Skip to content

Гарчиг руу орох

Та Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдардаг уу?

Та Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдардаг уу?

Та Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдардаг уу?

«Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзний [«Еховагийн», ШЕ] төлөө мэт чин сэтгэлээсээ хийгтүн» (КОЛОССАЙ 3:23).

1. Нэгэн нэвтэрхий тольд тайлбарласнаар «өөрийгөө зориулах» гэдэг үг ямар утгатай вэ?

 ТАМИРЧИД амжилтын оргилд яаж хүрдэг вэ? Теннис, хөл бөмбөг, сагсан бөмбөг, бейсбол, хөнгөн атлетик, гольф гэх мэтийн спортын аль нэг төрлөөр хамгийн дээд амжилт гаргахыг хүссэн хүн түүндээ өөрийгөө эргэлт буцалтгүйгээр зориулах ёстой. Бие махбод болоод сэтгэл зүйн тэсвэр хатуужил юу юунаас чухал. Энэ нь «өөрийгөө зориулах» гэдэг үгийн нэг тодорхойлолт болох «бодол санаа буюу үйл хэргээ бүхэлд нь тодорхой зүгт хандуулна» гэсэнтэй яг таг тохирдог («American Heritage College Dictionary», 3-р хэвлэл, 362-р хуудас).

2. «Өөрийгөө зориулах» гэдэг үг Библийнхээр ямар утгатай вэ? Жишээн дээр тайлбарлана уу.

2 Тэгвэл «өөрийгөө зориулах» гэдэг үг нь Библийн үүднээс ямар утгатай вэ? «Өөрийгөө зориулах» гэж орчуулдаг еврей үйл үг нь угтаа «тусад нь байлгах, тусгаар байх, тусгаарлах» гэсэн утгатай ажээ. Эртний Израилийн тэргүүн тахилч Аароны малгай дээр еврейгээр «Еховад ариун» гэж бичсэн, «өөрийгөө зориулсны ариун тэмдэг» болох шижир алтаар хийсэн гялалзсан пайз байдаг байсан. Энэ нь ариун газрыг бузарлах алив зүйл хийхгүй байхыг тэргүүн тахилчид сануулдаг байлаа. Учир нь «Бурханд өөрийгөө зориулсны тэмдэг болон өөрийг нь тослох Бурхны тос түүний дээр байдаг» байв (Египетээс гарсан нь 29:6, ШЕ; 39:30, ШЕ; Левит 21:12, ШЕ).

3. Бурханд өөрийгөө зориулах нь зан байдалд маань яаж нөлөөлөх ёстой вэ?

3 Бурханд өөрийгөө зориулах нь аль хир хариуцлагатай хэрэг болохыг эдгээр зүйл харуулж байна. Бурханд өөрийгөө зориулна гэдэг нь хүн сайн дураараа Бурхны үйлчлэгч болж, ёс суртахууны цэвэр ариун хэм хэмжээг сахиж мөрдөнө гэсэн үг. Тиймд Еховагийн: «Би ариун учраас та нар ариун байгтун» гэж хэлсэн үгийг элч Петр иш татсан нь учиртай (1 Петр 1:15, 16). Христиан хүмүүс болох бидний хувьд өөрсдийгөө Бурханд зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдарч, эцсээ хүртэл үнэнч байдлаа хадгалах өндөр хариуцлага ноогддог. Гэвч Бурханд «өөрийгөө зориулах» гэдэгт юу юу ордог вэ? (Левит 19:2; Матай 24:13).

4. Бурханд өөрийгөө зориулах алхамд бид яаж хүрдэг вэ? Үүнийг юутай зүйрлэж болох вэ?

