Балмад гэмтнүүд хэдий болтол байх вэ?
Балмад гэмтнүүд хэдий болтол байх вэ?
«Балмад гэмтнүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг нөмрөн залгиж байхад, юунд Та [Ехова] анир чимээгүй байна вэ?» (ХАБАККУК 1:13).
1. Газар дэлхий бүхэлдээ Еховагийн суу алдрын мэдлэгээр хэзээ дүүрэх вэ?
БУРХАН хэзээ нэгэн цагт балмад гэмтнүүдийг устгах болов уу? Хэрэв тийм бол бид хир удаан хүлээх хэрэгтэй болж байна? Дэлхий даяар хүмүүс иймэрхүү асуулт тавьдаг. Хариултыг нь хаанаас олох вэ? Бурхны товлосон цагийн тухай бичсэн байдаг онгод оруулсан зөгнөлийн үгнээс олж болно. Удахгүй Ехова балмад гэмтнүүдийг шүүнэ гэдгийг тэр үг баталдаг. Гагцхүү ингэсний дараа л «далай усаар дүүрэн байдгийн адил газар дэлхий Эзний [«Еховагийн», ШЕ] суу алдрын мэдлэгээр дүүрэх болно». Энэхүү зөгнөлт амлалт нь Бурхны Ариун Үгэн дэх «Хабаккук» номын 2:14-өөс олддог.
2. «Хабаккук» ном Бурхны гүйцэтгэх ямар гурван шүүх шийдвэрийг агуулдаг вэ?
2 МЭӨ 628 оны үед бичигдсэн «Хабаккук» номд Ехова Бурхны гүйцэтгэх гурван бүлэг шүүх шийдвэр байдаг. Эдгээр шүүх шийдвэрийн хоёр нь аль хэдийнэ биелчихсэн. Ехова эртний Иудагийн дураараа ард түмнийг шүүсэн нь эхнийх байв. Тэгвэл хоёр дахь нь юу вэ? Энэ бол харгис түрэмгий Бабилоныг устгах тухай Бурхны шүүх шийдвэр байсан. Тэгэхлээр, Бурхны энэ шүүх шийдвэрүүдийн гурав дахь нь ч биелнэ гэдэгт итгэлтэй байх бүх үндэс бидэнд бий гэдэг нь дамжиггүй. Үнэндээ, энэ нь тун удахгүй биелнэ гэдэгт найдаж болно. Энэ сүүлчийн өдрүүдэд амьдарч байгаа үнэнч шударга хүмүүсийн тусын тулд Бурхан бүх муу хүнийг устгах юм. Муу хүмүүсийн сүүлчийнх нь хурдан ойртож буй «Төгс хүчит Бурхны агуу их өдрийн дайнаар» амьсгаа хураах болно (Илчлэлт 16:14, 16).
3. Өнөө үеийн муу хүмүүст юу тохиолдох нь зайлшгүй вэ?
3 Бурхны агуу их өдрийн дайн улам улам ойртсоор байна. Муу хүмүүсийг шүүх Еховагийн шийдвэр Иуда болон Бабилонд биелж байсны адил өнөө үед ч биелэх нь зайлшгүй. Тэгвэл одоо бүгдээрээ Хабаккукийн үеийн Иудагийн хаант улсад байна гээд төсөөлье. Энэ нутагт юу болж байна вэ?
Үймээн самуунтай нутаг
4. Хабаккук ямар муу мэдээ сонссон бэ?
4 Еховагийн зөнч Хабаккук байшингийнхаа хавтгай дээвэр дээр гарч, үдшийн сэвэлзүүр салхинд зугаацан баясаж байна гээд төсөөлөөд үз дээ. Түүний хажууд хөгжмийн зэмсэг байна (Хабаккук 1:1; 3:19-ийн дорх бичээс). Гэнэт Хабаккук муу мэдээ сонсов. Иудагийн хаан Ехой-Аким Уриа зөнчийг алж, цогцсыг нь жирийн хүмүүсийг оршуулдаг газар хаяжээ (Иеремиа 26:23). Үнэндээ, Уриа Еховад итгэх итгэлээ хадгалалгүй, айснаасаа Египет уруу зугтсан. Харин Ехой-Аким Еховагийн нэр төрийн төлөө гэсэн хүсэлдээ хөтлөгдсөндөө хүч хэрэглэсэн юм биш гэдгийг Хабаккук мэдэж байв. Энэ нь Бурхны Хуулинд хаан үнэнхүү тоомжиргүй байснаас болон Иеремиа зөнч ба Еховагийн бусад үйлчлэгчдийг үзэн ядаж байснаас тодорхой харагдана.
