СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 2
«Үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил»
«Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг сайн мэдэж авахын тулд үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил» (РОМ 12:2).
ДУУ 11 Еховаг баярлуулъя
ТОЙМ a
1, 2. Баптисм хүртсэний дараа ч байнга яах ёстой вэ? Тайлбарлана уу.
ТА ГЭРЭЭ тогтмол цэвэрлэдэг үү? Анх нүүж ирээд их цэвэрлэгээ хийсэн байх. Харин түүнээс хойш цэвэрлэхгүй бол юу болох вэ? Тун удалгүй тоос шороонд дарагдах нь ойлгомжтой. Цэвэрхэн байхын тулд гэрээ тогтмол цэвэрлэх шаардлагатай.
2 Үүнтэй адилаар бодол санаа, зан авираа ч байнга засах хэрэгтэй. Бид баптисм хүртэхээсээ өмнө «бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэхийн» тулд маш их хичээсэн нь ойлгомжтой (2 Кор. 7:1). Гэхдээ элч Паулын зөвлөснөөр «байнга шинэчлэх ёстой» (Эф. 4:23). Яагаад? Учир нь энэ ертөнцийнхний «тоос шороонд» тун удахгүй дарагдана. Тиймээс Еховад сайшаагдахын тулд ертөнцийнхний нөлөөнд автахаас сэрэмжилж, бодол санаа, зан чанар, хүсэл сонирхлоо байнга шалгах хэрэгтэй.
«ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧИЛ[СӨӨР]» БАЙГААРАЙ
3. «Үзэл бодлоо өөрчилнө» гэдэг нь юу гэсэн үг вэ? (Ром 12:2).
3 Үзэл бодлоо өөрчлөхийн тулд яах хэрэгтэй вэ? (Ром 12:2-ыг уншина). «Үзэл бодлоо өөрчлөх» гэж орчуулсан грек үгийг «үзэл бодлоо шинэчлэх» гэж бас орчуулж болно. Тэгэхээр хэдхэн юмыг л сайжруулна гэсэн үг биш. Харин дотроос нь харвал ямар хүн бэ гэдгээ сайтар бодож Еховагийн хэм хэмжээнд аль болох нийцүүлэхийн тулд өөрчлөх шаардлагатай юмыг засаж залруулах хэрэгтэй. Гэхдээ нэг удаа биш байнга засах шаардлагатай.
4. Энэ ертөнцийнхний хэвэнд цутгуулахгүйн тулд яах вэ?
4 Бид төгс болохоороо Еховаг үргэлж баярлуулах боломжтой. Харин одоо бол Еховад таалагдахын тулд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Ром 12:2-т юу гэж бичсэнийг анхаараарай. Паул Бурхан биднээс юу хүсдэгийг мэдэж авахын тулд үзэл бодлоо өөрчлөх шаардлагатай гэсэн. Бид энэ ертөнцийнхний хэвэнд өөрсдийгөө цутгуулах ёсгүй. Энэ ертөнцийнхний заншсанаар бус, харин Бурхны үзэл бодолд нийцэх зорилго тавьж, шийдвэр гаргадаг эсэхээ мэдэхийн тулд өөрсдийгөө шалгах хэрэгтэй.
5. Еховагийн өдөр ойртож байгааг боддог эсэхээ хэрхэн шалгах вэ? (Зургийг үзээрэй).
5 Жишээ ярилцъя. «Еховагийн өдөр ирэхийг тод санаж байхыг» Ехова биднээс хүсдэг (2 Петр 3:12). Та өөрөөсөө «Би энэ ертөнцийн төгсгөл ойртож буйг ойлгож байгаагаа хэрхэн амьдардгаараа харуулдаг уу? Боловсрол, ажлын талаар гаргасан шийдвэрээрээ Еховад үйлчлэхийг хамгийн чухал гэж үздэгээ баталдаг уу? Надад болон манай гэрийнхэнд Ехова санаа тавина гэдэгт итгэдэг үү, эсвэл эд юмны талаар байнга санаа зовдог уу?» гэж асуугаарай. Хүсэл тааллынх нь дагуу амьдарвал Ехова хэчнээн их баярлахыг бодоорой (Мат. 6:25–27, 33; Флп. 4:12, 13).
6. Бид тогтмол яах шаардлагатай вэ?
6 Бид бодол санаагаа тогтмол шалгаж, засаж залруулж байх шаардлагатай. Паул коринтчуудад «Христийн дагалдагчийн ёсоор амьдардаг эсэхээ үргэлж шалгаж, өөрсдийгөө баталж бай» гэж хэлсэн (2 Кор. 13:5). «Христийн дагалдагчийн ёсоор амьдарна» гэдэг нь цуглаанд сууж, хааяа дэлгэрүүлэхийг л хэлэхгүй. Тиймээс юу бодож, хүсэж, ямар сэдэл хандлагатай байгаагаа шалгах хэрэгтэй. Бид үзэл бодлоо өөрчлөхийн тулд Бурхны үгийг уншиж, түүн шиг бодож сурах учиртай. Тэгээд Еховагийн хүсэл таалалд нийцүүлэхийн тулд чадах бүхнээ хийх нь зүйтэй (1 Кор. 2:14–16).
