Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 2

ДУУ 8 Эзний оройн зоог

Та жилийн хамгийн чухал өдөрт бэлэн үү?

Та жилийн хамгийн чухал өдөрт бэлэн үү?

«Намайг дурсаж үүнийг үйлдэж байгаарай» (ЛУК 22:19).

ГОЛ САНАА

Дурсах цуглаан яагаад онцгой вэ? Үүнд хэрхэн бэлдэх вэ? Энэ цуглаанд суухад нь хүмүүст хэрхэн туслах вэ?

1. Дурсах цуглаан жилийн хамгийн чухал өдөр гэхийн учир вэ? (Лук 22:19, 20).

 ЕХОВАГИЙН ард түмний хувьд Есүсийн үхлийг дурсах цуглаан бол жилийн хамгийн чухал өдөр юм. Есүс ганцхан энэ үйл явдлыг тэмдэглэж байхыг дагалдагчдадаа тусгайлан захисан (Лук 22:19, 20-ийг уншина). Энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг олон шалтгаан бидэнд бий. Заримыг нь ярилцъя.

2. Ямар учраас бид Дурсах цуглааныг тэсэн ядан хүлээдэг вэ?

2 Дурсах цуглааны үеэр золиос хэр үнэ цэнтэйг тунгаан бодож, үүнд талархлаа илэрхийлэх ямар ямар боломж байдгийг санадаг (2 Кор. 5:14, 15). Түүнчлэн бид бие биеэ урамшуулан зоригжуулдаг (Ром 1:12). Идэвхгүй болсон олон хүн жил бүр энэ цуглаанд ирдэг. Тэднийг халуун дотноор угтаж, санаа тавихад Ехова руу эргэж ирэхээр шийддэг хүмүүс бий. Мөн Библийг сонирхож цуглаанд ирсэн олон хүн харж, сонссон зүйлдээ сэтгэл нь хөдөлж амийн замаар явах шийдвэр гаргадаг. Ийм учраас Дурсах цуглаан бидний хувьд үнэхээр онцгой!

3. Дурсах цуглаан дэлхий дахины ахан дүүсийг хэрхэн нэгтгэдэг вэ? (Бас зургийг үзээрэй).

3 Дурсах цуглаан дэлхий дахины ахан дүүсийг нэгтгэдгийг бас бодоорой. Дэлхийн өнцөг булан бүрд нар жаргахад Еховагийн Гэрчүүд цуглаж, золиосны чухлыг онцолсон илтгэл сонсдог. Мөн хоёр магтуу дуу дуулж, бэлгэдлийн идээ дамжуулж, дөрвөн залбирал болгоны төгсгөлд чин сэтгэлээсээ «амен» гэж хэлдэг. Бүх хурал 24 цагийн дотор ийм жишгээр цуглаанаа зохион байгуулдаг. Ехова Есүс хоёр дэлхий даяар ийнхүү эв нэгдэлтэйгээр өөрсдийг нь алдаршуулж буй биднийг хараад хэчнээн их баярладгийг төсөөлөөрэй.

Дурсах цуглаан дэлхий дахины ахан дүүсийг нэгтгэдэг (3-р догол мөрийг үзээрэй) e


4. Энэ өгүүллээр ямар асуултуудыг ярилцах вэ?

4 Энэ өгүүллээр дараах асуултуудыг ярилцана. Дурсах цуглаанд зүрхээ хэрхэн бэлдэх вэ? Энэ цуглаанаас ач тус хүртэхэд нь хүмүүст хэрхэн туслах вэ? Идэвхгүй болсон ах дүүдээ хэрхэн туслах вэ? Эдгээр асуултад хариу авбал маш чухал энэ үйл явдалд бэлдэж чадна.

ЗҮРХЭЭ ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

5. а) Золиос ямар үнэ цэнтэйг яагаад эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ? (Дуулал 49:7, 8). б) «Есүс яагаад нас барсан бэ?» видеоноос та юу ойлгосон бэ?

5 Дурсах цуглаанд зүрхээ бэлдэх нэг чухал арга нь Есүс Христийн золиос ямар үнэ цэнтэйг эргэцүүлэн бодох явдал юм. Бид өөрсдийгөө нүгэл, үхлээс хэзээ ч чөлөөлж чадахгүй (Дуулал 49:7, 8-ыг уншина; бас «Есүс яагаад нас барсан бэ?» видеог үзнэ үү). a Тиймээс Ехова бидний төлөө Есүсийн амийг золиосолжээ. Ийнхүү Ехова ч, Есүс ч маш өндөр үнэ төлсөн (Ром 6:23). Тэд бидний төлөө юу золиосолсныг эргэцүүлэн бодох тусам талархах сэтгэл улам бүр лавширна. Одоо, тэд хэр үнэ цэнтэй юм золиосолсныг харуулах хэдэн зүйлийг ярилцана. Гэхдээ эхлээд золиос ямар утга учиртайг мэдэж авъя.

