СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 35
Бие биедээ тусалж байгаарай
«Бие биеийнхээ урам зоригийг бадрааж, Бурхантай дотносоход нь тусалж ... байгаарай» (1 ТЕС. 5:11).
ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе
ТОЙМ a
1. 1 Тесалоник 5:11-д бичсэнээр бид ямар ажил хийдэг вэ?
ТАНАЙ хурал шинэ танхим барих юм уу хуучныгаа шинэчлэн засаж байсан уу? Хэрэв тийм бол та тэр танхимд болсон анхны цуглаанд сууж байсан үеэ санадаг байх. Еховад гүнээ талархсан нь лавтай. Бас маш их баярласандаа дуулж ч чадахгүй болтлоо сэтгэл хөдөлсөн байж болох юм. Чанартай баригдсан цуглааны танхимууд Еховаг алдаршуулдаг. Гэхдээ бид өөр төрлийн барилгын ажилд оролцож Еховаг бүр ч их магтан алдаршуулдаг. Өөрөөр хэлбэл энэ нь барилга байшин барихаас илүү чухал бөгөөд танхимд цуглардаг хүмүүсийг бэлгэдлийн утгаар барьж байгуулах ажил юм. Энэ өгүүллийн гол Библийн зүйл болох 1 Тесалоник 5:11-д байгаа үгийг Элч Паул бичихдээ бэлгэдлийн утгаар барьж байгуулах буюу нэг нэгэндээ туслахыг хэлсэн (уншина).
2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Итгэл нэгтнүүддээ туслах талаар элч Паул гайхалтай жишээ үлдээсэн. Тэрбээр их өрөвч хүн байсан. Энэ өгүүллээр 1) бэрхшээлийг даван гарахад, 2) бие биетэйгээ эв найртай байхад, 3) Еховад бат итгэдэг болоход нь ах дүүстээ хэрхэн тусалсныг үзнэ. Бид ч түүнийг дуурайж итгэл нэгтнүүддээ яаж туслахаа мэдэж авна (1 Кор. 11:1).
ПАУЛ СОРИЛТЫГ ДАВАХАД ИТГЭЛ НЭГТНҮҮДДЭЭ ТУСАЛСАН
3. Паул ямар үзэл бодолтой байсан бэ?
3 Амьдралын хатуу хүтүүд нухлагдаж явсан Паул зовлон туулж яваа итгэл нэгтнүүдээ өрөвддөг, бас маш их хайрладаг байв. Нэг удаа Паул мөнгөгүй болоход өөрийгөө ч, хамт байсан хүмүүсээ ч тэжээхийн тулд ажил олох хэрэг гарсан (Үйлс 20:34). Тэрбээр майхан оёдог байсан болохоор Коринтод ирснийхээ дараа бас ийм ажилтай Акул Прискила хоёртой хамтарч ажилласан. Гэхдээ «амралтын өдөр бүр» иудейчүүд, грекчүүдэд дэлгэрүүлдэг байв. Дараа нь Тимот Силас хоёрыг ирэхэд «Паул Бурхны үгийг тунхаглах ажилд өөрийгөө бүрэн зориулсан» (Үйлс 18:2–5). Тэрбээр Еховад үйлчлэх гол зорилго буюу идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэхээ хэзээ ч огоорч байгаагүй. Мөн хэрэгцээгээ хангахын тулд хөдөлмөрлөхийн зэрэгцээ ах дүүсээ ч урамшуулан зоригжуулдаг байв. Элдвийн дарамт, гэр бүлээ тэжээх хэрэгцээ шаардлагаас болоод Еховад үйлчлэх гэсэн «илүү чухал юмыг» орхигдуулж болохгүйг сануулсан (Флп. 1:10).
4. Паул Тимот хоёр хавчлагыг тэвчихэд нь ах дүүстээ хэрхэн тусалсан бэ?