5. Иудад болж буй үйл явдлын нөхцөл байдал сүсэг бишрэлийн хувьд ямар байна вэ? Хабаккук үүнийг яаж хүлээж авч байна вэ?
5 Хабаккук зэргэлдээх байшингуудын дээвэр дээрээс бургилан буй сангийн утааг харлаа. Тэр хүмүүс Еховаг шүтэх гэж сан тавьсангүй. Тэд Иудагийн хар санаат хаан Ехой-Акимын дэмжлэгтэйгээр хуурамч шүтлэгийн үйл хэрэгт оролцож байна. Ямар шившигтэй юм бэ! Хабаккук нулимс цийлэгнүүлэн ийн өчив: «Эзэн минь, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ? „Хүчирхийлэл“ хэмээн ориловч Та авран хамгаалахгүй юм. Ямар учраас Та надад хилэнцийг үзүүлж, юунд мууг харуулна вэ? Тийм ээ, сүйрэл хүчирхийлэл өмнөөс минь угтаж, хэрүүл гарч, тэмцэл дүүрэн оршино. Тиймээс хууль завхарч, шударга ёс хэзээ ч мандсангүй. Учир нь бузар муу нь зөв шударгыг нөмрөн хучсанаас шударга ёс ч гажууджээ» (Хабаккук 1:2–4).
6. Иуда дахь хууль болоод шударга ёс яасан бэ?
6 Тийм ээ, дээрэм тонуул, хүчирхийлэл маш их байлаа. Хабаккук хаашаа л харна, гай зовлон, хэрүүл маргаан, тэмцэл мөргөлдөөн энд тэндгүй. «Хууль завхарч», гууль болжээ. Тэгвэл шударга ёс яасан бэ? «Шударга ёс хэзээ ч мандсангүй»! Шударга ёс хэзээ ч ялахгүй. Үүний оронд «бузар муу нь зөв шударгыг нөмрөн хучиж», гэмгүй хүмүүсийг хамгаалах хуулийг үл тоомсорлоно. Үнэн хэрэгтээ «шударга ёс гажууджээ». Юутай харамсалтай вэ!
7. Хабаккук яахаар шийдэв?
7 Хабаккук түр амсхийгээд, энэ бүгдийг эргэцүүллээ. Тэр ухарч няцсан уу? Огтхон ч үгүй! Энэ үнэнч хүн, Бурхны итгэлтэй үйлчлэгчдийн тэвчин тэсэж байсан хяхалт хавчилтыг санаад Еховагийн бат гуйвшгүй зөнч хэвээр үлдэх шийдвэрээ дахин сэргээв. Энэ нь үхэлд хүргэх байлаа ч гэсэн Хабаккук, Бурхны мэдээг үргэлжлүүлэн тунхаглана.
Итгэмээргүй «үйлийг» Ехова хийж байна
8, 9. Итгэмээргүй ямар «үйлийг» Ехова хийх вэ?
8 Хабаккук үзэгдэлдээ Бурхны нэрийг гутаагч хуурамч сүсэгтнүүдийг харав. Ехова тэдэнд юу гэж хэлж буйг сонсоорой. Тэрбээр: «Та нар үндэстнүүдийг ажиглан харж, алмайран гайхагтун!» гэв. Бурхан ямар учраас тэр муу хүмүүст ийм маягаар хандсаныг Хабаккук гайхаж байсан биз ээ. Дараа нь, Ехова тэдэнд: «Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй зүйлийг [«үйлийг», ШЕ] Би та нарын амьдрах хугацаанд хийх болно» гэж хэлэхийг тэр сонсов (Хабаккук 1:5). Үнэхээр Ехова тэдний итгэж чадахааргүй үйлийг өөрөө хийх болно. Харин энэ нь юу вэ?
