Skip to content

Гарчиг руу орох

Уурынх нь өдөр болохоос өмнө Еховаг хайгтун

Уурынх нь өдөр болохоос өмнө Еховаг хайгтун

Уурынх нь өдөр болохоос өмнө Еховаг хайгтун

«Еховаг хай... зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй Еховагийн уурын өдөр та нар нуугдсан байх болно» (ЗЕФАНИА 2:3) *.

1. Зефаниаг зөгнөж эхлэх үед иудейчуудын сүнслэг байдал ямар байсан бэ?

 ИУДЕЙЧУУДАД аюул тулгараад ирчихсэн тэр үед Зефаниа зөгнөж эхэлсэн. Ард олон сүнслэг талаараа их дор орсон байв. Тэд Еховад итгэхийн оронд бөө болон зурхайчдаас зам мөрөө асуудаг болов. Үржил шимийн зан үйлийг өөртөө багтаасан Баалыг шүтэх шүтлэг улс орон даяар цэцэглэн хөгжиж байв. Жононгууд, язгууртнууд, шүүгчид гэх мэтийн засаг төрийн эрх баригчид өмгөөлөн хамгаалах ёстой хүмүүсээ дарлан мөлжиж байлаа (Зефаниа 1:9; 3:3). Ехова Иуда болон Иерусалимын эсрэг мутраа «сунгаж», устгахаар шийдсэн нь гайхаад байх зүйл биш ээ! (Зефаниа 1:4).

2. Иудад байсан Бурхны үнэнч үйлчлэгчид ямар найдвартай байсан бэ?

2 Иудейчуудын байдал дор орсон хэдий ч найдлага тасраагүй байв. Хааны сэнтийд Амоны хүү Иосиа заларсан. Тэрбээр балчир бага байсан хэдий ч хамаг зүрх сэтгэлээсээ Еховаг хайрладаг байлаа. Хэрэв шинэ хаан Иудад цэвэр шүтлэгийг сэргээх аваас энэ нь Бурханд үнэнчээр үйлчилж байсан цөөн хэдэн хүнд урам хайрласан асар их ач холбогдолтой зүйл болох байлаа! Бусад хүмүүс ч тэдэнтэй нийлж, Еховагийн уурын өдөр аврагдаж болох юм.

Аврагдахын тулд биелүүлэх шаардлагууд

3, 4. «Еховагийн уурын өдөр» амь хэлтрэхийн тулд ямар гурван шаардлага биелүүлэх хэрэгтэй вэ?

3 Ер нь Еховагийн уурын өдөр амь хэлтэрч болох уу? Болно. Зефаниа 2:2, 3-д бичсэн гурван шаардлагыг биелүүлсэн хүмүүс амь хэлтэрнэ. Эдгээр зүйлийг уншихдаа уг гурван шаардлагад онцгой анхаарал хандуулъя. Зефаниа: «Зарлиг нь хэрэгжихээс өмнө, (өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч байна.) Еховагийн шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, Еховагийн хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар. Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар Еховаг хай. Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй Еховагийн уурын өдөр та нар нуугдсан байх болно» хэмээн бичжээ.

4 Тэгэхлээр амь хэлтрэхийн тулд: 1) Еховаг; 2) зөв шударгыг; 3) төлөв байдлыг хайх хэрэгтэй болж байна. Өнөөдөр эдгээр шаардлагыг бид анхаарлынхаа төвд байлгах ёстой. Яагаад гэвэл МЭӨ VII зуунд Ехова Бурхан Иуда болон Иерусалимтай тооцоо хийсэн шиг эдүгээ удахгүй болох «агуу их гай гамшгийн» үеэр христ шашны ертөнцийн ард түмэнтэй, ер нь ёс бус бүх хүнтэй тооцоо хийх юм (Матай 24:21). Тэр үеэр амь хэлтэрье гэж бодож байгаа хүн яг одооноос шийдвэртэйгээр хөдөлж эхлэх хэрэгтэй. Яаж? Оройтоогүй дээр нь Еховаг, зөв шударгыг, төлөв байдлыг хайх хэрэгтэй!

5. Өнөөдрийн тухайд «Еховаг хайх» гэдэг нь юу гэсэн үг вэ?

