Гэрэлд алхдаг хүмүүс баяр баясгалантай
Гэрэлд алхдаг хүмүүс баяр баясгалантай
«Ирцгээ. Еховагийн гэрэлд цөмөөрөө алхацгаая» (ИСАИА 2:5) *.
1, 2. а) Гэрэл хир чухал бэ? б) Дэлхийг харанхуй нөмрөхөөс сэрэмжлүүлсэн нь яагаад тийм чухал бэ?
ЕХОВА бол гэрлийн Эх булаг юм. Тэрбээр «гэрэл болгон өдрөөр нарыг, шөнөөр сар болон оддыг тогтоосон» гэж Библид бичсэн буй (Иеремиа 31:35; Дуулал 8:3). Сансрын уудамд асар их энерги үйлдвэрлэж байдаг аварга том цөмийн зуух буюу нарыг чухамдаа Ехова бүтээсэн билээ. Тэр энергийн зарим нь гэрэл болоод дулааны хэлбэрээр байдаг. Нарны энергийн тун өчүүхэн хэсэг нь гэрэл хэлбэрээр манай гаригт хүрэлцэн ирдэг хэдий ч энэ нь дэлхий дээрх амьдралыг тэтгэхэд хүрэлцээтэй юм. Нарны гэрэлгүйгээр бид амьд байх аргагүй. Ерөөсөө нарны гэрэл байхгүй байсан бол дэлхийд амьдрал байхгүй байхсан.
2 Үүнд анхаарлаа хандуулах аваас зөнч Исаиагийн бичсэн нөхцлийн ямар ноцтой болохыг бид ойлгож болно. Тэрбээр: «Үзэгтүн, газрыг [«дэлхийг», ШЕ] харанхуй бүрхэн, гүн харанхуй хүмүүсийг хучна» гэж хэлсэн (Исаиа 60:2). Энэ зөгнөл гэрэл гэгээгүй харанхуйн талаар хэлээгүй нь мэдээж. Исаиа үүнийг нар, сар болоод одод гэрэлтэхээ болих цаг ирнэ гэсэн санаагаар хэлээгүй юм (Дуулал 89:36, 37; 136:7–9). Харин сүнслэг харанхуйн тухай хэлсэн ажээ. Сүнслэг харанхуй бол үхэлд хүргэх аюултай. Эцсийн эцэст бид гэрэл гэгээгүйгээр тодорхой хугацаагаар амьдарч чаддаг бол сүнслэг гэрэлгүйгээр амьдарч чадахгүй (Лук 1:79).
3. Исаиагийн зөгнөлтэй холбогдуулан христианууд юу хийх ёстой вэ?
3 Үүнээс үүдэн Исаиагийн зөгнөл эртний Иудад биелсэн хэдий ч өнөө үед өргөн цар хүрээтэй биелж байгааг тэмдэглэх нь чухал. Тийм ээ, өнөөгийн ертөнцийг сүнслэг түнэр харанхуй нөмөрчээ. Ийм аюултай үед сүнслэг гэрэлтэй болох нь туйлын ач холбогдолтой. Христианууд «та нарын гэрэл тэдний [хүмүүсийн] өмнө тийнхүү гэрэлтэг» гэж уриалсан Есүсийн уриалгад анхаарлаа хандуулах ёстойн учир ийм бөлгөө (Матай 5:16). Үнэнч христианууд харанхуйд даруу хүмүүсийн замыг гэрэлтүүлж, тэдэнд мөнхийн аминд хүрэх боломж олгодог (Иохан 8:12).
Израилийн харанхуй үе
4. Исаиагийн зөгнөл анх хэзээ биелсэн бэ? Исаиагийн үед байдал ямар болсон байсан бэ?
4 Дэлхийг нөмрөх харанхуйн тухай Исаиагийн үг анх Иудагийн нутаг хоосорч, ард түмэн нь Вавилонд олзлогдон явсан тэр үед биелсэн. Гэхдээ Исаиагийн амьдарч байсан тэр үеэс бүр өмнө ард түмний ихэнх хэсэг нь сүнслэг түнэр харанхуйд автсан байлаа. Энэ байдал Исаиаг нутаг нэгтнүүддээ: «Иаковын гэр ээ, ирцгээ. Еховагийн гэрэлд цөмөөрөө алхацгаая» хэмээн уриалахад хүргэсэн (Исаиа 2:5; 5:20).
