СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 35
ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун
Эрхээ хасуулсан хүмүүст туслах нь
«Бурхны таалалд нийцүүлдэг, гэмших шаардлагагүй 99 хүн байна гэж баярлахаас илүүгээр нэг нүгэлтэн гэмшвэл тэнгэрт баяр хөөр болдог» (ЛУК 15:7).
ГОЛ САНАА
Зарим хүний эрхийг яагаад хасах шаардлагатай байдаг вэ? Тийм хүмүүсийг гэмшиж, Еховагийн сайшаалыг дахин олж авахад нь ахлагчид хэрхэн туслах вэ?
1, 2. a) Ехова нүглийг юу гэж үздэг вэ? б) Ехова нүгэл үйлдсэн хүнээс юуг хүсэн хүлээдэг вэ?
ЕХОВА бол бүх юманд хүлцэнгүй ханддаг Бурхан биш. Тэрбээр нүглийг жигшдэг (Дуу. 5:4–6). Библид бичүүлсэн хэм хэмжээг нь хүндэтгэн баримтлахыг биднээс хүсдэг нь зүйн хэрэг юм. Энэ нь төгс бус хүнээс төгс байхыг шаарддаг гэсэн үг биш ээ (Дуу. 130:3, 4). Гэхдээ «нигүүлсэнгүй гэдгээр нь далимдуулан эрээ цээргүй хэрэг хийдэг» хүнийг Ехова тэвчдэггүй (Юуд. 4). Библид Бурхны дайн Хармагедоноор «нүгэлт хүмүүсийг шүүж устгах» тухай бичсэн байдаг (2 Петр 3:7; Илч. 16:16).
2 Гэлээ ч Ехова хэнийг ч устгахыг хүсдэггүй. Тэрбээр бүх хүнийг гэмшээсэй гэж хүсдэгийг өмнөх өгүүллүүдээр ярилцсан билээ (2 Петр 3:9). Ахлагчид нүгэл үйлдсэн хүнийг гэмшүүлэхийн тулд, Еховатай дахин дотно болоход нь туслахын тулд Бурхнаа дуурайн тэвчээртэй байдаг. Харамсалтай нь нүгэл үйлдсэн хүн болгон гэмшээд байдаггүй (Ис. 6:9). Ахлагчид гэмшихэд нь туслахын тулд олон дахин хүчин чармайлт гаргадаг ч зарим хүн муухай хэргээ хийсээр л байдаг. Ийм үед яах ёстой вэ?
«ӨНӨӨХ БУЗАР ХҮНИЙГ ДУНДААСАА ЗАЙЛУУЛ»
3. а) Гэмшихгүй байгаа хүний талаар Библид ямар заавар байдаг вэ? б) Нүгэл үйлдээд гэмшээгүй хүнийг яагаад өөрөө эрхээ хасуулахаар шийдсэн гэж хэлж болох вэ?
3 Нүгэл үйлдсэн хүн гэмшихгүй бол ахлагчид 1 Коринт 5:13-т байдаг, «Өнөөх бузар хүнийг дундаасаа зайлуул» гэсэн зааврыг дагахаас өөр аргагүйд хүрнэ. Тэр хүн нэг ёсондоо өөрөө ингэхээр шийдсэн гэсэн үг. Юу тарьснаа хурааж авч байгаа нь энэ юм (Гал. 6:7). Яагаад ингэж хэлж болох вэ? Ахлагчид түүнд гэмийг нь ухааруулах гэж удаа дараа оролдсон ч татгалзсан шүү дээ (Х.дэд 17:12–15). Тэрбээр Еховагийн хэм хэмжээг баримтлахгүй байхаар шийдсэнээ үйл хэргээрээ харуулж байна (Д.хууль 30:19, 20).
4. Нүгэл үйлдээд гэмшээгүй хүний эрхийг хассан бол яагаад зарладаг вэ?
4 Нүгэл үйлдээд гэмшээгүй хүний эрхийг хассан бол Еховагийн Гэрч биш болсныг нь цуглаан дээр зарладаг. a Нүгэл үйлдсэн хүнийг ичгэвтэр байдалд оруулах гэж ингэж зарладаг юм биш ээ. Харин ч зарласны ачаар хурлынхан тийм хүнээс «холбоогоо тасал», «хамт хоол идэж ч болохгүй» гэсэн Библийн тушаалыг сахина (1 Кор. 5:9–11). Ехова энэ зааврыг өгсөн нь учиртай. Элч Паул: «Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг» хэмээн бичжээ (1 Кор. 5:6). Нүгэл үйлдээд гэмшдэггүй хүн бусдадаа гай болж Еховагийн тогтоосон хэм хэмжээний дагуу амьдрах гэсэн хичээл зүтгэлийг нь мохоож мэднэ (Сур. 13:20; 1 Кор. 15:33).
