Skip to content

Гарчиг руу орох

Бурханд таалагддаг байсан тахилууд

Бурханд таалагддаг байсан тахилууд

Бурханд таалагддаг байсан тахилууд

«Тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахилыг өргөхийн тулд томилогдсон байдаг» (ЕВРЕЙ 8:3).

1. Хүмүүс ямар учраас Бурханд хандах шаардлагатайгаа мэдэрдэг вэ?

 «ХҮНИЙ хувьд, тахил өргөх нь залбирахтай адилхан „зүй ёсны юм“. Үүгээрээ тэр нэгдүгээрт: Өөрийгөө, хоёрдугаарт: Бурхныг ойлгож байгаагаа харуулдаг» хэмээн түүхч, Библи судлаач Альфред Эдерсхайм бичжээ. Нүгэл ертөнцөд нэвтрэн орохдоо өөртэйгөө хамт гэм буруугийн мэдрэмж, Бурхнаас тусгаарлагдах болон үхээнц дорой байдлыг авчирсан. Энэ бүхнээс чөлөөлөгдөх шаардлагатай. Тийм цөхрөнг байдалд орсон хүмүүс ямар учраас тусламж гуйн Бурханд хандах шаардлагатайгаа мэдэрдгийг ойлгоход тийм ч хэцүү биш (Ром 5:12).

2. Эрт дээр үед Бурханд тахил өргөдөг байсан талаар Библид ямар мэдээлэл байдаг вэ?

2 Бурханд тахил өргөсөн тухай анхны мэдээлэл Каин Абел хоёртой холбоотой гардаг. Библид: «Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ Эзэнд [«Еховад», ШЕ] өргөл болгон барьжээ. Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ» гэж байдаг (Эхлэл 4:3, 4). Цааш нь тэр үеийн муу бүхнийг устгасан Усан галаваар авран хамгаалсных нь төлөө Ноа «Эзэнд [«Еховад», ШЕ] зориулан тахилын ширээ босгож,.. тахилын ширээн дээр шатаалт тахил өргөх» болсныг бид мэддэг (Эхлэл 8:20). Амлалт ба ивээлд нь сэтгэл уярсан Бурхны анд нөхөр бөгөөд үнэнч үйлчлэгч Абрахам нэг биш удаа «Эзэнд [«Еховад», ШЕ] зориулан тахилын ширээг босгож, Эзний [«Еховагийн», ШЕ] нэрийг дуудаж» байжээ (Эхлэл 12:8; 13:3, 4, 18). Хожим Ехова Абрахамд хүү Исаакаа шатаалт тахил болгон өргөх зарлиг буулгаснаар түүний итгэл хамгийн хүнд сорилттой тулгарсан (Эхлэл 22:1–14). Богинохон ч гэсэн эдгээр хэсэг тахилын талаар багагүй зүйл хэлж байгааг бид харлаа.

3. Шүтлэгт тахил ямар үүрэгтэй вэ?

3 Библийн эдгээр болон бусад хэсгийг аваад үзвэл ямар нэгэн байдлаар тахил өргөх нь энэ талаар Еховаг хууль гаргахаас бүр өмнө шүтлэг мөргөлийн нэгэн үндсэн бүрдэл хэсэг байжээ гэдэг нь харагдаж байна. Үүнтэй уялдуулан нэгэн лавлах бичигт тахил өргөхийг «хүнээс ариун гэж үздэг зүйлтэйгээ харьцаа тогтоох юм уу, эсвэл түүнийгээ сэргээх, үргэлжлүүлэх зорилгоор бурханд ямар нэгэн тахил өргөдөг, шашны ёслол юм» хэмээн тодорхойлжээ. Гэхдээ үүнтэй холбоотойгоор бидний анхааран үзвэл зохих хэд хэдэн чухал асуулт гарч ирдэг. Жишээ нь: Бурхныг шүтэхэд яагаад тахил өргөх хэрэгтэй вэ? Бурханд ямар тахил таалагддаг вэ? Дээр үед тахил өргөдөг байсан нь өнөөдөр бидэнд ямар ач холбогдолтой вэ? гэх мэт.

