Skip to content

Гарчиг руу орох

Төгсгөл хэзээ ирэх вэ? Есүс юу гэж хэлсэн бэ?

Төгсгөл хэзээ ирэх вэ? Есүс юу гэж хэлсэн бэ?

Өмнөх өгүүллээр үзсэнчлэн, ертөнцийн төгсгөл гэдэг нь дэлхий болон хүн төрөлхтний сүйрэл биш, харин өнөөгийн гажуудсан нийгмийн тогтолцоо болон түүнийг дэмжигчдийн төгсгөл юм. Тэгвэл Библид төгсгөл хэзээ ирнэ гэж байдаг вэ?

ТӨГСГӨЛИЙН ТАЛААР ЕСҮСИЙН ХЭЛСЭН ХОЁР ЗҮЙЛИЙГ АВЧ ҮЗЬЕ.

«Иймээс сэрэмжтэй бай. Яагаад гэвэл та нар тэр өдрийг ч, тэр цагийг ч мэдэхгүй» (МАТАЙ 25:13).

«Анхааралтай бай, сонор сэрэмжтэй бай. Учир нь Бурхны товлосон цагийг та нар мэдэхгүй» (МАРК 13:33).

Тийм ээ, төгсгөл яг хэзээ ирэх тухай нэг ч хүн тодорхой мэдэхгүй. Гэхдээ Бурхан аль хэдийн цаг «товлосон» буюу төгсгөл болох «өдөр, цагийг» тодорхой шийдсэн ажээ (Матай 24:36). Тэгвэл төгсгөл хэр ойрхон байгааг мэдэх арга байхгүй гэсэн үг үү? Яалаа гэж. Есүс шавь нартаа төгсгөл ойртож байгааг харуулах үйл явдлуудыг тодорхой хэлж анхааруулаад, сонор сэрэмжтэй байхыг уриалсан.

ТӨГСГӨЛИЙН ҮЕИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД

Есүс «Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй өлсгөлөн болно, газар хөдөлнө» гэжээ. Эдгээр үйл явдал бол «энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг» юм (Матай 24:3, 7). Мөн «тахал» гарах буюу хаа сайгүй халдварт өвчин тархана гэж хэлсэн (Лук 21:11). Есүсийн хэлсэн эдгээр зөгнөл үнэхээр биелж байна уу?

Асар их хор хөнөөлт дайн, шил даран гарч ирж буй өвчнүүд, өлсгөлөн, хүчтэй газар хөдлөлтөөс болж хүмүүс янз бүрийн зовлон амсаж байна. Жишээ нь 2004 онд Энэтхэгийн далайд хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас 225 000 орчим хүн амиа алджээ. Мөн дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахын улмаас гуравхан жилийн дотор 6,9 сая орчим хүн нас баржээ. Эдгээр үйл явдлууд Есүсийн хэлсэн зөгнөлүүд биелж, энэ тогтолцооны төгсгөл ойртож байгааг тодорхой харуулж байна.

«ЭЦСИЙН ӨДРҮҮД»

Библид төгсгөл ирэхийн өмнөх хэсэг хугацааг «Эцсийн өдрүүд» гэж нэрлэдэг (2 Петр 3:3, 4). Эцсийн өдрүүдэд хүмүүсийн ёс суртахуун уруудан доройтох тухай 2 Тимот 3:1–5-д байдаг. ( «Хорон муу нийгэм үгүй болохын өмнөх үе» гэсэн хавсралтыг үзээрэй). Сүүлийн үед аминч, шунахай, хүнийг хайрлаж мэддэггүй, хэрцгий хүмүүс ихсэж байгааг та анзаарсан уу? Энэ нь ч бас муу муухай нийгмийн төгсгөл ойртож байгаагийн баталгаа юм.

Тэгвэл эцсийн өдрүүд хэр удаан үргэлжлэх вэ? «Богинохон хугацаа» үлдсэн гэж Библид бий. Дараа нь Бурхан «дэлхийг устгагчдыг устгана» (Илчлэл 11:15–18; 12:12).

ДЭЛХИЙ УДАХГҮЙ ДИВААЖИН БОЛНО!

Бурхан өнөөгийн муу муухай тогтолцоог устгах өдөр, цагаа аль хэдийн товлочихсон байгаа (Матай 24:36). Гэхдээ Бурхан «хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй» (2 Петр 3:9). Бүх хүнийг төгсгөлийг эсэн мэнд давж, өөрийнх нь байгуулах диваажин дэлхийд жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Тиймээс хүсэл тааллыг нь мэдэж аваад дуулгавартай захирагдах боломжийг бүх хүнд олгодог.

Хаант төрийнх нь захиргаанд амьдрах хүмүүс ямар шаардлага хангах ёстойг мэдүүлэх ажлыг Бурхан дэлхий даяар зохион байгуулж байна. Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ «бүх үндэстэнд ... дэлхий даяар» тунхаглагдана гэж Есүс хэлсэн (Матай 24:14). Библийн сайн мэдээг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх ажилд Еховагийн Гэрчүүд хэдэн тэрбум цаг зарцуулдаг билээ. Дэлгэрүүлэх ажлын энэхүү аян ийнхүү амжилттай өрнөж байгаа нь төгсгөл болохоос өмнө сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдана гэж хэлсэн Есүсийн үг биелж байгааг харуулдаг.

Хүний засаглах хугацаа дуусах дөхөж байна. Гэхдээ сайхан мэдээ бас бий. Төгсгөлийг эсэн мэнд давж, Бурхны амласан диваажинд жаргалтай амьдрах хосгүй завшаан хүн бүрд байгаа. Дараагийн өгүүллээс шинэ ертөнцөд амьдрахын тулд яах хэрэгтэйг мэдэж аваарай.

Есүсийн зөгнөсөн «Эцсийн өдрүүд»-ийн тухай зөгнөл бидэнд найдвар бэлэглэдэг