Skip to content

Гарчиг руу орох

АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЗАСГИЙН ГАЗАР

«Энх амгалан ... үүрд мөнхөд байх болно»

«Энх амгалан ... үүрд мөнхөд байх болно»

Нэгдсэн Үндэстний Байгууллага бүх хүмүүст бие биеэ дэмждэг, хүний эрхийг дээдэлдэг, байгаль орчноо хамгаалдаг «дэлхийн иргэн» байхыг уриалж байна. Яагаад? Махер Нассер нэгэн сэтгүүлд «Цаг уурын өөрчлөлт, зохион байгуулалттай гэмт хэрэг, тэгш бус байдал, тэмцэл мөргөлдөөн, дүрвэгсдийн цуваа, террорист халдлага, халдварт өвчин болон бусад аюул дэлхийн хаа сайгүй нүүрлэж байна» гэжээ («UN Chronicle»).

Зарим нь бүр дэлхийн засгийн газар байгуулъя гэж уриалсан. Италийн философич, яруу найрагч, төрийн зүтгэлтэн Данте (1265–1321), физикч Альберт Эйнштейн (1879–1955) нар ийнхүү уриалжээ. Данте улс төрийн хувьд хуваагдмал нийгэмд энх тайван тогтохгүй гэдэгт итгэдэг байсан. Тэрбээр «Хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ» гэсэн Есүсийн үгийг эш татжээ (Лук 11:17, АББН 2004).

Атомын хоёр бөмбөг дэлбэрсэн Дэлхийн II дайны дараахан Альберт Эйнштейн НҮБ-ын Ерөнхий Ассемблейд нээлттэй захидал бичжээ. Тэрбээр уг захидалдаа «НҮБ олон улсын аюулгүй байдлын төлөө дэлхийн засгийн газрыг байгуулахын тулд шаардлагатай бүхнийг яаралтай хийх хэрэгтэй байна» гэжээ.

Ийм хүчирхэг засгийн газар байгуулсан улс төрчид үнэхээр чадварлаг байх уу? Эсвэл бусад удирдагч шигээ авлигад идэгдэж, дарлаж мөлжсөөр байх уу? Эдгээр асуултыг бодохлоор Британийн түүхч Лорд Актоны «Эрх мэдэл завхралд хүргэдэг. Эрх мэдэл хэмжээгүй байх тусам завхрал хязгааргүй байдаг» гэж хэлсэн үг санаанд буух биз ээ.

Гэлээ ч хүн төрөлхтөн амар тайван, энх тунх амьдаръя гэвэл эв нэгдэлтэй байх ёстой. Энэ ч бүтэшгүй хэрэг биз гэж та бодох байх. Библиэс үзвэл энэ нь дэмий хоосон мөрөөдөл биш ээ. Яагаад тэгж хэлж болох вэ? Авлигад идэгдсэн улс төрчид бус, Бурхны байгуулах засгийн газар хүмүүсийг эв нэгдэлтэй болгож, амар жимэр амьдруулна. Бурхан л хүнийг захирах эрхтэй гэдгийг энэ засгийн газар харуулна. Библид энэ засгийн газрыг «Бурхны Хаант төр» гэсэн байдаг (Лук 4:43).

«ТАНЫ ХААНТ ТӨР ЗАХИРААСАЙ»

Есүс: «Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал дэлхий дээр биелээсэй» гэж залбирч байхыг захисан (Матай 6:9, 10). Бурхны Хаант төр эрх мэдэлд дуртай, амин хувиа хичээсэн хүний биш, Бурхны хүсэл тааллыг дэлхий дээр биелүүлнэ.

Бурхны Хаант төрийг бас «тэнгэрийн Хаант төр» гэж хэлдэг (Матай 5:3). Яагаад тэгж хэлдэг юм бол оо? Энэ Хаант төр тэнгэрээс дэлхийг захирна. Дэлхийг бүхэлд нь захирах энэхүү засгийн газар ард иргэдээсээ татвар авах шаардлагагүй. Ингэж бодохлоор ард иргэдийнх нь сэтгэл уужрах биз ээ!

Бурхны Хаант төр гэсэн учраас хаантай гэсэн үг. Хаан нь Есүс Христ. Тэрбээр Бурхнаас эрх мэдэл авсан. Есүсийн тухай Библид ингэж бичжээ:

  • «Засаглал Түүний мөрөн дээр байх болно. ... Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно» (Исаиа 9:6, 7).

  • «Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол ... өнгөрөн одохгүй» (Даниел 7:14).

  • «Бурхан маань болон түүний Христийн Хаант төр хүн төрөлхтнийг захирч эхэллээ» (Илчлэл 11:15).

Есүсийн жишээ залбиралд хэлсэн нь биелж, Бурхны Хаант төр Бурхны хүслийг дэлхий дээр бүрэн гүйцэд биелүүлнэ. Бурхны Хаант төр захирахад хүн төрөлхтөн эх дэлхийгээ хайрлан хамгаалж сурна. Байгаль дэлхий сэргэж, ажил амьдрал цэцэглэнэ.

Түүнээс гадна Бурхны Хаант төр ард иргэддээ боловсрол олгоно. Бүгдэд яг ижилхэн хууль зарчим үйлчлэх учраас талцан хуваагдах, зөрчилдөх гэж байхгүй болно. Исаиа 11:9-д «Тэд ... хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана» гэж бичжээ.

Дэлхийн оршин суугчид НҮБ-ын хүсээд байгаа энхийг эрхэмлэдэг дэлхийн иргэд болцгооно. Дуулал 37:11-д «Даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» гэж байдаг. Тэр үед «гэмт хэрэг», «агаар орчны бохирдол», «ядуурал», «дайн» гэдэг үг хэрэглэхгүй. Тэгвэл энэ сайхан цаг хэзээ ирэх вэ? Бурхны Хаант төр дэлхийг хэзээнээс бүхэлд нь захирах вэ? Хэрхэн захирах вэ? Яавал иргэн нь болох вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээс аваарай.