6. Золиос гэж юу вэ? Яагаад хэрэгтэй болсон бэ?

6 Золиос гэдэг нь ямар нэг юмыг эргүүлэн авахын тулд төлөх үнийг хэлдэг. Анхны хүн Адам төгс амьтай бүтээгдсэн. Харин нүгэл үйлдээд өөрөө төдийгүй үр удам нь ч мөнх амьдрах боломжоо алдсан. Адамын алдсаныг эргүүлэн авахын тулд Есүс төгс амиа зольсон. Тэрбээр дэлхий дээр амьдрах бүхий л хугацаандаа «нүгэл үйлдээгүй, хуурч мэхэлсэн үг хэлж байгаагүй» (1 Петр 2:22). Есүс үхэхэд түүний төгс амь Адамын алдсан амьтай яг дүйцэж байв (1 Кор. 15:45; 1 Тим. 2:6).

7. Дэлхий дээр байхад нь Есүст ямар ямар сорилт тулгарсан бэ?

7 Дэлхий дээр байхад нь олон сорилт тулгарсан ч Есүс тэнгэрийн Эцэгтээ төгс дуулгавартай байсан. Төгс тэрбээр хүүхэд байхдаа төгс бус эцэг эхдээ захирагдах шаардлагатай байв (Лук 2:51). Өсвөр насандаа эцэг эхдээ дуулгаваргүй эсвэл Бурханд үнэнч бус болгох гэсэн дарамт шахалтыг эсэргүүцэх хэрэг гарч байсан нь лавтай. Бас насанд хүрээд Сатан Диаволын сорилтыг, тэр дундаа Бурханд үнэнч бус болгох гэсэн шууд дайралтыг нь эсэргүүцэх ёстой байлаа (Мат. 4:1–11). Золиос төлж чадахгүй болгохын тулд Сатан Есүсээр нүгэл үйлдүүлэхээр эрс шийдсэн байв.

8. Есүс өөр ямар ямар сорилтыг тэвчсэн бэ?

8 Дэлхий дээр үйлчилж байхад нь Есүст өөр олон сорилт тулгарчээ (Лук 4:28, 29; 13:31). Дайснууд нь түүнийг хавчиж, алахыг завдсан (Марк 9:33, 34). Шавь нарынхаа алдаа дутагдлыг тэвчих шаардлагатай байв. Үхэх ял оноох шүүх хурал дээр түүнийг тамлан зовоож, дооглон доромжилсон. Дараа нь туйлын их зовоож, гэмт хэрэгтэн мэт гутамшигтайгаар цаазалсан (Евр. 12:1–3). Амиа тавих эцсийн мөчид тэрбээр Еховагийн хамгаалалтгүй ганцаараа тэвчих хэрэгтэй болсон (Мат. 27:46). b

9. Есүсийн золиосны талаар бодохлоор бидэнд ямар сэтгэл төрдөг вэ? (1 Петр 1:8).

9 Есүс амиа золихын тулд туйлын их зовсон нь тодорхой. Бидний төлөө амиа дуртайяа өгснийг нь эргэцүүлэн бодохлоор түүнийг улам их хайрлахгүй гэж үү? (1 Петр 1:8-ыг уншина).

10. Ехова юуг тэвчсэн бэ?

10 Золиос төлөхийн тулд Ехова юуг тэвчсэн бэ? Ехова Есүс хоёр маш дотно, ямар ч аав хүүгээс илүү дотно байсан (Сур. 8:30). Дэлхий дээр олон сорилтыг тэвчиж буй Есүсийг хараад Еховад ямар санагдсаныг бодоорой. Хүү нь зүй бус харьцааг тэвчиж, ад үзэгдэж, зовохыг хараад маш их шаналсан нь гарцаагүй.

11. Юуг бодож үзвэл Есүсийг цаазлахад Еховад ямар хэцүү байсныг ойлгох вэ?

11 Хүүхдээ үхэлд алдсан эцэг эх энэ нь ямар их уй гашуу авчирдгийг маш сайн ойлгодог. Бид нас барагсад амилна гэдэгт бат итгэдэг ч хайртай хүнээ алдахад зовж шаналахгүй гэсэн үг биш. Үүнийг бодож үзвэл МЭ 33 оны хаврын тэр өдөр хайрт Хүүгээ тарчилж үхэхийг харах Еховад ямар хэцүү байсныг ойлгоно (Мат. 3:17).