«ШИНЭ ХҮНИЙГ ӨМСӨӨРЭЙ»
7. Эфэс 4:31, 32-ыг үзвэл бид өөр яах шаардлагатай вэ? Яагаад хэцүү байж болох вэ?
7 Эфэс 4:31, 32-ыг уншина. Бид бодол санаагаа өөрчлөхөөс гадна бас «шинэ хүнийг өмсөх» шаардлагатай (Эф. 4:24). Ингэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргаж олон юм хийх учиртай. Юуны өмнө өширхөн хорсох, уурлан хилэгнэх зэрэг муу зан авираасаа салах хэрэгтэй. Ингэх нь яагаад хэцүү байж болох вэ? Учир нь бидэнд байдаг зарим муу зан чанарыг үндсээр нь суга татах боломжгүй байдаг. Жишээлбэл Библид бичсэнээр угаасаа «ууртай хүн» юм уу, юм л бол уурлах хандлагатай хүмүүс бий (Сур. 29:22). Ийм ужиг зан чанараасаа салахын тулд баптисм хүртсэний дараа ч хичээх хэрэгтэйг дараах жишээнээс үзье.
8, 9. Хуучин хүнээ тайлахын тулд өөртэйгөө байнга ажиллах хэрэгтэйг Стивенд тохиолдсон явдал хэрхэн харуулдаг вэ?
8 Стивен гэдэг Гэрч эрэгтэйд уураа барих нь маш хэцүү байдаг байв. Тэрбээр: «Би баптисм хүртсэнийхээ дараа ч хичээх хэрэгтэй байсан. Жишээ нь нэг удаа айлаар дэлгэрүүлж явахдаа машины минь радиог хулгайлаад зугтсан хүний араас хөөсөн. Бариад авах гэтэл хулгайч радиог хаяад зугтчихсан. Хамт дэлгэрүүлсэн хүмүүстээ болсон явдлыг ярихад нэг ахлагч надаас “Хэрвээ хулгайчийг барьж амжсан бол чи яах байсан бэ?” гэж асуусан. Тэгэхэд нь би өөрийн эрхгүй эргэцүүлэн бодож, эв эеийг сахихын тулд цаашдаа ч хичээх хэрэгтэйгээ ойлгосон» гэж ярьжээ. b
9 Стивенд болсон явдлаас үзэхэд муу зан чанараа гээсэн гэж бодсон ч гэнэт цухалзаж болзошгүй. Танд ч ийм юм тохиолдож болох юм. Гэхдээ Христийн дагалдагч байж чадахгүй нь гэж сэтгэлээр бүү унаарай. Элч Паул ч «Сайныг хийхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг» гэж хэлсэн (Ром 7:21–23). Христийн дагалдагчид бүгд төгс бус учраас муу зан чанар үе үе илэрдэг. Энэ нь гэрээ цэвэрлэсэн ч эргээд тоос тортог болдогтой адил юм. Сайхан зан чанартай байгаад л байхын тулд байнга хичээх хэрэгтэй. Яаж?
10. Муу зан чанартайгаа хэрхэн тэмцэх вэ? (1 Ёохан 5:14, 15).
10 Муу зан чанараасаа салахад туслаарай гэж залбираарай. Ехова таныг сонсоно, тусална гэдэгт итгээрэй (1 Ёохан 5:14, 15-ыг уншина). Ехова гайхамшгаар муу ааш авирыг арилгахгүй ч, бууж өгөхгүй байхад тань туслан хүч тэнхээ хайрлана (1 Петр 5:10). Залбирлынхаа дагуу үйлдэж, зан чанарт тань муугаар нөлөөлөх юмнаас хол яваарай. Жишээлбэл салъя гэж бодож байгаа зан чанарыг тань сайн юм шигээр дүрсэлсэн кино, телевизийн хөтөлбөр үзэх юм уу өгүүлэл унших хэрэггүй. Муу юм бодогдвол тэр даруйд нь таягдан хаяарай (Флп. 4:8; Кол. 3:2).
11. Шинэ хүнийг өмсөөд тайлахгүй байхын тулд яах вэ?
