СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 33
ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя
Нүгэлтнүүдэд Еховагийн үзэл бодлоор хандах нь
«Хэн нэг нь нүгэл үйлдлээ гэхэд бидэнд туслагч бий» (1 ЁОХ. 2:1).
ГОЛ САНАА
МЭ I зууны Коринт хотын нэгэн хурал ноцтой нүгэл үйлдсэн хүнд хэрхэн хандсан нь бидэнд сургамжтай.
1. Яавал Ехова баярлах вэ? Яагаад?
ЕХОВА БУРХАН хүнийг сонгох эрх чөлөөтэйгөөр бүтээжээ. Бид өдөр бүр аливаа асуудлыг шийдэхдээ сонгох эрх чөлөөгөө эдэлдэг. Ямар ч хүний гаргадаг хамгийн чухал шийдвэр бол Еховад өөрийгөө зориулж, гэр бүлд нь нэгдэх юм. Хүн болгон ийм шийдвэр гаргавал Ехова баярлах нь лавтай. Яагаад гэвэл тэрбээр хүмүүст хайртай бөгөөд өөртэй нь дотносон нөхөрлөж, үүрд жаргалтай амьдраасай гэж хүсдэг (Д.хууль 30:19, 20; Гал. 6:7, 8).
2. Нүгэл үйлдээд гэмшээгүй хүнээс Ехова юу хүсдэг вэ? (1 Ёохан 2:1).
2 Гэхдээ Ехова хэнийг ч өөртөө үйлчлүүлэх гэж хүчилдэггүй. Хүн бүрд өөрөө шийдэх боломж олгодог. Хэрэв баптисм хүртсэн Христийн дагалдагч хүн Бурхны хуулийг зөрчин ноцтой нүгэл үйлдвэл яах вэ? Гэмшихгүй бол Гэрч байх эрхийг нь хасна (1 Кор. 5:13). Гэлээ ч Ехова тийм хүнийг өөр лүү нь эргээд ирээсэй гэж маш их хүсдэг. Үнэндээ золиос гаргасан нэг чухал шалтгаан нь энэ юм. Нүглээ гэмшсэн хүнийг уучлах боломж золиосны ачаар нээгдсэн билээ (1 Ёохан 2:1-ийг уншина). Хайр халамжтай Бурхан маань ноцтой нүгэл үйлдсэн хүмүүст гэмшихийг уриалдаг (Зех. 1:3; Ром 2:4; Яак. 4:8).
3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
3 Ехова биднийг нүглийн талаар мөн нүгэл үйлдсэн хүний талаар өөртэй нь адилхан үзэл бодолтой байгаасай гэж хүсдэг. Ийм үзэл бодолтой болохын тулд яах хэрэгтэйг энэ өгүүллээр авч үзнэ. Өгүүллээ уншихдаа дараах гурван зүйлийг бодоорой. 1) МЭ I зууны Коринт дахь хурал ноцтой нүгэл үйлдсэн хүнд хэрхэн хандсан бэ? 2) Тэр хүнийг гэмшихэд элч Паул ахлагчдад ямар заавар өгсөн бэ? 3) Энэ явдлаас харвал Ехова ноцтой нүгэл үйлдсэн хүмүүст хэрхэн ханддаг вэ?
КОРИНТ ДАХЬ ХУРАЛ НОЦТОЙ НҮГЭЛ ҮЙЛДСЭН ХҮНД ХЭРХЭН ХАНДСАН БЭ?
4. МЭ I зууны Коринт дахь хуралд ямар хэрэг гарсан бэ? (1 Коринт 5:1, 2).
