ОНЦЛОХ СЭДЭВ | ДОТНЫ ХҮНЭЭ АЛДАХАД
Гашуудах нь буруу юу?
Хүн ер нь эдгэхлээрээ өвдөж байснаа амархан мартдаг. Харин уй гашуу тийм амар тайлагддаггүй. Аалан Волфелт «Ханиа алдаад гашуудаж буй хүмүүст» гэсэн номдоо «Уй гашууг “эдгээх” арга байдаггүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, бусдын дэмжлэгтэйгээр хүн уй гашуугаа тайлж чаддаг» гэж бичжээ.
Эхнэрээ нас барахад Абрахам яасныг авч үзье. Библид «Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлж эхлэв» гэсэн байдаг (Эхлэл 23:2, ШЕ). «Эхлэв» гэдэг үгнээс харахад, тэрбээр нэг хэсэгтээ тайвширч чадаагүй ажээ. a Бас Иаковын тухай авч үзье. Иосеф гэдэг хүүгээ зэрлэг араатанд бариулж үхсэн гэж сонсжээ. Хүүхдүүд нь түүнийг тайвшруулах гэсэн боловч тэрбээр «олон хоног» гашуудсан. Хэдэн жил өнгөрсөн ч Иосефыг үгүйлсээр байв (Эхлэл 37:34, 35; 42:36; 45:28).
Өнөө үед олон хүн дотны хүнээ алдаад гашууддаг. Хоёр жишээ үзье.
-
«Миний нөхөр Робэрт 2008 оны 7-р сарын 9-нд нас барсан. Осол гардаг өдөр жирийн л нэг өдөр байв. Өглөөний цайгаа уугаад тэр минь ажилдаа гарахдаа урьдынхаараа, намайг тэвэрч, үнсээд “Хайртай шүү” гэж хэлээд явсан юм. Зургаан жил өнгөрсөн ч би түүнийгээ үгүйлдэг. Сэтгэлийн шарх минь хэзээ ч эдгэхгүй байх гэж би боддог»—Гэйл, 60 настай.
-
«Хайртай эхнэр минь нас бараад 18 жил болжээ. Би одоо ч түүнийгээ санадаг. Байгалийн сайхныг харахлаар, тэр минь байсан бол баярлах байсан даа гэж боддог»—Этьен, 84 настай.
Уй гашуу ингэж удаан үргэлжилдэгт гайхах хэрэггүй. Хүн болгон харилцан адилгүй байдаг учраас үхэл хагацал үзсэн хүнийг шүүмжлэх нь ухаалаг бус юм. Бас тайвширч чадахгүй байна гэж өөрийгөө битгий буруутгаарай. Тэгвэл уй гашуугаа тайлах арга байдаг болов уу?
a Абрахамын хүү Исаак бас их гашууджээ. Ээж Сара нь нас бараад гурван жил болсон ч гашуудсаар байсан (Эхлэл 24:67).