12. Дурсах цуглаан хүртэл юу хийж болох вэ?

12 Одооноос эхлэн Дурсах цуглаан болтол бие дааж судлахдаа юм уу гэр бүлийн хичээлээрээ золиосны тухай түлхүү судлаарай. Ингэхдээ «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» эсвэл Библи судлахад зориулсан бусад гарын авлагыг ашиглаарай. c Мөн «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал»-д тавигдсан хуваарийн дагуу Библиэ уншаарай. Түүнээс гадна Дурсах цуглаантай өдөр өглөөний тусгай хөтөлбөрийг үзэхээ бүү мартаарай. Ийнхүү зүрхээ бэлдвэл бусад хүнд ач тус хүртэхэд нь тусалж чадна (Езр. 7:10).

АЧ ТУС ХҮРТЭХЭД НЬ ХҮМҮҮСТ ТУСЛААРАЙ

13. Дурсах цуглаанаас ач тус хүртэхэд нь хүмүүст туслахын тулд юуны түрүүнд яах хэрэгтэй вэ?

13 Бид хүмүүст Дурсах цуглаанаас ач тус хүртэхэд нь хэрхэн туслах вэ? Юуны түрүүнд урих хэрэгтэй. Дэлгэрүүлэхдээ урихаас гадна хамаатан садан, ажил сургуулийнхан болон өөр бусад урих хүмүүсийн жагсаалт гаргаж болно. Хэрэв хэвлэмэл урилга хүрэлцэхгүй бол цахимаар илгээх боломжтой. Хэр олон хүн ирэхийг бид хэлж мэдэхгүй шүү дээ! (Ном. 11:6).

14. Хүнд өөрт нь зориулж урилга өгөх үр дүнтэй байдгийн жишээ хэлнэ үү.

14 Хүнд яг өөрт нь зориулж урилга өгөх нь үр дүнтэй байдгийг санаарай. Еховаг шүтдэггүй нөхөр нь Дурсах цуглаанд очно гэхэд Гэрч эхнэр нь их гайхжээ. Яагаад? Учир нь тэрбээр олон жил урьсан ч нөхөр нь ерөөсөө очиж байгаагүй. Харин энэ удаа яасан юм бол? Таньдаг нэг ахлагч урьсан талаар нөхөр нь: «Яг надад зориулж урилга өгсөн» гээд их баяртай байжээ. Түүнээс хойш тэрбээр олон жил Дурсах цуглаанд сууж байна.

15. Дурсах цуглаанд урихдаа юуг бодолцох нь зүйтэй вэ?

15 Урьсан хүнд маань, ялангуяа ямар ч цуглаанд огт очиж үзээгүй хүнд асуулт гарч магадгүйг бодолцоорой. Тиймээс юуны тухай асууж болохыг бодоод бэлдээрэй (Кол. 4:6). Жишээ нь зарим хүн: «Яг юу болох вэ? Хэр удаан үргэлжлэх вэ? Ямар хувцастай очвол дээр вэ? Хандив, хураамж авдаг уу?» гэж асууж магадгүй. Дурсах цуглаанд хэн нэгнийг урихдаа «Танд асуух юм байна уу?» гэж асууж санаа зовж буй зүйлийг нь тайлбарлаарай. Мөн «Есүсийн нас барсныг дурсах нь», «Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд юу болдог вэ?» видеонуудыг үзүүлээд цуглаан хэрхэн явагддаг талаар ойлголт өгч болох юм. Түүнчлэн «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 28-р хичээлд ярилцах зүйл олон бий.

16. Дурсах цуглаанд суусан хүмүүст өөр ямар асуулт гарч магадгүй вэ?

16 Дурсах цуглааны дараа ч анх ирсэн хүмүүс асуулт асууж болох юм. Талх, дарснаас яагаад хэн ч амсаагүй, эсвэл ийм цөөхөн хүн амссан юм бол гэж тэдэнд бодогдож магад. Бас энэ цуглааныг хэр олон удаа явуулдгийг сонирхож болох юм. Түүнчлэн Еховагийн Гэрчүүдийн бүх цуглаан яг адилхан аргаар хийдэг эсэхийг мэдмээр санагдаж магадгүй. Эдгээр асуултуудын заримыг Дурсах цуглааны илтгэл дээр тайлбарладаг ч анх удаа ирсэн хүнд илүү дэлгэрэнгүй тайлбарлах шаардлага гарч мэднэ. Тэгвэл jw.org сайт дахь «Еховагийн Гэрчүүд яагаад бусад шашныхнаас өөрөөр Эзний оройн зоог барьдаг вэ?» гэсэн өгүүлэл тустай. Энэ арга хэмжээнээс ач тус хүртэхэд «зөв хандлагатай» хүмүүст туслахын тулд бид цуглааны өмнө, үеэр, дараа нь чадах бүхнээ хийхийг хүсдэг (Үйлс 13:48).