4 Тесалоник хотод хурал байгуулагдсаны дараахан шинэ дагалдагчдад ширүүн эсэргүүцэл тулгарав. Уурлаж хилэгнэсэн танхай этгээдүүд Паул Силас хоёрыг олж чадаагүй тул «өөр хэдэн дагалдагчийг хотын захирагчид руу чирч авчраад» «Тэд ... Цезарийн тушаалыг зөрчи[ж байна]» гэж хашхиралдав (Үйлс 17:6, 7). Хотынхон өөрсдийг нь эсэргүүцэж байгааг Христийн шинэхэн дагалдагчид мэдээд ямар их цочирдсоныг та төсөөлж байна уу? Айснаасаа болоод Еховад үйлчлэх зүтгэл нь намхарч магадгүй байсан. Харин Паул ийм болоосой гэж хүсээгүй. Тиймээс Паул Силас хоёр хотоос гарах шаардлагатай болсон ч шинэхэн хуралд санаа тавьсаар байв. Паул тесалоникчуудад «Бурхны үйлчлэгч Тимотыг та нар луу явуулсан билээ. Та нарыг урамшуулан зоригжуулж, тайвшруулах зорилгоор түүнийг явуулсан нь итгэлийг тань батжуулахын тулд юм. Тэгвэл та нарын хэн нь ч зовлонгоос болж шантрахгүй» гэж бичжээ (1 Тес. 3:2, 3). Тимот ч төрөлх хот Лустрад байхдаа хавчигдаж явсан бололтой. Паул тэндхийн ах дүүсийг хэрхэн зоригжуулж байсныг тэрбээр анзаарсан. Тэгээд нөхцөл байдлыг Ехова хэрхэн сайнаар эргүүлснийг харсан учраас бүх юм сайхан болно гэж ах дүүстээ батлан хэлсэн (Үйлс 14:8, 19–22; Евр. 12:2).
5. Брайант гэдэг Гэрч залууд нэг ахлагч хэрхэн тусалсан бэ?
5 Паул итгэл нэгтнүүдээ өөр яаж зоригжуулсан бэ? Паул Барнаб хоёр Лустра, Иконион, Антиохт дахин очихдоо «хурал бүрд ахлагчдыг томилсон» (Үйлс 14:21–23). Тэд өнөөгийн ахлагчид шиг хурлынхныг тайвшруулдаг байсан нь ойлгомжтой. Брайант гэдэг Гэрч эрэгтэй юу гэж хэлснийг анхаараарай. «Намайг 15-тай байхад аав минь гэрээсээ явж, ээж минь хурлаас хасагдсан. Би сэтгэлээр унаж үнсэнд хаягдсан шалз шиг л болсон». Энэ хүнд хэцүү зовлонг Брайант хэрхэн давсан бэ? Тэрбээр: «Тони гэдэг ахлагч цуглаан дээр ч, бусад үед ч надтай байнга ярилцдаг байсан. Хавчигдсан ч баяр баясгалангаа алдаагүй хүмүүсийн тухай ярьдаг. Тэгээд Дуулал 27:10-ыг уншаад Хезекиа үлгэр дуурайлгүй аавтай атлаа Еховад үнэнч үйлчилснийг ярьж өгдөг байсан» гэжээ. Энэ нь Брайантад хэрхэн нөлөөлсөн бэ? Тэрбээр: «Тони ахын ачаар би бүрэн цагаар үйлчилж эхэлсэн» гэжээ. Ахлагчид аа, «эелдэг үг» хэлж урмыг нь сэргээх шаардлагатай Брайант шиг хүмүүст туслахад хэзээд бэлэн байгаарай (Сур. 12:25).
6. Паул ах дүүсээ хэрхэн зоригжуулсан бэ?
6 Паул итгэл нэгтнүүддээ Бурхны хүчээр зовлонгоо давсан «агуу том үүл мэт олон гэрч» байсныг сануулсан (Евр. 12:1). Урьд өмнө янз бүрийн бэрхшээлийг давж гарсан хүмүүсийн түүх нь ах дүүсийг эр зоригтой болгож, «амьд Бурхны хотыг» анхаарсаар байхад нь тусална гэдгийг ойлгож байв (Евр. 12:22). Өнөөдөр ч мөн адил. Гидеон Барак Давид Самуел зэрэг хүмүүст Ехова хэрхэн тусалсныг уншаад зоригждоггүй хүн гэж байхгүй шүү дээ (Евр. 11:32–35). Итгэлийн жишээ болсон орчин үеийн хүмүүсийн тухай юу хэлж болох вэ? Тэдний тухай уншаад урамшин зоригжсон ах дүүс маань байгууллагынхаа төвд захиа илгээх нь элбэг.
ПАУЛ ИТГЭЛ НЭГТНҮҮДДЭЭ ЭВТЭЙ БАЙХАД НЬ ТУСАЛСАН
7. Ром 14:19–21-д бичсэн Паулын зөвлөгөөнөөс та юу ойлгож авсан бэ?