11 Муу зангаа гээхийн зэрэгцээ сайныг хөгжүүлэх нь чухал. Яаж хөгжүүлэх вэ? Еховагийн зан чанарыг судалж дуурайхыг зорилгоо болгоорой (Эф. 5:1, 2). Жишээлбэл Библиэс Еховагийн уучламтгай зан чанарын тухай уншихдаа өөрөөсөө «Би бусдыг дуртайяа уучилдаг уу?» гэж асуугаарай. Зовлон туулж байгаа хүмүүст Ехова өрөвч сэтгэл гаргасан тухай уншихдаа өөрөөсөө «Би итгэл нэгтнүүдээ хэцүү үед нь өрөвддөг үү? Үүнийгээ үйл хэргээрээ харуулдаг уу?» гэж асуугаарай. Шинэ хүнийг өмсөн үзэл бодлоо өөрчлөөд л байгаарай. Ингэх нь амаргүй ч тэвчээрэй.
12. Библи хүнийг өөрчлөх чадалтайг Стивен хэрхэн харуулсан вэ?
12 Дээр дурдсан Стивен шинэ хүнийг өмсөж эхэлснээ анзаарсан. Тэрбээр: «Баптисм хүртсэнээсээ хойш уурыг минь хүргэсэн олон тохиолдолтой учирсан. Би дургүй хүргэсэн хүмүүсээс холдон зугтаж эсвэл нөхцөл байдлыг муутгахгүйгээр учраа олж сурсан. Үүнийг харсан найз нөхөд, эхнэр маань ч намайг магтдаг байв. Би өөрөө ч их гайхсан. Гэхдээ өөрөө өөрийгөө өөрчлөөгүй нь мэдээж. Энэ нь Библи хүнийг өөрчилдгийн баталгаа юм» гэжээ.
МУУ ХҮСЭЛТЭЙГЭЭ ТЭМЦЭЭД Л БАЙГААРАЙ
13. Зөв юм хийх хүсэлтэй болоход Ехова хэрхэн туслах вэ? (Галат 5:16).
13 Галат 5:16-г уншина. Зөв юм хийх гэж тэмцэхэд Ехова агуу хүчээ харамгүй өгч тусалдаг. Бурхны Үгийг унших үед агуу хүч нөлөөлдөг. Бас цуглаанд суувал агуу хүчээр удирдуулдаг бөгөөд бидэнтэй адил зөв юм хийхийг хичээдэг ах дүүстэйгээ хамт байхаараа сэтгэл сэргэдэг (Евр. 10:24, 25; 13:7). Түүнчлэн шаргуу залбирвал сул талтайгаа тэмцэх тэнхээтэй болдог. Энэ бол Ехова агуу хүчээрээ тусалсны илрэл юм. Дээрх гурван зүйл нь муу хүслийг маань арилгахгүй байж болох ч, муу хүсэлдээ хөтлөгдөхгүй, бас тэмцэхэд тусалдаг. Галат 5:16-д агуу хүчээр удирдуулдаг хүн «нүгэлт хүслээ огт дагахгүй» гэж бичжээ.
14. Зөв юм хийх хүсэлтэй болохын тулд байнга хичээх нь яагаад чухал вэ?
14 Бурхантай дотно байхад тустай зүйлийг хийдэг болсныхоо дараа ч цаашид үргэлжлүүлээд байгаарай. Бас сайн юм хийх хүсэлтэй болох гэж байнга хичээх нь чухал. Яагаад? Муу юм хийхийг ямагт өөгшүүлдэг нэг дайсан бидний дотор бий. Энэ бол муу хүсэл юм. Баптисм хүртсэний дараа ч мөрийтэй тоглоом тоглох, архи дарс хэтрүүлэн хэрэглэх, порно үзэх зэрэг зайлсхийх ёстой зүйлд татагдаад байж болох юм (Эф. 5:3, 4). Нэг Гэрч залуу: «Миний хувьд хамгийн хэцүү зүйл нь ижил хүйстэй хүнд татагдах явдал байв. Би үүнийг түр зуурынх л гэж бодсон чинь одоо болтол намайг зовоож байна» гэжээ. Ямар нэгэн муу хүсэлдээ татагдаад байвал яах нь зүйтэй вэ?
15. Муу хүсэл нь «хүнд тохиолддог л» сорилт гэдгийг мэдэхээр яагаад тайвширдаг вэ? (Зургийг үзээрэй).
