жавхлантай Хаанаар дүрсэлсэн. Исаиа Еховаг «сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч» байгаагаар хардаг (Ис. 6:1–3). Езекиел тэнгэрийн тэрэг дээрээ морилж буй Ехова «солонгын төрхтэй адил ... туяагаар» хүрээлэгдсэнийг харсан (Езе. 1:26–28). Бас Даниелын бичсэнээр цагаан хувцастай «Эртний Нэгний» сэнтийнээс галын дөл асаж байлаа (Дан. 7:9, 10). Түүнчлэн Ёоханы харснаар, Ехова маргад эрдэнэ мэт солонгоор хүрээлэгдсэн сэнтий дээрээ заларч байв (Илч. 4:2–4). Еховагийн зүйрлэшгүй сүр алдрын тухай эргэцүүлэн бодохлоороо бид энэ завшаанаа эрхэмлэн гүнээ хүндэтгэн түүнд залбирах нь хэчнээн чухал болохыг санадаг. Тэгвэл бид юу юуны тухай залбирах ёстой вэ?
«ТИЙМЭЭС ИЙНХҮҮ ЗАЛБИР»
4. Матай 6:9, 10-т бичсэн жишээ залбирлын эхний хэсгээс юу мэдэж авах вэ?
4 Матай 6:9, 10-ыг уншина. Есүс «Уулан дээр айлдсан сургаал»-ыг шавь нартаа айлдахдаа Бурхны таалалд нийцүүлэн хэрхэн залбирахыг заасан. Тэрбээр: «Тиймээс ийнхүү залбир» гэснийхээ дараа Бурхны хүсэл таалалтай шууд холбоотой чухал зүйлүүдийг, тухайлбал Бурхны нэр ариусаасай, Бурхны дайснуудыг устгах Хаант төр захираасай, дэлхий болон хүн төрөлхтнийг ирээдүйд ивээгээсэй гэж юуны түрүүнд дурдсан. Ийнхүү залбирдаг бол Бурхны хүсэл бидэнд хэчнээн чухал гэдгийг ухаарч байгаа хэрэг юм.
5. Өөрийнхөө төлөө залбирах нь зөв үү?
5 Есүсийн залбирлын хоёр дахь хэсгийг үзвэл бас өөрийнхөө төлөө залбирч болохыг мэдэж авна. Бид Еховагаас тухайн өдөр хэрэгтэй хүнсээр хангахыг, нүглийг маань уучлахыг, хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслахыг, хорон муу нэгнээс хамгаалахыг гуйж болно (Мат. 6:11–13). Ингэж залбирдаг хүн Еховагийн тусламж зайлшгүй хэрэгтэйг ойлгодгоо, бас Еховагийн сайшаалыг хүртэхийг хүсдэгээ харуулж байгаа хэрэг юм.
6. Бид жишээ залбиралд бичсэнийг л хэлж залбирах ёстой юу? Тайлбарлана уу.
6 Есүс жишээ залбирлыг үг үсэггүй давтаарай гээгүй. Тэрбээр өөрт нь чухал гэж үзсэн бусад зүйлийн талаар ч залбирсан (Мат. 26:39, 42; Ёох. 17:1–26). Тиймээс санаа зовоож байгаа ямар ч зүйлийн талаар залбирч болох нь ээ. Жишээ нь, ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй болбол Еховагаас ухаарал хайрлахыг гуйж болох юм (Дуу. 119:33, 34). Хэцүү даалгавар биелүүлэх болбол мэргэн ухаан хийгээд мэдлэг гуйж болно (Сур. 2:6). Бас эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө, хүүхдүүд нь ч аав ээжийнхээ төлөө залбирч болно. Түүнчлэн бид бүгдээрээ суралцагчдынхаа төлөө болон уулзаад ярилцсан хүмүүсийн төлөө залбирч болно. Залбирах ч ёстой. Гэхдээ үргэлж юм гуйхыг л залбирах гэж ойлгох учиргүй.
7. Бид залбирахдаа яагаад Еховаг магтах ёстой вэ?