5. Эрхээ хасуулсан хүнийг хэрхэн үзэх ёстой вэ? Яагаад?
5 Тэгвэл эрхээ хасуулсан итгэл нэгтнээ бусад нь хэрхэн үзэх ёстой вэ? Хэдийгээр түүнтэй нийлж нөхөрлөхгүй ч эргээд ирэхээсээ өнгөрсөн гэж бодохын оронд «төөрсөн хонь» гэж үзэх хэрэгтэй. Сүргээсээ төөрсөн хонь буцаад ирэх нь ч бий. «Төөрсөн хонь» маань Еховад өөрийгөө зориулсан гэдгийг мартах учиргүй. Тэрбээр одоохондоо өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахгүй, аюултай байдалд байгаа нь үнэн (Езе. 18:31). Гэхдээ Ехова өршөөл үзүүлэхэд бэлэн байгаа учраас тэр хүнийг буцаад ирнэ гэж бусад нь найддаг. Тэгвэл ахлагчид эрхээ хасуулсан итгэл нэгтэндээ хэрхэн туслах вэ?
ЭРХЭЭ ХАСУУЛСАН ХҮМҮҮСТ АХЛАГЧИД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?
6. Ахлагчид эрхээ хасуулсан хүнд туслахын тулд ямар ямар алхам хийх вэ?
6 Эрхээ хасуулсан хүн тэр чигээрээ хаягдсан гэсэн үг үү? Ехова руу эргэж ирэхийг хүсвэл өөрөө л ирэх ёстой юу? Хаанаас даа! Ахлагчдын хороо нүгэл үйлдээд гэмшээгүй хүний эрхийг хасахаар болсноо мэдэгдэхдээ, хуралдаа буцаад ирэхийн тулд ямар ямар алхам хийхийг нь хэлж өгдөг. Гэхдээ ингээд л болчихдоггүй. Ихэнх тохиолдолд ахлагчид нүгэл үйлдсэн хүнтэй хэдэн сарын дараа уулзах санал тавина. Хандлагаа өөрчилсөн эсэхийг нь мэдэх зорилготой. Дахин уулзах саналыг нь хүлээж авбал ахлагчид түүнтэй тохирсон ёсоороо уулзана. Тэр үеэр, гэмшээд буцаж ирэхийг халуун сэтгэлээр зөвлөнө. Тухайн үед хандлагаа өөрчлөөгүй байсан ч ахлагчид түүнтэй дахин дахин уулзахыг бодно.
7. Ахлагчид эрхээ хасуулсан хүнтэй харьцахдаа өрөвч Еховаг хэрхэн дуурайдаг вэ? (Иеремиа 3:12).
7 Ахлагчид эрхээ хасуулсан хүнтэй харьцахдаа Ехова шиг өрөвч байхыг хичээдэг. Жишээ нь, Ехова эртний зөрүүд ард түмнээ эхний алхам хийхийг нь хүлээгээгүй. Гэмшсэн ямар ч шинжгүй байхад нь өөрийнхөө санаачилгаар тэдэн рүү зөнчдөө илгээсэн. Энэ цувралын хоёр дахь өгүүлэлд бичсэнээр, Ехова Хосеа хэмээх зөнчдөө эхнэрээ уучлахыг тушаажээ. Эхнэр нь ноцтой нүгэл үйлдсээр байсан ч Хосеа түүнтэй эвлэрч, дахин хамт амьдрах болсон. Ехова өрөвч Бурхан гэдгээ энэ жишээгээр харуулсан юм (Хос. 3:1; Мал. 3:7). Ахлагчид Еховаг дуурайдаг учраас эрхээ хасуулсан хүнийг эргээд ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Мөн ирэх замд нь саад болдоггүй (Иеремиа 3:12-ыг уншина).
8. Алга болсон хүүгийн тухай ёгт үлгэрээс үзэхэд Ехова эрхээ хасуулсан хүмүүсийн талаар ямар бодолтой явдаг вэ? (Лук 15:7).
8 Энэхүү цувралын хоёр дахь өгүүллээр, алга болсон хүүгийн тухай Есүсийн ёгт үлгэрийг ярилцсан билээ. Эцэг нь хүүгээ гэртээ ирж явааг хармагцаа «гүйн очоод тэвэрч үнсжээ» (Лук 15:20). Уучлалт гуйхыг нь хүлээгээгүйг анхаараарай. Харин ч хүүдээ хайртай учраас гүйн очсон. Ахлагчид Еховаг орхисон хүмүүст ийм сэтгэл гаргахыг хичээдэг. Тэд төөрсөн эдгээр хонийг «гэртээ» эргээд ирээсэй гэж хүсдэг (Лук 15:22–24, 32). Нүгэл үйлдсэн хүнийг эргээд ирэхэд тэнгэрт ч, газарт ч баяр хөөр болдог! (Лук 15:7-г уншина).