Тахил өргөх нь юунд хэрэгтэй вэ?

4. Нүгэл үйлдсэн Адам Ева хоёр яасан бэ?

4 Адам санаатайгаар нүгэл үйлдсэн. Сайн мууг мэдүүлэгч модноос жимс авч идсэн нь санаатайгаар үг дуулаагүй хэрэг байсан юм. Энэхүү үйлдлийн шийтгэл нь үхэл байсан бөгөөд энэ тухай Бурхан: «Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэж тов тодорхой хэлжээ (Эхлэл 2:17). Эцэст нь Адам Ева хоёр өөрсдийнхөө тарьсан нүглийн үрийг хүртэж, үхэцгээсэн (Эхлэл 3:19; 5:3–5).

5. Ехова Адамын үр удмын сайн сайхны төлөө ямар учраас түрүүлж арга хэмжээ авч эхэлсэн бэ? Энэ талаар юу хийсэн бэ?

5 Адамын үр удмынхны тухайд юу хэлж болох вэ? Адамаас нүгэл ба төгс бус байдлыг өвөлж авснаар тэд анхны хүмүүн хос шиг Бурхнаас тусгаарлагдах, найдваргүй байдал болон үхэлтэй тулгарсан (Ром 5:14). Гэвч Ехова Бурхан бол шударга, хүчтэй төдийгүй, юуны түрүүнд хайрын Бурхан билээ (1 Иохан 4:8, 16). Тийм учраас тэрбээр бий болсон уршгийг засаж залруулах арга хэмжээг түрүүлж авсан. Библид: «Нүглийн хөлс бол үхэл» гэдэг үгийн дараа «Бурхны бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн» гэж байдаг (Ром 6:23).

6. Адамын нүглийн улмаас учирсан хохирлын хувьд Еховагийн хүсэл юу байсан бэ?

6 Хожим хүмүүст энэ бэлгийг хүлээж авах боломжтой болгох үүднээс Адамын үйлдсэн нүглийн үр дүнд алдсан тэр зүйлийг нөхөн төлөх боломжийг Ехова Бурхан бий болгосон. Эртний еврей хэлний кафар гэдэг үг эхлээд «хаах» буюу, магадгүй, «арилгах» гэсэн утгыг илэрхийлж байсан бололтой. Тэрчлэн энэ үг нь «золих» гэж ч орчуулагддаг. * Өөрөөр хэлбэл энэ бэлгийг хүлээн авах шаардлагыг хангасан хүнийг нүгэл ба үхлийн хараалаас чөлөөлөхийн тулд Адамаас өвлөн авсан нүглийг хааж, тэдэнд учирсан хохирлыг арилгахад тохирсон зүйлийг Ехова олгосон (Ром 8:21).

7. а) Сатанд оноосон Бурхны ялд ямар найдвар агуулагдаж байсан бэ? б) Хүн төрөлхтнийг нүгэл ба үхлийн боолчлолоос чөлөөлөхөд ямар төлбөр төлөх шаардлагатай болсон бэ?

7 Анхны хүмүүн хосыг нүгэл үйлдсэн тэр даруйд нүгэл ба үхлийн боолчлолоос чөлөөлөх найдварын тухай дам утгаар хэлсэн. Ехова могой болж ярьсан Сатанд ял оноон: «Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгоно. Тэр эмэгтэйн үр хүүхэд [«үр», ШЕ] чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» хэмээн хэлжээ (Эхлэл 3:15). Эдгээр зөгнөлт үгс нь энэхүү амлалтад итгэгч бүх хүнд итгэл найдварын оч болон гийсэн. Гэхдээ тийнхүү чөлөөлөхөд төлбөр төлөх шаардлагатай болсон. Тэрхүү амласан Үр ирээд Сатаныг устгах төдийгүй, өсгийгөө няцлуулах, өөрөөр хэлбэл түр зуур ч гэсэн үхэх ёстой байлаа.