7 Бид хурлынхаа эв нэгдэлд хувь нэмэр оруулах юм хийж, хэлдэг бол ах дүүстээ тусалж байгаа хэрэг юм. Санал зөрөлдсөнөөс болоод талцан хуваагдах ёсгүй. Библийн зарчмыг зөрчөөгүй л бол аль болохоор уян хатан байхыг хичээдэг. Дараах жишээг бодож үзээрэй. Ром дахь хуралд иудей болон харь үндэстэн дагалдагчдын аль аль нь байсан. Мосегийн хуулийг хүчингүй болгосноор зарим хоолыг хориглодог заалт хүчингүй болсон (Марк 7:19). Тиймээс зарим иудей дагалдагч бүх төрлийн хоолыг иддэг болжээ. Гэхдээ иудей дагалдагчдын дунд хориглодог байсан хоолыг урьдынх шигээ иддэггүй хүмүүс ч байв. Үүнээс болоод хурал хуваагдсан. Паул эвтэй байхын чухлыг онцолж «Мах идэхгүй, дарс уухгүй, ах дүүгээ бүдрүүлэх өөр ямар ч юм хийхгүй байх нь хамгийн сайн» гэсэн (Ром 14:19–21-ийг уншина). Тэгээд Паул итгэл нэгтнүүд хоорондоо ийн маргалдах нь тухайн хүнд болон хуралд хор хөнөөлтэйг ойлгуулсан. Бас бусдыг бүдрүүлэхгүйн тулд өөрийгөө өөрчлөхөд ч бэлэн байв (1 Кор. 9:19–22). Бид үзэл бодлоо хамгаалах гэж маргалдахаас зайлсхийдэг бол бусдадаа тусалж, эв нэгдлийг эрхэмлэж байгаа хэрэг болно.
8. Чухал асуудлаас болоод хурлын амар тайванд аюул учрах гэж байхад Паул яасан бэ?
8 Зарим чухал асуудлаар санал зөрөлдвөл эв нэгдлийг эрхэмлэх талаар сайхан жишээ үлдээсэн хүн бол Паул. I зууны хурлын зарим нь магадгүй гадныханд шүүмжлүүлэхээс зайлсхийхийн тулд харь үндэстэн шинэхэн дагалдагчдыг хөвч хөндүүл гэж шаардаж байв (Гал. 6:12). Паул үүнтэй огт санал нийлээгүй ч өөрийгөө зөвтгөхийн оронд даруу байж, тулгамдсан асуудлыг Иерусалим дахь элч нар болон ахлагч нараар шийдүүлэхээр болдог (Үйлс 15:1, 2). Паул хурлынханд ийнхүү тусалж Бурханд эв нэгдэлтэй, баяр хөөртэй үйлчлэхэд нь нэмэр болсон (Үйлс 15:30, 31).
9. Бид Паулыг хэрхэн дуурайх вэ?
9 Хэрэв хуралд ноцтой асуудлаас болоод маргаан гарвал бид Еховагийн томилсон хүмүүсээс удирдлага заавар авч хурлынхаа эв нэгдэлд хувь нэмэр оруулдаг. Бас байгууллагаас гаргадаг заавар болон хэвлэлүүдээс Библид үндэслэсэн заавар авах боломжтой. Хэрэв бид үзэл бодлоо дээгүүр тавилгүй эдгээр удирдамжийг дагадаг бол хурлынхаа эв нэгдлийг хадгалахад тусалж байгаа хэрэг юм.
10. Паул хурлынхаа эв нэгдэлд хувь нэмэр оруулахын тулд өөр яасан бэ?
10 Паул бас ах дүүсийнхээ муу талыг биш, сайн зан чанарыг нь онцолдог байснаар эв нэгдлийг эрхэмлэдгээ харуулсан. Жишээлбэл Ромын дагалдагчдад бичсэн захидлынхаа төгсгөлд итгэл нэгтнүүдийнхээ нэрийг дурдаж, сайн үйлсийг нь бичсэн. Бид ч бас Паулыг дуурайж ах дүүсийнхээ сайн чанарыг онцолж болно шүү дээ. Ингэдэг бол бид нэг нэгэнтэйгээ улам дотно болж, улам бүр хайрлана.
11. Хэрэв маргаан гарвал амар тайвныг хэрхэн бий болгох вэ?
11 Төлөвшсөн Христийн дагалдагчдад ч санал нийлэхгүй, маргалдах үе гардаг. Ийм явдал Паул Барнаб хоёрт тохиолджээ. Тэд дараагийн миссионерын аялалдаа Маркийг авч явах асуудлаар санал зөрөлдөж «ширүүн маргалддаг». Тэгээд салж явдаг (Үйлс 15:37–39). Гэхдээ Паул Барнаб Марк гурав хоорондоо эвлэрснийг бодвол хурлынхаа амар тайван, эв нэгдлийг эрхэмлэдэг байсныг нь ойлгож болно. Паул хожим нь Барнаб Марк хоёрын талаар сайнаар бичсэн байдаг (1 Кор. 9:6; Кол. 4:10). Бид ч хурлынхаа хэн нэгэнтэй муудалцвал сайдах учиртай. Тэгээд тухайн хүнийхээ сайхан зан чанарыг хойшид ч анхаардаг байх шаардлагатай. Ийм байвал бид хурлынхаа амар тайван, эв нэгдэлд хувь нэмрээ оруулна (Эф. 4:3).
