Уншигчдын асуулт
2 Тесалоник 3:14-ийн зүүлтэд «Түүн дээр тэмдэг тавь» гэсэн байдаг. Энэ заавар ахлагчдад хамаатай юу, эсвэл хурлын нийт дэлгэрүүлэгчид хамаатай юу?
Элч Паул Тесалоник дахь Христийн дагалдагчдад «Энэ захидалд бичсэнийг дагадаггүй хүн байвал түүнээс болгоомжил [«түүн дээр тэмдэг тавь», зүүлт]» гэж бичжээ (2 Тес. 3:14). Өмнө нь энэ зааврыг ахлагчдад хамаатай гэж тайлбарладаг байв. Удаа дараа сануулга авсан хэр нь Библийн зарчмыг үл тоомсорлодог хүн байвал хуралд анхааруулах журмаар ахлагч илтгэл тавина. Дараа нь дэлгэрүүлэгчид тэмдэг тавиулсан хүнтэй нийлэхээ болино.
Харин одоо энэ ойлголтыг засах хэрэгтэй болжээ. Паулын зөвлөгөө хувь хүний гаргах шийдвэртэй холбоотой нь тодорхой байна. Тэгэхлээр ахлагч анхааруулах илтгэл тавих шаардлагагүй гэсэн үг. Энэ ойлголтыг яагаад өөрчлөх болов? Паулын зөвлөгөөг хам сэдэвтэй нь авч үзье.
Хурлын зарим хүн «биеэ зөв авч явдаггүйг» Паул анзаарчээ. Бурхны Үгэнд үндэслэн зөвлөгөө өгөөд байхад тэд үл тоомсорлодог байв. Паул өмнөх эргэлтээрээ «Ажил хийх дургүй хүн бүү идэг» гэсэн заавар өгчээ. Гэвч зарим хүн хөдөлмөрийн чадвартай хэр нь ажил хийж амьдралаа залгуулдаггүй байв. Бас хүний хэрэгт хошуу дүрдэг хүмүүс ч байжээ. Биеэ зөв авч явдаггүй ийм хүмүүстэй бусад нь яаж харьцах ёстой байсан бэ? (2 Тес. 3:6, 10–12).
Паул: «Түүн дээр тэмдэг тавь» гэсэн. Энэ нь тухайн хүнээс болгоомжил гэсэн утгатай. Паул зөвхөн ахлагчдад биш, хурлын бүх хүнд хандаж ийм заавар өгчээ (2 Тес. 1:1; 3:6). Тэгэхлээр, хувь хүн итгэл нэгтнээ Бурхны Үгэнд үндэслэсэн зөвлөгөөг дагахгүй байгааг анзаарвал биеэ зөв авч явдаггүй тийм хүнтэй нийлэхгүй байхаар шийдэж болдог байв.
Тэр хүнийг Гэрч байх эрхээ хасуулсан хүн шиг үзэх ёстой гэсэн үг үү? Үгүй. Элч Паул: «Итгэл нэгтнээ гэж бодоод сануулж бай» гэж нэмж хэлжээ. Тиймээс Христийн дагалдагч биеэ зөв авч явдаггүй тэр хүнтэй цуглаан дээр уулзаж, дэлгэрүүлэх ажилд хамт явж болох ч үдэшлэг уулзалтад урих юм уу чөлөөт цагаа хамт өнгөрөөхгүй гэсэн үг байв. Яагаад? «Тэгвэл тэр хүн ичих юм» гэж Паул хэлсэн. Ийнхүү тэмдэг тавьснаар тэр хүн биеэ зөв авч явдаггүйдээ ичиж, хандлага, үйлдлээ өөрчлөх ажээ (2 Тес. 3:14, 15).
Христийн орчин үеийн дагалдагчид энэ зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хэн нэгний үйлдлээс болоод санаа зовж байгаа бол тэр хүн үнэхээр Паулын хэлсэн шиг «биеэ зөв авч явдаггүй» юү гэдгийг эхлээд магадлах хэрэгтэй. Паул мөс чанар юм уу хувийн хүсэл сонирхлоороо шийдэх асуудалд өөрөөр ханддаг хүмүүсийн тухай хэлээгүй. Итгэл нэгтнээ гомдоосон хүмүүсийн тухай ч хэлээгүй. Харин Бурхны өгсөн тодорхой зөвлөгөөг санаатайгаар зөрчсөн хүмүүсийн тухай хэлжээ.
Итгэл нэгтэн нь ийнхүү дуулгаваргүй загнаж байгааг a анзаарсан хүн үдэшлэг уулзалтад урих юм уу чөлөөт цагаа хамт өнгөрөөхгүй байхаар шийднэ. Энэ нь хувийн шийдвэр учраас гэрийнхнээсээ өөр хүмүүстэй ярилцах шаардлагагүй. Харин тэр хүнтэй цуглаан дээр уулзаж, дэлгэрүүлэх ажилд хамт явж болно. Хэрэв тэр хүн хандлага, биеэ авч явах байдлаа засвал дахин нийлж нөхөрлөж болох юм.
a Жишээ нь, итгэл нэгтэн маань хөдөлмөрийн чадвартай хэр нь ажил хийж амьдралаа залгуулдаггүй, Гэрч биш хүнтэй үерхдэг, хүмүүсийг хагалан бутаргах юм ярьдаг, хов жив тараадаг байж болох юм (1 Кор. 7:39; 2 Кор. 6:14; 2 Тес. 3:11, 12; 1 Тим. 5:13). Ийм үйлдлээ зогсоодоггүй хүнийг «биеэ зөв авч явдаггүй» гэнэ.