9 Хабаккук, Бурхны үгийг цааш нь анхааралтай сонсов. Энэ үг Хабаккук 1:6–11-д тэмдэглэгдсэн байдаг. Энэ бол Еховагийн илгээлт бөгөөд энэ үг биелэхэд хуурамч бурхан юм уу амьгүй шүтээний аль нь ч саад болж чадахгүй. «Үзэгтүн! Догшин шаламгай үндэстэн болох халдейчүүдийг Би босгож байна. Бүхий л дэлхийгээр тэд хэрэн урагшилж, бусдын газрыг ч эзэгнэн суудаг. Тэд бол сүрдмээр аюумшигтай ард түмэн. Тэд өөрсдийн үйлсээ зөвтгөн, өөрсдийгөө өргөн дээдэлнэ. Тэдний аргамаг хөлгүүд нь ирвэснээс ч хурдан, бүрэнхий үдшийн өлөн чононуудаас ч догшин. Тэдний морьтон эрс нь тэртээх алсаас давхин ирж, залгихаар дайрах бүргэд мэт элэн халина. Тэд бүгдээрээ хүчирхийлэн эзлэхээр ирнэ. Тоо томшгүй тэдний довтолгоо нь цөлийн шуурга мэт бөгөөд элс мэт үй олон хүмүүсийг олзлон авна. Тэд хаадыг дооглон, захирагчдаар нь доог тохуу хийнэ. Бэхлэгдсэн хот бүрийг шоолон, бул чулуу овоолон тэдгээр хотуудыг эзэлнэ. Өөрсдийн хүч чадлаа өөрсдийн бурхан хэмээн бардамнагч, тэдгээр гэмт хүмүүс өнгөрөн одох салхин мэт хийсэн одно».
10. Ехова хэнийг босгосон бэ?
10 Хамгийн Дээд Нэгний юутай зөнч мэргэн сануулга вэ! Ехова Бабилоны догшин шаламгай үндэстэн болох халдейчүүдийг босгов. Энэ үндэстэн «бүхий л дэлхийгээр» хэрэн урагшилж, олон газрыг эзлэн авна. Ямар аймшигтай вэ! Халдейчүүдийн бүлэг бол «сүрдмээр аюумшигтай», халирмаар бас зэвүүцмээр. Тэд харгис хуулиа гаргав. «Тэд өөрсдийн үйлсээ зөвтгөв».
11. Бабилоны дайчид Иудагийн эсрэг хэрхэн хөдөлж буйг та дүрслэн хэлнэ үү.
11 Бабилоны морьд нь ирвэснээс ч хурдан. Морьтон эрс нь бүрэнхий үдшээр ан хийгч өлөн чононуудаас ч догшин. Тэд хандсан зүгтээ давхих гэж тэсэж ядна. Тэд алс холын Бабилоноос Иудаг зүглэнэ. Удахгүй халдейчүүд амтат хоолоо залгихаар дайрах бүргэд адил олз уруугаа дайрах болно. Гэхдээ энэ нь ердөө л цөөн хэдхэн цэргийн довтолгоон, ганцхан удаагийн гэнэтийн дайралт байх уу? Хаанаас даа! Тэд сүйтгэн сүйрүүлэх гэж цугларсан үй олон дайчид шиг «хүчирхийлэн эзлэхээр ирнэ». Тэд баруун тийш, Иуда болон Иерусалимын зүг тэмүүлэн, дорнын салхин мэт хурдан давхихад нүүр царай нь улаа бутран гэрэлтэнэ. Бабилончууд «элс мэт үй олон хүмүүсийг олзлон авна».
12. Бабилончууд ямар сэтгэгдэлтэй байсан бэ? Энэ аюулт дайсан юугаараа «гэмт хүмүүс» болох вэ?
12 Халдейн цэргүүд хаадыг дооглон, хайр найргүй дайрахыг нь зогсоох чадалгүй захирагчдаар нь доог тохуу хийнэ. Тэд «бэхлэгдсэн хот бүрийг шоолно». Яагаад гэвэл бабилончууд «бул чулуу овоолон» бэхлэлтийн далан барьж, тэндээсээ довтлоход ямар ч цайз нуран унаж байв. Еховагийн товлосон цагт аюулт дайсан «салхин мэт» давшина. Тэд Иуда болон Иерусалим уруу довтлохдоо Бурхны ард түмэнд хор хүргэн, үнэхээр «гэмт хүмүүс» болцгооно. Тэд хоромхон зуурын ялалтынхаа дараа Халдейн удирдагч: «Энэ бол бидний бурхны хүч» хэмээн бардамнана. Гэвч үнэндээ түүний мэдэж буй нь өчүүхэн!
