СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 21
ДУУ 50 Хайрын Бурхныг дууриая
Хань болох хүнээ хэрхэн олох вэ?
«Хэн арван хуруу тэгш эхнэр олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй» (СУР. 31:10).
ГОЛ САНАА
Хань болох хүнээ хэрхэн сонгох болон гэрлэх хүсэлтэй ганц бие хүмүүсийг хурлынхан нь хэрхэн дэмжих талаарх Библийн зарчмуудыг ярилцана.
1, 2. а) Хүнтэй үерхэж эхлэхээсээ өмнө Христийн ганц бие дагалдагч юуны тухай сайтар бодох хэрэгтэй вэ? б) «Үерхэх» гэдгээр яахыг хэлэх вэ? («Үгний тайлбар»-ыг үзээрэй).
ТА ГЭРЛЭХ бодолтой юу? Аз жаргалтай байхын тулд гэрлэх нь зайлшгүй чухал биш ч гэсэн янз бүрийн насны ганц бие олон итгэл нэгтэн маань хань ижилтэй болохыг хүсдэг. Та хүнтэй үерхэхээсээ өмнө Бурхантай дотно харьцаатай, өөрийгөө сайн мэддэг, санхүүгийн хувьд гэр бүлээ авч явах чадвартай байх ёстой нь мэдээж (1 Кор. 7:36). a Хэрэв ийм байвал гэрлээд аз жаргалтай байна.
2 Гэхдээ тохирох ханиа олох нь тийм ч амар биш (Сур. 31:10). Таалагдсан хүнээ оллоо гэхэд үерхэж эхлэх нь амаргүй байж болох юм. b Энэ өгүүллээр, Христийн ганц бие дагалдагч тохирох ханиа олоход, үерхэж эхлэхэд юу тус болохыг ярилцана. Мөн хурлынхан нь гэрлэх хүсэлтэй нэгнээ хэрхэн дэмжиж болохыг мэдэж авна.
ТОХИРОХ ХАНИА ОЛОХ НЬ
3. Христийн ганц бие дагалдагч хань болох хүнээ хайхдаа юу юуг бодолцож үзэх хэрэгтэй вэ?
3 Гэрлэе гэж бодож байгаа бол үерхэхээсээ өмнө ирээдүйн ханиа ямар зан чанартай байгаасай гэж хүсдэгээ мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрт тохирох хүнээ анзааралгүй өнгөрөөх юм уу тохирохгүй хүнтэйгээ үерхэж магадгүй. Ямар ч гэсэн хань болох хүн тань Христийн баптисм хүртсэн дагалдагч байх ёстой нь ойлгомжтой (1 Кор. 7:39). Гэхдээ баптисм хүртсэн хүн болгон сайн хань болно гэсэн үг биш ээ. Тиймээс өөрөөсөө «Миний амьдралын зорилго юу вэ? Гэрлэх хүнээ ямар зан чанартай байх нь чухал гэж боддог вэ? Хэт өндөр шаардлага тавиад байгаа юм биш биз?» гэж асуугаарай.
4. Зарим хүн юу гэж залбирдаг вэ?