7 Бид залбирахдаа Еховаг магтах ёстой. Ехова л бүхнээс илүү магтаал хүртэх зохистой Нэгэн билээ. Учир нь тэрбээр «сайн бөгөөд уучлахад бэлэн», «өршөөлт, нигүүлсэлт, уурлахдаа удаан, хайр энэрэл болон үнэнээр элбэг баян Бурхан юм» (Дуу. 86:5, 15). Ехова ямар Бурхан бэ, юу хийж бүтээсэн бэ гэдгийг эргэцүүлж бодвол магтахгүй байж чадахгүй.
8. Бид яагаад Еховад талархдаг вэ? Заримыг нь дурдана уу (Дуулал 104:12–15, 24).
8 Бид Еховаг магтаад зогсохгүй өгсөн, хийсэн болгонд нь талархдаг. Жишээлбэл, тоо томшгүй олон төрлийн жимс ногоо, өнгө алагласан цэцэгсийг бүтээсэнд нь, сэтгэл сэргээдэг дотнын найзуудыг өгсөнд нь өөрийн эрхгүй талархдаг. Хайр халамжтай Эцэг маань энэ бүхнийг, бүр үүнээс ч илүүг биднийг л аз жаргалтай байлгахын тулд өгсөн гээд бод доо! (Дуулал 104:12–15, 24-ийг уншина). Хамгийн гол нь бат итгэлтэй байхад маань тустай удирдлага зааврыг өгч, гайхалтай найдвар хайрласанд нь бүр ч их талархдаг.
9. Яавал Еховад талархахаа мартахгүй вэ? (1 Тесалоник 5:17, 18).
9 Ехова бидний төлөө юу хийсэнд нь талархахаа мартах нь энүүхэнд. Тэгвэл мартахгүйн тулд яах вэ? Еховагаас юу гуйснаа жагсааж бичээд дараа нь хэрхэн хариулсныг нь үе үе шалгаарай. Тэгээд залбиралд тань хариулсанд талархаарай (1 Тесалоник 5:17, 18-ыг уншина). Хүмүүс баярлаж талархсанаа илэрхийлэхэд сайхан санагддаг биз дээ? Үүнтэй адилаар залбирлынхаа хариуг аваад марталгүйгээр талархвал Ехова маш их баярлана (Кол. 3:15). Гэхдээ Еховад талархах бас нэг чухал шалтгаан бий.
ХАЙРТАЙ ХҮҮГЭЭ ӨГСӨН ЕХОВАД ТАЛАРХААРАЙ
10. 1 Петр 2:21-д бичсэнээр Ехова Есүсийг дэлхий рүү илгээсэнд бид яагаад талархах ёстой вэ?
10 1 Петр 2:21-ийг уншина. Биднийг сургах гэж хайртай Хүүгээ дэлхий рүү илгээсэн Еховад баярлаж талархдагаа илэрхийлэх учиртай. Есүс яаж амьдарч байсныг судалбал Еховагийн тухай ихийг мэдэж, таалалд нь хэрхэн нийцүүлж амьдрахыг ойлгож авна. Христийн золиосонд итгэдэг хүн Бурхантай маш дотно, бас найрсаг харьцаатай байдаг (Ром 5:1).
11. Еховад залбирахад Есүс ямар үүрэгтэй вэ?
11 Хүүгээр нь дамжуулан залбирах боломжийг олгосон Еховад бид талархдаг. Есүсийн нэрээр залбирахад Ехова биднийг сонсдог, бас Есүсээр дамжуулан хариулдаг. Есүс энэ тухай «Та нар миний нэрээр юу ч гуйсан, Хүү нь Эцгээ алдаршуулах зорилгоор би гуйсныг тань биелүүлнэ» гэжээ (Ёох. 14:13, 14).
12. Хүүгийнх нь төлөө Еховад талархах бас нэг шалтгаан юу вэ?
