Хэрхэн жинхэнэ найз байх вэ?
БЭРХШЭЭЛ тулгарахад тань туслах хүнгүй байсан удаа бий юү? «Илүү хэцүү цагт» амьдардаг бид заримдаа сэтгэлээр унаж, ганцаарддаг (2 Тим. 3:1). Гэхдээ бэрхшээлийг ганцаараа давах гэсний хэрэггүй. «Хэцүү цагт» дэм болох жинхэнэ найзтай байхын ач тусыг Библи онцолдог (Сур. 17:17).
ЖИНХЭНЭ НАЙЗУУД ХЭРХЭН ТУСАЛДАГ ВЭ?
Элч Паул урьд нь миссионерын аялалд хамт явсан найз нөхдөөсөө тусламж авсан (Кол. 4:7–11). Ромд шоронд хоригдож байхад нь тэд тусалж, өөрийн биеэр хийх боломжгүй ажлыг нь амжуулсан. Жишээ нь Епафродит Филиппой дахь ах дүүсийн цуглуулсан тусламжийн барааг Паулд авчирч өгсөн (Флп. 4:18). Тухик Паулын бичсэн захидлуудыг хурлуудад хүргэсэн (Кол. 4:7). Найзуудынхаа тус дэмээр Паул гэрийн хорионд байхдаа ч, шоронд байхдаа ч Бурханд үйлчилсээр байсан. Та хэрхэн жинхэнэ найз байх вэ?
Жинхэнэ найзтай байхын ач тусыг харуулсан жишээ олон бий. Испанид байнгын эхлэгчээр үйлчилдэг Элисабетын найзын тухай бодъё. Элисабетын ээж хорт хавдартай болоход найз нь түүнд Библид үндэслэсэн урам хайрлах мессеж олныг явуулжээ. Элисабет: «Эдгээр мессежийн ачаар би ганцаардаагүй, бас өдөр бүр хүчтэй болдог байсан» гэжээ (Сур. 18:24).
Цуглаанд явах болон дэлгэрүүлэхэд нь итгэл нэгтнүүддээ тусалдаг бол тэдэнтэйгээ улам дотносно. Жишээ нь та цуглаан юм уу дэлгэрүүлэх ажилд явахдаа настай Гэрчийг машинаараа авч явж чадах уу? Ингэвэл бие биеэ урамшуулна (Ром 1:12). Харин гэрээсээ гарч чаддаггүй итгэл нэгтнүүд бас байдаг. Хэрхэн тэдний жинхэнэ найз байх вэ?
ГЭРЭЭСЭЭ ГАРЧ ЧАДДАГГҮЙ НЭГНИЙХЭЭ ЖИНХЭНЭ НАЙЗ БАЙХ
Зарим маань эрүүл мэндийн юм уу бусад шалтгаанаар цуглаанд биечлэн сууж чаддаггүй. Жишээ болгон цусны хорт хавдартай гэж оношлогдсон Дэвидийн тухай бодъё. Тэрбээр 6 сар химийн эмчилгээ хийлгэсэн. Тэр хугацаанд эхнэр Лидиатайгаа гэрээсээ интернэтээр цуглаанд суужээ.
Тэд хурлынхаа найзуудаас ямар тусламж авсан бэ? Танхимд ирсэн итгэл нэгтнүүд нь цуглааны дараа тэр хоёртой дэлгэцээр ярихыг хичээдэг байлаа. Мөн
тэднийг цуглаан үеэр хариулахад итгэл нэгтнүүд нь талархлын үгтэй мессеж илгээнэ. Тиймээс ч тэд хоёулхнаа биш, найзуудтай гэдгээ мэдэрдэг байв.Гэрээсээ гарч чаддаггүй нэгэнтэйгээ хамт дэлгэрүүлэх боломжтой юу? Багахан өөрчлөлт хийвэл тэднийгээ мартаагүй гэдгээ харуулж чадна (Сур. 3:27). Захиа юм уу утсаар хамт дэлгэрүүлэхээр тохирч болохгүй нь юу билээ? Ахлагчид дэлгэрүүлэх ажлын цуглаанд интернэтээр тэднийг оролцуулахаар зохицуулж болох юм. Ийнхүү зохион байгуулсанд Дэвид Лидиа хоёр их талархсан. Дэвид: «Ах дүүстэйгээ жаахан ч атугай хамт дэлгэрүүлэх ажлын цуглаанд сууж, залбирах нь их сайхан байсан» гэжээ. Мөн аюулгүй, тохиромжтой гэж үзвэл гэрээсээ гарч чаддаггүй Гэрчийнд хааяа суралцагчтайгаа очоод хичээл хийж болно шүү дээ.
Гэртээ байдаг итгэл нэгтнүүдтэйгээ хамт цагаа өнгөрүүлбэл сайн танилцаж, сайхан зан чанаруудыг нь олж харан, дотно найзууд болно. Жишээ нь Бурхны Үгийг чадварлаг ашиглаж, Еховатай дотносоход нь хүмүүст тусалж байгаа тэднийгээ хараад улам хүндэтгэнэ. Ийнхүү цуглаанд явах, дэлгэрүүлэхэд нь тусалдаг бол та олон найзтай болно (2 Кор. 6:13).
Хэцүү үед нь найз Тит нь ирэхэд Паул ихэд тайвширсан (2 Кор. 7:5–7). Үг яриагаараа урамшуулаад зогсохгүй найзынхаа дэргэд байн тусалж дэмжихийн тулд чадах бүхнээ хийх нь чухал гэдгийг Титийн жишээ харуулдаг (1 Ёох. 3:18).
ХАВЧЛАГА, ЭСЭРГҮҮЦЛИЙН ҮЕД ЖИНХЭНЭ НАЙЗ БАЙХ
Орос дахь ах дүүс маань нэг нэгнээ дэмжих талаар сайхан жишээ үзүүлдэг. Сергей, түүний эхнэр Татьянагийн тухай бодъё. Цагдаагийнхан гэрийг нь нэгжиж, тэднийг байцаахаар авч явсан. Татьяна түрүүлж суллагдаад гэртээ иржээ. Сергей: «[Татьянаг] гэртээ ирээд удаагүй байхад нэг Гэрч эмэгтэй зориг гарган түүнтэй уулзахаар ирсэн. Дараа нь өөр найзууд ч ирж, гэр орныг маань янзалж өгсөн» гэжээ.
Сергей цааш нь «“Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг” гэж байдаг Сургаалт үгс 17:17-д би маш дуртай. Ганцаараа давж чадахааргүй хавчлагын ийм үед энэ үг миний хувьд илүү утга учиртай болсон. Зоригтой байж, тусалж дэмждэг олон найзыг Ехова надад өгсөн» гэж ярьжээ.
Цаашид улам хүнд бэрхшээл тохиолдох тул итгэл хүлээсэн найзууд хэрэгтэй. Агуу их гамшгийн үед бүр их хэрэгтэй болно. Тиймээс жинхэнэ найз байхын тулд одооноос хамаг чадлаараа хичээцгээе! (1 Петр 4:7, 8).