8. а) Каин итгэл найдварыг хэрхэн хадгалж чадаагүй вэ? б) Абелын тахил ямар учраас Бурханд таалагдсан бэ?

8 Амласан Үр чухам хэн бэ гэдэг асуудлаар Адам Ева хоёр удаан хугацаагаар эргэцүүлэн бодсон нь эргэлзээгүй. Анхны хүү Каиныгаа төрүүлэхдээ Ева: «Эзний [«Еховагийн», ШЕ] ерөөлөөр би хүүтэй боллоо» хэмээн хэлсэн (Эхлэл 4:1). Ева өрийнхөө хүүг тэрхүү Үр мөн гэж бодсон болов уу? Тэгж бодсон ч бай, үгүй ч бай Каин болон түүний үр удам нь тэдэнд оноосон итгэл найдварыг хадгалж чадаагүй. Нөгөө талаас дүү Абел нь Бурхны амлалтад итгэж, сүргийнхээ анхны төлөөс нь Еховад тахил болгон өргөсөн. Библид: «Итгэлээр Абел Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөв байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авав» гэж байдаг (Еврей 11:4).

9. а) Абел юунд итгэж байсан бэ? Итгэлээ яаж илэрхийлсэн бэ? б) Абел өргөсөн тахилаараа юунд хүрсэн бэ?

9 Абел Бурханд ерөнхийдөө, зүгээр нэг итгэж байсан хэрэг биш. Каин ч тийм итгэлтэй байсан. Үр чин үнэнч хүмүүсийг аврах болно гэсэн Бурхны амлалтад итгэж байсан юм. Энэ аврал чухам ямар замаар гүйцэтгэгдэхийг Абел мэдэхгүй байлаа. Гэхдээ хэн нэгэн нь өсгийг няцлах болно гэдгийг Бурхны амлалтаас тэр мэдсэн юм. Тийм ээ, цус урсгах хэрэгтэй бөгөөд үүнд л тахилын мөн чанар оршино гэсэн дүгнэлтэд Абел хүрсэн бололтой. Амийн Эх булагт амь болоод цусыг өөртөө агуулсан тийм бэлэг барьснаараа Абел Еховагийн амлалтын биелэлийг тэсэж ядан хүсэн хүлээж байснаа харуулсан бололтой. Чухамдаа тийнхүү итгэж байсан нь Абелыг Еховад тааламжтай тахил өргөхөд хүргэжээ. Түүнээс гадна үүнд тахилын мөн чанар нь ерөнхийдөө ямар нэгэн хэмжээгээр тусгадсан. Энэ нь юу вэ гэвэл тахил бол нүгэлт хүмүүс Бурхны ивээлийг хүртэхийн тулд Бурханд ойртохдоо хэрэглэдэг зүйл юм (Эхлэл 4:4; Еврей 11:1, 6).

10. Ехова Абрабхамд Исаак хүүгээ тахил болгон өргө гэж хэлснээрээ тахилын ерөнхий утгыг хэрхэн үзүүлбэр болгон харуулсан бэ?

10 Ехова Абрахамд Исаак хүүгээ шатаалт тахил болгон өргө хэмээн тушаах тэр үед тахилын гүн гүнзгий утга онцгой тод илэрсэн. Хэдийгээр Исаакийг тахил болгон өргөөгүй ч гэсэн энэ үйл явдал хожим Еховагийн өөрийнх нь хийх зүйлийн, чухам нарийныг нь яривал хүн төрөлхтний талаарх хүсэл тааллаа биелүүлэхийн тулд «цорын ганц Хүүгээ» тахил болгон өргөх тэр зүйлийн үзүүлбэр болсон юм. Энэ бол бүх л үеийн тахилуудаас хамгийн агуу нь болсон билээ (Иохан 3:16). Мосегийн хуулиар өгөгдсөн өргөл тахилуудыг Ехова зөгнөлт үлгэр загварын байдлаар хэрэглэсэн бөгөөд эдгээрийн тусламжтайгаар аврагдах найдварт итгэх итгэлээ бэхжүүлэх хийгээд нүглээ уучлуулахын тулд юу хийх ёстойг сонгож авсан ард түмэндээ үзүүлсэн. Эдгээр үлгэр загвар бидэнд ямар сургамжтай вэ?