4 Хэрэв та гэрлэх хүсэлтэй бол энэ тухай залбирсан нь эргэлзээгүй (Флп. 4:6). Ехова ханьтай болгоно гэж хэнд ч амладаггүй. Гэхдээ хэрэгцээ шаардлагыг тань анхаарч, сэтгэл мэдрэмжийг тань ойлгож, ханиа олох гэж яваа танд тусална. Тиймээс хүсэл, мэдрэмжийнхээ талаар түүнд хэлээд л байгаарай (Дуу. 62:8). Тэвчээр, мэргэн ухаан гуйж залбираарай (Яак. 1:5). АНУ-ын Жон c гэдэг ганц бие Гэрч эрэгтэй юу гэж залбирдгаа ийн ярьсан. «Ирээдүйн ханиа ямар зан чанартай байгаасай гэж хүсдэгээ би Еховад хэлдэг. Сайн ханьтай учрахад туслаач гэж гуйдаг. Бас өөрөө сайн нөхөр болоход шаардлагатай зан чанар хөгжүүлэхэд туслахыг гуйдаг». Шри Ланкад амьдардаг Таня гэдэг Гэрч эмэгтэй: «Тохирох ханиа хайж байх зуур үнэнч, өөдрөг, жаргалтай байхад минь туслахыг Еховагаас гуйдаг» гэжээ. Та хань болох хүнээ хайгаад удаж байгаа бол Ехова хэрэгцээг тань хангаж, хайрын сэтгэлээр санаа тавина гэж амласныг бүү мартаарай (Дуу. 55:22).
5. Христийн ганц бие дагалдагч хэрхэн Еховаг хайрладаг хүмүүстэй танилцаж болох вэ? (1 Коринт 15:58). (Бас зургийг үзээрэй).
5 Библи бидэнд «Эзний үйл хэргээр ... бялхаж» явахыг уриалдаг (1 Коринт 15:58-ыг уншина). Еховад завгүй үйлчилж, янз янзын итгэл нэгтэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлдэг бол нэг нэгнээ урамшуулаад зогсохгүй таны адилаар Еховад үйлчлэхийг анхаардаг ганц бие хүмүүстэй танилцаж болох юм. Мөн Еховад таалагдахын тулд чадах бүхнээ хийвэл жинхэнэ аз жаргал эдэлнэ.
6. Ирээдүйн ханиа хайж буй Христийн ганц бие дагалдагч юуг санах ёстой вэ?
6 Ирээдүйн ханиа хайхыг амьдралын гол зүйл болгохоос болгоомжлоорой (Флп. 1:10). Жинхэнэ аз жаргал гэрлэсэн эсэхээс бус, харин Еховатай тогтоосон харьцаанаас тань хамаарна (Мат. 5:3). Ганц бие байхад үйлчлэлээ өргөжүүлэх боломж илүү их байдаг (1 Кор. 7:32, 33). Тиймээс цагаа хамгийн үр дүнтэй ашиглаарай. АНУ-д амьдардаг Жессика гэдэг Гэрч эмэгтэй 40 дөхөж байхдаа гэрлэсэн. Тэрбээр: «Би гэрлэх хүсэлтэй ч дэлгэрүүлээд завгүй явсан учир сэтгэл хангалуун байж билээ» гэжээ.
САЙН АЖИГЛААРАЙ
7. Тухайн хүнийг сонирхож байгаагаа хэлэхээсээ өмнө сайтар ажиглах нь яагаад ухаалаг вэ? (Сургаалт үгс 13:16).
7 Хань болох хүнээ олсон юм шиг санагдвал яах вэ? Сонирхож байгаагаа шууд л хэлэх үү? Библид бичсэнээр хэрсүү хүн үйлдэл хийхээсээ өмнө мэдлэг олж авдаг (Сургаалт үгс 13:16-г уншина). Тиймээс тухайн хүнийг сонирхож байгаагаа хэлэхээсээ өмнө өөрт нь мэдэгдэхгүйгээр сайн ажиглах нь ухаалаг юм. «Сэтгэл догдлох нь ч амархан, болих нь ч амархан» гэж Нидерландын Ашвин хэлжээ. Цааш нь тэрбээр: «Тиймээс тэвчээртэй ажиглавал сэтгэл хөдлөлдөө захирагдан яаран үерхэхгүй» гэжээ. Тэгээд ч сайн ажиглавал өөрт тохирох хүн биш гэдгийг ухаарч болох юм.
8. Ганц бие хүн хань болох хүнээ хэрхэн ажиглах вэ? (Бас зургийг үзээрэй).