12 Ехова бидний нүглийг Есүсийн золиосонд үндэслэн уучилдаг. Сударт Есүсийг «тэнгэрт буй Хамгийн дээд нэгний сэнтийний баруун талд суусан» тэргүүн тахилчаар дүрсэлжээ (Евр. 8:1). Тэрбээр «Эцэгтэй хамт байдаг» бидний «туслагч» юм (1 Ёох. 2:1). Сул талыг маань ойлгодог, «биднийг өмгөөлдөг» өрөвч сэтгэлтэй Тэргүүн тахилч өгсөнд нь бид Еховад талархахгүй байхын аргагүй! (Ром 8:34; Евр. 4:15). Төгс бус бидний төлөө Есүс амиа золиогүй бол Еховад залбирах боломжгүй байх байсан. Тиймээс хайртай Хүүгээ бидний төлөө бэлэг болгон өгсөн Еховад талархаад талархаад баршгүй гэдэгтээ та санал нийлэх биз ээ.
АХ ДҮҮСИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ
13. Есүс шавь нараа хайрладгаа нас барахынхаа өмнөх шөнө хэрхэн харуулсан бэ?
13 Есүс нас барахынхаа өмнөх шөнө Еховад хандан маш удаан залбирч, шавь нарыг минь «муу нэгнээс хамгаалаач» гэж гуйсан (Ёох. 17:15). Шавь нартаа ямар их хайртай байсан бэ! Тэр үед өөрөө маш хүнд зовлон туулах гэж байсан ч элч нарынхаа төлөө ийнхүү санаа зовж байв.
14. Бид ах дүүсээ хайрладгаа хэрхэн харуулах вэ?
14 Зөвхөн өөрийнхөө хэрэгцээг л бодоод суудаггүй Есүсийг бид дуурайдаг. Тиймээс ах дүүсийнхээ төлөө тогтмол залбирдаг. Ингэснээр нэг нэгнээ хайрла гэсэн Есүсийн тушаалыг дагана, бас итгэл нэгтнүүдээ хэчнээн их хайрладгаа Еховад харуулна (Ёох. 13:34). Ах дүү нарынхаа төлөө залбирах нь цагаа үрж байгаа хэрэг биш юм. Бурхны Үгэнд «Шударга сайн хүний шаргуу гуйлт их үр нөлөөтэй» гэж байдаг (Яак. 5:16).
15. Итгэл нэгтнүүдэд маань бидний залбирал хэрэгтэй гэхийн учир юу вэ?
15 Итгэл нэгтнүүд маань янз бүрээр соригддог учир бидний залбирал үнэхээр хэрэгтэй. Өвчин зовлон, байгалийн гамшиг, иргэний дайн, хавчлага эсэргүүцэл эсвэл бусад бэрхшээлийг даван туулахад нь туслаач гэж бид гуйдаг. Бас зовж яваа нэгэндээ тусалж буй ах дүүсийнхээ төлөө залбирдаг. Бэрхшээлтэй хүн таны эргэн тойронд байгаа байх. Та ганцаарчлан залбирахдаа тэдний нэрийг дурдаж болохгүй нь юу билээ? Бэрхшээлийг давахад нь туслахыг Еховагаас гуйдаг нь ах дүүсээ хайрлаж байгаагийн шинж юм.
16. Удирдах үүрэг хүлээдэг хүмүүсийн төлөө яагаад залбирах хэрэгтэй вэ?
16 Хуралд удирдах үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн төлөө залбирах нь нэн тустай бөгөөд тэд ч баярладаг. Үүний үнэнийг элч Паул нотолжээ. Тэрбээр: «Миний төлөө залбир. Тэгвэл зоригтой ярихад минь Бурхан тусалж, би сайн мэдээний ариун нууцыг илчилнэ» гэж бичсэн (Эф. 6:19). Өнөөдөр ч удирдах үүргээ хариуцлагатай гүйцэтгэдэг ах дүүс хурал болгонд бий. Тэднийг маань ивээж, дэмжээч гэж бид Еховагаас гуйж хайртайгаа илэрхийлдэг.
БУСДЫГ ТӨЛӨӨЛЖ ЗАЛБИРАХ НЬ
17, 18. Ямар үед бусдыг төлөөлөн залбирах шаардлага бидэнд гардаг вэ? Ингэхдээ юуг санаж байх учиртай вэ?