Еховагийн санаанд нийцдэг тахилууд

11. Израилийн тэргүүн тахилч ямар хоёр тахилыг ямар зорилгоор өргөдөг байсан бэ?

11 «Тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахилыг өргөхийн тулд томилогдсон байдаг» хэмээн элч Паул хэлсэн (Еврей 8:3). Эртний израилийн тэргүүн тахилчийн гүйцэтгэдэг байсан өргөлийг Паул «бэлгүүд» ба «тахилууд» буюу «нүглүүдийн төлөө тахилууд» гэж хоёр хэсэгт хуваасан нь ажиглагдаж байна (Еврей 5:1). Өгөөмөр сэтгэлийнхээ үүднээс барих бэлгээрээ хүн хайр болон талархлаа илэрхийлдэг. Ийм бэлэг бол хэн нэгэнтэй найрамдал нөхөрлөл тогтооход юм уу, эсвэл хэн нэгний ивээл хишиг, сайшаал магтаалыг хүлээхэд тусалдаг (Эхлэл 32:20; Сургаалт үгс 18:16). Түүнтэй адил, Хуулиар өгөгдсөн тэр олон өргөлийг Бурхны ивээл хишиг хийгээд сайшаал магтаалыг хүртэхийн тулд түүнд өргөдөг «бэлгүүд» гэж үзэж болно. * Мосегийн хууль зөрчигчдөөс учруулсан хохирлыг нөхөн төлөхийг шаарддаг бөгөөд нүглийг хаахын тулд «нүглүүдийн төлөө тахилуудыг» өргөдөг байлаа. Таван номд, ялангуяа «Египетээс гарсан нь», «Левит», «Тооллого» зэрэг номд янз бүрийн тахил болоод өргөлийн талаар бичигдсэн нь цөөнгүй. Бүх нарийн ширийн зүйлийг мэдэж, тогтоож авахад тийм ч амаргүй. Гэхдээ тахилын янз бүрийн хэлбэртэй холбоотой зарим үндсэн зүйл бидний анхаарлыг татдаг юм.

12. Библийн ямар ямар номын аль хэсэгт Мосегийн хуулиар өгөгдсөн тахил буюу өргөлийн талаар бичигдсэн байдаг вэ?

12 «Левит» номын 2–7 дугаар бүлгээс «шатаах тахил», «идээн өргөл», «эвийн тахил», «нүглийн төлөөх тахил», «гэмийн төлөөх тахил» зэрэг үндсэн таван төрлийн тахил байдгийг мэдэж болно. Хэдийгээр эдгээр тахилын заримыг хамтад нь өргөдөг ч гэсэн энд тус бүрийг нь нарийн тодорхойлон бичжээ. Тэрчлэн эдгээр бүлэгт дээрх тахилуудыг хоёр хоёр удаа бичсэн байх бөгөөд тэгэхдээ аль аль нь өөр өөр зорилготой байх ажээ. Эхний удаагийнх нь Левит1:2-оос 6:7-д бичигдсэн байх ба тахилын ширээнд юу юу өргөхийг тодорхой заасан байхад, хоёрдахь удаад буюу Левит 6:8–7:36-д ямар хэсгийг тахилчдад өгч, ямар хэсгийг авчирсан хүнд үлдээхийг бичжээ. Дараа нь «Тооллого» номын 28, 29-р бүлэгт өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр болон жил бүрийн баяраар ямар ямар тахил өргөх шаардлагатайг заасан тодорхой хуваарь бичигджээ гэж хэлж болно.

