Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 10

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

Баптисм хүртсэн та Есүсийг «үргэлж дагаарай»

Баптисм хүртсэн та Есүсийг «үргэлж дагаарай»

«Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа больж, тарчлаах шонгоо өдөр бүр үүрч, намайг үргэлж дага» (ЛУК 9:23).

ГОЛ САНАА

Энэ өгүүлэл Еховад өөрийгөө зориулсныхаа утга учрыг эргэцүүлэн бодоход бид бүгдэд тусална. Ялангуяа Еховад үнэнч байхад нь баптисм хүртээд удаагүй хүмүүст тустай.

1, 2. Баптисм хүртсэн хүн ямар ивээл хүртдэг вэ?

 БИД баптисм хүртээд Еховагийн гэр бүлд багтсандаа үнэхээр их баярладаг. Еховатай дотносно гэдэг маш их завшаан бөгөөд бид Давидын хэлсэн дараах үгтэй санал нийлдэг. «Өөрийн хашаануудад суулгахаар [Еховагийн] сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ!» (Дуу. 65:4).

2 Ехова хүн болгоныг гэр бүлийнхээ гишүүн болгодоггүй. Өмнөх өгүүлэлд ярилцсанаар өөртэй нь дотносохыг чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүстэй л дотносдог (Яак. 4:8). Та өөрийгөө зориулж баптисм хүртээд Еховатай онцгой дотно болсон. Тиймээс таны төлөө «ивээлийг хальтал асгана» гэдэгт итгээрэй (Мал. 3:10; Иер. 17:7, 8).

3. Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн Христийн дагалдагч хүн ямар үүрэг хүлээдэг вэ? (Номлогчийн үгс 5:4, 5).

3 Баптисм хүртэх нь Еховад үйлчлэхийн эхлэл төдий юм. Үүний дараа хорхой хүргэм зүйл эсвэл итгэл шалгасан сорилт тулгарахад ч та Бурханд өөрийгөө зориулсны амлалтаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх нь дамжиггүй (Номлогчийн үгс 5:4, 5-ыг уншина). Есүсийн шавь болсон та үлгэр жишээ, хууль тушаалыг нь яг таг дагахыг хичээх биз ээ (Мат. 28:19, 20; 1 Петр 2:21). Ингэхэд тань энэ өгүүлэл тусална.

СОРИЛТ, ХОРХОЙ ХҮРГЭМ ЗҮЙЛ ТУЛГАРАХАД Ч ЕСҮСИЙГ «ҮРГЭЛЖ ДАГААРАЙ»

4. Шавь нар «тарчлаах шонгоо» үүрнэ гэдгийг юу гэж ойлгох вэ? (Лук 9:23).

4 Баптисм хүртсэний дараа ямар ч асуудалгүй болно гэж бүү бодоорой. Шавь нар нь «тарчлаах шонгоо» үүрнэ гэж Есүс тодорхой хэлсэн. Бүр «өдөр бүр үүрнэ» гэжээ (Лук 9:23-ыг уншина). Энэ нь дагалдагчид нь цаг ямагт зовно гэсэн үг үү? Огтхон ч үгүй. Ивээл хүртэх ч, тэдэнд сорилт учирна гэсэн үг. Зарим сорилт нь бүр хүнд бэрх ч байж болох юм (2 Тим. 3:12).

5. Золиос гаргасан хүн ямар ивээл хүртэнэ гэж Есүс амласан бэ?

5 Та гэр бүлийн эсэргүүцэлтэй тулгарсан байж магадгүй. Эсвэл Бурхны Хаант төрийн үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавихын тулд илүү их мөнгө, эд хөрөнгөтэй болох боломжоо золиосолсон байж болох юм (Мат. 6:33). Тийм бол өөрийнх нь төлөө хийсэн бүхнийг тань Ехова мэддэгт итгээрэй (Евр. 6:10). Есүсийн хэлсэн үг үнэн гэдгийг та биеэрээ мэдэрсэн байх. Тэрбээр: «Сайн мэдээний төлөө гэр орон, ах эгч дүү, эцэг эх, үр хүүхэд, эдлэн газраа орхисон хүн өнөө үед гэр орон, ах эгч дүү, эх, үр хүүхэд, эдлэн газрыг 100 дахин их авах бөгөөд хавчигдана. Ирэх үед мөнх амьдарна» гэжээ (Марк 10:29, 30). Таны хүртсэн ивээл золиосолсон зүйлтэй тань харьцуулахад хавьгүй илүү биз ээ (Дуу. 37:4).