15 Муу хүсэл гэдэг зальт дайсантайгаа тэмцэгч нь та ганцаараа биш гэдгийг санаарай. Библид «Та нарт тулгардаг сорилт бол хүнд тохиолддог л юм» гэжээ (1 Кор. 10:13а). Үүнийг Библийн бас нэг орчуулгад «Хүн төрөлхтөнд тохиолдоогүй сорилт та нарт тохиолдохгүй» гэж буулгасан байдаг. Энэ зүйлийг Коринт дахь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх итгэл нэгтнүүдэд зориулж бичжээ. Тэдний зарим нь садар самуун явдалтан, ижил хүйстэнтэйгээ явалддаг хүн, архичин байсан (1 Кор. 6:9–11). Тэд баптисм хүртсэнийхээ дараа муу хүсэлтэйгээ тэмцэх шаардлагагүй болсон гэж та боддог уу? Ингэж бодох учиргүй. Тэд Христийн тослогдсон дагалдагч байсан нь үнэн боловч бүгдээрээ төгс бус. Үе үе муу хүсэлтэйгээ тэмцэх шаардлага гардаг байсан нь ойлгомжтой. Үүнийг бодохоор бид тайвширдаг. Яагаад? Учир нь таны тэмцээд байгаа муу хүслийн өмнө өвдөг сөгдөөгүй хүн байна гэсэн үг. Тэгэхээр та ч «дэлхий даяарх итгэл нэгт ах дүү тань адилхан зовлон эдэлж байгааг санаж, бат итгэлтэй» байж чадна (1 Петр 5:9).
16. Ямар аюулаас зайлсхийх ёстой вэ? Яагаад?
16 Танд тохиолдсон бэрхшээлийг хэн ч ойлгохгүй гэж бодох нь аюултай. Хэрэв бодоод байвал та ямар ч найдваргүй бөгөөд муу хүсэлтэйгээ тэмцэх хүчгүй гэж дүгнэхэд хүрнэ. Харин Библид өөрөөр бичсэн байдаг. Тэнд «Бурхан үнэнч билээ. Тиймээс хэрээс чинь хэтэрсэн сорилт та нарт тулгарахыг зөвшөөрөхгүй. Харин сорилт тулгарлаа гэхэд тэвчихэд туслан, гарах замыг зааж өгдөг» гэж бичжээ (1 Кор. 10:13б). Тиймээс муу хүсэл хэчнээн хүчтэй байсан ч бид тэвчиж чадна. Еховагийн тусламжтайгаар бид муу хүсэлдээ хөтлөгдөхгүй байж чадна.
17. Муу хүсэл өөрийн эрхгүй төрдөг ч бид яах нь зөв бэ?
17 Муу хүсэл төгс бус хүнд өөрийн эрхгүй төрдгийг дандаа санаж яваарай. Хэрэв муу хүсэл төрвөл Потифарын эхнэрээс тэр даруй зугтсан Иосефыг санаж шийдэмгий байгаарай (Эх. 39:12). Муу хүслээ бүү дагаарай.
ХИЧЭЭГЭЭД Л БАЙГААРАЙ
18, 19. Үзэл бодлоо өөрчилье гэж хичээж байгаа хүн өөрөөсөө юу гэж асуух нь зүйтэй вэ?
18 Үзэл бодлоо өөрчилье гэвэл бодол санаа, үйл хэргээ Еховагийн хүсэлтэй нийцүүлэхийн тулд үргэлж хичээх хэрэгтэйг ойлголоо. Ингэхийн тулд өөрийгөө цаг ямагт шалгаж «Би төгсгөл ойртож байгааг ухамсарладгаа үйл хэргээрээ харуулдаг уу? Шинэ хүнийг өмсөх талаар ахиц гаргаж байна уу? Махан биеийнхээ хүсэлдээ хөтлөгдөхгүйн тулд Еховагийн агуу хүчээр удирдуулахыг хичээдэг үү?» гэж асуугаарай.
19 Өөрийгөө шалгахдаа төгс болохыг бус, ямар ахиц гаргаж байгаагаа анхаараарай. Зарим нэг талаар сайжруулах юм байгааг анзаарвал сэтгэлээр бүү унаарай. Харин Филиппой 3:16-д «Ахиж дэвшихийн төлөө хийсэн бүхнээ хийсээр байя» гэж зөвлөснийг дагаарай. Ингэдэг бол үзэл бодлоо өөрчлөх гэсэн хичээл зүтгэлийг тань Ехова заавал ивээнэ.
ДУУ 52 Зүрхээ хамгаалъя
a Элч Паул итгэл нэгтнүүддээ энэхүү хорон муу ертөнцийнхний хэвэнд цутгуулахгүй байхыг захисан. Энэ зөвлөгөө өнөөгийн бидэнд ч тустай. Бид энэ ертөнцийнхний муу нөлөөнд өчүүхэн төдий ч автахгүй байхын тулд тун их хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд Еховагийн хүсэл таалалд нийцэхгүй юм бодож санаж явдгаа анзаарсан бол шууд засах хэрэгтэй. Яаж гэдгийг энэ өгүүллээр үзнэ.
b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 7-р сарын 1-ний дугаарын 10, 11-р хуудасны «Амьдрал минь улам дордсон нь» өгүүллийг уншаарай (англи).
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу дээд боловсрол эзэмших үү, бүрэн цагаар үйлчлэх үү гэдгээ эргэцүүлэн бодож байна.