13. Бурханд бэлэг болгон өргөж байсан сайн дурын өргөлүүдийг тодорхойлон хэлнэ үү.

13 Бэлэг буюу Бурхны ивээлийг хүртэх зорилгоор өргөдөг сайн дурын өргөлүүдийн тоонд «шатаах тахил», «идээн өргөл» болон «эвийн тахил» ордог. Зарим эрдэмтдийн үздэгээр «шатаах тахил» хэмээн орчуулагддаг еврей үг «өгсөлтийн тахил» буюу «өгсөх тахил» гэсэн утгатай аж. Шатаах тахил өргөх үед тахилын ширээн дээр шатаж байгаа амьтнаас таатай анхилуун үнэр тэнгэр өөд Бурхан уруу олгойддог болохоор энэхүү тодорхойлолт тохирдог юм. Шатаах тахилын онцлог гэвэл амьтны цусаар тахилын ширээг тойруулан цацсаны дараа тахилыг бүхлээр нь Бурханд өргөдөг явдал юм. «Тахилч түүнийг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаалт тахил болгон шатаан уугиуулна. Энэ нь Эзэнд [«Еховад», ШЕ] тайвшруулах тааламжит үнэртэй, галаар өргөх өргөл юм» (Левит 1:3, 4, 9; Эхлэл 8:21).

14. «Идээн өргөлийг» хэрхэн өргөдөг байсан бэ?

14 «Идээн өргөлийн» талаар «Левит» номын 2-р бүлэгт бичжээ. Энэхүү сайн дурын өргөл нь гурил, тос, гүглийн зуурмагаас тогтдог байлаа. «Тахилч түүнийг нь дурсгалын хувь болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь Эзэнд [«Еховад», ШЕ] тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм» (Левит 2:2). Гүгэл бол майхан болон дуганы утлагын ширээн дээр шатаадаг «ариун утлагын» бүрэлдэхүүнд ордог зүйл байлаа (Египетээс гарсан нь 30:34–36). «Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог. Гараа дээш өргөх минь үдшийн тахил [«үдшийн идээн өргөл», ШЕ] адил тоологдог» хэмээн хэлсэн Давид хааны үг чухамдаа үүнийг л дурдсан бололтой (Дуулал 141:2).

15. Эвийн тахилыг ямар зорилгоор өргөдөг байсан бэ?

15 Өөр нэгэн сайн дурын өргөл бол «Левит» номын 3-р бүлэгт бичсэн «эвийн тахил» байлаа. Эртний еврей хэлний «эв» гэдэг үг бол дайн тулаангүй буюу эмх замбараатай байх гэдэг үгнээс хамаагүй илүү өргөн утгатай үг байжээ. Нэгэн бүтээлд: «Энэ үг нь Библид Бурхантай эв найрамдалтай байх болон цэцэглэн хөгжих, баяр хөөр, аз жаргал гэсэн утгыг илэрхийлдэг юм» хэмээн бичжээ («Studies in the Mosaic Institutions»). Тэгэхлээр эвийн тахилыг Бурхныг амарлиулж, түүнтэй эв найрамдал тогтоохын тулд бус, харин ивээл хүртэн Бурхантай эв найрамдал тогтоосон тэр хүмүүст талархлаа илэрхийлэхийн тулд буюу энэ шалтгаанаар баярласнаа илэрхийлэхийн тулд өргөдөг байв. Тахилчид болон тахил өргөгч хүн цус болон сүүл буюу өөхийг нь Еховад өргөсний дараа түүнээс иддэг байлаа (Левит 3:17; 7:16–21; 19:5–8). Тахил өргөгч, тахилчид болон Ехова Бурхан тэдний дунд эв найрамдал ноёлж байгааг илэрхийлдэг зоогноос хамтдаа хүртэж байгаа нь тэр юм. Энэ нь бэлэгдлийн утгатай бөгөөд гайхалтай сайхан зүйл байлаа.