6. Баптисм хүртсэнийхээ дараа ч «махан биеийн хүсэлтэйгээ» байнга тэмцэх хэрэгтэйн учир юу вэ?

6 Баптисм хүртсэнийхээ дараа ч «махан биеийн хүсэлтэйгээ» тэмцэх хэрэгтэй нь ойлгомжтой (1 Ёох. 2:16). Учир нь та Адамын нүглийг өвлөсөн хэвээр байгаа. Тиймээс элч Паулын хэлснийг үе үе мэдэрдэг биз ээ. Тэрбээр: «Би дотроо Бурхны хуульд их баярладаг. Гэвч миний биед өөр хууль байдаг. Нүглийн энэ хууль оюун ухаанд минь байдаг Бурхны хуультай дайтаж, намайг хоригдлоо болгодог» гэж хэлсэн (Ром 7:22, 23). Та нүгэлт хандлагаасаа болоод сэтгэлээр унадаг байх. Гэхдээ Еховад өөрийгөө зориулахдаа юу гэж амласнаа эргэцүүлэн бодвол хорхой хүргэм зүйлийг тэвчих шийдвэр тань батажна. Яаж?

7. Еховад өөрийгөө зориулсан нь үнэнч байхад яагаад тустай вэ?

7 Еховад өөрийгөө зориулсан хүн өөрийнхөө төлөө амьдрахаа болино. Өөрөөр хэлбэл Еховад таалагдахгүй хүсэл болон зорилгоо хойш тавина (Мат. 16:24). Тиймээс сорилт тулгарвал яах вэ гэж бодож цагаа үрэхгүй. Учир нь та шийдвэрээ аль хэдийн гаргасан. Еховад л үнэнч байна гэдгээ амласан. Түүнд таалагдах юмыг л хийнэ гэсэн шийдвэрээсээ няцахгүй. Яг Иов шиг. Туйлын хүнд сорилт учирсан ч тэрбээр: «Би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» гэсэн (Иов 27:5).

8. Еховад өөрийгөө зориулахдаа юу гэж амласнаа эргэцүүлэн бодох нь хорхой хүргэм зүйлийг тэвчихэд тустай гэхийн учир юу вэ?

8 Та Еховад өөрийгөө зориулж залбирах үедээ юу гэж амласнаа эргэцүүлэн бодвол хорхой хүргэм ямар ч зүйлийг тэвчих хүчтэй болно. Жишээлбэл өөр хүний ханьтай сээтгэнэх үү? Мэдээж үгүй! Та ийм зүйл хийхгүй гэдгээ аль хэдийн Еховад амласан. Хэрэв муу хүслийг зүрх сэтгэлдээ суулгахгүй тэр дор нь таягдан хаявал дараа нь зовлонд унахгүй. Ийнхүү «хар санаатнуудын жим[ээс] ... эргэнэ» (Сур. 4:14, 15).

9. Еховад амласнаа эргэцүүлэн бодох нь бас шүтлэгтэй холбоотой бүхнийг эн тэргүүнд тавихад хэрхэн туслах вэ?

9 Хэрэв цуглаанд тогтмол явах боломжгүйд хүрэх ажлын санал ирвэл та яах вэ? Хариулт тань бэлэн. Ийм санал ирэхээс өмнө та яахаа аль хэдийн шийдчихсэн. Тиймээс тэр ажилд орох талаар бодох ч үгүй. Эцгээ баярлуулахаар бат шийдсэн Есүсийг санаарай. Тэгвэл бид Бурхны таалалд нийцэхгүй юунаас ч шууд татгалзана (Мат. 4:10; Ёох. 8:29).

10. Баптисм хүртсэний дараа Есүсийг «үргэлж дагахад» тань Ехова хэрхэн туслах вэ?

10 Сорилт, хорхой хүргэм зүйл тулгарахад Есүсийг «үргэлж дагахаар» шийдсэнээ харуулах боломж гардаг. Есүсийг дагахад тань Ехова тусална гэдэгт итгээрэй. Библид «Бурхан үнэнч билээ. Тиймээс хэрээс чинь хэтэрсэн сорилт та нарт тулгарахыг зөвшөөрөхгүй. Харин сорилт тулгарлаа гэхэд тэвчихэд туслан, гарах замыг зааж өгдөг» гэж байдаг (1 Кор. 10:13).

ЕСҮСИЙГ ҮРГЭЛЖ ДАГАХЫН ТУЛД ЯАХ ВЭ?

