Уншигчдын асуулт
Еврей 4:12-т гардаг «амьд бөгөөд идэвхтэй» «Бурханы үг» гэж юу вэ?
Хам сэдвийг нь үзвэл Библид байдаг мэдээ буюу Бурхны санаа зорилгыг элч Паул хэлсэн ажээ.
Библи хүнийг өөрчлөх чадалтайг онцлохын тулд Еврей 4:12-ыг манай ном хэвлэлд эш татах нь олон. Энэ нь ч зөв билээ. Гэхдээ энэ зүйлийг өргөн утгаар авч үзэх нь тустай. Бурхны санаа зорилгын дагуу амьдрахыг Паул еврей дагалдагчдад уриалжээ. Еврей Сударт Бурхны санаа зорилгын талаар олон удаа тайлбарласан байдаг. Паул Египетийн дарлалаас чөлөөлөгдсөн эртний израильчуудыг жишээ болгон бичжээ. Тэд «сүү балаар бялхсан» Амласан газарт амьдрах боломжтой байлаа. Тэнд л жинхэнэ ёсоор амар жимэр амьдрах байв (Ег. 3:8; Д.хууль 12:9, 10).
Энэ нь Бурхны санаа зорилго байсан. Яваандаа израильчуудын сэтгэл хөрч, Бурханд итгэхээ больсон учраас ихэнх нь Амласан газар луу ороогүй юм (Тоол. 14:30; Иош. 14:6–10). Гэхдээ «[Бурхны] амралт уруу орох амлалт байгаа» хэмээн Паул цааш нь бичжээ (Евр. 3:16–19; 4:1). Энэ «амлалт» бол Бурхны санаа зорилгын хэсэг юм. Еврей дагалдагчдын адилаар бид бас үүнийг ойлгож, энэ амлалтын дагуу амьдрах хэрэгтэй. Уг амлалт Сударт үндэслэснийг онцлох зорилгоор Паул Эхлэл 2:2, Дуулал 95:11-ийг эш татжээ.
«[Бурхны] амралт уруу орох амлалт байгаа» гэж бодохлоор бидний сэтгэл хөдөлдөг. Бид Библийн үндэстэй энэ амлалтад итгэдэг бөгөөд энэхүү «амралт уруу орохын» тулд шаардлагатай бүхнийг хийдэг. Өөрөөр хэлбэл Бурхны санаа зорилгод нийцүүлж амьдардаг. Цаашдаа ч тэгж амьдарна. Түүнээс биш Еховагийн сайшаалыг хүлээхийн тулд өөр зүйл хийх юм уу Мосегийн хуулийг сахидаггүй. Эдүгээ дэлхий дахинд мянга мянган хүн Библийг судалж, Бурхны санаа зорилготой танилцаж байна. Улмаар амьдралын хэв маягаа өөрчлөн, Бурханд итгэдгээ үйл хэргээрээ харуулж, баптисм хүртэн Бурхны үйлчлэгч болж байна. «Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй» гэдэг нь ийнхүү батлагддаг. Библид бичсэн Бурхны санаа зорилго биднийг өөрчилсөн бөгөөд цаашдаа ч өөрчилсөөр байна.