Skip to content

Гарчиг руу орох

Өнөөгийн ертөнцийнхний аминч үзлээс зайлсхий

Өнөөгийн ертөнцийнхний аминч үзлээс зайлсхий

ӨӨРИЙГӨӨ онцгой эрх эдлэх ёстой, өөрт нь бусдаас илүү сайхан хандах ёстой гэж боддог хүн олон байдгийг та анзаарсан уу? Хэдийгээр хүмүүс сайхан ханддаг ч тэд илүү их хүндлүүлэхийг хүсдэг. Аминч, талархах сэтгэлгүй ийм хүмүүс эцсийн өдрүүдэд олшрохыг Библид зөгнөжээ (2 Тим. 3:2).

Аль ч цаг үед аминч хүн байсан нь мэдээж. Адам Ева хоёр юу нь зөв, юу нь буруу болохыг өөрсдөө шийдэхийг хүссэний улмаас учирсан хор хохирлыг бид амсдаг. Бас Иудагийн хаан Уззиа өөрийгөө сүмд утлага уугиулах эрхтэй гэж бодсон нь том алдаа байсан (Ш.дэд 26:18, 19). Түүнчлэн фарисайчууд болон садукайчууд өөрсдийгөө Абрахамын үр удам тул Бурхнаас тусгай ивээл хүртэх зохистой гэж эндүүрчээ (Мат. 3:9).

Эргэн тойронд маань амин хувиа боддог хүн олон учраас бид ч нөлөөнд нь автаж болзошгүй (Гал. 5:26). Онцгой эрх эдлэх юм уу хүндлүүлэх зохистой гэж боддог болж болох юм. Ийм үзлээс хэрхэн зайлсхийх вэ? Эхлээд Ехова энэ талаар юу гэж боддогийг ярилцъя. Библийн дараах 2 зарчим тустай.

Бидний юу хүртэх зохистойг Ехова шийддэг. Зарим жишээг бодъё.

  • Гэр бүлд нөхөр нь эхнэрийнхээ хүндлэлийг, эхнэр нь нөхрийнхөө хайрыг хүртэх учиртай (Эф. 5:33). Бас эхнэр нөхрүүд янаг сэтгэлийн хайрыг зөвхөн бие биеэсээ л мэдрэх ёстой (1 Кор. 7:3). Эцэг эхчүүд хүүхдүүдээсээ дуулгавартай байхыг шаардах эрхтэй бөгөөд хүүхдүүд эцэг эхийнхээ хайр халамжийг хүртэх учиртай (2 Кор. 12:14; Эф. 6:2).

  • Хурлын ажилч хичээнгүй ахлагчид бидний хүндэтгэлийг хүлээх зохистой (1 Тес. 5:12). Харин тэдэнд ах дүүсээ захирах эрх байхгүй (1 Петр 5:2, 3).

  • Бурхан хүний засгийн газруудад ард иргэдээсээ татвар шаардах, хүндэтгэл хүлээх эрх олгосон (Ром 13:1, 6, 7).

Ехова биднийг хайрладаг учраас хүртэх ёстойгоос маань илүү ихийг өгдөг. Нүгэл өвлөж төрсөн бидний хувьд үхэх нь зүй ёсных (Ром 6:23). Гэхдээ Ехова биднийг үнэнчээр хайрлаж, харамгүй ихээр ивээдэг (Дуу. 103:10, 11). Бид авах зохистойдоо хүртдэг юм биш, харин Ехова нигүүлсээд өгдөг (Ром 12:6–8; Эф. 2:8).

АМИНЧ ҮЗЭЛТЭЙ БОЛОХГҮЙН ТУЛД ЯАХ ВЭ?

Ертөнцийнхний хандлагаас болгоомжлоорой. Бид өөрсдөө ч анзааралгүй, бусдаас илүү ихийг авах ёстой гэж боддог болж мэднэ. Ийм бодолтой болох амархан байдгийг Есүс талбайд ажилласан хүмүүсийн жишээгээр тайлбарласан. Зарим ажилчин хар өглөөнөөс эхлэн өдөржин аагим халуунд ажиллажээ. Харин зарим нь сүүлийн ганцхан цаг л ажиллав. Өдөржин ажилласан хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү цалин авах ёстой гэж бодсон (Мат. 20:1–16). Есүс энэ сургаалт зүйрлэлээр Бурхны өгсөн юманд сэтгэл хангалуун байх ёстойг дагалдагчдадаа ойлгуулсан.

Өдөржин ажилласан эрчүүд өөрсдийгөө бусдаас илүү цалин авах эрхтэй гэж бодсон

Шаарддаг бус, талархдаг байгаарай (1 Тес. 5:18). Элч Паулыг дуурайгаарай. Тэрбээр Коринт дахь ах дүүсээсээ эд зүйлийн тусламж авах эрхтэй байсан ч тэгээгүй (1 Кор. 9:11–14). Бид бусдаас юм шаардахаас зайлсхийж, харин юм авах болгондоо талархдаг байх учиртай.

Элч Паул эд зүйлийн тусламж шаардаагүй

Даруу байгаарай. Өөрийгөө их юманд боддог хүнд байгаагаасаа илүү ихийг авах ёстой гэсэн бодол төрдөг. Даруу байвал ийм хор хөнөөлтэй үзлээс зайлсхийж чадна.

Зөнч Даниел даруу байсан учир Еховад хүндлэгддэг хүн болсон

Зөнч Даниел даруу байх талаар сайхан жишээ үзүүлсэн. Тэрбээр нэр нөлөө бүхий гэр бүлээс гаралтай бөгөөд царайлаг, ухаалаг, олон авьяас чадвартай тул өөрийгөө онцгой эрх ямба эдэлж, хүндлэл хүлээх зохистой гэж бодож болох байв (Дан. 1:3, 4, 19, 20). Гэсэн ч Даниел даруу байсан учир Еховад хүндлэгддэг хүн болсон (Дан. 2:30; 10:11, 12).

Энэ ертөнцөд зонхилдог аминч үзлээс зайлсхийцгээе. Харин Еховагийн нигүүлсэнгүй сэтгэлээр хүртээдэг ивээл бүрд баярлаж байцгаая.