17 Заримдаа бусдыгаа төлөөлж залбирах шаардлага гардаг. Библийн хичээл заах гэж байгаа Гэрч эмэгтэй өөр нэг Гэрч эмэгтэйг хичээлдээ урьж оролцуулаад залбирахыг гуйлаа гэж бодъё. Тэгэхэд нь хичээлийн төгсгөлд залбирвал дээр гэсэн бодол уригдсан эмэгтэйд төрж болох юм. Яагаад гэвэл суралцагчийн төлөө юу хэлж залбирахаа хичээлийн явцад мэдэж авдаг.
18 Гэрч эрэгтэй хурлынхаа юм уу дэлгэрүүлэх ажлын цуглаан дээр залбирах болбол цуглааныхаа зорилгыг санаж байх ёстой. Залбирахдаа зөвлөгөө өгөх юм уу зарлал хэлэх хэрэггүй. Дуулах залбирах хоёрыг гол төлөв 5 минутын хугацаанд багтаахаар төлөвлөсөн байдаг учир ялангуяа цуглааны өмнө «олон үг» хэлж залбирах шаардлагагүй (Мат. 6:7).
ЗАЛБИРЛЫГ ЧУХАЛЧЛААРАЙ
19. Бурхны шүүх өдөрт бэлтгэлтэй байхын тулд яах нь чухал вэ?
19 Еховагийн шүүх өдөр ойртож байгаа тул залбирах нь бүр ч илүү чухал. Энэ тухай Есүс: «Сонор сэрэмжтэй бай. Болох ёстой энэ бүхнийг давж аврагдъя, хүний Хүүгийн өмнө зогсъё гэвэл тусламж гуйн цаг үргэлж залбир» гэж хэлсэн (Лук 21:36). Тийм ээ, бид цаг үргэлж залбирдаг бол итгэл маань улам батжиж, Бурхны шүүх өдөрт бэлтгэлтэй байна.
20. Яадаг бол бидний залбирал анхилуун үнэрт утлага мэт байх вэ?
20 Бид юуны тухай ярилцсан бэ? Залбирах завшаанаа эрхэмлэх учиртай. Еховагийн санаа зорилготой шууд холбоотой зүйлийн талаар залбирах нь хамгийн чухал. Бас Хүүгээ өгсөнд нь, Хаант төр захирч байгаад нь талархдаг, мөн итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирдаг.Түүнчлэн өдөр тутмын хэрэгцээг маань хангаж өгөхийг, итгэлээ батжуулахад туслахыг гуйдаг. Хэлэх үгээ сайтар бодож байгаад залбирдаг бол гайхалтай завшаанаа үнэлж байгаа хэрэг. Ийм залбирал Еховад анхилуун үнэрт утлага мэт юм. Өөрөөр хэлбэл «Түүний таалалд нийцдэг» (Сур. 15:8).
ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»
^ Өөрт нь залбирах боломж олгосон Еховадаа бид маш их талархдаг. Залбирал маань Еховад сайхан үнэртэй утлага мэт санагдаасай гэж боддог. Энэ өгүүллээр, юу юуны тухай залбирахыг, бусдыг төлөөлж залбирах үедээ юуг анхаарах ёстойг ярилцана.
^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Нөхөр нь эхнэртэйгээ хамт сургууль дээр байгаа хүүхдийнхээ талаар, өндөр настай аавынхаа эрүүл мэндийн талаар, Библийн суралцагчийнхаа ахиц дэвшлийн талаар залбирч байна.
^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу Есүсийн золиос, гэр болсон гайхалтай дэлхий, шим тэжээлтэй хүнс өгсөнд нь талархан залбирч байна.
^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй агуу хүчээрээ Удирдах Зөвлөлийн гишүүдийг ивээхийг, байгалийн гамшигт нэрвэгдсэн болон хавчигдаж байгаа итгэл нэгтнүүдэд туслахыг Еховагаас гуйж байна.