11. Есүсийг үргэлж дагах нэг сайн арга юу вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Есүс хичээл зүтгэлтэй, мөн үргэлж залбирч Еховатай дотно байсан (Лук 6:12). Баптисм хүртсэнийхээ дараа Есүсийг үргэлж дагах нэг сайн арга нь Еховатай дотносоход тустай бүхнийг хийсээр байх юм. Библид «Ахиж дэвшихийн төлөө хийсэн бүхнээ хийсээр байя» гэж байдаг (Флп. 3:16). Еховагийн төлөө үйлчлэлээ өргөжүүлсэн итгэл нэгтнүүдийнхээ тухай та сонссон байх. Тэд Сайн мэдээ тунхаглагчийн сургууль дүүргэсэн юм уу хэрэгцээ ихтэй газар дэлгэрүүлэхээр нүүж очсон байж болох юм. Хэрэв боломжтой бол та бас ийм зорилго тавиарай. Еховагийн ард түмэн үйлчлэлээ өргөжүүлэхийг зорьдог (Үйлс 16:9). Харин яг одоо ийм зорилго тавьж чадахгүй бол яах вэ? Чадсан хүмүүсийг хараад өөрийгөө бүү голоорой. Гол нь тэвчээртэй байгаарай (Мат. 10:22). Та өөрийн чадвар, нөхцөл байдалд тохируулан Еховад үйлчилж байгаагаа үнэлж эрхэмлээрэй. Ингэх нь баптисм хүртсэнийхээ дараа Есүсийг үргэлж дагахад үнэхээр чухал (Дуу. 26:1).

Баптисм хүртсэний дараа, Еховатай дотносоход тустай юмыг хийх зорилго тавиарай (11-р догол мөрийг үзээрэй)


12, 13. Идэвх зүтгэлгүй болж эхэлбэл яах вэ? (1 Коринт 9:16, 17). ( «Уралдааны замаас бүү гараарай» гэсэн хавсралтыг үзээрэй).

12 Та чин сэтгэлээсээ залбирдаггүй, эсвэл дэлгэрүүлсэн ч баяр баясгалангүй болсон бол яах вэ? Библи уншсан ч өмнөх шигээ урамтай санагдахаа больсон бол яах вэ? Баптисм хүртсэнээс хойш ийн санагдвал Еховагийн агуу хүчийг авахаа больсон гэж бүү дүгнээрэй. Бид төгс бус болохоор сэтгэл санаа маань янз янз болдог. Хичээл зүтгэлгүй болж байгаагаа анзаарвал элч Паулын тухай бодож үзээрэй. Есүсийг дуурайхыг хичээдэг ч заримдаа урам зориггүй болдог байжээ (1 Коринт 9:16, 17-г уншина). Тэрбээр: «Үүргээ ... дурамжхан биелүүлсэн ч намайг нярвын үүргээс чөлөөлөхгүй» гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл сэтгэл санааны байдал нь ямар байгаагаас үл хамааран Паул үйлчлэлээ гүйцээхээр бат шийдсэн.

13 Та бас шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлдөө бүү автаарай. Сэтгэл санаа ямар байгаагаас үл хамааран зөв юм хийхээр бат шийдээрэй. Ийнхүү сайныг үйлддэг бол урам зоригтой ч болно. Бурхантай дотносоход тустай бүхнийг хийгээд л байвал баптисм хүртсэний дараа ч Есүсийг үргэлж дагана. Бас тэвчээртэй үйлчилж буй таныг итгэл нэгтнүүд тань хараад урамшин зоригжино (1 Тес. 5:11).

«ҮРГЭЛЖ ШАЛГАЖ, ... БАТАЛЖ БАЙ»

14. Юуг тогтмол шалгах хэрэгтэй вэ? Яагаад? (2 Коринт 13:5).

14 Баптисм хүртсэний дараа амьдралын хэв маяг, хэвшлээ тогтмол шалгах нь бас тустай (2 Коринт 13:5-ыг уншина). Өдөр бүр залбирч, Библиэ уншин судалж, цуглаандаа явж, дэлгэрүүлэх ажилд оролцдог эсэхээ үе үе шалгаарай. Эдгээрийг илүү баяр хөөртэй хийж, ач тус хүртэхийг бодоорой. Жишээ нь дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. «Би хүмүүст Библийн үндсэн сургаалыг тайлбарлаж чадах уу? Дэлгэрүүлэх ажлаа илүү баяр хөөртэй хийх арга бий юү? Хэр тодорхой залбирдаг вэ? Залбирлаас минь Еховад бүрэн дүүрэн найддаг нь харагддаг уу? Цуглаандаа тогтмол явдаг уу? Цуглаан дээр хэрхэн илүү анхааралтай сонсож, идэвхтэй оролцох вэ?»