5, 6. Исаиагийн өдрүүдэд түнэр харанхуй тархахад юу нөлөөлсөн бэ?
5 Исаиа «Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд» Иудад зөгнөж байсан (Исаиа 1:1). Тэр цаг бол улс төр нь үймээн самуунд автан, шашин шүтээн нь бузартан хоёр нүүр гаргадаг болж, шүүх засаглал нь хээл хахуульд идэгдэн, ядуусыг дарлах явдал гаарсан түгшүүртэй үе байлаа. Тэр байтугай Бурханд үнэнч Иотам гэх мэтийн хаадын засаглалын үед хүртэл хуурамч бурхдад зориулсан тахилын ширээнүүд толгодын оройгоор байсаар байв. Үнэнч бус хаадын хаанчилж байх үед байдал улам муудсан. Жишээ нь: Нүгэлт хаан Ахаз төрсөн хүүхдээ Молех бурханд тахил болгон өргөх хүртлээ завхралд автсан байна. Энэ бол үнэхээрийн түнэр харанхуй нөмөрсөн хэрэг мөн байлаа! (Хаадын дэд 15:32–34; 16:2–4).
6 Үндэстнүүдийн хоорондын байдал ч бас бүүдгэр байв. Иудагийн хил хязгаарт моаб, едом ба филистчүүд заналхийлж байлаа. Иудагийн цусан төрөл болох Израилийн хойт хаант улс түүний өштөн дайсан нь болжээ. Израилийн хойт талаар Сири улс хиллэж байсан бөгөөд Иудагийн тайван амгалан байдалд бас л заналхийлж байв. Бүр илүү аюултай нь бусдын газар нутагт цаг үргэлж шунахайрч байдаг харгис хэрцгий Ассири улс байлаа. Исаиагийн зөгнөж байсан тэр үед Ассири Израилийг эзэлсэн бөгөөд Иудаг бараг бүрмөсөн устгасан юм. Иерусалимаас бусад Иудагийн бэхлэгдсэн хотууд Ассирийн гарт орсон тийм цаг байлаа (Исаиа 1:7, 8; 36:1).
7. Израиль Иуда хоёр ямар зам сонгосон бэ? Түүнд нь Ехова яаж хандсан бэ?
7 Бурхантай гэрээ байгуулсан ард түмэн энэ бүх гай зовлонг туулсан билээ. Учир нь Израиль Иуда хоёрын аль аль нь Бурханд үнэнч байдлаа хадагалж чадаагүй юм. Тэд бол «Сургаалт үгс» номд бичигдсэн «харанхуйн замаар явах гэж цэх шулуун замыг орхигсод» мөн байлаа (Сургаалт үгс 2:13). Ехова ард түмэндээ уурласан хэдий ч тэднийг бүрмөсөн орхиогүй. Харин ч өөрт нь үнэнч үйлчлэхийг хичээсээр байгаа хүмүүст сүнслэг гэрэл өгүүлэх гэж Исаиа болон бусад зөнчийг илгээж байжээ. Тэр зөнчдөөр дамжуулан өгсөн гэрэл үнэхээр үнэтэй зүйл байсан билээ. Энэ бол амь өгөх гэрэл байсан юм.
Өнөөгийн харанхуй үе
8, 9. Өнөөгийн ертөнцөд түнэр харанхуй тархахад юу юу нөлөөлж байна вэ?
8 Өнөөгийн байдал Исаиагийн өдрүүдийнхтэй их адилхан болжээ. Өнөөдөр төр засгийн удирдагчид Ехова болон хаан ширээнд түүний залан өргөмжилсөн Хаан, Есүс Христийг хүлээн зөвшөөрөхгүй байна (Дуулал 2:2, 3). Христ шашны ертөнцийн удирдагчид «сүргээ» хууран мэхэлж байна. Тэд өөрсдийгөө Бурханд үйлчилдэг гэж ярьдаг боловч хэрэг дээрээ тэдний ихэнх нь үндсэрхэг үзэл, цэрэг дайн, баяжих сонирхол болон нэр цуутай хүмүүс гэх мэтийн энэ ертөнцийн бурхдыг шүтэхийг хөөрөгдөн дэвэргэдэг төдийгүй хүмүүст хуурамч сургаал заадаг юм.