Найдах баттай үндэс
13. Ямар учраас Хабаккук итгэл найдвар дүүрэн байсан бэ?
13 Хабаккук Еховагийн санаа зорилгыг улам сайн ойлгосноор зүрх сэтгэлээрээ найдах нь ихэсчээ. Бүрэн дүүрэн найдсан тэрээр Еховаг магтжээ. Хабаккук 1:12-т (ШЕ) бичсэний дагуу зөнч: «Ехова минь, Та өнө эртнийх биш гэж үү? Бурхан минь, Ариун Нэгэн минь, Та болбоос үхэшгүй билээ» хэмээн өгүүлсэн байна. Үнэхээр ч, Ехова бол «үүрд мөнхөөс үүрд мөнх хүртэл» Бурхан мөн юм (Дуулал 90:1, 2).
14. Иудагийн тэрслэгчид биеэ хэрхэн авч явсан бэ?
14 Бурхны өөрт нь үзүүлсэн үзэгдлийг эргэцүүлэн, утгыг нь ойлгож байгаадаа баярлан, цааш нь: «Эзэн Та шүүлтийн төлөө тэднийг томилсон. Хад минь, Та шүүн зэмлэхийн тулд тэднийг бэлтгэн гаргасан» гэж хэлсэн байна. Бурхан Иудагийн тэрслэгчдийг эрс буруушааж, тэд ч Еховагаас зэмлэл, ял шийтгэл хүлээх болно. Тэд Бурхныг хадан түшгээ, цорын ганц бат бэх цайзаа, хоргодох газраа, авралын хадаа болгох хэрэгтэй (Дуулал 62:7; 94:22; 95:1). Гэсэн ч, Иудагийн тэрсэлсэн удирдагчид Бурханд ойртохыг хүсдэггүй бөгөөд Бурхныг шүтдэг гэм зэмгүй хүмүүсийг дарласаар байна.
15. Ямар утгаараа Еховагийн «мэлмий муу юмыг харж чадахааргүй дэндүү ариун» бэ?
15 Үүнд Еховагийн зөнч ихэд гуньж байна. Тиймээс тэрээр: «Таны мэлмий муу юмыг харж чадахааргүй дэндүү ариун. Зовлон гайг ч Та таашаан харж чадахгүй билээ» гэжээ (Хабаккук 1:13). Тийм ээ, Ехова бол «муу юмыг» буюу нүглийг «харж чадахааргүй дэндүү ариун». Бурхны тэвчээрт хязгаар байдаг.
16. «Хабаккук» номын 1:13–17-г та хэрхэн тайлбарлах бол?
16 Эргэцүүлэн бодуулахуйц хэд хэдэн асуулт Хабаккукт байжээ. Тэрээр: «Харин яагаад Та хорон санаатнуудыг хүлцэн тэвчинэ вэ? Балмад гэмтнүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг нөмрөн залгиж байхад, юунд Та анир чимээгүй байна вэ? Юунд Та хүмүүнийг тэнгисийн загас мэт, захирагчгүй далайн амьтад мэт бүтээсэн юм бэ? Халдейчүүд тэднийг бүгдийг нь дэгээгээр гохдон татаж, тороороо тэднийг шүүрдэн барьдаг. Загасчны торондоо бүгдийг нь оруулаад, тэд баярлалдан хөөрч байна. Тэгээд тэд торондоо тахил өргөж, загасны торондоо зориулан анхилуун үнэртэн уугиулна. Учир нь энэхүү тороор л тэд их олз омог олон, хоол хүнс нь элбэг дэлбэг болсон юм. Тэд тороо хоослон суллаж, үндэстнүүдийг энэрэлгүйгээр хядсаар л байх юм гэж үү?» гэв (Хабаккук 1:13–17).
17. а) Бабилончууд Иуда болон Иерусалимыг довтлохдоо Еховагийн санаа зорилгыг хэрхэн биелүүлэх вэ? б) Ехова Хабаккукт юу ойлгуулах вэ?