5 Хэн нэг нь: «Би Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн Еховагийн Гэрчүүдийн нэг. Тэгэхлээр би эдгээр шаардлагыг аль хэдийн биелүүлчихсэн бус уу?» хэмээн асууж болох юм. Үнэндээ Еховад өөрийгөө зориулснаар бүх юм болчихдог юм биш. Израильчууд Бурханд өөрсдийгөө зориулсан ард түмэн байсан хэдий ч Зефаниагийн үед Иудагийн оршин суугчид зохих шаардлага биелүүлээгүй аж. Тийм учраас эцэстээ Ехова тэднийг орхиход хүрсэн билээ. Өнөөдрийн тухайд «Еховаг хайх» гэдэг бол байгууллагатай нь нэгдэн нийлж, өөртэй нь халуун дотно нөхөрсөг харьцаа тогтоон, түүнийгээ бэхжүүлэн хөгжүүлнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл алив юмыг Ехова хэрхэн хардгийг мэдэж, мэдрэмжийг нь тооцдог байх ёстой гэсэн үг юм. Бид Еховаг, Үгийг нь анхааралтай судлан, сайтар эргэцүүлэн бодож, зөвлөгөө сургамжийг нь амьдралдаа хэрэгжүүлэн хайдаг. Түүнээс гадна шаргуу залбирч, ариун сүнсэнд захирагдан, Еховагийн удирдлагыг хайдаг. Үүний ачаар Еховатай тогтоосон харьцаа маань бэхжиж, түүнд бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүчээрээ үйлчлэх урам зориг өөрийн эрхгүй төрдөг (Дэд хууль 6:5; Галат 5:22–25; Филиппой 4:6, 7; Илчлэлт 4:11).

6. «Зөв шударгыг» яаж «хайх» вэ? Энэ нь өнөөгийн ертөнцөд хүртэл боломжтойн учир юу вэ?

6 Зефаниа 2:3-т байдаг хоёрдахь шаардлага бол «зөв шударгыг хайх» явдал юм. Баптисм хүртэх шаардлага хангахын тулд бидний ихэнх нь чухал чухал өөрчлөлт хийсэн байгаа. Гэвч бид Еховагийн шударга хэм хэмжээг бүх амьдралынхаа турш сахин мөрдөх ёстой. Зарим хүн христиан замынхаа эхэнд Бурхны хэм хэмжээг сахиж байснаа яваандаа ертөнцөөр бузарлагддаг. Тийм ээ, «зөв шударгыг хайх» нь амаргүй ээ. Учир нь садар самуун, худал хуурмаг гэх мэтийн нүгэлт явдлыг хэвийн зүйл гэж үздэг хүмүүс биднийг хүрээлэн байгаа билээ. Гэвч Еховад таалагдах гэсэн чинхүү хүсэл маань ертөнцийнхөнтэй адил байж, тэдний сайшаалыг хүлээх гэсэн алив хандлагын эсрэг тэмцэхэд бидэнд тусалдаг. Иудейчууд Еховаг үл шүтдэг хөрш зэргэлдээ үндэстнүүддээ таалагдахыг хүссэн учраас Иуда Еховагийн ивээлээс хагацсан. Ертөнцөд таалагдахын оронд «Бурхныг дуурайж», «зөв байдал болон үнэний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсөцгөөе» (Ефес 4:24; 5:1).

7. «Төлөв байдлыг» яаж «хайх» вэ?

7 Зефаниа 2:3-т бичигдсэн гуравдахь гол санаа нь гэвэл хэрэв бид Еховагийн уурын өдөр амь хэлтрэхийг хүсэж байгаа бол «төлөв байдлыг хайх» явдал юм. Бид төлөв гэж хэлэх аргагүй хүмүүстэй өдөр бүр учирдаг билээ. Тэдний хувьд төлөв зан бол эмгэг байдал, номхон хүлцэнгүй байх нь сул доройн шинж ажээ. Тийм хүмүүс хэтэрхий ихийг шаарддаг бөгөөд биеэ тоосон, аминчхан байдаг. Тэд ямар ч үнээр хамаагүй туйлын «эрх дархтай» болж, хүссэнээ биелүүлэх хэрэгтэй гэж үздэг. Тиймэрхүү үзэл санаа бидэнд нөлөөлбөл юутай харамсалтай вэ! Одоо бол «төлөв байдлыг» хэзээ хэзээнээс илүүгээр «хайх» цаг. Яаж «хайх» вэ? Еховагийн шаардлагыг хүлцэнгүйгээр хүлээн авч, хүсэл тааллыг нь ёсчлон биелүүлж, түүнд дуулгавартай байх хэрэгтэй.