9 Үндэс угсаагаа цэвэрлэх гэх мэтийн аймшигт мөргөлдөөн, дайн тулаан энд тэндгүй болж, түүнд христ шашны ертөнцийн урсгалууд оролцож байна. Түүнээс гадна олон сүм Библид үндэслэсэн ёс суртахууны хэм хэмжээг сахин хамгаалахын оронд завхайрах, ижил хүйстэнтэйгээ явалдах гэх мэтийн садар самуун явдлыг нүдээ аниад өнгөрөөх юм уу, эсвэл идэвхтэй дэмждэг. Библийн хэм хэмжээг үл тоомсорлосны үр дүнд христ шашны ертөнцийн «сүрэг» эрт цагт дуулалчийн: «Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй. Тэд харанхуйд холхидог» хэмээн хэлсэн тэр хүмүүстэй адил болсон байна (Дуулал 82:5). Үнэндээ христ шашны ертөнц эртний Иуда шиг түнэр харанхуйд байна (Илчлэлт 8:12).
10. Өнөөдөр харанхуйд гэрэл хэрхэн гэрэлтэж байна вэ? Энэ гэрэл даруу хүмүүст ямар ач холбогдолтой вэ?
10 Энэхүү түнэр харанхуйн дундуур Ехова даруу хүмүүст гэрэл өгдөг. Үүний тулд тэрбээр дэлхий дэх тослогдсон үйлчлэгчдээ буюу «итгэмжит ухаалаг боолоо» ашигладаг бөгөөд тэд «дэлхийд гэрэл мэт гийдэг» юм (Матай 24:45; Филиппой 2:15, МАБ). Сая сая «өөр хониуудаар» дэмжүүлдэг энэхүү «боолын» анги нь Бурхны Үг болох Библи дээр үндэслэсэн сүнслэг гэрлийг тусгадаг ажгуу (Иохан 10:16, МБОХ, 1996). Уг гэрэл нь түнэр харанхуйд автсан ертөнцөд байгаа даруу хүмүүст итгэл найдвар өгөхийн зэрэгцээ Бурхантай харьцаа тогтоож, сүнслэг урхинаас зайлахад нь тусалдаг юм. Энэ гэрэл бол их үнэтэй бөгөөд амь өгдөг бөлгөө.
«Таны нэрд талархал өргөнө»
11. Исаиагийн өдрүүдэд Ехова ямар мэдээлэл өгсөн бэ?
11 Исаиагийн амьдарч байсан харанхуй өдрүүдэд, тэрчлэн ард түмнийг нь Вавилон уруу олзлон авч явсан, Исаиагийн үеэс ч харанхуй өдрүүдэд Ехова хэрхэн удирдаж байсан бэ? Ехова ёс суртахууны удирдлага өгөөд зогсоогүй өөрийн ард түмний талаарх санаа зорилгоо хэрхэн биелүүлэх тухайгаа урьдчилан тов тодорхой илэрхийлсэн. Одоо хамтдаа «Исаиа» номын 25–27-р бүлэгт бичсэн гайхамшигтай зөгнөлүүдийг жишээ болгон үзье. Үйл явдлыг Ехова хэрхэн удирдаж байсан хийгээд одоо хэрхэн удирдаж байгааг эдгээр бүлэг бидэнд хэлж өгнө.
12. Исаиа чин сэтгэлийн ямар үг хэлсэн бэ?
12 Исаиа эхлээд: «Ехова, Та бол миний Бурхан. Би Таныг өргөмжлөн, Таны нэрд талархал өргөнө» гэж хэлсэн. Юутай чин сэтгэлийн магтаал бэ! Гэхдээ зөнчийг тийн залбирахад юу нөлөөлсөн бэ? Энэ тухай бид «учир нь Та [Ехова] өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв» гэж бичсэн уг зүйлийн хоёрдугаар хэсгээс мэдэх болно (Исаиа 25:1).
13. а) Ямар мэдлэг Еховад талархах Исаиагийн сэтгэлийг бэхжүүлсэн бэ? б) Исаиагийн жишээнээс бид юунд суралцаж болох вэ?
