СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 6
ДУУ 149 Золиосны төлөө талархъя
Ехова нүглийг уучилдаг—Бид яагаад талархдаг вэ?
«Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн» (ЁОХ. 3:16).
ГОЛ САНАА
Нүглийг маань уучлахын тулд Ехова юу хийснийг ойлговол талархах сэтгэл лавширна.
1, 2. Хүн төрөлхтний нөхцөл байдал юугаараа жишээнд гардаг залуугийнхтай адил вэ?
БАЯН чинээлэг гэр бүлд өссөн залууг төсөөлөөрэй. Нэгэн өдөр эцэг эх нь осолд орж нас барав. Тэрбээр их гашууджээ. Дээрээс нь бас нэг муу мэдээ сонсов. Эцэг эх нь хамаг эд хөрөнгөө үрж дуусгаад зогсохгүй асар их өртэй болсон байлаа. Залуу өв хөрөнгөтэй үлдэх нь бүү хэл өрөнд унаж, зээлдүүлэгчид өрөө төлөхийг түүнээс шаардана. Төлж барахааргүй их өртэй хоцров.
2 Бидний нөхцөл байдал зарим талаараа энэ залуугийнхтай адил. Анхны өвөг дээдэс Адам, Ева төгс байгаад зогсохгүй үзэсгэлэнтэй Диваажинд амьдарч байсан (Эх. 1:27; 2:7–9). Тэд үүрд мөнх жаргалтай амьдрах найдвартай байв. Харин бүх юм орвонгоороо эргэж Диваажин гэрээ ч, мөнх амьдрах найдвараа ч алдсан. Тэгэхээр тэд үр хүүхдүүддээ юу өвлүүлсэн бэ? Библид «Нэг хүнээс [Адамаас] болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ» гэж байдаг (Ром 5:12). Адам бидэнд нүгэл болон үр дагавар нь болох үхлийг өвлүүлсэн. Энэ нь бидний хэн ч төлж барахааргүй асар их өртэй адил юм (Дуу. 49:8).
3. Нүглийг яагаад «өртэй» зүйрлэсэн бэ?
3 Есүс нүглийг «өртэй» зүйрлэсэн (Мат. 6:12, зүүлт). Бид нүгэлтэй болсон нь Еховад өртэй болсонтой адил. Өртөн өрөө төлөх ёстой байдаг шиг нүгэлтэн шийтгүүлэх ёстой. Хэн нэгний тусламжгүйгээр бид энэ өрийг төлж чадахгүй. Харин үхэхээр л өр тэглэгдэнэ (Ром 6:7, 23).
4. а) Хэн нэгэн туслахгүй бол нүгэлтэй бид яах байсан бэ? (Дуулал 49:7–9). б) Библид «нүгэл» гэдгээр юуг хэлдэг вэ? ( «Нүгэл» гэсэн хавсралтыг үзээрэй).
4 Адам Ева хоёрын алдсаныг эргүүлж авах боломжтой юу? Бид өөрсдөө яаж ч хичээгээд чадахгүй (Дуулал 49:7–9-ийг уншина). Хэн нэгэн туслахгүй л бол мөнх амьдрах болон амилах найдваргүй, мөн амьтадтай адилаар үхээд л бүх юм дуусна (Ном. 3:19; 2 Петр 2:12).
5. Хайр халамжтай Эцэг маань нүгэл өвлөсөн бидний төлөө юу хийсэн бэ? (Бас зургийг үзээрэй).
5 Дээрх жишээнд гарсан залуугийн тухай дахин бодъё. Хэрэв нэг баян хүн бүх өрийг нь төлөх санал тавивал яах байсан бол? Маш их баярлаад саналыг талархан хүлээж авах нь дамжиггүй. Үүнтэй адилаар хайр халамжтай Эцэг Ехова Адамын өвлүүлсэн нүглийг цайруулсан буюу өрийг төлж барагдуулсан. Энэ талаар Есүс: «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» гэж тайлбарлажээ (Ёох. 3:16). Мөн одоо Еховатай сайн харьцаатай байх боломжтой болсон.