Яагаад нуугдсан байх «магадгүй» вэ?

8. Зефаниа 2:3-т «магадгүй» гэдэг үг хэрэглэсний учир юу вэ?

8 Зефаниа 2:3-т: «Магадгүй Еховагийн уурын өдөр та нар нуугдсан байх болно» гэж байдгийг анхаарагтун. Зефаниа «дэлхийн бүхий л даруу хүмүүст» хандан, ямар учраас «магадгүй» гэж хэлсэн бэ? Даруу хүмүүс зөв алхам хийдэг хэдий ч өөртөө итгэлтэй байж болохгүй байжээ. Тэд үнэнч байдлаа хадгалсан чигтээ амьдралынхаа замыг дуусгаагүй байсан. Зарим нь нүгэл үйлдэж магадгүй байсан байна. Бидний хувьд ч тийм байж болох шүү дээ. Есүс: «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж хэлсэн (Матай 24:13). Тийм ээ, «Еховагийн уурын өдөр» бидний аврагдах эсэх зарчмынх нь дагуу амьдарч байгаа эсэхээс маань хамаарна. Та аль хир шийдвэр төгс байна вэ?

9. Залуу хаан Иосиа ямар ямар зөв алхам хийсэн бэ?

9 Зөнч Зефаниагийн үгнээс болоод Иосиа хаан «Еховаг хайхад» хүрсэн бололтой. Сударт: «Хаанчлалынхаа найм дахь жилд [16 орчим насандаа], залуухан байхдаа тэрээр [Иосиа] өвөг эцэг Давидынхаа Бурхныг эрэлхийлж эхлэв» гэж байдаг (Шастирын дэд 34:3). Түүнээс гадна Иосиа «зөв шударгыг» үргэлжлүүлэн хайсаар байлаа. Мөнхүү номд цааш нь: «Арван хоёрдахь жилд тэрээр Иуда болон Иерусалимыг мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон болон сийлмэл, цутгамал хөргүүдээс цэвэрлэж эхэлсэн юм. Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээг нураав» гэж бичсэн байдаг (Шастирын дэд 34:3, 4). Иосиа бас «төлөв байдлыг хайж», хиймэл шүтээн болон хуурамч шашинтай холбоотой бүхнээс нутаг орноо цэвэрлэн, Еховад таалагдах зүй зохистой үйл ажиллагаа явуулсан. Энэ үйл ажиллагаа номхон даруу бусад хүмүүсийг маш ихээр баярлуулсан билээ.

10. МЭӨ 607 онд Иудад юу болсон бэ? Тэр үеэр хэн хэн аврагдсан бэ?

10 Ио сиагийн хаанчлалын жилүүдэд олон еврей хүн Ехова уруу дахин эргэсэн. Гэвч хааныг өөд болсны дараа ихэнх нь хуучин зам уруугаа буцаж, Бурханд огт таалагддаггүй зүйл хийдэг болсон. Тэгээд Еховагийн зарлиг болгосноор МЭӨ 607 онд Вавилоны цэрэг Иудаг ялан, нийслэл Иерусалимыг нь нураасан. Гэвч энэ нь бүх юмны төгсгөл биш байлаа. Зөнч Иеремиа, этиоп хүн Ебед-мелех, Ионадабын удам болон Бурханд үнэнч өөр хүмүүс «Еховагийн уурын өдөр» амь хэлтрэн үлдсэн (Иеремиа 35:18, 19; 39:11, 12, 15–18).

Бурхны дайснууд аа, анхаарагтун!

11. Өнөөдөр Бурханд үнэнч байдлаа хадгалахад яагаад хэцүү вэ? Еховагийн ард түмний дайснууд юунд анхаарлаа хандуулахад нь саад болох юм байхгүй вэ?