13 Исаиагийн үе хүртэл Ехова израильчуудад зориулж олон гайхамшиг үйлдсэн бөгөөд энэ тухай тэмдэглэгдэн үлджээ. Исаиа түүнийг мэддэг байсан нь илэрхий. Тухайлбал: Ехова ард түмнээ Египетийн боолчлолоос чөлөөлсөн хийгээд Улаан тэнгист Фараоны цэргээс аварсныг тэр мэддэг байсан. Тэрчлэн Ехова ард түмнээ цөлд удирдан хөтөлж, Амласан газраа авчирсныг мэдэж байсан (Дуулал 136:1, 10–26). Түүхийн тийм мэдээллүүд Ехова Бурхны үнэнч бөгөөд найдвартай болохыг харуулдаг. Түүний «төлөвлөгөө» буюу санаа зорилго бүгд биелдэг билээ. Исаиад Бурхны өгсөн нарийн зөв мэдлэг «гэрэлд алхах» хүслийг нь бэхжүүлсэн. Энэ талаар Исаиа бидэнд гайхамшигтай жишээ үзүүлсэн. Хэрэв бид Бурхны Үгийг нямбай судалж, мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлбэл ялгаагүй «гэрэлд алхах» болно (Дуулал 119:105; 2 Коринт 4:6).
Устсан хот
14. Хотын тухай ямар зөгнөл өгөгдсөн бэ? Ямар хотын тухай зөгнөсөн байж болох вэ?
14 Бурхны «төлөвлөгөөний» жишээ «Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй» хэмээн бичсэн Исаиа 25:2-т байдаг. Энд юун хотын тухай бичсэн байна вэ? Исаиа Вавилоны тухай зөгнөсөн бололтой. Үнэндээ Вавилон чулуун овоо болон хувирах цаг ирсэн билээ.
15. Өнөөдөр ямар «агуу хот» байдаг вэ? Тэр «хот» яах вэ?
15 Исаиагийн дурссан шиг хот бидний үед бий юү? Бий. «Илчлэлт» номд «дэлхийн хаадыг хаанчлах агуу хотын» тухай бичсэн буй (Илчлэлт 17:18). Энэ бол хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн болох «агуу их Вавилон» юм (Илчлэлт 17:5). Өнөөдөр «агуу их Вавилонд» голлох байр суурийг христ шашны ертөнц эзэлдэг бөгөөд лам хуврагууд нь Еховагийн ард түмнийг Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэхэд хамгийн ихээр эсэргүүцдэг билээ (Матай 24:14). Гэхдээ «агуу их Вавилон» эртний Вавилон шиг тун удахгүй устах бөгөөд дахин хэзээ ч сэргэхгүй ээ.
16, 17. Еховагийн дайснууд түүнийг эрт ба эдүгээ үед яаж магтан алдаршуулсан бэ?
16 Исаиа энэ «бэхлэгдсэн хотын» тухай өөр юу зөгнөсөн бэ? Исаиа Еховад хандан: «Хүчирхэг хүмүүс Таныг алдаршуулна. Харгис үндэстнүүдийн хотууд [«хот», ШЕ] Танаас айна» гэж хэлсэн (Исаиа 25:3). Дайсан хот болох «харгис үндэстнүүдийн хот» Еховаг хэрхэн алдаршуулах билээ? Вавилоны хамгийн хүчирхэг хаан Небухаднезарт юу тохиолдсоныг эргэн санаарай. Өөрийнх нь бүх дутагдлыг илчлэн харуулсан эрүүлжүүлэгч нөлөө бүхий үйл явдлуудын дараагаар Небухаднезар Еховагийн агуу ихийг хийгээд төгс хүчийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрсөн (Даниел 4:34, 35). Еховаг хүчээ гаргахад дайснууд нь түүний агуу үйлсийг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог.
17 «Агуу их Вавилонд» Еховагийн агуу хэргийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрөх цаг ирж байсан уу? Тийм ээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед Еховагийн тослогдсон үйлчлэгчид маш хүнд нөхцөлд дэлгэрүүлж байлаа. 1918 онд Харуулын Цамхаг Нийгэмлэгийн удирдагчдыг шоронд хорьсноор тэд сүнслэг талаараа олзлогдсон мэт болсон. Зохион байгуулалттайгаар дэлгэрүүлэх ажил үндсэндээ зогссон. Харин 1919 онд Ехова тэднийг дахин сэргээж, сүнсээрээ зоригжуулсан. Ингэснээр тэд сайн мэдээг дэлхийн бүх үндэстэнд дэлгэрүүлэх даалгавраа биелүүлж эхэлсэн (Марк 13:10). Энэ бүгд хийгээд эдгээр үйл явдал эсэргүүцэгчдэд нь хэрхэн нөлөөлөхийг «Илчлэлт» номд зөгнөн бичсэн байсан. Тэгээд эсэргүүцэгчид нь «айн сүрдэж, тэнгэрийн Бурханд алдрыг өргөсөн» (Илчлэлт 11:3, 7, 11–13). Энэ бол тэд бүгдээрээ жинхэнэ шүтлэг уруу эргэчихсэн гэсэн үг биш, харин Исаиагийн зөгнөснөөр тухайн тохиолдолд Еховагийн хийсэн агуу хэргийг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.
