Skip to content

Гарчиг руу орох

Эрдэмтэд юуг тайлбарлаж чадахгүй вэ?

Эрдэмтэд юуг тайлбарлаж чадахгүй вэ?

Эрдэмтэд орчлон ертөнцийн нууцыг тайлах гэж судалгаа шинжилгээ хийсээр байна. Гэвч олон асуултын хариу нууц хэвээр үлджээ.

Орчлон ертөнц болон амьдрал хэрхэн үүссэн талаар шинжлэх ухаан тайлбарлаж чадах уу? Товчхон хэлбэл үгүй. Сансар судлалын эрдэмтэд хариуг нь мэдэж байх ёстой гэж хүмүүс боддог. Гэтэл Дартмутын их сургуулийн одон орон судлалын профессор, агностик үзэлтэн (Бурхан байдгийг батлах боломжгүй гэдэг үзэл) Марсело Глайзер: «Бид орчлон ертөнцийн үүслийг тайлбарлаж ерөөсөө чадахгүй» гэж хэлжээ.

Амьдралын үүслийн талаар шинжлэх ухааны нэгэн сэтгүүлд «Дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэнийг хэн ч баттай тайлбарлаж чадахгүй. Учир нь дэлхий үүсэх үеийн геологийн баримтуудын ихэнх нь аль хэдийн устаж үгүй болсон» гэж бичжээ («Science News»). Эдгээр тайлбараас үзэхэд «Орчлон ертөнц хэрхэн үүссэн бэ?» гэдэг асуултад шинжлэх ухаан хариулж чадаагүй л байна.

Танд дараах асуулт төрж болох юм. «Хэрвээ дэлхийг хэн нэгэн бүтээсэн юм бол тэр нь хэн байж таарах вэ? Мэргэн ухаантай, хайр халамжтай Бүтээгч байдаг юм бол хүмүүс зовж байгааг хараад яагаад юу ч хийдэггүй юм бэ? Хоорондоо зөрчилддөг ийм олон шашныг яагаад байлгаад байдаг юм бол? Шүтэгчид нь муу юм хийж байхад яагаад болиулдаггүй юм бэ?»

Шинжлэх ухаан хариулж чаддаггүй юм байж. Тэгвэл оновчтой хариуг олох боломжгүй гэсэн үг үү? Үгүй ээ. Библиэс үнэн зөв хариуг мэдээд тайвширсан хүн олон байдаг.

Жишээ нь зарим эрдэмтэн Библийг цаг зав гарган судлаад Бүтээгчид итгэдэг болжээ. Энэ талаар мэдэхийг хүсвэл jw.org сайт дахь «Амьдралын үүслийн талаарх үзэл бодол» булангийн видеонуудыг сонирхоорой.