4 Ехова Бурхан хийгээд түүний санаа зорилгын тухай, мөн Есүс Христ хийгээд Еховагийн санаа зорилгод Есүсийн гүйцэтгэх үүргийн тухай нарийн зөв мэдлэгтэй болсныхоо дараа бид Бурханд бүх зүрх, бүх оюун ухаан, бүх сэтгэл, бүх хүчээрээ үйлчлэх хувийн шийдвэрээ гаргасан (Марк 8:34; 12:30; Иохан 17:3). Үүнийг Бурханд өөрийгөө зориулахаа илэрхийлсэн хувь хүний ам тангараг гэж үзэж болно. Бид сэтгэл хөдлөлдөө автан Бурханд өөрийгөө зориулаагүй. Энэ алхам хийхийн өмнө сүслэн залбирч, бүгдийг ул суурьтай бодож эргэцүүлсэн. Тэгэхлээр бид Бурханд өөрсдийгөө түр хугцаагаар зориулаагүй юм. Бид газар хагалж эхэлснээ хүч хүрэхгүй нь гээд, эсвэл ургац хураах цаг яагаа ч үгүй, ерөөсөө ургац авах эсэх нь тодорхойгүй байна гээд замын дунд орхидог хүнтэй адилгүй ээ. Теократ үүргийн «анжсан дээр гар тавиад», ямар ч бэрхшээлийн өмнө бууж өгөөгүй зарим хүний жишээг авч үзъе (Лук 9:62; Ром 12:1, 2).

Тэд Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрээсээ ухраагүй

5. Бурханд өөрийгөө зориулсан үйлчлэгчийн үлгэр жишээг Иеремиа хэрхэн үзүүлсэн бэ?

5 Иеремиа Иерусалимд 40 гаруй жил (МЭӨ 647-оос МЭӨ 607 он хүртэл) зөнчөөр үйлчилсэн бөгөөд энэ нь тийм ч амар ажил биш байлаа. Тэрбээр чадвар боломж нь хязгаартай гэдгийг сайн мэддэг байв (Иеремиа 1:2–6). Иеремиа өдөр бүр Иудагийн зөрүүд хүмүүстэй учирч байсан болохоор эр зориг, тэсвэр хатуужил гаргах шаардлагатай байлаа (Иеремиа 18:18; 38:4–6). Гэвч Иеремиа өөрийгөө зориулсан Бурхандаа таалагдах хэмжээнд биеэ авч явахад нь хүч өгч тусалдаг байсан Ехова Бурхандаа итгэж байсан юм (Иеремиа 1:18, 19).

6. Элч Иохан бидэнд ямар жишээ үзүүлсэн бэ?

6 «Бурхны үг болон Есүсийн гэрчлэлээс болж» өндөр настай болсон хойноо тохь муутай Патм арал дээр цөлөгдсөн үнэнч элч Иоханы жишээг авч үзье (Илчлэлт 1:9). Иохан Бурханд өөрийгөө зориулсан христиан байр сууриа 60 орчим жил үнэнчээр хадгалсан. Тэрээр ромын цэргүүд Иерусалимыг нураан устгаснаас хойш амьдарч байв. Түүнд «Иохан» ном, Бурхны онгод оруулсан гурван захиа болон «Илчлэлт» ном бичих завшаан тохиосон бөгөөд «Илчлэлт» номд «Хармагедон» буюу Бурхны дайны үзэгдлийг дүрслэн бичжээ. Иохан амьд сэрүүнд нь Хармагедон болохгүй гэдгийг мэдмэгцээ Бурханд үйлчлэхээ больсон уу? Сэтгэл санаагаар унаж, үйлчлэлдээ хайхрамжгүй ханддаг болсон уу? Үгүй ээ. Иохан «товлосон цаг ойрхон байгаа» хэдий ч өөрт нь өгөгдсөн үзэгдэл хожим биелэхийг мэдээд үхэн үхтлээ үнэнч байдлаа хадгалан үлдсэн билээ (Илчлэлт 1:3, ШЕ; Даниел 12:4).

Бурханд өөрийгөө зориулсан үйлчлэгчдийн орчин үеийн жишээ

7. Бурханд өөрийгөө зориулсан христиан хүний сайхан жишээг нэгэн Гэрч хэрхэн үзүүлсэн бэ?