15, 16. Хорхой хүргэм зүйлд уруу татагдахгүй байх талаар Гэрч залуугаас та юу мэдэж авсан бэ?

15 Өөрийгөө шударгаар шалган сул талаа мэдэж авах нь бас сайн. Роберт гэдэг Гэрч залуу өөрт тохиолдсон явдлаа ийн ярьжээ. «20-тойдоо би цагийн ажил хийдэг байв. Нэг өдөр ажил тарсны дараа хамт ажилладаг бүсгүй намайг гэртээ урьсан. Тэгээд бид хоёр хоёулхнаа байх бөгөөд “цагийг сайхан өнгөрөөнө” гэж хэлсэн. Эхэндээ би олигтой хариу хэлж чадаагүй ч, эцэст нь үгүй гэж хэлээд яагаад гэдгээ тайлбарласан». Роберт хорхой хүргэм зүйлд уруу татагдаагүй нь сайн хэрэг. Гэхдээ хожим нь энэ явдлынхаа тухай бодоод юугаа сайжруулах хэрэгтэйгээ ойлгосон. Тэрбээр: «Иосеф Потифарын эхнэрийн саналаас шууд татгалзсан шиг би тэгээгүй (Эх. 39:7–9). Тэр бүсгүйн саналаас татгалзах амаргүй байсанд би үнэндээ гайхсан. Энэ явдлаас Еховатай тогтоосон харьцаагаа батжуулах хэрэгтэйгээ ойлгосон» гэжээ.

16 Робертын адилаар өөрийгөө шалгах нь танд ч тустай байж болох юм. Хорхой хүргэм зүйлд уруу татагдаагүй ч, та өөрөөсөө «Үгүй гэж хэлэхээс өмнө хэр удаан эргэлзсэн билээ?» гэж асуугаарай. Сайжруулах хэрэгтэй юмаа анзаарсан бол өөрийгөө бүү буруутгаарай. Харин сул талаа мэдэж авсан тул энэ талаараа тогтмол залбирч, Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээний дагуу амьдрах шийдвэрээ батжуулахын тулд арга хэмжээ аваарай (Дуу. 139:23, 24).

17. Роберт Еховагийн нэрийг хэрхэн алдаршуулсан бэ?

17 Робертод тохиолдсон явдлаас мэдэж авах бас нэг юм бий. Тэрбээр: «Намайг татгалзахад бүсгүй: “Өө, чи шалгалтыг давлаа” гэв. Юу гэсэн үг болохыг нь асуухад Еховагийн Гэрч байсан найз залуу нь түүнд Гэрч залуус бүгд боломж л гарвал нууцаар муу юм хийдэг гэж ярьсан байжээ. Тиймээс бүсгүй намайг шалгаж үзье гэж найздаа хэлсэн байна. Еховагийн нэрийг алдаршуулж чадсанаа дараа нь би ойлгоод их баярласан» гэжээ.

18. Баптисм хүртсэнийхээ дараа та яахаар бат шийдэх вэ? ( «Танд урам өгөх цуврал өгүүлэл» гэсэн хавсралтыг үзээрэй).

18 Та Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэхдээ юу ч тохиолдсон нэрийг нь ариусгахыг хүсдэгээ харуулсан. Сорилт, хорхой хүргэм зүйл танд тулгарч байгааг Ехова мэддэг гэдэгт итгэлтэй байж болно. Үнэнч байх гэсэн хичээл зүтгэлийг тань Ехова заавал ивээнэ. Агуу хүчээ хайрлаж үнэнч байх хүч тэнхээтэй болгоно гэдэгт итгээрэй (Лук 11:11–13). Еховагийн тусламжтайгаар та баптисм хүртсэнийхээ дараа ч Есүсийг үргэлж дагаж чадна.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Христийн дагалдагч хүн «тарчлаах шонгоо өдөр бүр» үүрнэ гэсэн нь ямар утгатай вэ?

  • Баптисм хүртсэнийхээ дараа Есүсийг «үргэлж дагахын» тулд яах вэ?

  • Еховад өөрийгөө зориулахдаа юу гэж амласнаа эргэцүүлэн бодох нь үнэнч байхад тустай гэхийн учир юу вэ?

ДУУ 120 Дуулгавартай байж, ивээл хүртье