4 1 Коринт 5:1, 2-ыг уншина. Паул миссионерын гурав дахь аяллаар явж байхдаа шинээр байгуулагдсан Коринт хурлын талаар ноцтой мэдээ дуулав. Тэр хурлын нэг дагалдагч хойт эхтэйгээ явалддаг ажээ. Энэ нь «харь үндэстнүүдийн дунд ч гардаггүй», сэтгэл сэрд хийлгэм явдал байлаа! Хурлынхан нь түүний толгойг илээд зогсохгүй энэ явдлаар бахархдаг байсан бололтой. Бурхан төгс бус хүнийг ойлгож, өршөөдгийн нэг илрэл гэж зарим хүн үздэг байсан байх. Гэвч Ехова бол ард түмнийхээ дунд гарсан ноцтой нүглийг нүдээ аниад өнгөрөөдөг Бурхан биш юм. Тэр хүн энэ бузар хэргээрээ хурлын нэр хүндийг гутааж байсан нь ойлгомжтой. Мөн нийлж нөхөрлөж байсан зарим дагалдагчид муугаар нөлөөлсөн байж болзошгүй. Паул Коринт дахь хуралд ямар заавар өгсөн бэ?
5. Паул Коринт дахь хурлынханд ямар тушаал өгсөн бэ? Энэ нь юу гэсэн үг байсан бэ? (1 Коринт 5:13). (Бас зургийг үзээрэй).
5 1 Коринт 5:13-ыг уншина. Нүгэл үйлдээд гэмшээгүй тэр хүний дагалдагч байх эрхийг хасаарай гэсэн зааврыг элч Паул агуу хүчээр удирдуулан өгчээ. Коринт дахь хурлынхан тэр хүнд яаж хандах ёстой болсон бэ? Паул тэдэнд «Холбоогоо тасал» гэсэн тушаал өгсөн байна. Энэ нь юу гэсэн үг вэ? «Тийм хүнтэй хамт хоол идэж ч болохгүй гэсэн үг» (1 Кор. 5:11). Хүмүүс хамт суугаад хоол идэхээрээ ярьж хөөрөөд амархан дотносдог. Коринт дахь хурлынхан Паулын зааврыг даган холбоогоо тасалснаараа тэр хүний муу нөлөөнөөс хамгаалагдах ажээ (1 Кор. 5:5–7). Нөгөө талаар, хурлынхан нь өөрөөс нь хол хөндий байвал нүгэл үйлдсэн хүн Еховагийн замаас хэр их хазайснаа ойлгоод ичиж, гэмшиж болох юм.
6. Паулын захидал Коринт дахь хурал болон нүгэл үйлдсэн хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?
6 Паул Коринт дахь хуралд захидал илгээснийхээ дараа яаж хүлээж авсан бол хэмээн санаа зовж байлаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд Тит Паулыг баярлуулах сайхан мэдээ авчрав. Коринт дахь хурлынхан уг захидлыг таатай хүлээн авчээ (2 Кор. 7:6, 7). Тэд захидалд бичсэн зааврын дагуу нүгэлтний эрхийг хассан байна. Мөн Паулыг захидлаа бичсэнээс хойш хэдэн сар болоход нүгэл үйлдсэн тэр хүн гэмшсэн байжээ! Хандлага, үйлдлээ өөрчилж, Еховагийн хэм хэмжээг баримтлах болсон аж (2 Кор. 7:8–11). Дараа нь Паул Коринт дахь хуралд ямар заавар өгсөн бэ?
ХУРЛЫНХАН НЬ НҮГЭЛ ҮЙЛДСЭН ХҮНД ХЭРХЭН ХАНДАХ ЁСТОЙ БОЛСОН БЭ?
7. Нүгэл үйлдсэн хүний эрхийг хассан нь ямар үр дүнтэй байсан бэ? (2 Коринт 2:5–8).
7 2 Коринт 2:5–8-ыг уншина. Паул: «Та нарын олонх нь түүнийг зэмлэсэн нь хангалттай» гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, нүгэл үйлдсэн хүнд сахилга батын арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгсөн хэрэг. Ямар үр дүн бэ? Тэр хүн гэмшсэн (Евр. 12:11).
8. Паулын өгсөн дараагийн заавар юу байсан бэ?
