ЭХНЭР НӨХӨР
3. Хүндлэх
ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?
Бие биеэ хүндэлдэг хосууд санал зөрөлдсөн ч нэгнээ гэсэн сэтгэлтэй байдаг. Гэр бүлийн талаар бичсэн нэгэн номонд «Ийм хосууд харилцан буулт хийж, учраа олохыг хичээдэг. Асуудлынхаа талаар ярилцдаг. Ханьдаа хүндэтгэлтэй хандаж үзэл бодлыг нь сонсож, хүлээж авдаг» гэж бичжээ («Ten Lessons to Transform Your Marriage»).
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хайрладаг хүн ... амин хувиа боддоггүй» (1 Коринт 13:4, 5).
«Эхнэрээ хүндэлнэ гэдэг нь үнэлж эрхэмлэнэ гэсэн үг. Би түүнийхээ сэтгэлд, гэр бүлийнхээ харьцаанд сэв суулгах юм хийхгүй байхыг боддог»—Маика.
ЯАГААД ЧУХАЛ БЭ?
Бие биеэ хүндэлдэггүй бол нэгнээ хурцаар шүүмжилж, хорон үгээр дайрч, басамжлан доромжилдог болно. Судлаачид эхнэр нөхрийн харьцааг ийм дээрээ тулсан бол салахын дохио гэж хэлдэг.
«Эхнэртэйгээ тойруугаар, битүү далд үгээр ярьж, тоглоом шоглоом хийдэг бол өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг нь үгүй хийнэ. Цаашилбал танд итгэхээ болино. Хоорондын харьцаанд ан цав гарна»—Браян.
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ
Үг яриа, үйл хэргээ долоо хоног хянаад үзээрэй. Тэгээд .......... гэж асуугаарай
-
«Би ханиа хэр их шүүмжилсэн бэ? Хэр их магтсан бэ?»
-
«Ханиа үнэлж хүндэлдгээ яаж тодорхой илэрхийлсэн бэ?»
ХАНЬТАЙГАА ЯРИЛЦААРАЙ
-
Ямар үг яриа, үйл хэргийг хүндэтгэж байна гэж үзэх вэ?
-
Юу хийж, юу хэлбэл хүндэтгээгүй юм шиг санагддаг вэ?
ЗӨВЛӨГӨӨ
-
Яаж хүндлүүлмээр байна вэ? Гурван зүйл бичээрэй. Ханиараа бас бичүүлээд бичсэнээ солилцоорой. Ханийнхаа онцолж хэлсэн зүйл дээр ажиллаарай.
-
Ханийнхаа сайн талыг жагсааж бичээрэй. Тэдгээрийг нь хэчнээн биширч хүндэлж явдгаа хэлээрэй.
«Нөхрөө хүндэлнэ гэдэг бол үнэлж эрхэмлэдгээ үйл хэргээрээ харуулна гэсэн үг. Бас жаргалтай байгаасай гэж хүсэхийг хэлнэ. Чин сэтгэлийн хүндэтгэл заавал сүртэй том юм байх албагүй»—Мэган.
Эцэст нь хэлэхэд, та хүндэтгэж байна гэж бодох нь чухал биш. Хүндлүүлж байна гэж ханьд тань санагдах нь л чухал.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Та нар өрөвч сэтгэл, сайхан сэтгэл, даруу, дөлгөөн зан, тэвчээрийг өмс» (Колосай 3:12).