9. Ехова нүгэл үйлдсэн хүнээс юу хүсдэг вэ?
9 Энэ бүхнээс үзэхэд Ехова нүгэл үйлдээд гэмшээгүй хүнийг хүлцдэггүй нь тодорхой байна. Гэлээ ч тэрбээр нүгэл үйлдсэн хүнээс нүүр буруулдаггүй. Тийм хүнийг эргээд ирээсэй гэж хүсдэг. Хүнийг гэмшихэд Ехова яадгийг Хосеа 14:4-т «Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана. Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм» гэж бичжээ. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнээс, гэмшсэн гэх өчүүхэн ч гэсэн шинж тэмдэг хайж олох хэрэгтэйг энэ зүйл хэлж өгдөг. Мөн Еховагаас холдсон хүнд цаг алдалгүй буцаж ирэх урам зориг хайрладаг.
10, 11. Гэрч байх эрхээ хэдийнээ хасуулсан хүмүүст ахлагчид хэрхэн туслах вэ?
10 Гэрч байх эрхээ хэдийнээ хасуулсан хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Олон жилийн өмнө хасуулсан хүмүүс ч байдаг. Тэд эрхээ хасуулах шалтгаан болсон нүглийг үйлдэхээ больсон байж мэднэ. Зарим нь бүр яагаад Гэрч биш болсноо ч санахгүй байж болох юм. Аль нь ч байлаа гэсэн ахлагчид тийм хүмүүсийг хайж олоод уулзахыг хичээнэ. Тэгээд уулзлаа гэхэд, Еховадаа эргээд ирэхийг халуун дотноор урьж, бүр хамт залбирна. Тэр хүн эрхээ хасуулаад олон жил болсон учраас Еховагийн тухай, Библийн тухай үнэнийг дахин судлах хэрэгтэй болно. Хэрэв хуралд эргэж ирэх хүсэлтэйгээ хэлбэл ахлагчид эрхийг нь хараахан сэргээгээгүй ч гэсэн Библийн хичээл хийх санал тавьж болох юм. Хичээл заах хүнийг ямар ч тохиолдолд ахлагчид томилдог.
11 Ахлагчид өрөвч Еховаг дуурайдаг учраас аль болох олон хүнд туслахыг хичээн, эргээд ирэх боломж байгаа шүү гэдгийг мэдүүлдэг. Нүгэл үйлдсэн хүн гэмшсэнээ батлан бодол санаа, үйл хэргээ өөрчилбөл ахлагчид хойшлуулалгүйгээр эрхийг нь сэргээнэ (2 Кор. 2:6–8).
12. а) Ахлагчид ямар тохиолдолд сайтар бодох шаардлагатай байдаг вэ? б) Яагаад нүгэл үйлдсэн зарим хүнийг Еховагийн өршөөлийг хүртэх боломжгүй гэж бодох ёсгүй вэ? (Зүүлтийг үзнэ үү).
12 Зарим тохиолдолд ахлагчид эрхээ хасуулсан хүний эрхийг сэргээхээсээ өмнө сайтар бодох шаардлагатай байдаг. Жишээ нь, тэр хүн бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцсан эсвэл тэрсэлсэн эсвэл гэрлэлтээ цуцлуулахын тулд заль зохиосон хэргээр Еховагийн Гэрч байх эрхээ хасуулсан бол үнэн голоосоо гэмшсэн эсэхийг мэдэх хэрэгтэй (Мал. 2:14; 2 Тим. ). Ахлагчид сүргийг хамгаалах үүрэгтэй. Үүний зэрэгцээ чин сэтгэлээсээ гэмшээд буруу юм хийхээ больсон ямар ч хүнийг Ехова хүлээж авдгийг санах нь зүйтэй. Бусдын итгэлийг эвдэж урван тэрсэлсэн хүмүүст ахлагчид болгоомжтой ханддаг ч тэднийг Еховагийн өршөөлийг хэзээ ч хүртэхгүй гэж үзэх ёсгүй ( 3:61 Петр 2:10). b
ХУРЛЫНХАН НЬ ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
13. Зэмлэл хүртсэн хүнтэй хэрхэн харьцах вэ? Харин эрхээ хасуулсан хүнтэй хэрхэн харьцах вэ?
13 Зэмлэл хүртсэн тухай зарлал сонсвол тэр хүнийг гэмшжээ, буруу юм хийхээ больжээ гэж ойлгоод нөхөрлөсөн хэвээрээ байж болно гэж өмнөх өгүүллээр ярилцсан (1 Тим. 5:20). Тэр хүн эрхээ хасуулаагүй учраас итгэл нэгтнүүдтэйгээ нийлж нөхөрлөн, урамшин зоригжих шаардлагатай (Евр. 10:24, 25). Харин эрхээ хасуулсан хүний тухайд бол байдал тэс өөр байна. Хурлынхан нь тийм хүнээс «холбоогоо таслах» ёстой. «Хамт хоол идэж ч болохгүй» (1 Кор. 5:11).
