Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 7

ДУУ 7 Еховад өөрийгөө зориулъя

Назир хүмүүсээс юу сурах вэ?

Назир хүмүүсээс юу сурах вэ?

«Тусгаарлалтын бүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун болой» (ТООЛ. 6:8).

ГОЛ САНАА

Эрх ашгаа хойш тавьж, Еховад зоригтой үйлчлэхэд назир хүмүүсийн жишээ тустай.

1. Эрт үеэс олон хүн ямар сэтгэлээр Еховад үйлчилж ирсэн бэ?

 ТА ЕХОВАТАЙ тогтоосон харьцаагаа эрхэмлэдэг үү? Эрхэмлэдэг нь лавтай! Эрт үеэс олон хүн тантай адил сэтгэлээр эрх ашгаа хойш тавин Еховад үйлчилж ирсэн (Дуу. 104:33, 34). Тэдний дунд эртний Израйлын назир хүмүүс орно. Назир хүн гэж хэн бэ? Тэднээс юу сурч болох вэ?

2. а) Назир хүмүүс гэж хэн бэ? (Тооллого 6:1, 2). б) Зарим израйл хүн яагаад назирын тангараг өргөдөг байсан бэ?

2 «Назир» гэдэг үг «тусгаарлагдсан», «зориулагдсан» гэсэн утгатай еврей үгнээс гаралтай. Эрх ашгаа хойш тавин Еховад тусгай аргаар үйлчилдэг идэвх зүтгэлтэй Израйл хүнийг тодорхойлоход энэ үг яг тохирно. Мосегийн хуульд эрэгтэй, эмэгтэй хүн Еховад онцгой тангараг өргөж, хэсэг хугацаагаар назир хүний ёсоор амьдрах тухай заалт байв (Тооллого 6:1, 2-ыг уншина). a Энэ тангаргийг өргөсөн хүн бусад израйлчуудад тавигддаггүй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байжээ. Тэгвэл яагаад тэд назирын тангараг өргөдөг байсан бэ? Еховаг гүнээ хайрлаж, өгсөн бүхэнд нь чин сэтгэлээсээ талархдаг байсных бололтой (Д.хууль 6:5; 16:17).

3. Бурхны өнөөгийн ард түмэн назир хүмүүстэй юугаараа адилхан бэ?

3 Мосегийн хуулийн оронд «Христийн хууль» сахидаг болоход назир хүн болох арга хэмжээ дуусгавар болсон (Гал. 6:2; Ром 10:4). Харин өнөөдөр ч Еховагийн ард түмэн назир хүмүүс шиг бүхий л зүрх, амь амьдрал, оюун ухаан, хүчээрээ түүнд үйлчлэх чин хүсэлтэйгээ харуулдаг (Марк 12:30). Бид Еховад өөрийгөө зориулахдаа түүнд үйлчилнэ гэдгээ дуртайяа тангарагладаг. Үүнийхээ дагуу амьдрахын тулд Еховагийн хүсэл таалалд нийцүүлж, эрх ашгаа хойш тавих учиртай. Назир хүмүүс тангаргаа хэрхэн биелүүлснийг судалбал бид тангарагтаа хэрхэн үнэнч байх талаар чухал зүйлийг мэдэж авна (Мат. 16:24). b Одоо зарим жишээг авч үзье.

ЭРХ АШГАА ХОЙШ ТАВИХ НЬ

4. Тооллого 6:3, 4-т бичсэнээр назир хүмүүс хэрхэн эрх ашгаа хойш тавьсан бэ?