ПАУЛ АХ ДҮҮСИЙНХЭЭ ИТГЭЛИЙГ БАТЖУУЛСАН
12. Ах дүүст маань ямар бэрхшээл тулгардаг вэ?
12 Бид ах дүүсийнхээ Еховад итгэх итгэлийг батжуулан тэдэндээ тусалдаг. Зарим итгэл нэгтнүүдийг маань итгэгч бус гэрийнхэн, ажлын газрынхан юм уу сургуулийнхан шоолдог. Нөгөө зарим нь хүнд өвчин тусдаг. Бас гомдлоо мартах гэж хичээдэг хүн байдаг. Түүнчлэн баптисм хүртсэнээсээ хойш олон жилийн хугацаанд энэ тогтолцооны төгсгөлийг хүлээж байгаа хүн ч бий. Эдгээр бэрхшээл заримдаа Христийн дагалдагч хүнд сорилт болдог. Христийн I зууны дагалдагчдад ч ийм бэрхшээл учирч байсан. Паул ах дүүсийнхээ итгэлийг батжуулахын тулд яасан бэ?
13. Итгэл үнэмшлээсээ болж доог тохуу болсон хүмүүст Паул хэрхэн тусалсан бэ?
13 Паул ах дүүсийнхээ итгэлийг батжуулахдаа Судрыг ашигладаг байсан. Жишээлбэл иудей шашин Христийнхээс илүү гэсэн үзэлтэй итгэгч бус гэрийнхэн нь шүүмжлэхэд иудей дагалдагчид юу гэж хариулахаа мэдэхгүй байсан байж болох юм. Гэхдээ еврейчүүдэд бичсэн Паулын захидал тэднийг зоригжуулсан нь лавтай (Евр. 1:5, 6; 2:2, 3; 9:24, 25). Тэд Паулын бичсэн хөдөлшгүй нотолгооны тусламжтайгаар өөрсдийг нь буруутгагчдыг дуугүй болгож чадсан байх. Өнөөгийн хүмүүс ч итгэл нэгтнүүдийг маань элэглэн шоолдог. Тэдэндээ Библийн үндэстэй хэвлэлийг хэрхэн ашиглахад нь тусалж болно. Хэрэв хүүхэд залуусыг Бүтээгчид итгэдэг хэмээн дооглож тохуурхдаг бол «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 6-р хичээл, «Сэрцгээ!» сэтгүүлийн 2021 оны №3-аас амьд биес бүтээгдсэн гэдэгт яагаад итгэдгээ тайлбарлахад нь тусалж болно.
14. Хэдийгээр Паул дэлгэрүүлэх, заах ажил хийгээд завгүй байсан ч юу хийсэн бэ?
14 Паул ах дүүсээ «сайн юм» хийж, хайраа илэрхийлэхийг уриалсан (Евр. 10:24). Тэрбээр тэдэндээ зөвхөн үг хэлээрээ бус, үйл хэргээрээ тусалсан. Жишээлбэл Иудейд өлсгөлөн болоход Паул тэдэндээ тус дэм болох гээд тусламжийн бараа авчирдаг (Үйлс 11:27–30). Үнэндээ Паул дэлгэрүүлэх, заах ажил хийгээд завгүй байсан ч эд юмаар гачигдаж байгаа нэгэндээ туслах бүх арга замыг үргэлж хайдаг байсан (Гал. 2:10). Ийнхүү Ехова тэдэнд санаа тавьдагт итгэх итгэлийг нь батжуулдаг байв. Өнөөдөр байгалийн гамшиг болох үед цаг хүч, авьяас чадвараа зориулдаг бол, бас байгууллагынхаа дэлхий дахины үйл хэрэгт хандив өргөдөг бол ах дүүсийнхээ итгэлийг батжуулж байгаа хэрэг юм. Ехова тэднийг маань хэзээ ч орхидоггүй гэдэгт итгэхэд нь туслахын тулд дээрх болон бусад аргыг хэрэглэдэг.
15, 16. Итгэл нь суларсан нэгэндээ хэрхэн санаа тавих вэ?