11 «Еховагийн уурын өдрөөр» энэхүү ёс бус тогтолцооны устгагдах тэр цагийг хүлээн байхдаа бид «элдвийн сорилттой» тулгарч байна (Иаков 1:2). Шашин шүтэх эрх чөлөөг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нилээд хэдэн оронд лам нар Бурхны ард түмнийг харгис хатуу мөрдлөг хавчилтад байлгахын тулд нөлөөгөө ашиглан, эрх мэдэл бүхий хүмүүст шахалт үзүүлж байна. Ёс суртахуунгүй хүмүүс Еховагийн Гэрчүүдэд «шашны аюултай бүлэг» хэмээн нэр хоч зүүн, гүтгэн гүжирдэж байна. Ехова тийм хүмүүсийн үйл хэргийг харж байдаг бөгөөд тэдэнд зохих шийтгэл ноогдуулна. Дээр үед филистчүүд мэтийн Бурхны ард түмний дайсанд юу тохиолдож байсанд Еховагийн дайснууд анхаарлаа хандуулахад нь саад болох юм байхгүй. Зөгнөлд: «Газ хаягдаж, Ашкелон эзгүйрч, Ашдод үд дунд хөөгдөж, Екрон үндсээрээ сугалагдана» гэж байдаг. Филистчүүдийн Газ Ашкелон Ашдод Екрон зэрэг хот устгагдах ёстой байлаа (Зефаниа 2:4–7).

12. Филист, моаб болон аммончууд яасан бэ?

12 Зөгнөлд цааш нь: «Би Моабын элэглэлийг, Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо. Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж, нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон» гэж бичсэн буй (Зефаниа 2:8). Египет болон Етиопыг Вавилоны булаан эзлэгчид дарлан зовоож байсан нь үнэн. Тэгвэл Бурхан Абрахамын ач хүү Лотоос гаралтай Моаб болон Аммоны ард түмэнд ямар шийтгэл оноосон бэ? Ехова: «Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно» хэмээн зөгнөсөн. Содом ба Гоморраг устгах үеэр амь хэлтрэн үлдсэн, Лотын охид болох элэнц эмээнүүдээсээ бардам ихэрхэг зантай моаб болон аммончуудын ялгаа гэвэл тэд Бурхны шийтгэлийн үед амь хэлтэрч чадахгүй юм (Зефаниа 2:9–12; Эхлэл 19:16, 23–26, 36–38). Өнөөдөр филистчүүд болон тэдний хотууд хаана байна вэ? Бас бардам ихэмсэг моаб болон аммончууд хаана байна вэ? Хичнээн хайвч тэднийг олж чадахгүй ээ.

13. Археологчид Ниневегээс юу олсон бэ?

13 Зефаниагийн үед Ассирийн эзэнт гүрэн хүч чадлынхаа оргилд хүрээд байлаа. Археологч Остен Лейард Ассирийн нийслэл Ниневегээс олсон хааны ордны хэсгийн талаар: «Адрыг нь... алаглуулан зурсан цэцэгс болон амьтдын дүрс бүхий дөрвөлжин хэсгүүдэд хуваасан ажээ. Зарим дөрвөлжинг зааны ясаар шигтгэн доторлосон байх бөгөөд дөрвөлжин болгоны захыг товойлгож чимэглэн эмжжээ. Хөндлөн яс моднуудыг болон танхимуудын ханыг алт ба мөнгөөр бүрсэн байж магадгүй бөгөөд ордны доторх модон эдлэлийг ховор модоор урласны дотор хуш мод онцгой байр эзлэх ажээ» хэмээн бичжээ. Харин Зефаниагийн зөгнөлд бичсэнээр бол Ассири устаж, нийслэл Ниневе нь «цөл» болон хувирах ёстой байлаа (Зефаниа 2:13).

14. Зефаниагийн зөгнөл Ниневе дээр хэрхэн биелсэн бэ?

