Дэлхий ертөнц сүйрэх үү?
Библид ертөнцийн төгсгөлийн талаар бичсэн байдгийг та дуулсан байж болох юм (1 Ёохан 2:17). Тэгвэл хүн төрөлхтөн мөхөх үү? Дэлхий маань эзгүй цөл болох юм уу, бүр устаж алга болно гэсэн үг үү?
ДЭЭРХ АСУУЛТУУДЫН АЛИНД НЬ Ч БИБЛИ ҮГҮЙ ГЭЖ ХАРИУЛДАГ!
Юу устахгүй вэ?
ХҮН ТӨРӨЛХТӨН
Библид юу гэж байдаг вэ?: Бурхан «газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ» (ИСАИА 45:18).
ГАЗАР ДЭЛХИЙ
Библид юу гэж байдаг вэ?: «Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвч Дэлхий ертөнц үүрд үлддэг» (НОМЛОГЧИЙН ҮГС 1:4).
ЯМАР УТГАТАЙ ВЭ?: Библийнхээр бол газар дэлхий хэзээ ч устахгүй, үргэлж оршин суугчидтай байна. Тэгвэл юуг ертөнцийн төгсгөл гэсэн юм бол?
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ: Удахгүй болох ертөнцийн төгсгөлийг Библид Ноагийн үед болсон явдалтай адилтгаж бичжээ. Тэр үед дэлхий «хүчирхийллээр дүүрсэн» байв (Эхлэл 6:13). Харин Ноа шударга сайн хүн байжээ. Тиймээс Бурхан хорон муу хүмүүсийг үерээр устгахдаа Ноа болон түүний гэр бүлийг үлдээсэн. Библид «үер болоход тэр үеийн ертөнц усаар устгагдсан» гэж байдаг (2 Петр 3:6). Энэ нь тухайн үеийн ертөнцийн төгсгөл байлаа. Тэгвэл тэр үед юу устсан бэ? Газар дэлхий биш, дэлхий дээр амьдарч байсан хорон муу хүмүүс устгагдсан. Эндээс үзвэл Библид гардаг ертөнцийн төгсгөл бол газар дэлхийн сүйрэл биш, харин хорон муу хүмүүс болон тэдний байгуулсан тогтолцооны төгсгөл гэдгийг мэдэж болно.
Юу устах вэ?
АСУУДАЛ БЭРХШЭЭЛ, ХОРОН МУУ ХҮМҮҮС
Библид юу гэж байдаг вэ?: «Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч тэр байхгүй байх болно. Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» (ДУУЛАЛ 37:10, 11).
ЯМАР УТГАТАЙ ВЭ?: Ноагийн үерээр муу муухай зүйлс устгагдсан ч үерийн дараа хорон муу хүмүүс дахин бий болжээ. Ийнхүү зовлонтой амьдрал эхэлсэн. Гэхдээ дуулалчийн «хорон санаатан үгүй болно» гэж хэлсэнчлэн Бурхан тун удахгүй муу муухай зүйлсийг бүр мөсөн арилгана. Энэ бүхнийг шударга сайн хүмүүсийг захирах тэнгэрийн засгийн газар буюу Бурхны Хаант төр гүйцэтгэх юм.
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ: Одоогийн төр засгийн удирдагчид Бурхны Хаант төрд дуртайяа захирагдах болов уу? Захирагдахгүй гэдгийг Библид тодорхой бичсэн байдаг. Харин ч тэд зөрүүдэлж, Бурхны Хаант төрийг эсэргүүцнэ (Дуулал 2:2). Эцэст нь Бурхны Хаант төр хүний бүх засаглалыг халж «өөрөө мөнхөд» оршино (Даниел 2:44). Гэхдээ хүний засаглалыг яагаад устгах хэрэгтэй вэ?
Хүний засаглал устгагдах ШААРДЛАГАТАЙН учир
Библид юу гэж байдаг вэ?: «Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ» (ИЕРЕМИА 10:23).
ЯМАР УТГАТАЙ ВЭ?: Бурхан хүнийг бие биеэ захирахаар бүтээгээгүй. Тийм учраас хүмүүс бусдыг захирахдаа ч, асуудал бэрхшээлийг шийдэхдээ ч тун тааруу ажээ.
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ: «Академик Британника» тольд засгийн газрууд «гачигдал, өлсгөлөн, өвчин эмгэг, байгалийн гамшиг, дайн дажин, хүчирхийлэл гэх мэтийн асуудлуудыг бүрэн шийдээгүй» гээд мөн «Муу муухай бүхнийг шийдэхийн тулд хүн төрөлхтнийг захирах нэгдсэн нэг засгийн газар байгуулах хэрэгтэй гэж зарим хүн боддог» гэж бичжээ. Гэхдээ засгийн газрууд бүгд нэгдсэн ч төгс бус хүмүүсээс бүрдэх учраас дээр дурдсан асуудлуудыг бүрэн шийдэж чадахгүй. Бурхны Хаант төр л бүх асуудлыг ор мөргүй арилгаж чадах цорын ганц засгийн газар юм.
Тийм ээ, Библийнхээр бол энэ ертөнцийн төгсгөл гэдэг нь өнөөгийн хорон муу тогтолцооны сүйрэл юм. Тиймээс сайн хүмүүсийн хувьд айж сандрах цаг биш. Харин ч Бурхан дэлхийг захирах гайхалтай сайхан цаг ирэхийн эхлэл учраас тэсэн ядан хүлээх учиртай!
Тэгвэл энэ бүхэн хэзээ болох бол? Библид юу гэж байдгийг дараагийн өгүүллээр авч үзье.