15 Паул итгэл нь суларсан нэгэндээ тусалсаар байсан. Тэдэнтэй өөдрөг, хайрын сэтгэлээр ярьж, өрөвддөг байсан (Евр. 6:9; 10:39). Жишээлбэл еврейчүүдэд бичсэн захидалдаа «бид» гэдэг үгийг олонтоо хэрэглэж өгсөн зөвлөгөөгөө өөрөө ч хэрэгжүүлэх ёстойгоо хүлээн зөвшөөрч байсан (Евр. 2:1, 3). Бид ч Паулыг дуурайж итгэл нь суларсан нэгэндээ тусалж, чин сэтгэлээсээ санаа тавих учиртай. Ийнхүү тэднийгээ хайрладгаа харуулна. Хэлэх үгээ сайн бодохоос гадна эелдэг зөөлөн яривал тэд маань урамшина.
16 Ехова итгэл нэгтнүүдийнх нь сайн үйлийг мэддэг гэдгийг Паул батлан хэлсэн (Евр. 10:32–34). Итгэл нь суларсан нэгэндээ бид ч ийнхүү тусалж болно. Үнэнийг хэрхэн мэдсэнийг, Еховагийн тусламжийг яаж мэдэрч байсныг нь яриулж болно. Мөн Ехова өмнөх үйл хэрэг, хайрыг нь мартаагүй бөгөөд ирээдүйд ч орхихгүй гэдгийг энэ боломжийг ашиглан батлан хэлж болохгүй нь юу билээ? (Евр. 6:10; 13:5, 6). Ийнхүү ярилцвал хайртай итгэл нэгтэн маань Еховад тасралтгүй үйлчлэх хүсэлтэй болж болох юм.
«БИЕ БИЕИЙНХЭЭ УРАМ ЗОРИГИЙГ БАДРААЖ ... БАЙ»
17. Ямар чадвараа сайжруулсаар байх вэ?
17 Барилгачин хүний арга барил аажмаар сайжирдаг шиг бид ч нэг нэгэндээ туслах арга барилаа улам бүр сайжруулдаг. Өнгөрөн одсон он жилүүдэд сорилтыг тэвчсэн хүмүүсийн жишээг итгэл нэгтэндээ ярьж, сорилтыг давахад нь тусалдаг. Бид бусдын сайн талыг онцолж эв найртай байх, талцан хуваагдах аюул нүүрлэсэн үед эв нэгдлийг батжуулах, маргаан гарсан үед эв нэгдлийг сэргээх боломжтой. Бид итгэл нэгтнүүдтэйгээ Библийн чухал үнэнийг хуваалцаж, бодитой тусламж үзүүлж, итгэл нь суларсан нэгэндээ тусалж тэднийхээ итгэлийг батжуулсаар байна.
18. Та яахаар бат шийдсэн бэ?
18 Байгууллагын барилга барих ажилд оролцдог хүмүүс аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг. Бид ч ах дүүсийнхээ итгэлийг батжуулахад тусалдаг бол бас аз жаргалтай, сэтгэл хангалуун байна. Ер нь барилга байшин элэгдэж мууддаг. Харин бэлгэдлийн утгаар барьсан бидний барилга нь хэзээ ч элэгдэхгүй, харин ч үүрд мөнх байна! Тиймээс «бие биеийнхээ урам зоригийг бадрааж, Бурхантай дотносоход нь тусалж байхаар» бат шийдэцгээе (1 Тес. 5:11).
ДУУ 50 Хайрын Бурхныг дууриая
a Энэ ертөнцийн амьдрал маш хүнд байна. Итгэл нэгтнүүд маань хүнд дарамтад байдаг. Бид тэднийгээ урамшуулан зоригжуулах арга хайдаг бол их тус дэм болно. Элч Паулын жишээг судлах нь ингэхэд тустай.
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Крисмас баярыг тэмдэглэх дарамтад орсон охиндоо бэрхшээлийг даван гарахад нь туслах зорилгоор манай хэвлэлд гарсан заавар зөвлөгөөг яаж ашиглахыг аав нь харуулж байна.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гамшигт нэрвэгдсэн ах дүүстээ туслахаар холоос ирсэн нэгэн хос.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Нэг ахлагч итгэл нь суларсан нэгнээ эргэж очоод Байнгын эхлэгчийн сургуульд хамт суралцахдаа авхуулсан зургаа үзүүлж байна. Зургуудыг хараад баяр хөөртэй байсан дурсамж нь сэргэж, Еховад дахин үйлчилж баяр хөөртэй болохыг хүсэж байна. Тэгээд яваандаа хуралдаа буцаж ирдэг.