4 Тооллого 6:3, 4-ийг уншина. Назир хүмүүс бүх төрлийн хатуу ундаа, шинэ болон хатаасан усан үзэм болон үүгээр хийсэн ямар ч бүтээгдэхүүнийг цээрлэх ёстой байв. Хүмүүс эдгээрийг дандаа хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь ч буруу зүйл биш. Библид дарс бол «хүний зүрхийг баясгадаг» Бурхны бэлэг гэжээ (Дуу. 104:14, 15). Гэхдээ назир хүмүүс амьдралд баяр баясал нэмдэг эдгээр зүйлээс дуртайяа татгалзсан. c

Та назир хүний адилаар эрх ашгаа дуртайяа хойш тавих уу? (4–6-р догол мөрийг үзээрэй)


5. Мадиан Марсела хоёр юугаа золиосолсон бэ? Яагаад?

5 Бид ч назир хүмүүсийн адилаар Еховад илүү их үйлчлэхийн тулд эрх ашгаа хойш тавьдаг. Мадиан Марсела хоёрын жишээг бодъё. d Христийн дагалдагч тэд тав тухтай, хангалуун амьдарч байв. Нөхөр Мадиан нь өндөр цалинтай ажил хийж, тэднийх тохилог орон сууцтай байжээ. Гэхдээ Еховад илүү их үйлчлэх зорилго тавьж зарим юмаа өөрчлөхөөр шийдсэн. Тэд: «Бид зардлаа багасгаж эхэлсэн. Байрнаасаа гарч жижгэвтэр байранд орсон. Машинаа ч зарсан» гэжээ. Мадиан Марсела хоёр энэ бүхнийг заавал хийх шаардлагагүй байсан ч үйлчлэлээ өргөжүүлэхийн тулд ийнхүү шийдсэн. Ийм шийдвэр гаргаад тэд сэтгэл хангалуун, баяр хөөртэй байгаа.

6. Өнөөдөр Христийн дагалдагчид яагаад эрх ашгаа хойш нь тавьдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

6 Өнөөдөр Христийн дагалдагчид Еховад түлхүү үйлчлэхийн тулд эрх ашгаа хойш тавьж баяр хөөр эдэлдэг (1 Кор. 9:3–6). Жишээлбэл зарим нь дуртай ажлаа хийх, тохилог орон байранд амьдрах эсвэл амьтан тэжээхээс татгалздаг. Олон хүн гэрлэх юм уу хүүхэдтэй болохоо хойшлуулдаг. Дотнын хүмүүсээсээ холдох хэдий ч хэрэгцээ ихтэй газар луу нүүж үйлчлэхээр шийддэг хүмүүс ч бий. Ехова биднээс энэ болгоныг шаарддаггүй. Дуртай юмаа хийж, сайн сайхан амьдрах нь буруу биш ээ. Гэхдээ Еховад хамгийн сайныгаа өгөхийн тулд олон хүн эрх ашгаа дуртайяа хойш тавьдаг. Өөрт нь үйлчлэхийн тулд их ч, бага ч, ямар ч юмаа золиосолсон бай Ехова биднийг өндөр үнэлдэг гэдэгт бат итгээрэй (Евр. 6:10).

ЗОРИГТОЙ БАЙЖ БУСДААС ЯЛГАРАХ НЬ

7. Тангарагтаа үнэнч байхад назир хүмүүст ямар бэрхшээл тулгарсан байж болох вэ? (Тооллого 6:5). (Бас зургийг үзээрэй).

7 Тооллого 6:5-ыг уншина. Назир хүмүүс үсээ тайрахгүй гэж тангарагладаг. Үүгээрээ Еховад бүрэн захирагдаж буйгаа харуулна. Хэрэв урт хугацаанд назир байсан бол үс нь урт ургаж бусдад амархан танигддаг байлаа. Хүмүүс тэднийг дэмжиж, тангарагтаа үнэнч байхад нь урамшуулдаг бол бусдаас ялгарах нь тийм ч хэцүү биш байх байв. Харамсалтай нь тэднийг дэмжээгүй, хүндэтгээгүй үе Израйлын түүхэнд байсан. Зөнч Амосын үед тэрслүү израйлчууд тангаргийг нь зөрчүүлэхийн тулд «Назир хүмүүст дарс уулгах» гэж шахдаг байв (Ам. 2:12). Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдаас ялгарахад жинхэнэ эр зориг шаардагдсан.

