Skip to content

Гарчиг руу орох

ТЭД ЯАЖ ШИЙДСЭН БЭ?

Рикардо Андрес хоёрын түүх

Рикардо Андрес хоёрын түүх

Библийн боловсролын ачаар хүмүүс амьдралаа өөрчилдгийг Рикардо Андрес хоёрын жишээ харуулдаг.

РИКАРДО: Би 15-хан насандаа дээрэмчдийн бүлэгт орсон юм. Найзууд маань надад их нөлөөлсөн. Би 10 жил шоронд суухыг хүртэл хүсдэг байлаа. Хэн ингэхийг хүсэх вэ дээ! Гэхдээ манай нутгийнхан шоронд олон жил суусан хүнийг хүндэлж, биширдэг байсан юм. Би бас тэдэн шиг байхыг хүсдэг байлаа.

Би хар тамхи, садар самуун, хүчирхийлэл гээд дээрэмчдийн бүлгийнхний хийдэг бүхнийг хийж үзсэн. Нэг орой би буудалцаанд оролцсон юм. Ингээд үхдэг юм байжээ гэж бодсон ч шархдалгүй зугтаж амжив. Тэр явдлаас хойш би амьдралаа нухацтай бодох боллоо. Тэгээд амьдралаа өөрчлөхөөр шийдсэн юм. Яаж өөрчилсөн гээч?

Ах дүү нарын маань ихэнх нь бөөн асуудалтай, аз жаргалгүй хүмүүс байлаа. Гэхдээ нагац ахынх маань шал өөр. Би ер нь тэднийг сайн хүмүүс, Библийн зарчмыг баримталж амьдардгийг нь мэднэ л дээ. Тэд Бурхны нэрийг Ехова гэж хэлж байсан юм. Тэр буудалцааны дараа би Ехова гэж нэрийг нь хэлж байгаад тусламж гуйж залбирлаа. Тэгсэн чинь яг маргааш нь нэг Гэрч манайд ирдэг юм! Тэр хүн надад Библи заасан.

Тэгж байтал нэг том сорилт тулгарав. Хуучин найзууд маань байнга залгаж, уулзъя гэдэг байлаа. Хэцүү байсан ч үгүй гэж хэлсэн. Библийн хичээлээ болихгүй гэж сэтгэл шулуудсан юм. Шийдэмгий байсандаа би баярладаг. Амьдрал маань эрс өөрчлөгдөж би үнэхээр аз жаргалтай болсон.

Нэг удаа би ингэж залбирсан юм. «Бүлгийнхнийхээ хүндэтгэлийг хүлээхийн тулд би шоронд 10 жил суухаас ч буцахгүй байсан. Одоо ядаж 10 жил танд бүрэн цагаар үйлчлэхийг зөвшөөрөөч! Би танаар туслуулж байсан шигээ бусдад тусалмаар байна» гэлээ. Бурхан залбиралд минь хариулж, би 17 жил бүрэн цагаар үйлчилсэн. Ташрамд хэлэхэд, би ерөөсөө шоронд ороогүй.

Олон найз маань шоронд их удаан суусан. Зарим нь бүр нас барсан. Өнгөрсөн амьдралаа бодохлоор би Гэрч хамаатнууддаа их талархдаг. Тэд маань Библийн зарчмыг баримтлахын тулд бусдаас ялгарахаас ичээгүй юм. Амьдралын хамгийн зөв замыг зааж өгсөн Бурхандаа л би талархдаг.

АНДРЕС: Миний төрж өссөн хотод хар тамхи, дээрэм, хүн амины хэрэг, биеэ үнэлэх явдал жирийн л хэрэг байлаа. Аав маань архи их уудаг, хар тамхинд донтсон хүн байсан юм. Ээж аав хоёр дандаа хэрэлдэж зодолдоно.

Би их багаасаа архи ууж, хар тамхи хэрэглэдэг болсон. Хулгай хийгээд л хулгайлсан юмаа зараад л гудамжинд их өнждөг байлаа. Намайг том болоход аав хар тамхи гэх мэт хориотой барааг яаж хилээр оруулж, яаж зарахыг зааж өгсөн юм. Хоромхон хугацаанд их мөнгө олов. Нэг өдөр манайд цагдаа ирээд намайг баривчилсан. Би хүн алахыг завдсан хэргээр таван жилийн ял авав.

Нэг өглөө шоронгийн цагаан хоолойгоор «Еховагийн Гэрчүүд Библи заана» гэж зарлалаа. Би ч яваад очив. Орой руу ортол хэлж тайлбарласан болохоор Библийн хичээл хийж эхлэв. Еховагийн Гэрчүүд Библид байдаг ёс суртахууны өндөр хэм хэмжээг тодорхой зааж өгсөн дөө.

Ганцаараа яаж ч хичээсэн, өөрийгөө өөрчилж чадахгүй юм байна гэдгийг ойлгов. Зарим хоригдол намайг Библийн хичээл хийхэд эсэргүүцэж, айлган сүрдүүлж байсан юм. Тэгэхээр нь Еховагаас хүч, мэргэн ухаан гуйж залбираад л байв. Ехова ч тусалсан. Би бүр хоригдлуудад Библийн тухай ярьж өгдөг болсон.

Шоронгоос суллагдах болов. Үнэнийг хэлэхэд, би тэндээс гармааргүй байлаа. Гараад яаж амьдарна даа гэж санаа зовж байсан болохоор тэр. Олон хоригдол намайг гаргаж өгсөн. Зарим нь бүр «Баяртай номлогч минь, сайн сайхныг хүсье!» гэж хэлэн үдэж өгсөн.

Хэрэв Бурхнаар заалгаагүй байсан бол би өдийд яаж яваа бол? Бодохоос ч аймаар! Намайг хайрлаж, өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн хүн гэж үзээгүй Бурхандаа би талархаад баршгүй! a

a Библи хүний амьдралыг өөрчлөх хүчтэйг харуулсан бусад жишээг jw.org-оос уншаарай. НОМЫН САН цэс рүү орж «Библи хүнийг өөрчилдөг» гэсэн цуврал өгүүллийг үзээрэй.