8 Тийм учраас Паул нүгэл үйлдсэн итгэл нэгтнээ «дуртайяа уучилж, тайвшруулан» «хайрладгаа мэдрүүлээрэй» гэсэн зааврыг ахлагчдад өгчээ. Ахлагчид тэр хүнийг Еховагийн ард түмний тоонд оруулаад зогсохгүй, үнэхээр уучилснаа, чин сэтгэлээсээ хайрладгаа үг яриа, үйл хэргээрээ батлах ёстой болов. Паулын энэ зааврыг дагавал тэр хүнийг хуралдаа халуун дотноор угтан авсан нь тодорхой харагдах байлаа.
9. Гэмшсэн итгэл нэгтнээ уучлахад заримд нь яагаад амаргүй байсан байж магадгүй вэ?
9 Гэмшсэн нүгэлтнийг хуралдаа дахин хүлээж авахад зарим хүнд хэцүү байсан болов уу? Библид энэ тухай бичээгүй ч тийм байж магадгүй. Хуралд ямар их гай тарьсныг нь бодохлоор зарим хүний дургүй хүрсэн байх. Тэр хүнээс болж зарим нь зовсон ч байж болох юм. Түүнийг халуун дотноор хүлээн авч байгаа нь ёс суртахууны хувьд цэвэр байх гэж их хичээж байгаа нэгэнд нь шударга бус санагдсан байж мэднэ (Лук 15:28–30-тай харьцуулаарай). Гэлээ ч эргээд ирсэн итгэл нэгтэндээ хурлынхан нь яагаад чин сэтгэлийн хайр илэрхийлэх ёстой байсан бэ?
10, 11. Ахлагчид гэмшсэн хүнийг уучлахгүй бол юу болох вэ?
10 Хэрэв ахлагчид чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг буцаж ирэхийг нь зөвшөөрөхгүй эсвэл буцаад ирэхэд нь хурлынхан нь хайраа илэрхийлэхгүй бол юу болох вэ? Тэр хүн хэтэрхий их шаналж өөрийгөө өнгөрсөн хүн юм байна гэж бодож магадгүй. Тэр байтугай Бурхантай тогтоосон харьцаагаа сэргээх гэж хичээхээ больж мэднэ.
11 Хурлынх нь итгэл нэгтнүүд гэмшсэн хүнийг уучлахгүй бол өөр ямар аюултай вэ? Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгана. Яагаад? Еховаг дуурайн уучламтгай байхын оронд Сатаныг дуурайн хахир хатуу, хүйтэн цэвдэг сэтгэл гаргаж байгаа учраас тэр юм. Улмаар Сатаны гар хөл болж тэр хүний урмыг хугалан Еховад үйлчлэх хүслийг нь унтраана (2 Кор. 2:10, 11; Эф. 4:27).
12. Коринт дахь хурлынхан Еховаг хэрхэн дуурайсан бэ?
12 Коринт дахь хурлынхан Сатаныг биш, Еховаг хэрхэн дуурайсан бэ? Гэмшсэн хүнийг Ехова шиг уучилсан. Библийг бичигчид Еховагийн тухай юу гэж бичсэнийг анхаараарай. «Сайн бөгөөд уучлахад бэлэн» гэж Давид бичжээ (Дуу. 86:5). Мика: «Гэмийг уучилдаг, ... тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ?» гэсэн (Мика 7:18). Исаиа: «Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна» хэмээн бичсэн байдаг (Ис. 55:7).
13. Гэмшсэн хүний эрхийг хойшлуулалгүй сэргээх нь яагаад зөв байсан бэ? ( «Коринт дахь хурал гэмшсэн хүний эрхийг хэзээ сэргээсэн бэ?» хавсралтыг үзнэ үү).