Тангарагтаа үнэнч назир хүн зориг гарган бусдаас ялгардаг байсан (7-р догол мөрийг үзээрэй)


8. Бенжамин хүүгийн жишээнээс юу нь танд урамтай санагдсан бэ?

8 Еховагийн тусламжтайгаар бид ч, бүр төрөлхийн бүрэг ичимхий хүн ч зоригтой байж бусдаас ялгарч чадна. Норвегт амьдардаг 10 настай Гэрч хүү Бенжамины жишээг бодъё. Дайнд нэрвэгдсэн украин хүмүүсийг дэмжих арга хэмжээ сургууль дээр нь зохион байгуулагджээ. Сурагчид Украины далбааны өнгөтэй хувцас өмсөж, дуу дуулах болов. Бенжамин аль нэг үндэстнийг дэмжих үйл ажиллагаанд оролцохгүйг хичээж зайдуу зогссон. Гэтэл түүнийг олж харсан багш нь: «Чи нааш ирээд хамт зогсооч. Бид бүгдээрээ чамайг хүлээж байна» гэж чангаар дуудав. Бенжамин зориг гарган багшдаа «Би төвийг сахидаг, улс төрийн хөдөлгөөнд оролцдоггүй. Еховагийн олон Гэрч дайнд явдаггүй учраас шоронд хоригдож байгаа» гэж хэлжээ. Багш нь тайлбарыг нь сонсоод түүнийг явуулав. Гэтэл ангийнхан нь яагаад оролцохгүй байгааг тал талаас нь асууж гарахад тэрбээр сандарч бараг уйлах шахжээ. Гэсэн ч Бенжамин зориг гарган багшдаа ярьснаа тэдэнд дахин хэлсэн байна. Итгэл үнэмшлээ хамгаалахад нь Ехова тусалсныг мэдэрснээ дараа нь аав ээждээ ярьжээ.

9. Еховагийн зүрхийг хэрхэн баярлуулах вэ?

9 Бид Еховад захирагдахаар шийдсэн тул эргэн тойрныхоо хүмүүсээс ялгардаг. Ажил сургуулийнхандаа Еховагийн Гэрч гэдгээ хэлэхэд эр зориг хэрэгтэй. Бас энэ ертөнцийнхний хандлага, биеэ авч явах байдал улам дордож байгаа учир Библийн зарчмын дагуу амьдарч, сайн мэдээ тунхаглахад бүр ч хэцүү болж байна (2 Тим. 1:8; 3:13). Гэхдээ зоригтой байж Еховад үйлчилдэггүй хүмүүсээс ялгардаг бол «зүрхийг [нь] баярлуулна» гэдгээ үргэлж санаарай (Сур. 27:11; Мал. 3:18).

ЕХОВАГ АМЬДРАЛЫНХАА ЭН ТЭРГҮҮНД ТАВИХ НЬ

10. Тооллого 6:6, 7-д бичсэн шаардлагыг дагах нь назир хүмүүст сорилт болдог байсны учир юу вэ?

10 Тооллого 6:6, 7-г уншина. Назир хүн нас барсан хүний цогцост ойртож болохгүй байв. Энэ нь тийм ч хэцүү биш санагдаж магадгүй. Гэхдээ ойр дотнын хүн нь нас барвал тус шаардлага маш том сорилт болдог. Ёс заншлын дагуу оршуулгын өдөр бүгд талийгаачийн дэргэд ойрхон байх ёстой (Ёох. 19:39, 40; Үйлс 9:36–40). Харин назир хүн тангараг өргөсөн учраас энэ заншлыг дагах боломжгүй. Гэр бүлийнхээ хэн нэгнийг үхэлд алдаад уй гашууд автсан ч тэд тангарагтаа үнэнч байж бат итгэлтэйгээ харуулдаг байв. Ийм хүнд хэцүү үеийг давахад Ехова үнэнч үйлчлэгчдэдээ хүч тэнхээ хайрласан нь гарцаагүй.