16. а) «Нүглийн болон гэмийн төлөөх тахилыг» ямар зорилгоор өргөдөг байсан бэ? б) Энэ хоёр тахил шатаах тахилаас юугаараа ялгаатай байв?

16 Үйлдсэн нүглийнхээ төлөө уучлал гуйх буюу Хууль зөрчсөн гэм буруугаа цайруулахын тулд өргөдөг тахилд «нүглийн болон гэмийн төлөөх тахил» ордог. Эдгээр тахилыг тахилын ширээн дээр бас л адилхан шатаадаг ч гэсэн шатаах тахилаас ялгаатай нь амьтныг бүхлээр нь шатаадаггүй, зөвхөн зарим хэсэг болон өөхийг нь шатаадаг ажээ. Бусад хэсэг нь тураг биеэрээ үлдэх бөгөөд зарим нэгэн тохиолдолд түүнээс тахилчид иддэг байжээ. Энэ ялгаа бол их чухал. Шатаах тахилыг Бурхантай ойр дотно харьцаа тогтоох зорилгоор түүнд бэлэг болгон өргөдөг байсан учраас түүнийг ямар ч үлдэгдэл байхгүйгээр бүгдийг нь өргөдөг байв. Сонирхолтой нь шатаах тахилын өмнө гол төлөв нүглийн болон гэмийн төлөөх тахилыг өргөдөг байжээ. Энэ нь нүгэлтний бэлэг нь Бурханд таалагддаг байхын тулд эхлээд нүглээ уучлуулсан байх шаардлагатай байсантай холбоотой бололтой (Левит 8:14, 18; 9:2, 3; 16:3, 5).

17, 18. «Нүглийн болон гэмийн төлөөх тахил» ямар зорилготой байсан бэ?

17 «Нүглийн төлөөх тахилыг» зөвхөн Хуулийн эсрэг санамсаргүйгээр ба махан биеийн сул доройгоос болоод үйлдсэн нүглийн төлөө өргөдөг байв. «Хүн Эзний [«Еховагийн», ШЕ] хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг санамсаргүйгээр хийснээрээ нүгэл үйлдэн, тэдгээрийг зөрчих тохиолдолд» нүгэл үйлдсэн хүн нийгэмд эзлэх өөрийнхөө байр суурь буюу албан тушаалдаа тохирсон «нүглийн төлөөх тахил» өргөх ёстой ажээ (Левит 4:2, 3, 22, 27). Үл гэмшигч нүгэлтэн устгагддаг. Тэдний хувьд ямар ч тахил өргөсөн тус болохгүй (Египетээс гарсан нь 21:12–15; Левит 17:10, 20:2, 6, 10; Тооллого 15:30; Еврей 2:2).

18 «Гэмийн төлөөх тахилын» утга учир ба зорилгыг «Левит» номын 5, 6-р бүлэгт тайлбарлажээ. Хүн санаатайгаар нүгэл үйлдэж болдог. Гэвч түүний гэмт үйлдэл нь ямар ч байлаа түүнийг өөрийг нь ойр дотных нь хүмүүс юм уу, эсвэл Ехова Бурхны эрхийг зөрчүүлсэн буруутан болгодог ба тийм хүн гэм буруугаа цайруулах ёстой. Хэд хэдэн төрлийн нүгэл байдгийг дурджээ. Үүний дотор нууц нүгэл (5:2–6), «Эзний ариун зүйлсийн эсрэг» нүгэл (5:14–16), хэдийгээр санаа зорилготойгоор биш ч гэсэн зүй бус хүсэл буюу махан биеийн сул доройгоосоо болоод үйлдсэн нүгэл (6:1–3) гэх мэтийн нүглүүд байдаг. Гэм буруутай хүнээс зөвхөн тийм нүгэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхийг шаардаад зогсохгүй шаардлагатай бол хохирлыг төлүүлээд, дараа нь Еховад «гэмийн төлөөх тахил» өргүүлнэ (6:4–7).