6. Библид гардаг ямар ямар үгийг одоо ярилцах вэ? Яагаад?
6 Ехова нүглийг уучилсны ач тусыг хүртэхийн тулд бид яах ёстой вэ? Энэ асуултын хариуг авъя гэвэл Библид гардаг эвлэрэх, нүглийг цайруулах, золиос, чөлөөлөгдөх, шударга сайнд тооцогдох зэрэг үгийн утгыг ойлгох хэрэгтэй. Эдгээр үгийг одоо нэг нэгээр нь ярилцъя. Ехова нүглийг уучлахын тулд юу хийснийг эргэцүүлэн бодвол улам их талархана.
ЗОРИЛГО: ЭВЛЭРЭХ
7. а) Адам Ева хоёр бас юугаа алдсан бэ? б) Тэдний үр удам бид яах хэрэгтэй вэ? (Ром 5:10, 11).
7 Адам Ева хоёр мөнх амьдрах найдвараас гадна Еховатай тогтоосон нандин харьцаагаа бас алдсан. Уг нь тэд Бурхны гэр бүлд багтаж байв (Лук 3:38). Гэвч Еховад дуулгаваргүй загнаж, үр хүүхэдтэй болохоосоо өмнө гэрээсээ хөөгдсөн (Эх. 3:23, 24; 4:1). Бид тэдний үр удам учраас Еховатай эвлэрэх шаардлагатай (Ром 5:10, 11-ийг уншина). Өөрөөр хэлбэл сайн харьцаатай болох хэрэгтэй. Нэгэн тайлбар тольд грек хэлний «эвлэрэх» гэдэг үгийг дайсантайгаа найз болох гэж тайлбарлажээ. Гайхалтай нь, Ехова өөрөө эвлэрэх санаачилга гаргасан. Чухам юу хийсэн бэ?
АРГА ХЭМЖЭЭ: НҮГЛИЙГ ЦАЙРУУЛАХ
8. Нүглийг цайруулах гэдгээр юуг хэлдэг вэ?
8 Нүглийг цайруулах гэдэг нь нүгэлт хүн төрөлхтөнтэй сайн харьцаатай болохын тулд авсан Еховагийн арга хэмжээ юм. Тэрбээр Адамын алдсан юмыг эргүүлж авахын тулд яг тэнцүү үнэ төлөхөөр шийджээ. Энэ арга хэмжээнийхээ дагуу юу хийснийг Грек Сударт бас бичсэн байдаг (Ром 3:25).
9. Ехова израйлчуудын нүглийг уучлахын тулд юу хийсэн бэ?
9 Ехова израйлчуудад өөртэй нь сайн харьцаатай байх боломж олгож нүглийг нь уучлах түр зуурын арга хэмжээ авчээ. Израйлчууд жил бүр «Нүглийг уучлуулах тахил өргөх өдрийг» тэмдэглэдэг болов. Энэ өдөр тэргүүн тахилч ард түмнийхээ төлөө амьтдаар тахил өргөнө. Амьтны амь хүний амьтай энэ тэнцүү биш тул нүглийг бүрмөсөн цайруулж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ израйлчууд гэмшиж шаардлагынх нь дагуу тахил өргөхөд Ехова тэдний нүглийг дуртайяа уучилж байжээ (Евр. 10:1–4). Түүнээс гадна энэ өдөр болон өөр үед өргөсөн нүглийн төлөөх тахилууд гэм нүгэлтэйг нь, бас бүрмөсөн уучлуулах шаардлагатайг нь израйлчуудад сануулдаг байсан.
10. Ехова хүн төрөлхтний нүглийг бүрмөсөн уучлахын тулд юуг санаачилсан бэ?
10 Ехова хүн төрөлхтний нүглийг бүрмөсөн уучлахын тулд ямар арга санаачилсан бэ? Хайрт Хүү Есүс нь «олны нүглийг үүрэхийн тулд өөрийгөө нэг л удаа өргөхөөр» болсон (Евр. 9:28). Ийнхүү тэрбээр «олны төлөө амиа зольсон» (Мат. 20:28). Золиос гэж юу вэ?