14. Христийн дагалдагчид эрхээ хасуулсан хүнтэй харьцахдаа Библиэр сургасан мөс чанартаа хэрхэн захирагдах вэ? (Бас зургийг үзээрэй).
14 1 Коринт 5:11-д бичсэн заавраас харахад, эрхээ хасуулсан хүнийг цуглаанд урих юм уу тийм хүнтэй мэндэлж болохгүй юү? Болохгүй гэсэн үг биш ээ. Түүнтэй нийлж нөхөрлөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ гэр бүл, хамаатан садан бол эсвэл дотносон нөхөрлөж явсан бол цуглаанд урих эсэхээ Библиэр сургасан мөс чанарынхаа дагуу шийдэж болно. Ирэхлээр нь яах вэ? Урьд нь бид тийм хүнтэй мэндэлдэггүй байсан. Харин одоо бол Гэрч бүр энэ асуудалд бас Библиэр сургасан мөс чанарынхаа дагуу хандана. Зарим нь тийм хүнтэй мэндлэх юм уу цуглаанд ирэхээр нь угтан авч болох юм. Гэхдээ яриа өрнүүлэхгүй, нийлж нөхөрлөхгүй.
15. 2 Ёохан 9–11-д ямар нүгэлтний тухай гардаг вэ? (Бас «Ёохан Паул хоёр адилхан юм ярьсан уу?» хавсралтыг үзнэ үү).
15 Зарим хүн: «Түүнтэй мэндэлбэл бузар хэргийнх нь хамсаатан болно гэж Библид байдаг биз дээ?» гэж хэлэх байх (2 Ёохан 9–11-ийг уншина). Хам сэдвийг нь үзвэл энэ бол тэрслэгчид болон буруу үйл хэрэгт идэвхтэй уриалдаг хүмүүст яаж хандах тухай заавар юм (Илч. 2:20). Тэгэхлээр, ахлагчид тэрслэгчийн сургаал юм уу муу үйл хэргийг идэвхтэй түгээн дэлгэрүүлдэг хүмүүстэй уулзахгүй. Гэхдээ л тийм хүмүүст гэмших найдвар бий. Гэмшээд, эргээд иртэл нь бид тэдэнтэй мэндлэхгүй, мөн тэднийг цуглаанд урихгүй.
ЕХОВА ШИГ ӨРӨВЧ, ӨРШӨӨНГҮЙ БАЙХ НЬ
16, 17. а) Ехова нүгэлтнүүдээс юу хүсдэг вэ? (Езекиел 18:32). б) Хурлын ахлагчид Еховатай хэрхэн хамтран ажилладаг вэ?
16 Таван хэсэгтэй энэ цуврал өгүүллээс бид юу мэдэж авав? Ехова хэнийг ч устгахыг хүсдэггүй! (Езекиел 18:32-ыг уншина). Нүгэлтнүүдийг эргэж ирээд эвлэрээсэй гэж хүсдэг (2 Кор. 5:20). Тийм ч учраас зөрүүд ард түмнээ, зөрүүд үйлчлэгчдээ гэмшээд өөр лүү нь эргэж ирэхийг олон зууны турш дахин дахин уриалж иржээ. Ноцтой нүгэл үйлдсэн хүнд гэмийг нь ухааруулахын тулд хурлын ахлагчид Еховатай хамтран ажилладаг (Ром 2:4; 1 Кор. 3:9).
17 Нүгэлтнүүдийг гэмшихэд тэнгэрт ямар их баяр хөөр болдгийг төсөөл дөө! Төөрсөн хонь бүр нь буцаж ирэхэд тэнгэрийн Эцэг Ехова маань баярладаг. Еховагийн өрөвч, өршөөнгүй, энэрэнгүй сэтгэлийг эргэцүүлэн бодох тусам түүнийг гэсэн хайр улам лавширдаг (Лук 1:78).
ДУУ 28 Шинэ дуу
a Үүнээс хойш тийм хүмүүсийг хурлаас хасах гэхгүй, харин Гэрч байх эрхийг нь хасах гэхээр боллоо.
b Библийнхээр бол, уучилшгүй нүгэл гэдэг нь тодорхой нэг төрлийн нүгэл биш, харин Бурхныг байнга эсэргүүцэхээр шийдэн, хатуу сэтгэлээр үйлдсэн нүгэл юм. Уучилшгүй нүгэл үйлдсэн эсэхийг Ехова Есүс хоёр л мэднэ (Марк 3:29; Евр. 10:26, 27).