«Дорд хүнд бат цайз»
18, 19. а) Еховаг эсэргүүцэгчид ард түмнийг нь үнэний замаас гаргах чадваргүйн учир юу вэ? б) «Харгисуудын ая дуу» хэрхэн дарагдах вэ?
18 «Гэрэлд алхдаг» хүмүүст Ехова сайхан сэтгэлээр ханддагийг нь тэмдэглэн Исаиа: «Та дорд хүнд бат цайз, шаналсан ядууд түшиг тулгуур; бороон шуурганаас хоргодох газар, аагим халуунаас халхлах сүүдэр нь болсон. Яагаад гэвэл харгисуудын уухилан амьсгалах нь хотын хэрэмийг шавхуурдах бороон шуурга мэт билээ. Таны хориглон зогсоосон харийн хүмүүсийн шуугиан адил, үүлний сүүдэрт сэрүүссэн гантай нутгийн халуун адил харгисуудын ая дуу дарагдсан» гэж хэлсэн (Исаиа 25:4, 5, ШЕ).
19 «Харгисууд» 1919 оноос хойш жинхэнэ шүтэгчдийг нь үнэний замаас гаргах гэж аль байдгаараа чармайсан боловч амжилт эс олов. Учир нь Ехова бол ард түмнийхээ бат цайз бөгөөд хоргодох газар нь билээ. Тэрбээр мөрдөлт хавчилтын шатам халуунаас халхлах сүүдэр бөгөөд харгисуудын бороон шуурга шавхуурдахад бат бэх хэрэм мэт байдаг. Бурхны «гэрэлд алхдаг» бид «харгисуудын ая дуу дарагдах» цагийг итгэлтэйгээр хүлээдэг юм. Тийм ээ, бид Еховагийн дайснууд тонилон устах өдрийг тэсэж ядан хүлээж байна.
20, 21. Ехова ямар зоог барьж байна вэ? Шинэ ертөнцөд уг зоог ямар байх вэ?
20 Ехова үйлчлэгчдээ хамгаалаад зогсохгүй хайртай Эцгийн ёсоор санаа тавьдаг. 1919 онд ард түмнээ Агуу их Вавилоноос чөлөөлснийхөө дараа Ехова ялалтын зоог барьж, тэднийг сүнслэг хоол ундаар элбэг дэлбэг дайлсан. Энэ талаар Исаиа 25:6-д зөгнөсөн ажээ. Тэнд: «Түмэн цэргийн Ехова энэхүү уулан дээрх бүх хүмүүст хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ» гэж байдаг. Ийм найр хуримд оролцох нь бидний хувьд юутай их завшаантай хэрэг вэ! (Матай 4:4). Үнэндээ «Еховагийн ширээ» амтлаг сайхан идээ будаагаар дүүрч, хотолзон байна (1 Коринт 10:21, ШЕ). Сүнслэг талын хэрэгцээтэй бүх зүйлээ бид «итгэмжит ухаалаг боолоор» дамжуулан авдаг.
21 Бурхны барьсан зоог ингээд л болчихож байгаа юм биш ээ. Өнөөдөр бидний оролцож байгаа энэ сүнслэг найр хурим Бурхны амласан шинэ ертөнцөд хоол унд үнэхээр элбэг дэлбэг байх болно гэдгийг бидэнд сануулдаг. Тэр үеийн «элбэг дэлбэг найр» гэдэг нь чанар сайтай хоол унд элбэг дэлбэг байна гэсэн үг юм. Нэг ч хүн сүнслэг талаараа болон махан биеэрээ өлсөж цангахгүй. Энэ мэдээ өнөөдөр Есүсийн залран байх үеийн «шинж тэмдгийн» тухай зөгнөлд дурдсан «өлсгөлөнгөөр» зовж байгаа итгэл нэгтнүүдийг маань асар ихээр тайвшруулж байгаа нь эргэлзээгүй! (Матай 24:3, 7). Мөн тэдний хувьд дуулалчийн: «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болно» хэмээн хэлсэн үг тайвшрах бас нэгэн үндэс болдог нь ойлгомжтой (Дуулал 72:16).