ҮНЭ: ЗОЛИОС
11. а) Библид бичсэнийг үзвэл золиос гэж юу вэ? б) Ямар хүн золиос болж зохих үнийг төлж чадах вэ?
11 Библид бичсэнийг үзвэл золиос гэдэг нь нүглийг цайруулж, Бурхантай эвлэрэхийн тулд төлөх шаардлагатай үнэ юм. a Адамын алдсаныг эргүүлж авахын тулд хэн нэгэн золиос болох ёстой гэж Ехова үзсэн. Хэр их үнэ төлөх хэрэгтэй вэ? Адам Ева хоёр төгс амь болон үүрд мөнх амьдрах найдвараа алдсаныг санаарай. Тэгэхээр алдсантай эн тэнцүү хэмжээний золиос хэрэгтэй болж байна (1 Тим. 2:6). Тиймээс 1) төгс, 2) дэлхий дээр үүрд мөнх амьдрах боломжтой, 3) бидний төлөө дуртайяа амиа өгөх хүн л золиос болж зохих үнийг төлж чадна. Ийм хүний амь л алдсан амийг орлох байв.
12. Есүс яагаад золиос болж чадсан бэ?
12 Есүс дээрх 3 шаардлагыг хангасан. 1) Тэрбээр «нүгэл үйлдээгүй» төгс хүн (1 Петр 2:22). 2) Тиймээс ч дэлхий дээр мөнх амьдрах боломжтой байсан. 3) Бидний төлөө дуртайяа амиа өгсөн (Евр. 10:9, 10). Тэрбээр нүгэл үйлдэхээс өмнөх үеийн Адамтай яг адил төгс хүн билээ (1 Кор. 15:45). Тэгэхээр амиа золиосолсноор Адамын алдсаныг эргүүлэн авахад шаардлагатай үнийг төлж чадсан (Ром 5:19). Ийнхүү «сүүлчийн Адам» болжээ. Есүс «үүрд хүчинтэй байх тахилыг нэг удаа өргөсөн» учраас үнэ төлөх өөр төгс хүн шаардлагагүй (Евр. 7:27; 10:12).
13. Нүглийг цайруулах арга хэмжээ болон золиосны ялгаа юу вэ?
13 Тэгвэл нүглийг цайруулах арга хэмжээ болон золиосны ялгаа юу вэ? Нүглийг цайруулах арга хэмжээ нь хүн төрөлхтөнтэй дахин сайн харьцаатай болохын тулд хийсэн Бурхны үйлдэл. Харин золиос нь хүмүүсийн нүглийг цайруулахад шаардлагатай үнэ юм. Есүс бидний төлөө үнэт цусаа урсган энэ үнийг төлсөн (Эф. 1:7; Евр. 9:14).
ҮР ДҮН: ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, ШУДАРГА САЙНД ТООЦОГДОХ
14. Одоо юуны тухай ярилцах вэ? Яагаад?
14 Нүглийг цайруулах арга хэмжээний үр дүн юу вэ? Энэ асуултад хариулахын тулд Библид гардаг 2 үгийг ярилцъя. Утгыг нь ойлговол ямар ач тус хүртэхийг мэдэж авна.
15, 16. а) Библид бичсэнээр бид юунаас «чөлөөлөгдөх» вэ? б) Үүнийг бодохлоор ямар санагдах вэ?
15 Библид бичсэнээр золиос буюу шаардлагатай үнэ төлөгдсөн учраас бид чөлөөлөгдсөн. Энэ тухай элч Петр: «Эцэг өвгөд шигээ утгагүй амьдарч ирсэн та нарыг алт мөнгө гэх мэтийн устаж үгүй болдог юмаар зольж аваагүй, харин үнэт цус буюу өөгүй, толбогүй хурга мэт Христийн цусаар зольж авсныг [чөлөөлснийг] мэднэ шүү дээ» гэжээ (1 Петр 1:18, 19).