11. Гэр бүлийнхэнтэй холбоотой шийдвэр гаргахдаа Христийн дагалдагч хүн яах учиртай вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Христийн дагалдагчид Еховад өргөсөн тангарагтаа нухацтай ханддаг. Энэ нь гэрийнхэндээ хандах хандлага болон шийдвэрт нь нөлөөлдөг. Бид гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ Библид бичигдсэний дагуу хариуцлагатай биелүүлдэг ч тэднийхээ хүслийг Еховагийн шаардлагаас хэзээ ч дээгүүр тавьдаггүй (Мат. 10:35–37; 1 Тим. 5:8). Заримдаа Еховагаа баярлуулахын тулд гэрийнхэндээ таалагдахгүй шийдвэр гаргах хэрэг гардаг.

Хүнд хэцүү үед ч та Еховагийн хүслийг амьдралынхаа эн тэргүүнд тавих уу? (11-р догол мөрийг үзээрэй) e


12. Эхнэр нь ширүүн эсэргүүцсэн ч Александру яасан бэ?

12 Александру болон эхнэр Доринагийн жишээг бодъё. Тэд Библи судалж эхэлсэн ч нэг жилийн дараа эхнэр нь болихоор шийдэж, нөхрийгөө ч боль гэжээ. Александру болихгүйгээ тайван, эвтэйхэн хэлсэн ч эхнэр нь дургүйцэж, бүр Библи судлахыг нь хүчээр болиулах гэж оролдсон. Тэрбээр эхнэрээ ойлгохыг хичээсэн ч, амаргүй байв. Заримдаа Дорина шүүмжилж, хатуу ширүүн хандахад бууж өгмөөр санагдсан. Гэсэн ч Александру Еховаг эн тэргүүнд тавихын зэрэгцээ эхнэрээ маш их хайрлаж, хүндэлсээр байв. Эцэст нь түүний сайн үлгэр жишээ нөлөөлж эхнэр нь хичээлээ дахин эхэлж, яваандаа баптисм хүртжээ (jw.org сайт дахь «Үнэний ачаар хүн өөрчлөгддөг» цувралын «Александру Вакар, Дорина Вакар: “Хайрладаг хүн тэвчээртэй, сайхан сэтгэлтэй”» видеог үзээрэй).

13. Бид Еховаг болон гэр бүлийнхнээ хайрладгаа хэрхэн харуулах вэ?

13 Ехова гэр бүлийг санаачилсан бөгөөд биднийг гэр бүлээрээ жаргалтай амьдраасай гэж хүсдэг (Эф. 3:14, 15). Жинхэнэ ёсоор жаргалтай амьдаръя гэвэл Еховагаар удирдуулах хэрэгтэй. Таныг эрх ашгаа хойш тавьж өөрт нь үйлчилдгийг, гэрийнхнээ хайрлаж хүндэлдгийг Ехова өндөр үнэлдэгт хэзээ ч бүү эргэлзээрэй (Ром 12:10).

НАЗИР ХҮН ШИГ БАЙХАД НЬ НЭГ НЭГНЭЭ ДЭМЖЭЭРЭЙ

14. Ялангуяа хэнийг үг яриагаараа урамшуулахыг хичээх нь зүйтэй вэ?

14 Өнөөдөр Еховад үйлчлэхээр шийдсэн бүх хүн хайрандаа хөтлөгдөн эрх ашгаа дуртайяа хойш тавих учиртай. Ингэх нь заримдаа амаргүй. Еховагийн төлөө чадах бүхнээ хийхэд нь нэг нэгэндээ хэрхэн туслах вэ? Үг яриагаараа урамшуулж болно (Иов 16:5). Танай хуралд Еховад түлхүү үйлчлэхийн тулд амьдралаа энгийн болгохыг хичээж буй хүн байна уу? Сургууль дээрээ хэцүү байсан ч зориг гарган бусдаас ялгардаг хүүхэд залуус бий юү? Гэр бүлийнхнийхээ эсэргүүцлийг үл тоон үнэнчээ харуулдаг суралцагч юм уу итгэл нэгтнээ та мэдэх үү? Эрх ашгаа хойш тавьж, зориг гаргадгийг нь үнэлж эрхэмлэдгээ тэдэндээ хэлж, урамшуулах боломж бүрийг хайцгаая (Флм. 4, 5, 7).

