Энгийн ч гэсэн үр дүнтэй асуулт
Мери, Жон a гэдэг хос Филиппинээс олон хүн ирж ажилладаг нэг улсад амьдардаг бөгөөд тэдэнд сайн мэдээ дэлгэрүүлдэг ажээ. КОВИД-19 цар тахлын үеэр Мери нутагтаа гэлтгүй өөр улс орны олон хүнтэй Библийн хичээл эхэлсэн. Яаж тэр вэ?
Тэрбээр суралцагчдаасаа «Библийн хичээл заалгах хүсэлтэй хүнийг та мэдэхгүй биз?» гэж асуудаг байв. Хэрвээ мэднэ гэвэл өөртэй нь танилцуулахыг гуйна. Энэ энгийн асуулт маш их үр дүнтэй байдаг. Яагаад? Ер нь Бурхны Үгийг эрхэмлэдэг хүмүүс гэр бүлийнхэн, найз нөхдөдөө сурч мэдсэнээ ярих дуртай. Мери ийн асуугаад ямар үр дүнд хүрсэн бэ?
Жасмин гэдэг суралцагч нь 4 хүнийг танилцуулжээ. Тэдний нэг Кристинд хичээл их таалагдсан тул долоо хоногт 2 удаа хийе гэжээ. Мери түүнээс ч нөгөө асуултаа асуухад «Тийм ээ, танд найзуудаа танилцуулъя» гэсэн. Тэгээд хичээл заалгах хүсэлтэй 4 найзаа хэдхэн долоо хоногийн дотор танилцуулжээ. Хожим нь Кристин бас өөр найзуудаа танилцуулж, тэд ч мөн өөр хүмүүсийг танилцуулсан.
Кристин Филиппинд байдаг гэрийнхэндээ ч Библийн тухай мэдүүлэхийг хүссэн тул охин Андреадаа ярьж өгөв. Андреа Гэрчүүдийг гаж урсгал, Есүст итгэдэггүй, Хуучин гэрээг л уншдаг гэж боддог байжээ. Гэтэл буруу бодож байснаа эхний хичээлээрээ ойлгосон. Тэрбээр хичээл хийх болгондоо «Библид ингэж байгаа юм бол үнэн л гэсэн үг!» гэж хэлдэг байжээ.
Удалгүй Андреа 2 найз болон ажлынхаа нэг хүнийг Мерид хэлж, тэд ч хичээл эхлэв. Мөн Мери мэдээгүй ч, Андреатай хичээл хийж байхад нь хараагүй авга эгч Анжела нь сонсдог байжээ. Тэрбээр Меритэй танилцан хичээл заалгах хүсэлтэй байгаагаа хэлж өгөхийг Андреагаас нэг өдөр гуйжээ. Анжела Библийн хичээлээ их дуртай хийдэг байв. Сар ч болоогүй байхад Библийн олон эшлэлийг цээжилж, долоо хоногт 4 удаа хичээл хиймээр байгаагаа хэлжээ! Бас Андреагаар туслуулж цуглаанд интернэтээр тогтмол суудаг болсон.
Хичээлийн үеэр Кристиний нөхөр Жошуа
өөрсдийг нь сонсоод байгааг Мери анзаараад хичээлд суумаар байгаа эсэхийг нь асуужээ. Жошуа: «За, би сууя. Харин надаас юу ч битгий асуугаарай. Хэрвээ тэгвэл би явна» гэсэн. Гэхдээ 5-хан минутын дотор тэрбээр Кристинээс ч илүү олон асуулт асууж, хичээл заалгах хүсэлтэй болсон байна.Мери энгийн асуулт асууж маш олон хичээлтэй болсон. Зарим суралцагчаа өөр Гэрчүүдэд шилжүүлжээ. Нийтдээ 4 улсад амьдардаг 28 хүнтэй хичээл эхэлсэн.
Эхэнд дурдсан Жасмин 2021 оны 4-р сард баптисм хүртсэн. Кристин 2022 оны 5-р сард баптисм хүртсэн бөгөөд Филиппинд байдаг гэр лүүгээ буцсан. Түүний Меритэй танилцуулсан хүмүүсээс 2 нь бас баптисм хүртсэн. Кристинийг Гэрч болоод хэдхэн сар өнгөрсний дараа Анжела ч баптисм хүртэж, одоо байнгын эхлэгчээр үйлчилдэг. Кристиний нөхөр Жошуа, охин Андреа болон Меригийн бусад суралцагч ахиц гаргасаар байна.
I зуунд үнэнийг сонссон олон хүн гэр бүлийнхэн, найз нөхдөдөө ярьж, улмаар сайн мэдээ хурдан түгсэн (Ёох. 1:41, 42а; Үйлс 10:24, 27, 48; 16:25–33). Та суралцагч юм уу сонирхсон хүнээс «Библийн хичээл заалгах хүсэлтэй хүнийг та мэдэхгүй биз?» гэж асууж үзээрэй. Ийм энгийн асуулт асууснаар та ч олон хүнтэй хичээл эхлэх юм бил үү?
a Нэрсийг өөрчлөв.