8 Сонирхож буй хүнээ өөрт нь мэдэгдэхгүйгээр хэрхэн ажиглах вэ? Цуглааны үеэр юм уу ах дүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхдээ тухайн хүний Бурхантай тогтоосон харьцаа, зан чанар, биеэ авч явах байдлыг ажиглаж болно. Найзууд нь хэн бэ? Тэрбээр юуны тухай ярьдаг вэ? (Лук 6:45). Зорилго нь таныхтай нийцэж байна уу? Бас хурлынх нь ахлагч эсвэл түүнийг сайн мэддэг төлөвшсөн хүмүүстэй ярилцах боломжтой (Сур. 20:18). Нэр хүнд, зан чанарынх нь тухай тэднээс асууж болох юм (Рут 2:11). Ийн ажиглахдаа тухайн хүнийг эвгүй байдалд оруулахаас зайлсхийгээрэй. Ойр хавьд нь байнга эргэлдэх юм уу бүх юмыг нь мэдэх гэж зүтгэлгүй, хүндэтгэлтэй байгаарай.
9. Сонирхдог гэдгээ хэлэхийн өмнө юунд итгэлтэй байх ёстой вэ?
9 Сонирхдог гэдгээ хэлэхээсээ өмнө хэр удаан ажиглах вэ? Хэрэв хэтэрхий эрт хэлбэл таныг сэтгэл хөдлөлдөө хөтлөгддөг хүн гэж бодож магадгүй (Сур. 29:20). Нөгөөтээгүүр, хэлэхгүй удаад байвал, ялангуяа тухайн хүн өөрийг нь сонирхож байгааг анзаарсан бол таныг шийдэмгий бус гэж бодно (Ном. 11:4). Бас сонирхдогоо хэлэхийн өмнө, тэр хүнтэй заавал гэрлэнэ гэж бодох хэрэггүйг санаарай. Харин та гэрлэхэд бэлэн бөгөөд нөгөө хүн тань хань болоход тохиромжтой гэдэгт итгэлтэй байх ёстой.
10. Хэн нэгэн таныг сонирхож байгаа ч, та үгүй бол яах ёстой вэ?
10 Хэн нэгэн таныг сонирхоод байгааг анзаарвал яах вэ? Хэрэв та тэр хүнийг сонирхохгүй бол үүнийгээ үйлдлээрээ тодорхой харуулаарай. Үерхэхгүй байж горьдлого төрүүлэх нь муухай (1 Кор. 10:24; Эф. 4:25).
11. Хэрэв хэн нэгэн нь үерхэх юм уу гэрлэх хүн олоход туслахыг гуйвал юуг анхаарах ёстой вэ?
11 Зарим улс оронд ганц бие хүнд эцэг эх юм уу хамаатан садан нь хань ижил сонгож өгөх нь бий. Өөр зарим улсад гэр бүлийнхэн, найз нөхөд нь тохирох хүн олоод уулзуулдаг. Тэгээд үерхэж эхлэх эсэхээ тэд өөрсдөө шийднэ. Хэрэв хэн нэгэн нь танаас үерхэх юм уу гэрлэх хүн олоход туслахыг гуйвал хоёулангийнх нь хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг харгалзаарай. Тохиромжтой гэж санагдсан хүн олбол ямар зан чанартайг, хамгийн гол нь Еховатай хэр дотно гэдгийг нь сайн мэдээрэй. Еховатай тогтоосон харьцаа нь мөнгө төгрөг, боловсрол, нийгэмд эзлэх байр сууриас хавьгүй чухал. Гэхдээ гэрлэх эсэхээ ганц бие эрэгтэй эмэгтэй хоёр л шийднэ гэдгийг санаарай (Гал. 6:5).
ҮЕРХЭЖ ЭХЛЭХ НЬ
12. Хэрэв та хэн нэгэнтэй үерхэх хүсэлтэй бол энэ тухайгаа хэрхэн хэлэх вэ?