13 Коринт дахь хурлынхан гэмшсэн хүнийг буцаад ирэхэд нь Еховаг дуурайн хайраа илэрхийлж, баярлан хүлээж авсан. Тэд Паулын зааврыг ийнхүү дагаснаараа «бүх юманд дуулгавартай байдгаа» баталжээ (2 Кор. 2:9). Эрхийг нь хасаад хэдхэн сар болж байсан ч сахилга батын арга хэмжээ үр дүнгээ өгч, тэр хүн гэмшсэн. Тиймээс эрхийг нь сэргээхийг хойшлуулах нь утгагүй байлаа.
ЕХОВАГ ДУУРАЙН ШУДАРГА, ӨРШӨӨНГҮЙ БАЙХ НЬ
14, 15. Эртний Коринт хотын хуралд гарсан хэргийг шийдвэрлэсэн явдлаас юу мэдэж авах вэ? (2 Петр 3:9). (Бас зургийг үзээрэй).
14 Эртний Коринт дахь хуралд гарсан хэргийг хэрхэн шийдвэрлэснийг бичиж үлдээсэн нь «биднийг сургахын тулд юм» (Ром 15:4). Ноцтой нүгэл үйлдчихээд гэмшээгүй хүнийг хуралд байлгахыг Ехова тэвчдэггүйг энэ түүх харуулдаг. Ехова өршөөнгүй сэтгэлтэй юм чинь гэмшээгүй хүнийг үнэнч үйлчлэгчидтэй нь нийлж нөхөрлөхийг зөвшөөрнө гэж зарим хүн андуу боддог. Гэвч Ехова бүх юмыг зөвшөөрдөг Бурхан биш ээ. Хэм хэмжээгээ ч өөрчилдөггүй (Юуд. 4). Гэмшээгүй хүнийг хуралд байлгах нь харин ч өршөөнгүй сэтгэл гаргаагүйн шинж болно. Яагаад? Тэр хүн хурлын бүх хүнд гай тарьж мэдэх учраас (Сур. 13:20; 1 Кор. 15:33).
15 Гэхдээ Ехова хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй гэдгийг бид мэднэ. Болж л өгвөл аврахыг боддог. Үзэл бодол, үйл хэргээ өөрчилж, өөртэй нь эргээд дотносохыг хүсдэг хүнийг өршөөж уучилдаг (Езе. 33:11; 2 Петр 3:9-ийг уншина). Коринт хотын тэр хүн гэмшиж, нүгэлт явдлаа орхисон учир уучилж өршөөн, халуун дотноор угтан авах шаардлагатайг Ехова хурлын ахлагчдад Паулаар хэлүүлжээ.
16. Коринтод гарсан хэргийг шийдвэрлэсэн түүхийг судлахлаар Еховагийн талаар ямар сэтгэгдэл төрж байна вэ?
16 Коринтод гарсан хэргийг шийдвэрлэсэн түүхээс Ехова хэчнээн их хайр халамжтай, зөв юманд дуртай, шударга Бурхан гэдгийг ойлгож болно (Дуу. 33:5). Энэ хэрээр Бурхныг улам их магтах хүсэл төрж байгаа биз? Тэгээд ч бид бүгдээрээ нүгэлтнүүд учраас хүн бүрд Бурхны өршөөл хэрэгтэй. Биднийг өршөөж уучлахын тулд золиос гаргасан Еховадаа талархаад баршгүй. Ехова өөрийнхөө үйлчлэгчдийг үнэхээр их хайрлаж, тэдэндээ хамгийн сайн сайхныг хүсдэг гэж бодохлоор сэтгэл уужирдаг!
17. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
17 Тэгвэл өнөө үед ноцтой нүгэлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Ноцтой нүгэл үйлдсэн хүнийг гэмшээсэй гэж хүсдэг Еховаг ахлагчид хэрхэн дуурайх вэ? Хэн нэгний Гэрч байх эрхийг хасах юм уу эрхийг нь сэргээхээр шийдэхэд хурлынхан нь яаж хандах ёстой вэ? Эдгээр асуултыг дараагийн өгүүллээр авч үзнэ.
ДУУ 25 Хайраар маань биднийг таниг