16 Золих тахилд үндэслэн бид нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөх боломжтой (Ром 5:21). Есүсийн үнэт цусны ачаар чөлөөлөгдөх болсондоо бид Ехова болон Хүүд нь гүнээ талархдаг (1 Кор. 15:22).
17, 18. а) Шударга сайнд тооцогдоно гэдэг нь юу гэсэн үг вэ? б) Энэ нь бидэнд ямар ач тустай вэ?
17 Библид бичсэнээр Еховагийн үйлчлэгчид шударга сайнд тооцогдсон. Энэ нь Ехова бидний нүглийг уучилна, шийтгэхгүй гэсэн үг юм. Ингэлээ гээд шударга ёсны хэм хэмжээгээ огтхон ч зөрчөөгүй. Тэрбээр амжилтад үндэслэн биднийг шударга сайнд тооцдоггүй; бас нүглийг маань нүдээ аниад өнгөрөөдөггүй. Харин нүглийг цайруулах арга хэмжээ болон золиосонд итгэх итгэлд үндэслэн бидний өрийг тэглэнэ (Ром 3:24; Гал. 2:16).
18 Энэ нь хүн нэг бүрд ямар хамаатай вэ? Есүстэй хамт тэнгэрт захирахаар сонгогдсон хүмүүс шударга сайнд тооцогдон Бурхны хүүхдүүд болсон (Тит 3:7; 1 Ёох. 3:1). Ехова тэдний нүглийг аль хэдийн уучилсан. Тэд нүгэлгүйд тооцогдсон учраас Хаант төрд багтдаг (Ром 8:1, 2, 30). Дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс шударга сайнд тооцогдон Бурхны найзууд болсон. Тэдний нүгэл ч уучлагдсан (Яак. 2:21–23). Хармагедоныг эсэн мэнд давах үй олон хүн үхлийг үзэхгүй (Ёох. 11:26). Нас барсан «шударга, шударга бус» хүмүүс амилна (Үйлс 24:15; Ёох. 5:28, 29). Эцэст нь, Еховад дуулгавартай дэлхий дэх бүх үйлчлэгч нь «Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөөг эдэлнэ» (Ром 8:21). Нүглийг цайруулах арга хэмжээний ачаар хүртэх ивээл нь ямар гайхалтай вэ! Эцэг Еховатайгаа бүрмөсөн эвлэрнэ.
19. Бидний нөхцөл байдал хэрхэн сайнаар эргэсэн бэ? ( «Ямар утгатай вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).
19 Үнэндээ бидний нөхцөл байдал бүх юмаа алдаж, хэзээ ч төлж барахааргүй өрөнд орсон залуугийнхтай адил байсан. Гэхдээ Ехова бидэнд тусалсан. Нүглийг уучлах арга хэмжээ авч, Есүс золиос болсны ачаар нөхцөл байдал маань өөрчлөгдсөн. Есүс Христэд итгэх итгэлд үндэслэн нүгэл, үхлээс чөлөөлөгдөх боломжтой болсон. Ийнхүү Ехова нүглийг маань уучилснаар барахгүй ерөөсөө нүгэл үйлдээгүй гэж үзнэ. Хамгийн чухал нь хайр халамжтай тэнгэрийн Эцэг Еховатайгаа бид одоо сайн харьцаатай байх боломжтой.
20. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
20 Ехова Есүс хоёр бидний төлөө юу хийснийг эргэцүүлэн бодохлоор талархах сэтгэлээр бялхдаг (2 Кор. 5:15). Тэд туслаагүй бол бид бүгд ямар ч найдваргүй байх байв! Ехова нүглийг уучилдаг нь бидний хүн нэг бүрд ач тустай гэхийн учир юу вэ? Энэ талаар дараагийн өгүүллээр ярилцана.
ДУУ 9 Ехова Бурхнаа магтъя!
a Зарим хэлний Библид «золиос» гэдэг үгийг «амийн үнэ цэн», «төлөгдсөн төлбөр» гэсэн утгатай үгээр орчуулсан байдаг.