15. Зарим нь бүрэн цагаар үйлчилдэг нэгнээ хэрхэн дэмждэг вэ?

15 Бүрэн цагаар үйлчилдэг итгэл нэгтэндээ заримдаа бодитой тусламж үзүүлж болох юм (Сур. 19:17; Евр. 13:16). Шри Ланкад амьдардаг настай Гэрч эмэгтэй ийм чин хүсэлтэй. Тэтгэвэр нь нэмэгдсэнд тэрбээр мөнгө төгрөгөөр гачигдаж буй хоёр эмэгтэйд цаашид ч байнгын эхлэгчээр үйлчлэхэд нь тус нэмэр болохыг хүсжээ. Тэгээд сар бүр утасных нь төлбөрийг төлж байхаар болсон. Ямар сайхан сэтгэлтэй юм бэ!

16. Назирын арга хэмжээнээс ямар чухал юм мэдэж авах вэ?

16 Сайн дураараа назир болсон хүмүүсээс сурах юм их бий. Түүнчлэн энэ арга хэмжээнээс тэнгэрийн Эцгийнхээ талаар нэг чухал юмыг мэдэж авна. Тангаргийнхаа дагуу амьдрахын тулд эрх ашгаа дуртайяа хойш тавьдаг, мөн өөрийг нь баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг гэдэгт маань Ехова итгэдэг. Биднийг эрхэмд үздэг учраас өөрт нь хайртайгаа харуулах боломж олгодог (Сур. 23:15, 16; Марк 10:28–30; 1 Ёох. 4:19). Назирын арга хэмжээ нь эрх ашгаа хойш тавин үйлчилж байгааг маань Ехова мэдээд зогсохгүй үнэлж эрхэмлэдэг гэдгийг ойлгуулдаг. Тиймээс цаашдаа ч хамгийн сайныгаа дуртайяа өгч Еховад үйлчлээд л байхаар бат шийдэцгээе.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Сайн дураараа назир болсон хүмүүс хэрхэн эрх ашгаа хойш тавьж, зоригтой байсан бэ?

  • Назир хүн шиг байхад нь нэг нэгнээ хэрхэн дэмжих вэ?

  • Назирын арга хэмжээнээс Еховагийн тухай юу мэдэж авах вэ?

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

a Цөөн хэдэн хүн Бурхны томилолтоор назир болсон ч, ихэнх нь өөрийн хүслээр болдог байжээ ( «Еховагийн томилсон назир хүмүүс» гэсэн хавсралтыг үзээрэй).

b Манай ном хэвлэлд бүрэн цагийн үйлчлэгчдийг назир хүмүүстэй адилтган бичсэн нь бий. Гэхдээ энэ өгүүлэлд Еховад өөрийгөө зориулсан бүх үйлчлэгч хэрхэн назир хүн шиг байх талаар авч үзнэ.

c Назир хүнд тангаргаа биелүүлэхэд нь тавигдсан шаардлагаас өөр нэмэлт үүрэг даалгавар гэж байгаагүй бололтой.

d jw.org сайт дахь «Еховагийн Гэрчүүдийн амьдрал» цувралаас «Бид энгийн амьдрахаар шийдсэн» гэсэн өгүүллийг үзээрэй.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Назир хүн гэр бүлийнх нь хүнийг оршуулах гээд явж буй хүмүүсийг дээвэр дээрээс харж байна. Тангараг өргөсөн учраас цогцост нь ойртох боломжгүй.