14 Зефаниаг ийнхүү зөгнөснөөс хойш дөнгөж 15 жил өнгөрөхөд л их Ниневе сүйрч, хааны ордноос зөвхөн балгас үлджээ. Тийм ээ, бардам ихэмсэг хот тоос болон хувирсан билээ. Сүйрлийн хэмжээг дараах үгс тов тодорхой зөгнөжээ: «Хотон шувуу, зараа хоёулаа багануудынх нь орой дээр хоноглоно. Шувууд цонхон дээр дуулна. Эзгүйрэл нь босгон дээр байна» (Зефаниа 2:14, 15). Ниневегийн сүрлэг сайхан байшингууд зараа болон хотон шувуудын орогнох газар болох ажээ. Хотын гудамжаар наймаачдын дуу хоолой, цэрэг эрсийн хашгираан, лам хуврагуудын уншлага маань үл сонсогдоно. Нэгэн цагт бум бужигнаж, түм түжигнэж байсан энэ хотод цонхны цаанаас сонсогдох айдас хүргэм зэвүүн дуу, магадгүй шувууны өрөвдөм хөөрхийлөлтэй юм уу салхины улин исгэрэх чимээ л сонсогдоно. Тийм ээ, Бурхны бүх дайсанд төгсгөл нь тийм байх болно!

15. Моаб, аммон, филист болон ассирчуудад тохиолдсон явдлаас бид ямар сургамж авч болох вэ?

15 Моаб, аммон, филист болон ассирчуудад тохиолдсон явдлаас ямар дүгнэлт хийж болох вэ? Еховагийн үйлчлэгчид бид дайснуудаасаа айх шалтгаан байхгүй гэсэн дүгнэлт хийж болно. Ард түмнийг нь эсэргүүцдэг хүмүүс юу хийж байгааг Бурхан харж байдаг. Урьд нь Ехова дайснуудынхаа эсрэг зохих арга хэмжээ авсаар ирсэн бөгөөд эдүгээ үед дэлхийн бүх хүнийг шүүх болно. Тэр үед «үндэстэн бүрээс... үй олон хүн» амьд үлдэх юм (Илчлэлт 7:9). Хэрэв та Еховаг, зөв шударгыг, төлөв байдлыг тасралтгүйгээр хайх аваас тэр хүмүүсийн дунд байж болох юм.

Ичгүүргүй буруу явдалтнууд гаслантай яа!

16. Иудагийн жононгууд, шашны удирдагчдын талаар Зефаниагийн зөгнөлд юу гэж байдаг вэ? Зөнчийн эдгээр үг христ шашны ертөнцийнхөнд тохирдогийн учир юу вэ?

16 Зефаниагийн зөгнөл Иуда болон Иерусалим уруу дахин ханддаг. Зефаниа 3:1, 2-т: «Тэрслүү, бузартсан, хэрцгий хот гаслантай яа! Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, ямар ч зааврыг хүлээн аваагүй. Тэр Еховад итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй» гэж байдаг. Ард түмэн нь Еховагийн сануулгыг хайхраагүй нь юутай эмгэнэлтэй хэрэг вэ! Жононгууд, язгууртнууд, шүүгчдийн догшин хэрцгий авирлах нь үнэхээр харуусмаар байлаа. Ичих нүүрэндээ илиг наасан шашны удирдагчдын нүүр царайг илчлэн, Зефаниа: «Эш үзүүлэгчид нь бодлогогүй [«ичгүүргүй», ШЕ], урвагч хүмүүс бөгөөд тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ» хэмээн бичжээ (Зефаниа 3:3, 4). Эдгээр үг христ шашны ертөнцийн өнөөдрийн зөнчид, лам нарын дүр төрхийг юутай тод томруун илэрхийлнэ вэ! Тэд Библи орчуулахдаа Бурхны нэрийг ичгүүргүйгээр авч хаясан бөгөөд өөрсдийнхөө шүтэн итгэдэг гэж баталдаг Бурхны талаар худал хуурмаг сургаал номлодог.

17. Хүмүүс сонсож байгаа эсэхээс нь үл хамааран, сайн мэдээг тунхаглах хэрэгтэйн учир юу вэ?

17 Дээр үед Ехова авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээнийхээ талаар ард түмэндээ халамжлан анхааруулдаг байсан. Тэрбээр ард түмнээ гэмшихэд нь туслуулахаар өөрийнхөө үйлчлэгчид буюу зөнчдийг, тэр дундаа Зефаниа Иеремиа нарыг илгээсэн. Тийм ээ, «Ехова... шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг». Хариу нь юу байсан бэ? «Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй» гэж Зефаниа хэлсэн (Зефаниа 3:5). Түүнтэй нэгэн адил сануулга өнөөдрийн бидний үед цуурайтаж байна. Хэрэв та сайн мэдээний дэлгэрүүлэгч бол энэ сануулгыг хүмүүст хүргэх ажилд оролцож байгаа. Сайн мэдээгээ зогсолтгүй тунхаглагтун! Хүмүүс та нарын үгийг сонсож байгаа эсэх нь чухал биш. Бурхандаа үнэнчээр үйлчилж л байгаа цагт та нарын ажил хэрэг түүний нүдэнд дэмий хоосон харагдахгүй. Хэрэв та нар Бурхны хүсэл тааллыг идэвх зүтгэлтэй биелүүлж байгаа бол ичих шалтгаан байхгүй ээ.