ИДЭВХГҮЙ БОЛСОН НЭГЭНДЭЭ ТУСЛААРАЙ

17. Ахлагчид идэвхгүй болсон хүмүүст хэрхэн туслах вэ? (Езекиел 34:12, 16).

17 Дурсах цуглааны улирлаар ахлагчид идэвхгүй болсон хүмүүст хэрхэн туслах вэ? Хайрын сэтгэлээр санаа тавиарай (Езекиел 34:12, 16-г уншина). Цуглаан болохоос өмнө аль болох олон хүнтэй холбоо бариарай. Тэднийг хайрладгаа болон чадлаараа туслахыг хүсэж байгаагаа илэрхийлээрэй. Тэгээд уриарай. Ирэхэд нь халуун дотноор угтаарай. Цуглааны дараа ч тэдгээр хайрт ах дүүтэйгээ холбоотой байж Ехова руу буцаж ирэхэд нь шаардлагатай бүхнээр туслаарай (1 Петр 2:25).

18. Бид бүгд идэвхгүй болсон нэгэндээ хэрхэн туслах вэ? (Ром 12:10).

18 Хурлынхан бүгдээрээ Дурсах цуглаанд ирсэн идэвхгүй болсон нэгэндээ тусалж чадна. Яаж? Хайр, сайхан сэтгэлээ илэрхийлж, хүндэтгэлтэй хандаарай (Ром 12:10-ыг уншина). Цуглаандаа ирэхэд тэдэнд хэцүү санагдсан байж болохыг санаарай. Хүмүүс хэрхэн хандах бол гэж санаа зовсон байж магадгүй. d Тиймээс ичээх асуулт асууж эвгүй байдалд оруулах юм уу сэтгэлийг нь шархлуулах юм хэлэхээс болгоомжлоорой (1 Тес. 5:11). Тэд бол бидний итгэл нэгтнүүд шүү дээ. Дахин тэдэнтэйгээ хамт Еховадаа үйлчлэх нь үнэхээр баярламаар! (Дуу. 119:176; Үйлс 20:35).

19. Есүсийн үхлийг дурсах нь ямар ач тустай вэ?

19 Есүс үхлийг нь жил бүр дурсаж байхыг захисанд бид талархдаг, бас энэ нь яагаад чухал болохыг ойлгодог. Бид Дурсах цуглаанд очсоноороо өөрсдөө ч, бусад хүн ч олон талаар ач тус хүртдэг (Ис. 48:17, 18). Ехова, Есүсийг гэсэн хайр маань улам бүр лавширч, бидний төлөө хийсэн бүхэнд нь маш их талархдагаа харуулдаг. Итгэл нэгтнүүдтэйгээ улам дотносдог. Эдгээрээс гадна золиосны ач тусыг хэрхэн хүртэхийг мэдэж авахад нь бусдад тусалдаг. Дурсах цуглаан болох, жилийн хамгийн чухал өдөрт бэлэн байхын тулд чадах бүхнээ хийцгээе!

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Дурсах цуглаанд зүрхээ хэрхэн бэлдэх вэ?

  • Ач тус хүртэхэд нь хүмүүст хэрхэн туслах вэ?

  • Идэвхгүй болсон нэгэндээ хэрхэн туслах вэ?

ДУУ 149 Золиосны төлөө талархъя

a Энэ өгүүлэлд дурдсан өгүүлэл, видеонуудын гарчгийг jw.org сайтын хайх хэсэгт бичээд гаргаарай.

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2021 оны 4-р сарын дугаарт буй «Уншигчдын асуулт»-ыг үзээрэй.

c  «Юуны тухай судлах вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй.

d Зураг болон  «Хурлынхан нь яасан бэ?» гэсэн хавсралтыг үзнэ үү. Идэвхгүй болсон эрэгтэй цуглааны танхим руу орно гэхээс сандарч гадна нь зогсож байна. Гэхдээ зориг гарган ороход итгэл нэгтнүүд нь халуун дотноор угтав. Тэгээд тэдэнтэйгээ уулзаад баяртай байна.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Дэлхийн нэг хэсэгт Еховагийн ард түмэн Дурсах цуглаанаа тэмдэглэж байхад өөр хэсэгт нь энэ чухал үйл явдалдаа бэлдэж байдаг.