ШИЙДЭХ АРГА
Ёс зүйн боловсрол
Өсвөр насны хэдэн хөвгүүн сургуулийнхаа зугаалгаар явж байгаад нэгнийгээ хүчинджээ. Бүгдээрээ л Канадын нэр хүндтэй нэгэн хувийн сургуульд сурдаг байв. Энэ явдлын дараа сэтгүүлч Леонард Стерн: «Ухаантай, боловсролтой, баян чинээлэг айлын хүүхэд байлаа гээд өсвөр насныхан буруу юманд орооцолдохгүй гэхийн баталгаа байхгүй» гэж «Оттава Ситизэн» сонинд бичжээ.
Стерн цааш нь «Эцэг эхчүүд хамгийн гол нь үр хүүхдээ ёс суртахуунтай хүн болгож хүмүүжүүлэх үүрэгтэй гэж та бодох байх. Гэтэл олон эцэг эх хүүхдээ сайн сураад цалин сайтай ажилтай болгохыг л хүсдэг» гэжээ.
Боловсрол эзэмших нь чухал л даа. Гэхдээ ямар ч сайн сургууль хүнд буруу хүсэл хандлагатайгаа тэмцэх чадварыг эзэмшүүлдэггүй. Тэгвэл ямар боловсрол хүнийг өндөр ёс зүйтэй болгох вэ?
ӨНДӨР ЁС ЗҮЙТЭЙ БОЛГОДОГ БОЛОВСРОЛ
Библийг тольтой зүйрлэж болно. Библи гэдэг толиос бид хэр чадлаа, сул талаа олж харна (Яаков 1:23–25). Түүнээс гадна Библийн ачаар хүн бусдын ая эвийг олж, жинхэнэ ёсоор амар тайван байхад тустай зан чанарыг төлөвшүүлдэг. Эдгээр нь энэрэл, сайхан сэтгэл, тэвчээр, биеэ барих, хайр юм. Хайрыг «эв нэгдлийн төгс холбоос» гэдэг (Колосай 3:14). Хайр яагаад тийм чухал юм бэ? Хайрлах сэтгэлтэй хүнийг Библид юу гэж тодорхойлсон бэ?
-
«Хайрладаг хүн тэвчээртэй, сайхан сэтгэлтэй. Атаархдаггүй, онгирдоггүй, бардамнадаггүй, зохисгүй авирладаггүй, амин хувиа боддоггүй, амархан уурладаггүй, гомдож явдаггүй. Муу юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг. Хайрладаг хүн бүх юманд тэвчээртэй ханддаг, ... хэзээ ч бууж өгдөггүй. Хайр хэзээ ч дуусдаггүй» (1 Коринт 13:4–8).
-
«Хайрладаг хүн бусдад муу юм хийдэггүй» (Ром 13:10).
-
«Хамгийн гол нь, бие биеэ халуун сэтгэлээр хайрла. Учир нь хайр тоо томшгүй нүглийг далдалдаг» (1 Петр 4:8).
Өөрийг тань хайрладаг хүмүүсийн дунд байхад танд ямар санагддаг вэ? Өөрийнхөөрөө, айж ичихгүй, тайван байдаг биз дээ? Тэд таныг сайн сайхан байгаасай гэж хүснэ, таныг хэзээ ч зориуд гомдоохгүй.
Хайрлах сэтгэлтэй хүн бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавьж, амьдралынхаа хэв маягийг өөрчилдөг. Жишээ
нь нэгэн архаг тамхичин дөнгөж төрсөн зээтэйгээ хамт байхыг ихэд хүсжээ. Гэхдээ хүргэн нь хамт байлгах дургүй байв. Тэгээд яасан бэ? Зээгийнхээ төлөө 50 жил татсан тамхиа хаяжээ. Хайр ийм л хүчтэй!Библийн ачаар хүн энэрэл, сайхан сэтгэл гэх мэт олон сайхан зан чанарыг төлөвшүүлдэг. Ялангуяа бусдыг хайрлаж сурдаг
Хайраа илэрхийлэхийг сурч болно. Хайр гэдэг чухал зан чанарыг хүүхдэдээ төлөвшүүлэх нь эцэг эхийн гол үүрэг юм. Эцэг эхчүүд үр хүүхдээ тэжээж, өвчин тусчих вий, гэмтэж бэртэх вий гэж хайрлан хамгаалдаг. Сайн аав, ээжүүд үр хүүхэдтэйгээ ярилцаж, зааж сургадаг. Тэд үр хүүхдэдээ юу нь зөв, юу нь буруу болохыг ойлгуулж, дэг журамтай хүн болгодог. Бас хүүхдүүддээ сайн үлгэр дуурайл үзүүлдэг.
Харамсалтай нь зарим эцэг эх үүргээ сайн биелүүлж чаддаггүй. Тийм аав ээжийн хүүхэд огт сайн хүн болохгүй гэсэн үг үү? Тийм биш ээ. Хэцүү гэр бүлд өсөж торнисон хүүхэд ч том болоод итгэл хүлээсэн, бусдыг хайрладаг иргэн болж төлөвшдөг. Өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн гэж бодогдмоор хүн ч өөрчлөгдсөн! Энэ тухай дараагийн өгүүллээс уншаарай.