12 Хэрэв та хэн нэгэнтэй үерхье гэж бодож байгаа бол энэ тухайгаа хэрхэн хэлэх вэ? d Түүнтэй олон нийтийн газарт уулзах юм уу утсаар ярихаар тохирч болох юм. Үерхэх хүсэлтэйгээ тодорхой хэлээрэй (1 Кор. 14:9). Шаардлагатай бол бодох цаг өгөөрэй (Сур. 15:28). Хэрэв тэр хүн үерхэх хүсэлгүй бол түүнийг ойлгоорой.
13. Хэн нэгэн тантай үерхмээр байгаагаа хэлбэл яах вэ? (Колосай 4:6).
13 Хэн нэгэн нь таныг сонирхдогоо хэлбэл яах вэ? Ийн хэлэхэд эр зориг гаргасан байх. Тиймээс эелдэг, хүндэтгэлтэй хандаарай (Колосай 4:6-г уншина). Танд бодох цаг хугацаа хэрэгтэй бол үүнийгээ шууд хэлээрэй. Гэхдээ аль болох хурдан хариулахыг хичээгээрэй (Сур. 13:12). Хэрэв түүнийг сонирхохгүй бол энэ тухайгаа эелдгээр, харин тодорхой хэлээрэй. Австрид амьдардаг Гэрч эрэгтэй Ханст нэг эмэгтэй сэтгэлээ илэрхийлэхэд тэрбээр хэрхэн хариулсныг нь анхааръя. «Би шийдвэрээ эвтэйхэн бөгөөд маш тодорхой хэлсэн. Түүнд хоосон найдвар төрүүлэхийг хүсээгүй тул тэр даруй хариулсан. Дараа нь ч бодлоо өөрчлөөгүй гэдгээ ойлгогдохоор харьцсан». Харин та түүнийг сонирхож байгаа бол үүнийгээ хэлээд хэрхэн үерхэх талаар хамтдаа ярилцаарай. Ахуй соёл болон бусад шалтгаанаас хамаарч та хоёрын санаа оноо ялгаатай байж магадгүй.
ГАНЦ БИЕ ИТГЭЛ НЭГТНЭЭ БУСАД НЬ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
14. Ганц бие Гэрчүүдийг үг яриагаараа хэрхэн дэмжих вэ?
14 Гэрлэх хүсэлтэй ганц бие Гэрчүүдийг бид хэрхэн дэмжиж урамшуулах вэ? Сайн бодож байж үгээ хэлэх нь чухал (Эф. 4:29). Бид өөрсдөөсөө: «Гэрлэх хүсэлтэй хүмүүсийг би шоглодог уу? Ганц бие эрэгтэй эмэгтэй хоёр ярилцаж байхыг хараад нэг нэгэндээ сэтгэлтэй юм байна гэж дүгнэдэг үү?» гэж асууж болох юм (1 Тим. 5:13). Түүнчлэн хэн нэгнийг гэрлээгүй учраас ямар нэг талаараа дутагдалтай гэсэн сэтгэгдэл төрүүлэх ёсгүй. Дээр дурдсан Ханс: «Зарим Гэрч: “Яагаад гэрлэхгүй байгаа юм бэ? Оройтлоо доо” гэдэг. Иймэрхүү үг сонсоод ганц бие байх нь дэмий юм шиг санагдаж, гэрлэхээс дээ гэсэн дарамттай болдог» гэж ярьжээ. Тэгэхээр ийм үг хэлэхийн оронд тэднийгээ магтахыг л эрмэлздэг бол хэчнээн сайхан бэ! (1 Тес. 5:11).
15. а) Ром 15:2-т бичсэн зарчмын дагуу хэн нэгэнд хань олоход нь туслахаасаа өмнө юуг бодох хэрэгтэй вэ? (Бас зургийг үзээрэй). б) Видео үзээд юу нь танд сургамжтай байсан бэ?