7 Орчин үед мянга мянган үнэнч христиан Хармагедоныг биеэрээ үзэж чадахгүй ч гэсэн Бурханд өөрийгөө зориулсан шийдвэртээ үнэнч байхын тулд бүх хүч чадлаа дайчлан ажилладаг. Тэдний нэг нь Англи улсын иргэн Эрнест Бивор байлаа. Эрнест Дэлхийн хоёрдугаар дайны эхээр буюу 1939 онд Гэрч болсон бөгөөд бүрэн цагийн эхлэгчээр үйлчлэхийн тулд ид амжилт олон гялалзаж байсан гэрэл зургийн сурвалжлагчийн ажлаа орхисон байна. Мөн төвийг сахих христиан байр суурийнхаа төлөө хоёр жил шоронд суужээ. Гэр бүлийнхэн нь түүний талд хатуу зогсож байсан бөгөөд 1950 онд гурван хүү нь Нью-Йорк хотын Гилеад Сургуулийн миссионер бэлтгэх дамжаанд суралцан төгссөн. Дэлгэрүүлэх ажлаа идэвх чармайлттай гүйцэтгэдгээс нь болоод найз нөхөд нь Бивор ахыг «Хармагедон Эрни» гэж нэрлэдэг болжээ. Эрнест ах Бурханд өөрийгөө зориулсан шийдвэртээ чин үнэнч байсан бөгөөд 1986 онд насан эцэслэх хүртлээ Бурхны дайн болох Хармагедоны аюул гамшгийн талаар зарлан тунхагласаар байлаа. Тэрээр Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрээ Бурхантай түр хугацаагаар байгуулсан гэрээ гэж хэзээ ч үзэж байгаагүй юм! (1 Коринт 15:58).

8, 9. а) Франкогийн дэглэмийн үед Испанийн олон залуу Гэрч ямар жишээ үзүүлсэн бэ? б) Ямар асуулт тавьж болох вэ?

8 Гандан бууршгүй идэвх зүтгэлийн өөр жишээг Испанийн Гэрчүүд үзүүлсэн. Франкогийн дэглэмийн үед (1939—1975) Бурханд өөрийгөө зориулсан олон зуун залуу Гэрч төвийг сахих христиан байр суурин дээрээ эрэлхэг зоригтойгоор, хатуу зогсож байлаа. Тэднээс олон хүн арав ба түүнээс дээш хугацаагаар цэргийн шоронд суусан юм. Хесус Мартин гэдэг нэгэн Гэрч шоронд нийтдээ 22 жилийг өнгөрөөжээ. Хойд Африкийн цэргийн шоронд байхдаа Хесус аймшигтай зодуур тарчлалыг туулан өнгөрөөсөн аж. Энэ бүхнийг давах нь амаргүй байсан ч тэрээр бууж өгөөгүй юм.

9 Энэ бүх хугацаанд эдгээр залуус хэзээ суллагдахаа, тэр ч байтугай суллагдах эсэхээ мэдэхгүй байсан бөгөөд шил шилээ дарсан ял шийтгэлд унаж байлаа. Гэвч, хоригдож байхдаа тэд үнэнч байдал хийгээд үйлчлэх ажлын идэвх зүтгэлээ хадгалсаар үлдсэн. 1973 онд нөхцөл байдал сайжрахад 30 гаран настай болсон эдгээр Гэрчээс олон хүн суллагдаж, шууд л бүрэн цагаар үйлчилж эхэлсэн байна. Зарим нь тусгай эхлэгч, явуулын харгалзагч болжээ. Шоронд байхдаа тэд Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдарч байсан бөгөөд суллагдсаныхаа дараа ч ихэнх нь тэр л чигээрээ амьдралаа үргэлжлүүлсэн. Өнөөдрийн бидний тухайд юу хэлж болох вэ? Бид тэдгээр хувиршгүй үнэнч ах нарын адил Бурханд өөрийгөө зориулсан шийдвэртээ чин үнэнчээр амьдарч байна уу? (Еврей 10:32–34; 13:3).