17 Бабилончууд Иудагийн хаант улс болон нийслэл хот Иерусалимыг нь эзлэхдээ дураараа аашлах болно. Харин тэд ингэхдээ Бурхан үнэнч бус ард түмэндээ оноосон шударга ялыг гүйцэлдүүлэхэд нь зэвсэг болж байна гэдгээ мэдэхгүй юм. Бурхан ямар учраас оноосон ялаа гүйцэлдүүлэхдээ харгис хэрцгий бабилончуудыг ашиглах болов оо гэдгийг ойлгоход Хабаккукт хэцүү нь ойлгомжтой. Зэрлэг балмад халдейчүүд Еховаг шүтдэггүй. Тэдний хувьд хүмүүс бол барьж аваад захиргаандаа оруулж болдог «тэнгисийн загас мэт» юм. Хабаккук удахгүй гайхахаа болино. Бабилончууд шунаг сэтгэлээр дээрэмдэн олзолсныхоо төлөө, учир утгагүйгээр цус урсгасныхаа төлөө шийтгэлгүй үл хоцорно гэдгийг Ехова удахгүй зөнчдөө ойлгуулна (Хабаккук 2:8).
Еховагийн цаашдын үгийг хүлээн авахад бэлэн
18. «Хабаккук» номын 2:1-д буй зөнч Хабаккукийн үгсээс юунд суралцаж болох вэ?
18 Одоо тэгэхээр Хабаккук Еховагийн цаашдын үгийг хүлээж байна. Зөнч шийдэмгий байдлаар: «Би манааныхаа байранд зогсож, цамхаг дээр ажиглан сууна. Гомдол тэмцлийн минь тухайд Тэр надад юу айлдахыг нь би харуулдан хүлээнэ» гэж байна (Хабаккук 2:1). Бурхан Хабаккукт зөнчийнх нь хувьд чухам юу хэлэх бол оо гэдэг түүнд их сонин байна. Еховаг Бурхан хэмээн итгэсэн итгэл нь түүнийг ямар учраас муу муухай бүхэн ийм өргөн цар хүрээтэй байгааг эргэцүүлэн бодоход хүргэж байгаа ч, тэрээр бодол санааг нь Бурхан засаж залруулбал хүлээж авахад бэлэн байна. Харин бидний хувьд ямар байна вэ? Яагаад муу муухай бүхнийг хүлцэн тэвчиж байна вэ? гэсэн асуулт бидэнд тулгарах тэр цагт Ехова Бурхан ямагт шударга гэдэгт итгэх бидний итгэл дүн нуруутай байж, түүнд найдахад маань тусална (Дуулал 42:5, 11).
19. Хабаккукт хэлсэн Еховагийн үгийн дагуу үнэнч бус еврейчүүдтэй юу тохиолдсон бэ?
19 Хабаккукт хэлсэн ёсоороо Ехова бабилончуудад Иудагийн хаант улсыг эзлэхийг зөвшөөрөн, өөрийн дуулгаваргүй ард түмэн болох Израильд оноосон ялаа биелүүлсэн юм. МЭӨ 607 онд тэд Иерусалим болон дуганыг устгаж, хөгшин залуугүй алж хядан, олон хүнийг олзлон авсан юм (Шастирын дэд 36:17—20). Бабилоны олзонд удаан хугацаатай байсны дараа үнэнч цөөхөн иуда хүн эх нутагтаа буцан ирсэн бөгөөд аажимдаа дуганыг сэргээн байгуулсан билээ. Гэвч, эцэстээ иудейчууд Еховад үнэнч биш болсон. Ялангуяа, тэд Есүсийг Мэссиа гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй тэр үед бүр ч үнэнч биш болсон юм.
20. Паул «Хабаккук» номын 1:5-ыг Есүсийг үгүйсэх гэдэгтэй холбон яаж тайлбарласан бэ?
