Skip to content

Гарчиг руу орох

Шинэ ертөнцөд амьдрахын тулд

Шинэ ертөнцөд амьдрахын тулд

Асуудал бэрхшээлээр дүүрсэн хорон муу нийгмийг Бурхан удахгүй устгана гэдгийг өмнөх өгүүллүүдээс үзсэн. Тэгвэл ийм зүйл болно гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? Бурхны үг Библид дараах амлалт байдаг.

«Ертөнц ... үгүй болно» (1 ЁОХАН 2:17).

Гэхдээ энэ Библийн зүйлийн сүүл хэсэгт төгсгөлийг эсэн мэнд давах хүмүүс байх тухай бас гардаг.

«Бурхны хүсэлд нийцүүлдэг хүн мөнх амьдарна».

Төгсгөлийг эсэн мэнд давъя гэвэл Бурхны хүсэл таалалд нийцүүлж амьдрах хэрэгтэй. Үүний тулд Бурхан биднээс юу хүсдэгийг мэдэж авах нь амин чухал юм.

БУРХНЫГ «ТАНЬЖ МЭДВЭЛ» ТӨГСГӨЛИЙГ ЭСЭН МЭНД ДАВНА

Есүс «Тэд мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг ... үргэлж таньж мэдэх ёстой» гэжээ (Ёохан 17:3). Төгсгөлийг эсэн мэнд давж мөнх амьдрахын тулд бид Бурхныг «таньж мэдэх» хэрэгтэй. Энэ нь зүгээр Бурхан байдаг гэдэгт итгэх юм уу, түүний тухай зарим зүйлийг мэдэж аваад л болно гэсэн үг биш. Харин Бурхантай найз болох хэрэгтэй. Ер нь найзууд бие биедээ цаг заваа зориулж байж дотносдог. Бурхантай найз болоход ч мөн адил. Бурхантай ойр дотно болохын тулд Библиэс дараах зүйлсийг мэдэж авах зайлшгүй шаардлагатай.

БУРХНЫ ҮГ БИБЛИЙГ ӨДӨР БҮР УНШААРАЙ

Бурханд залбирч, хүслийнх нь дагуу амьдардаг бол та төгсгөлийг эсэн мэнд давна

Бид амьдрахын тулд тогтмол хооллодог. Харин Есүс «Амьд явахын тулд хүн зөвхөн талх идэх бус, Еховагийн хэлсэн үг бүрийг дагах ёстой» хэмээжээ (Матай 4:4).

Библи бол Еховагийн үг юм. Энэ ариун номоос Бурхан хүн төрөлхтний төлөө юу хийсэн, одоо юу хийж буй, мөн ирээдүйд юу хийх тухай мэдэх боломжтой.

БУРХНААС ТУСЛАМЖ ГУЙГААРАЙ

Хэрэв та Бурханд дуулгавартай байхыг хүсдэг ч, дургүй зүйлийг нь хийчихээд байдаг бол яах вэ? Бурхныг илүү сайн таньж мэдэх тусам дотносож, дургүй зүйлийг нь хийхээ болино.

Садар самуун явдалтай байсан нэг эмэгтэйн тухай бодож үзье. Түүнийг Сакура гэж нэрлэе. Сакура Библийг судлаад «Садар самуун явдлаас зугтагтун» гэсэн Бурхны тушаалыг мэдэж авчээ (1 Коринт 6:18). Тэрээр Бурханд шаргуу залбирч, хүч тэнхээтэй болсныхоо ачаар муу зуршлаасаа ангижирчээ. Гэхдээ одоо ч буруу хүсэлтэйгээ тэмцэх шаардлага гардаг гэнэ. «Садар самуун бодол хааяа толгойд орж ирдэг. Тэр үед өөрийн хүчээр тэмцэж чадахгүйгээ мэддэг учраас Еховад хандан сэтгэлээ уудлан залбирдаг. Залбирлын ачаар Еховатай илүү дотно болж чадсан» гэж Сакура ярьсан юм. Өнөө үед Ехова Сакура шиг сая сая хүнд өөрийг нь таньж мэдэх боломж олгож байна. Тэд Бурхныг таньж мэдсэнээрээ амьдралаа өөрчилж, хүсэл таалалд нь нийцүүлж амьдрах хүч тэнхээтэй болдог (Филиппой 4:13).

Найзууд бие биеэ мэдэх тусам дотносдог шиг Бурхныг таньж мэдэх тусам «Бурхан ч та нарыг мэддэг» болж андын холбоо тань улам зузаарна (Галат 4:9; Дуулал 25:14). Тэгвэл та Бурхны байгуулах шинэ ертөнцөд амьдрахад бэлэн болно. Шинэ ертөнц ямар байх вэ? Дараагийн өгүүллээс мэдэж авъя.

a Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.