22, 23. а) Ямар «хөшиг» буюу «бүтээлгийг» авч хаях вэ? Яаж? б) Еховагийн ард түмэнд оноодог «зэмлэлийг» хэрхэн авч хаях вэ?
22 Одоо өөр нэгэн илүү гайхамшигтай зөгнөлийн талаар ярилцъя. Исаиа нүгэл ба үхлийг «хөшиг» буюу «бүтээлэгтэй» зүйрлэн: «Энэ уулан дээр Тэр [Ехова] бүх хүний дээгүүрх бүтээлгийг, бүх үндэстний дээгүүр татсан хөшгийг залгина» гэж хэлсэн (Исаиа 25:7). Хүмүүсийг бүтэж үхтэл нь хучсан хөнжил шиг нүгэл ба үхэл цаашид байхгүй болно гээд бодоод үз дээ! Бурханд дуулгавартай үнэнч хүмүүс Есүсийн золих тахилын үр шимийг бүрэн дүүрэн хүртэх тэр цагийг бид ямар ихээр тэсэж ядан хүлээнэ вэ! (Илчлэлт 21:3, 4).
23 Бурхнаас онгод авсан тэр зөнч мөнөөх гайхамшигтай цагийг зааж: «[Бурхан] үхлийг мөнхөд залгина. Ехова Бурхан бүх нүүрнээс нулимсыг арчин, Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь Ехова үүнийг айлдсан юм» хэмээн батлан илэрхийлсэн (Исаиа 25:8). Хөгшрөөд юм уу өвчнөөс болж нэг ч хүн үхэхгүй. Тийм учраас ийм шалтгаанаар уйлан гашуудах хүн байхгүй болно. Энэ үнэхээрийн сайхан ивээл биш гэж үү! Түүнээс гадна Бурхан болоод үйлчлэгчдийнхний нь төчнөөн удаан хугацаагаар тэвчин өнгөрүүлсэн хараал зүхэл хийгээд худал хуурмаг суртал нэвтрүүлэг дэлхийд дахин хэзээ ч бий болохгүй. Яагаад бий болохгүй гэж? Яагаад гэвэл Ехова, түүний эх булаг болсон худал хуурмагийн эцэг Сатан Диаволыг бүх үр удамтай нь хамт устгана (Иохан 8:44).
24. Гэрэлд алхаж яваа хүмүүс өөрсдийнх нь төлөө Еховагийн хийж байгаа аугаа хэрэгт хэрхэн ханддаг вэ?
24 Гэрэлд алхаж яваа хүмүүс Еховагийн тийм аугаа хүчний талаар эргэцүүлэн бодохдоо: «Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн Ехова. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе» хэмээн дуу алдахад хүрдэг (Исаиа 25:9). Зөв шударга хүмүүс удахгүй бүгд баясан цэнгэх болно. Түнэр харанхуй бүрмөсөн арилж, Бурханд үнэнч хүмүүсийг Еховагийн гэрэл мөнхөд гийгүүлэх болно. Өөр ямар нэгэн илүү сайхан найдвар байж болох уу? Үнэндээ байхгүй!
[Зүүлт]
^ Энэ өгүүллийн ишлэлүүдийг «Ариун Библи» (МБОХ, 2000) орчуулгаас авсан бөгөөд уг орчуулгад Бурхны оноосон нэрийг ЭЗЭН гэдэг цол гуншингаар орлуулсныг бид еврей эх бичигт нь байдаг ЕХОВА гэдэг нэрээр сольсон болно.
Та тайлбарлаж чадах уу?
•Өнөөдөр «гэрэлд алхах» нь яагаад чухал бэ?
• Исаиа ямар учраас Еховагийн нэрийг магтсан бэ?
• Дайснууд нь Бурхны ард түмнийг үнэний замаас гаргаж чадахгүйн учир юу вэ?
• Гэрэлд алхаж яваа хүмүүсийг ямар өгөөмөр баян ивээл хишиг хүлээж байна вэ?
[Догол мөрийн асуулт]