ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Амар тайван, аюулгүй байх баталгаа алга
«Техник технологи хөгжөөд бидэнд сайхан амьдрахад хэрэгтэй бүхэн байгаа ч улс төр эдийн засгийн тогтворгүй байдал, байгаль орчны бохирдлоос болоод дэлхий маань сүйрлийн ирмэг дээр тулаад байна». («Дэлхийн эрсдэлийн тайлан 2018», Дэлхийн эдийн засгийн чуулган)
МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ОЛОН ХҮН ЯАГААД ИРЭЭДҮЙ, ДЭЛХИЙН ТАЛААР САНАА ЗОВДОГ ВЭ? ДЭЛХИЙ ДАХИНД ЯМАР ЯМАР БЭРХШЭЭЛ ТУЛГАРЧ БАЙНА ВЭ?
-
ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ: «Интернэт хамгийн аюултай орчин болжээ. Интернэт нь хүүхдийг садар самуунд уруу татагчид, цахим дээрэлхэгчид, сөрөг коммент бичигчид, хакеруудын үүр болсон. Хувийн мэдээлэл хулгайлах гэмт хэрэг газар авч байна. ... Интернэт хамаг л муу муухай зан авирыг гаргах хэрэгсэл болоод байна» гэж «Австралиан» сонинд мэдээлжээ.
-
САНХҮҮГИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ: Саяхан гарсан Оксфам Интернэшнл тайлангаас үзвэл дэлхийн хамгийн баян 8 хүний хөрөнгө 3,6 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцдэг байна. Мөн уг тайланд «Шударга бус энэ нийгэмд баячууд нь улам баяжиж, ядуус нь улам ядуурч байна. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд ажээ» гэж мэдээлсэн байна. Энэхүү тэгш бус байдал алсдаа үймээн самуунд хүргэх вий гэж зарим хүн айдаг.
-
ТЭМЦЭЛ МӨРГӨЛДӨӨН, ХАВЧЛАГА: «Дүрвэгсдийн тоо хамгийн дээд түвшиндээ хүрээд байна» гэж НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас гаргасан 2018 оны тайланд дурджээ. 68 сая гаруй хүн ихэвчлэн тэмцэл мөргөлдөөн хавчлагаас болж орон гэрээсээ дүрвэхэд хүрчээ. Энэхүү тайланд «2 секунд тутамд 1 хүн дүрвэдэг» гэжээ.
-
БАЙГАЛЬ ОРЧНЫ СҮЙРЭЛ: «Дэлхийн эрсдэлийн тайлан 2018»-д «Ургамал, амьтны олон төрөл зүйл асар хурдан устаж, агаар усны бохирдол хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна» гэжээ. Бас «Ургамалд тоос хүртээдэг шавжийн тоо зарим газар огцом цөөрч байгаа учраас байгаль орчин дахин сэргэхгүйгээр устах аюул нүүрлээд байна» гэж эрдэмтэд анхааруулжээ. Шүрэн хад ч устах гээд байна. Энэ 30 жилд дэлхийн шүрэн хадны тал хувь нь устсан гэж эрдэмтэд үздэг.
Хүмүүс бид эх дэлхийгээ айх аюулгүй, амар тайван болгох чадалтай юу? Зарим хүн боловсрол энэ асуудлыг шийднэ гэдэг. Тэгвэл ямар боловсрол хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллүүдээс аваарай.