Ирээдүйд ямар нэгэн сайн юм бий

19. Израиль Хуультай, тахил өргөдөг байсан хэдий ч ард түмэн нь ямар учраас Бурхны ивээл хишгийг хүртээгүй вэ?

19 Олон өргөл, тахил бүхий Мосегийн хууль нь Бурханд ойртож, амласан Үрийг иртэл Бурхны ивээл хишгийг хүртэж, түүнийг хадгалан хамгаалж байхад нь зориулж израильчуудад өгөгдсөн ажээ. Еврей гаралтай элч Паул үүнийг илэрхийлж: «Тиймд бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд Хууль нь биднийг Христ уруу хандуулагч зааварлагч болов» хэмээн бичжээ (Галат 3:24). Харамсалтай нь Израилийн ард түмэн «хандуулагч зааварлагчийн» удирдлагыг хүлээж авалгүй энэхүү хосгүй боломжийг үл тоомсорлосон билээ. Эцэстээ израильчуудын өргөж байсан олон тахил Еховагийн хувьд жигшүүрт зүйл болсон бөгөөд тэрбээр энэ тухай: «Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй» гэж хэлжээ (Исаиа 1:11).

20. МЭ 70 онд болсон үйл явдал Мосегийн хууль болон тахил өргөх үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн бэ?

20 МЭ 70 онд эд юмсын иудейн тогтолцоо сүмтэйгээ, лам хуврагуудтайгаа хамт мөхсөн. Түүнээс хойш тахилыг Мосегийн хуулинд бичсэн ёсоор өргөх боломжгүй болсон. Энэ нь Бурхны орчин үеийн шүтэгчдийн хувьд тахил нь Хуулийн бүрдэл хэсэг байх ямар нэгэн утга учраа алдсан гэсэн үг үү? Үүнийг бид дараагийн өгүүллээр авч үзнэ.

[Зүүлт]

^ Харуулын Цамхаг нийгэмлэгээс эрхлэн гаргасан «Судрыг ойлгох нь» нэртэй нэвтэрхий тольд: «Библид гардаг „золих“ гэдэг үг гол төлөв „хаах“ буюу „солих“ гэдэг санааг илэрхийлдэг бөгөөд ингэхдээ солионд буюу „хаахаар“ өгч байгаа тэр зүйл сольж авч байгаа зүйлтэй яг таг тохирч байх ёстой. [...] Адамын алдсан тэр зүйлийг бүрэн хэмжээгээр зольж авахын тулд төгс хүний амийн үнэтэй тэнцүү хэмжээний үнийг нүглийн төлөө тахил болгон өгөх хэрэгтэй болсон юм» гэж тайлбарлажээ.

^ Эртний еврейн корбан гэдэг үг гол төлөв «өргөл» гэж орчуулагддаг. Хуулийн багш нар болон фарисайчуудын хоёр нүүрт үйл ажиллагааг шүүмжлэн хэлсэн үгийг бичихдээ Марк «корбан» гэдэг үг бол «Бурханд өргөгдсөн юм» гэсэн утгатай хэмээн тайлбарлажээ (Марк 7:11).

Та тайлбарлаж чадах уу?

• Эрт дээр үед амьдарч байсан чин үнэнч хүмүүсийг Еховад тахил өргөдөг болгоход юу нөлөөлсөн бэ?

• Ямар учраас тахил өргөх шаардлага байсан бэ?

• Мосегийн хуулийн дагуу ямар ямар үндсэн төрөл тахил өргөх шаардлагатай байсан бэ? Эдгээрийн тус тусын зорилго юу байв?

• Паулын хэлснээр Мосегийн хууль болон түүнд заагдсан тахилуудын гол зорилго юу байсан бэ?-

[Догол мөрийн асуулт]