18. Зефаниа 3:6 хэрхэн биелэх вэ?

18 Ехова шүүлтээ христ шашны ертөнцийг хоосруулснаар хязгаарлахгүй, дэлхийн бүх үндэстнийг шүүнэ. Тэрбээр: «Би үндэстнүүдийг таслав. Тэдний булант цамхгууд балгас болжээ. Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөд хэн ч түүгээр өнгөрөхгүй. Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ» хэмээн зөгнөсөн (Зефаниа 3:6). Ехова үндэстнүүдийг устгах тухайгаа аль хэдийн болоод өнгөрчихсөн үйл явдал шиг хэлсэн нь тун зөв юм. Моаб, аммон болон филистчүүдийн хотууд яалаа? Ассирийн нийслэл Ниневе яалаа? Эдгээр хотын мөхөл нь өнөөгийн үндэстнүүдэд сануулга болж байна. Бурхан хэнээр ч элэглүүлддэггүй.

Еховаг үргэлжлүүлэн хайгтун

19. Эргэцүүлэн бодоход хүргэхүйц ямар ямар асуулт өөртөө тавьж болох вэ?

19 Зефаниагийн үед Ехова уур хилэнгээ «өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн» ёс бус хүмүүс дээр буулгасан (Зефаниа 3:7). Өнөө үед ч мөн адил байх болно. «Еховагийн уурын өдөр» ойрхон байгаагийн баталгааг та харж байна уу? Та Бурхны Үгийг тогтмол, өдөр бүр уншин, «Еховаг хайхаа» үргэлжлүүлж байна уу? Та Бурхны хэм хэмжээний дагуу, ёс суртахууны хувьд цэвэр ариунаар амьдран, «зөв шударгыг хайж» байна уу? Та бүх зүйлд Бурханд дуулгавартай байж, аврах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг нь хүлцэнгүйгээр хүлээн аван, «төлөв байдлыг хайж» байна уу?

20. Зефаниагийн зөгнөлтэй холбоотой сүүлчийн өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?

20 Хэрэв бид Еховаг, зөв шударгыг, төлөв байдлыг итгэлтэйгээр үргэлжлүүлэн хайх аваас итгэлийг маань сорьж байгаа энэхүү «эцсийн өдрүүд» болох өнөө үед ч гэсэн олон сайхан ивээл хишгийг хүртнэ гэдэгт итгэлтэй байж болно (2 Тимот 3:1–5; Сургаалт үгс 10:22). Гэвч «Ехова өөрийнх нь орчин үеийн үйлчлэгчид болох биднийг яаж ивээдэг вэ? Зефаниагийн зөгнөлд бичсэнээр асар хурдан ойртон ирж байгаа «Еховагийн уурын өдөр» нуугдсан хүмүүс ямар ямар ивээл хүртэх вэ?» гэх мэтийн асуулт гарч болох юм.

[Зүүлт]

^ Энэ өгүүллийн үндэс болсон «Зефаниа» номын ишлэлийг «Ариун Библи» (МБОХ, 2000) орчуулгаас ашигласан бөгөөд уг орчуулгад Бурхны оноосон нэрийг ЭЗЭН гэдэг цол гуншингаар орлуулсныг бид еврей эх бичигт нь байдаг ЕХОВА гэдэг нэрээр сольсон болно.

Та яаж хариулах вэ?

• Хүмүүс Еховаг яаж «хайдаг» вэ?

• «Зөв шударгыг хайх» гэдэг ойлголтод юу юу багтдаг вэ?

• «Төлөв байдлыг» хэрхэн хайж болох вэ?

• Бид Еховаг, зөв шударгыг, төлөв байдлыг зогсолтгүй хайх ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]