Бурханд өөрийгөө зориулсан шийдвэртээ зөв зохистой хандах нь

10. а) Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрээ бид хэрхэн үзэх ёстой вэ? б) Өөрт нь үйлчлэх бидний үйлчлэлийг Ехова хэрхэн үздэг вэ?

10 Хүсэл тааллыг нь биелүүлэхээр Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрээ бид юу гэж үздэг вэ? Энэ асуудал амьдралын маань гол зүйл байж чадаж байна уу? Бид залуу, хөгшин; гэр бүлтэй, бүлгүй; эрүүл, өвчтэй гэдгээс үл хамааран, нөхцөл байдалдаа зохицуулан, Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдрахыг хичээх хэрэгтэй. Эхлэгч, Харуулын Цамхаг Нийгэмлэгийн салбарт сайн дурын ажилчин, миссионер юм уу явуулын харгалзагч зэрэг бүрэн цагаар үйлчлэх боломжтой хүн байдаг. Нөгөө талаас зарим эцэг эх гэр бүлийнхнийхээ материаллаг болоод сүнслэг хэрэгцээг хангахын тулд цаг, хүч их зарцуулдаг. Тэд үйлчлэх ажилд сар бүр харьцангуй бага цаг зарцуулж байгааг Ехова бүрэн цагийн үйлчлэгчдийн зарцуулсан олон цагаас багаар үнэлдэг гэж хэлж болох уу? Болохгүй. Бурхан бидэнд байхгүй юмыг хэзээ ч шаарддаггүй. Элч Паул энэ зарчмыг илэрхийлж: «Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай» гэж хэлсэн (2 Коринт 8:12).

11. Бидний аврагдах эсэх юунаас хамаарах вэ?

11 Ямар ч тохиолдолд аврагдах эсэх маань бидний хийж байгаа зүйлээс бус, харин бидний Эзэн, Есүс Христээр дамжуулан илэрхийлдэг Еховагийн хайр ивээлээс хамаарна. Паул үүнийг тов тодорхой тайлбарлан: «Бүгд нүгэл үйлдсэнээр Бурхны алдарт хүрдэггүй, харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр [«хайр ивээлээр», ШЕ] үнэгүй зөвтгөгдсөн билээ» гэж хэлсэн. Гэвч бид Бурхны амлалтад итгэдгийг үйлс маань харуулдаг (Ром 3:23, 24; Иаков 2:17, 18, 24).

12. Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүйн учир юу вэ?

12 Бурханд хэдэн цаг үйлчлэв, хэвлэл хэдийг тараав, хэдэн судлал явуулав гэх зэрэг асуудлаар өөрийгөө бусадтай харьцуулах шаардлага бидэнд байхгүй (Галат 6:3, 4). Бурханд ямар ч байдлаар үйлчилсэн гэсэн «Та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд, „Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн“ гэж хэл» хэмээн даруу байдлын талаар сануулан хэлсэн Есүсийн үгийг үргэлж санаж байх ёстой (Лук 17:10). Үнэндээ «тушаасан бүхнийг» бид дандаа хийж чаддаг уу? Үүнээс үүдэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн маань чанар ямар байх ёстой вэ? гэсэн асуулт урган гарч ирнэ (2 Коринт 10:17, 18).

Өдөр бүрийг тооц

13. Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдрахын тулд бид сэтгэлгээний ямар төлөвтэй байх хэрэгтэй вэ?

13 Паул нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг эх болон боолуудад сургамжлан: «Та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус, Эзний [«Еховагийн», ШЕ] төлөө мэт чин сэтгэлээсээ хийгтүн. Ингэхдээ та нар Эзнээс [«Еховагаас», ШЕ] өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэдэн хийгтүн. Чи Эзэн Христэд үйлчилж байгаа юм» гэж бичсэн (Колоссай 3:23, 24). Бид, Еховад үйлчлэхдээ хийдэг зүйлдээ хүмүүсийн анхаарлыг татахыг хичээдэггүй, харин Есүс Христийн жишээг дуурайхыг чармайдаг. Есүс Христ харьцангуй богино хугацаагаар үйлчлэхдээ бүгдийг амжуулахыг зорилгоо болгож байсан билээ (1 Петр 2:21).