20 «Үйлс» номын 13:38–41-д бичсэний дагуу элч Паул Антиох хотын иудейчуудад Есүсийг болон түүний золиосыг үл тоомсорлох гэдэг нь юу болохыг тайлбарлажээ. Паул грек хэл дээрх «Септуагинт» орчуулгаас «Хабаккук» номын 1:5-ыг иш татан «Ингэхлээр зөнчдөөр хэлэгдсэн нь та нар дээр ирэхээс болгоомжил. „Харагтун! Гадуурхагдсан хүмүүс ээ, гайхацгаа, мөхөцгөө. Учир нь та нарын өдрүүдэд хэн ч тайлбарласан итгэж үл чадах тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно“ гэсэн байдаг» хэмээн урьдчилан сануулсан. Паулын иш татсан тэр зүйлийн дагуу «Хабаккук» номын 1:5-ын зөгнөл хоёр дахь удаагаа МЭ 70 онд ромын цэрэг Иерусалим болон дуганыг устгахад биелсэн.
21. Иерусалимыг бабилончууд устгана гэсэн Бурхныг «үйлийг» Хабаккукийн үед еврейчүүд хэрхэн үзсэн бэ?
21 Хабаккукийн үед аж төрж байсан еврейчүүд, бабилончуудаар Иерусалимыг устгуулах гэсэн Бурхны «үйлийг» бодох ч сөхөөгүй байлаа. Учир нь энэ хот бол Еховагийн шүтлэгийн төв төдийгүй түүний тослогдсон хааныг хаан ширээнд залдаг газар байсан билээ (Дуулал 132:11—18). Үүнээс өмнө Иерусалим болон дуганыг устгаж байсан удаа нэг ч үгүй билээ. Давид хааны үр удмынхныг хэзээ ч түлхэн унагааж байгаагүй. Ехова энэ үйл явдал болохыг зөвшөөрнө гэдэгт итгэхийн аргагүй байлаа. Гэвч, Ехова Хабаккукаар дамжуулан энэхүү аюумшигт үйл явдал үнэхээр болно гэдгийг тодорхой сануулсан. Энэ зөгнөл биелсэн гэдгийг түүх ч баталдаг.
Бидний өдрүүдэд Бурхны хийх итгэмээргүй «үйл»
22. Бидний өдрүүдэд Ехова итгэмээргүй ямар «үйлийг» хийх вэ?
22 Ехова бидний өдрүүдэд итгэмээргүй «үйлийг» хийх гэж зэхэж байна уу? Тэрээр үүнийг хийнэ гэдэг нь үл итгэгчдэд бүтэхээргүй мэт санагдавч үүнд бүү эргэлзэгтүн. Энэ удаад Еховагийн хийх итгэхийн аргагүй «үйл» нь «Христосын шашны ертөнцийг» устгана. Эртний Иудагийн адилаар христосын шашны ертөнцийнхөн Бурхныг шүтдэг гэдэг боловч үнэн хэрэг дээрээ завхарч гүйцжээ. Ехова Христосын шашны ертөнцөөс болон дэлхийн хуурамч шашны гүрэн болох «Агуу их Бабилоноос» ямар ч ул мөр үлдээхгүй байхаар санаа тавина (Илчлэлт 18:1—24).
23. Өөр ямар даалгаврыг Бурхны сүнс зөнч Хабаккукаар хийлгэх болсон бэ?
23 Иерусалимыг МЭӨ 607 онд устгахаас өмнө Ехова Хабаккукт өөр нэгэн даалгавар өглөө. Бурхан зөнчдөө өөр юу хэлэх юм бол оо? Хабаккукийн хэлэх зүйлийг нь сонсоод, гартаа хөгжмийн зэмсэг барин, Еховад хандан гашуудан залбирна. Гэсэн ч ингэхээс нь өмнө, болох гэж үйл явдлын талаар Бурхны сүнс зөнчөөр зарлуулна. Бурхны товлосон цагт хамааралтай эдгээр зөгнөлийн утга учрыг бид гүн гүнзгий мэдмээр байгаа нь эргэлзээгүй. Хабаккукийн зөгнөлийг үргэлжлүүлэн анхааралтай авч үзэцгээе.
Та санаж байна уу?
• Хабаккукийн үед Иудагийн нөхцөл ямар байсан бэ?
• Ехова, Хабаккукийн үед итгэмээргүй ямар «үйлийг» хийсэн бэ?
• Хабаккукийн хувьд найдах ямар үндэс байсан бэ?
• Ехова бидний өдрүүдэд итгэхийн аргагүй ямар «үйл» хийх вэ?
[Догол мөрийн асуулт]