15 Хэрэв танд аль нэг Гэрч эрэгтэй эмэгтэй хоёр тохирсон хос болох юм шиг санагдвал яах вэ? Библи бидэнд бусдын санаа сэтгэлийг бодолцохыг зөвлөдөг (Ром 15:2-ыг уншина). Ганц бие олон хүн хэн нэгнээр дамжуулан хүнтэй танилцахыг хүсдэггүй. Бид үүнийг нь хүндэтгэх ёстой (2 Тес. 3:11). Өөр зарим нь тусламж хүсэж магадгүй ч, гуйгаагүй байхад нь бид оролцох ёсгүй (Сур. 3:27). e Зарим нь шууд бус, тойруу байдлаар хүнтэй танилцахыг илүүд үздэг. Германд амьдардаг Гэрч эмэгтэй Лидиа: «Тухайн эрэгтэй эмэгтэй хоёрыг олон хүнтэй хамт урьж болно. Ийнхүү тэдэнд танилцах боломж бүрдүүлээд, цаашдаа яахыг нь өөрсдөд нь даатгаарай» гэжээ.
16. Христийн ганц бие дагалдагчид юуг санах учиртай вэ?
16 Гэрлэсэн, ганц бие гэлтгүй бид бүгдээрээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч чадна! (Дуу. 128:1). Тиймээс хэрвээ та гэрлэх хүсэлтэй ч хань болох хүнээ хараахан олоогүй бол Еховад үйлчлэхийг анхаарсаар байгаарай. Макаод амьдардаг Син И гэдэг Гэрч эмэгтэй: «Диваажинд ханьтайгаа хамт байх хугацааг бодвол ганцаараа байх хугацаа нь үнэхээр богино. Энэ цаг үеэ эрхэмлэж, үр дүнтэй өнгөрүүлээрэй» гэжээ. Харин та хань болох хүнээ олоод үерхэж эхэлсэн бол яах вэ? Хэрхэн үерхэх талаар дараагийн өгүүллээр үзнэ.
ДУУ 3 «Бурхан бол хайр»
a Гэрлэхэд бэлэн байгаа эсэхээ мэдэхэд тань jw.org сайтад буй «Болзоо—1-р хэсэг: Болзоонд явахад бэлэн үү?» гэсэн өгүүлэл тустай.
b ҮГНИЙ ТАЙЛБАР: Энэ болон дараагийн өгүүллээр, «үерхэх» гэдгээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн хань ижил болоход тохирох эсэхээ мэдэхийн тулд хэсэг хугацаанд нэг нэгэнтэйгээ сайн танилцахыг хэлнэ. Зарим улс оронд үүнийг болзох, хэн нэгнийг таньж мэдэх, хайр дурлалын харьцаатай болох гэж бас ярьдаг. Эрэгтэй эмэгтэй хоёр дотносох зорилгоор нэг нэгнээ сонирхож байгаагаа илэрхийлээд үерхэж эхэлдэг. Тэгээд үерхэл нь гэрлэх эсвэл болих шийдвэр гаргах хүртэл үргэлжилнэ.
c Зарим нэрийг өөрчлөв.
d Зарим соёлд гол төлөв эрэгтэй нь үерхэх санал тавьдаг. Гэхдээ эмэгтэй нь ч түрүүлж хэлэхэд болохгүй юм байхгүй (Рут 3:1–13). Энэ талаар илүү ихийг мэдье гэвэл «Сэрцгээ!» сэтгүүлийн 2004 оны 10-р сарын 22-ны дугаарт гарсан «Залуучуудын асуулт. Тэр залууд сэтгэлээ яаж илчлэх вэ?» гэсэн өгүүллийг уншаарай (англи).
e jw.org сайтад буй «Итгэлийн төлөө тэмцээд амжилт олсон хүмүүс—Ганц бие итгэл нэгтнүүд» гэсэн видеог үзээрэй.