14. Петр «эцсийн өдрүүдтэй» хамаатай ямар сануулга өгсөн бэ?

14 Элч Петр ч мөн адил бүгдийг амжуулах гэсэн сэтгэлгээтэй байсан нь харагддаг. Петр хоёрдахь захидалдаа «эцсийн өдрүүдэд» «өөрсдийн хүсэл тачаалаа» даган явдаг тэрслэгчид болон эргэлзэгчид мэтийн элэглэн дооглогчид бий болох бөгөөд тэд Христийн залран байх үеийн тухайд үл итгэх байр суурийг баримтлах болно гэдгийг урьдчилан сануулсан. Гэсэн хэдий ч Петр: «Эзэн [«Ехова», ШЕ] удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг. Гэвч Эзний [«Еховагийн», ШЕ] өдөр нь хулгайч мэт ирэх болно» хэмээн анхааруулсан. Тийм ээ, Еховагийн өдөр ирэх нь зайлшгүй. Тийм учраас бид Бурхны амлалтад итгэх итгэлийнхээ бат эсэхийг өдөр бүр шалгах ёстой (2 Петр 3:3, 4, 9, 10).

15. Бид амьдралынхаа өдөр бүрийг яаж өнгөрүүлэх ёстой вэ?

15 Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдрахын тулд бид Еховаг өдөр бүр алдаршуулах ёстой. Бид өнгөрч байгаа өдөр бүрийг эргэн харахдаа, өнөөдөр би Бурхны нэрийг ариусгаж, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхэд тодорхой хэмжээгээр нэмэр боллоо доо гэж хэлж чаддаг уу? Ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахин мөрдөж, бусдад сургамжтай үнэнийг ярих юм уу төрөл төрөгсөд, найз нөхдөө хайрлан халамжилснаараа бид дээрх шаардлагыг биелүүлж болох юм. Бид итгэл найдварынхаа талаар бусдад ярих боломж бүрийг ашиглаж чадсан уу? Бурхны амлалтын талаар нухацтайгаар бодоход нь бусдад тусалсан уу? Бүгдээрээ «сүнслэг дансаа» Бурхныг алдаршуулах сайн үйлсээр өдөр алгасалгүй арвижуулж байя (Матай 6:20; 1 Петр 2:12; 3:15; Иаков 3:13).

Хурцаар харагтун

16. Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдрахад маань Сатан ямар аргаар саад хийхийг оролддог вэ?

16 Христиан хүний хувьд байдал улам хэцүү болж байгаа цаг үед бид амьдарч байна. Сатан болон түүний талынхан сайн хийгээд муу, ариун хийгээд бузар, суртахуунтай хийгээд суртахуунгүй, зүйтэй хийгээд зүйгүйн хоорондын ялгаа заагийг баллан бүдгэрүүлэхийг хичээж байна (Ром 1:24–28; 16:17–19). Тэд телевизийн алсын удирдлага буюу компьютерийн гар ашиглан бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг амархан бузарлах арга сэдсэн. Сүнслэг хараа маань бүдгэрч, Сатаны заль мэхийг ялган таньж чадахгүй болох аюул бодитой нүүрлэж байна. Хэрэв бид Библийн зарчмуудад хайхрамжгүй хандвал Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдрах гэсэн хатуу байр суурь маань суларч, гараа «анжсан» дээр тавьсан хирнээ арагшаа эргэж харсантай адил болно (Лук 9:62; Филиппой 4:8).

17. Бурхантай тогтоосон харьцаагаа хадгалахад маань Паулын зөвлөгөө хэрхэн тусалдаг вэ?

17 Тийм учраас Тесалоник хотын хуралд хандсан Паулын үг цаг үеэ олсон байлаа. Тэрээр: «Бурхны хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг тэвчиж, хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэдэж, ингэхдээ Бурхныг мэддэггүй харь үндэстэн мэт тачаангуй хүсэл дотор биш юм» хэмээн бичжээ (1 Тесалоник 4:3–5). Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрээ үл тоомсорлон, садар самуун явдалд холбогдсон зарим хүнийг хурлаас хөөжээ. Тэд Бурхантай тогтоосон харьцаагаа хөргөхөд хүргэсэн бөгөөд уг харьцаа тэдний амьдралд ямар ч ач хобогдолгүй болжээ. Паул: «Бурхан биднийг цэвэр бус уруу биш, харин ариусгалд дуудсан билээ. Тиймд үүнийг эсэргүүцдэг хүн нь хүнийг бус, харин та нарт Өөрийн Ариун Сүнсийг өгдөг Бурхныг эсэргүүцэж байна» гэж хэлсэн (1 Тесалоник 4:7, 8).

Та ямар бодлого баримталдаг бэ?

18. Бид ямар бодлого баримтлах ёстой вэ?

18 Хэрэв бид Ехова Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ чухлыг ухамсарлан ойлговол ямар бодолго баримтлах ёстой вэ? Зөв сайн мөс чанараа хадгалах бодлого баримтлах ёстой бөгөөд энэ чанар бидний зан байдал хийгээд үйлчлэх ажилд илрэлээ олсон байх учиртай. Петр: «Сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар биеэ авч явахыг муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно» хэмээн уриалжээ (1 Петр 3:16). Христиан байр сууриасаа болоод бид зовлон зүдүүр, доромжлол амсаж болох боловч Есүс Христ Бурханд итгэж, түүнд чин үнэнч байдлаа хадгалсныхаа төлөө үүнийг амсаж эдэлсэн билээ. «Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон» гэж Петр хэлсэн (1 Петр 4:1).

19. Бид өөрсдийнхөө талаар юу сонсохыг хүсдэг вэ?

19 Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ дагуу амьдрах бодлого маань үнэн хэрэгтээ биднийг оюун санаа, ёс суртахуун, бие махбодын хувьд өвчин эмгэгт нэрвэгдсэн Сатаны ертөнцийн нөлөөнөөс хамгаалдаг. Түүнээс гадна бид Бурхан биднийг сайшаадаг гэдэгт итгэлтэй болдог бөгөөд энэ нь Сатан болон түүний талынхны санал болгодог зүйлээс хавьгүй дээр юм. Тийнхүү үнэнийг анх мэдэх үедээ бий болгосон хайр нь байхгүй болчихжээ гэж өөрсдийнхөө талаар хэлүүлэх шалтаг бусдад хэзээ ч бүү олгоё. Нэгдүгээр зуунд Туатейр хотын хурлынхны талаар: «Би чиний ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээрийг болон эцсийн ажил үйлс чинь эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ» гэж хэлж байсны адилаар бидний тухай мөн тэгж ярьж байвал болох нь тэр (Илчлэлт 2:4, 18, 19). Тийм ээ, бид Бурханд өөрийгөө зориулсан шийдвэртээ хайнга хандалгүй, «сүнс дотроо шатан», эцсээ хүртэл идэвх зүтгэлтэй хэвээрээ байцгаая. Учир нь төгсгөл ойрхон байна! (Ром 12:11; Илчлэлт 3:15, 16).

Та санаж байна уу?

• Бурханд «өөрийгөө зориулах» гэдэгт юу юу ордог вэ?

• Бидний дуурайвал зохих, Бурханд өөрийгөө зориулсан эрт эдүгээгийн үйлчлэгчдийн ямар ямар жишээ байна вэ?

• Бид Бурханд үйлчлэх үйлчлэлээ хэрхэн үзэх ёстой вэ?

• Бурханд өөрийгөө зориулсан шийдвэрийнхээ талаар бид ямар бодлого баримтлах ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]