Skip to content

Гарчиг руу орох

Хүмүүний сул дорой байдлаа ялан дийлье

Хүмүүний сул дорой байдлаа ялан дийлье

Хүмүүний сул дорой байдлаа ялан дийлье

«Махан биеийн бодол санаа бол үхэл» (РОМ 8:6).

1. Зарим хүн хүний биеийг юу гэж үздэг вэ? Ямар асуулт авч үзэх нь зөв бэ?

 «БИ аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө» (Дуулал 139:14). Дуулалч Давид Еховагийн бүтээлүүдийн нэг болох хүний биеийн талаар эргэцүүлэн бодонгоо тийнхүү дуулжээ. Гэтэл зарим шашны багш нар дуулалчийн адил хүний биеийг зүй ёсоор нь магтахын оронд түүнийг нүгэл орогнодог нууц газар бөгөөд зэвсэг нь гэж үздэг. Тэд хүний биеийг «харанхуй бүдүүлгийн хувцас, дутагдал согогийн үндэс, эвдрэл завхралын гав, харанхуй хар шорон, амьд үхдэл, амьд хүүр, явдаг булш» гэх мэтээр нэрлэдэг. Харин элч Паулын: «Миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүй» гэж хэлсэн нь үнэн билээ (Ром 7:18). Гэвч энэ нь бид бол нүгэлт биеийн арчаагүй дорой боол гэсэн үг үү?

2. а) «Махан биеийн бодол санаа» гэдэг нь юу гэсэн үг вэ? б) Бурханд таалагдахыг хүсдэг хүмүүст «махан бие» болон «сүнсний» хооронд ямар зөрчил гардаг вэ?

2 Библид хүний биеийг заримдаа «махан бие» гэсэн байдаг (Хаадын дээд 21:27, ШЕ). Тэрчлэн Библид «махан бие» гэдэг үгээр хүн бол төгс бус бөгөөд дуулгаваргүй Адамын нүгэлт үр удам гэдэг санааг илэрхийлдэг (Ефес 2:3; Дуулал 51:5; Ром 5:12). Бид түүний үр удам учраас бидний «махан бие сул дорой» төржээ (Ром 6:19). Тийм ч учраас Паул: «Махан биеийн бодол санаа бол үхэл» гэж анхааруулсан (Ром 8:6). «Махан биеийн бодол санаа» гэдэг нь бид нүгэлт махан биеийн хүсэл тачаалд хөтлөгдөж байдаг гэсэн санаа юм (1 Иохан 2:16). Тийм учраас хэрэв Бурханд таалагдахыг хичээх аваас бидний дотор сүнслэг байдал болон «махан биеийн үйлс» уруу байнга түлхэж байдаг төрөлхийн нүгэлт чанар хоёрын маань хооронд зөрчил тасралтгүй гардаг (Галат 5:17–23; 1 Петр 2:11). Паул энэхүү дотоод зөрчлийнхөө талаар бичихдээ: «Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?» хэмээн дуу алджээ (Ром 7:24). Паул хорхой хүргэм зүйлсийн арчаагүй золиос байсан уу? Огт үгүй гэж Библи хариулдаг!

Хорхой хүргэм зүйл ба нүгэлийн бодитой болох нь

3. Хүмүүс нүгэл болон хорхой хүргэм зүйлд хэрхэн ханддаг вэ? Библи тийм хандлага буруу гэдгийг хэрхэн анхааруулдаг вэ?

3 Өнөөдөр олон хүн нүгэл гэдэг ойлголтыг үл зөвшөөрдөг. Зарим хүн «нүгэл» гэдэг нь хүний бага зэргийн алдаа дутагдлыг илэрхийлдэг хуучны егөө үг гэж үздэг. Тэд «хүн бүр мууг ч бай, сайныг ч бай, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахын тулд бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын өмнө гарч ирэх ёстой» гэдгийг ойлгодоггүй. (2 Коринт 5:10). Хэн нэг нь егөөдөнгүйгээр: «Би юуг ч тэвчиж чадна. Харин хорхой хүргэм зүйлийг бол ч яаж ч чадахгүй дээ!» гэж хэлж болох юм. Хоол унд, секс, зугаа цэнгэл гэх мэтэд буюу хүслээ хангахын тулд дур зоргоороо авирлах нь хэвийн үзэгдэл болсон орчинд амьдардаг хүн олон бий. Тэд юу л дуртайгаа хийхийг хүсээд зогсохгүй, түүнийгээ хүссэн даруйдаа л хийхийг хичээдэг! (Лук 15:12). Тэд ирээдүйн «жинхэнэ амьдралын» баяр баясгаланг бус, зөвхөн тухайн үеийнхээ жаргал цэнгэлийг боддог (1 Тимот 6:19, ШЕ). Библи биднийг юманд анхааралтай, алсын хараатай хандахын зэрэгцээ сүнслэг болоод өөр ямар нэгэн хор хохирол учруулахуйц аливаа зүйлээс зайлсхийж явахад сургадаг. Бурхны онгод оруулан бичүүлсэн «Сургаалт үгс» номд: «Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг бол гэнэн хүн нь угтан явсаар байгаад шангаа хүртдэг» гэж байдаг (Сургаалт үгс 27:12).

4. 1 Коринт 10:12, 13-т Паул юу анхааруулсан бэ?

4 Ёс суртахууны завхралаараа нэрд гарсан Коринт хотод амьдардаг христиануудад бичсэн захидалдаа Паул хорхой хүргэм зүйл болон нүглийн бодит аюулын талаар анхааруулсан. Тэрбээр: «Өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм» * гэж хэлсэн (1 Коринт 10:12, 13). Залуу хөгшин, эрэгтэй эмэгтэй хэн ч байлаа гэсэн бид бүгд сургууль, ажил дээрээ юм уу өөр хаа нэгтээ дандаа л хорхой хүргэм зүйлтэй тааралдаж байдаг. Тэгэхлээр Паулын үгийг анхааралтай судалж, бидний хувьд ямар учир холбогдолтой болохыг үзье.

Өөртөө хэт найдахаас болгоомжлогтун

5. Өөртөө хэт найдах нь яагаад аюултай вэ?

5 Паул: «Өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг» гэж хэлсэн. Ёс суртахууны хувьд хэзээ ч алдахгүй гэж өөртөө хэт найдах нь аюултай. Ингэж найдах нь нүглийн мөн чанар ба хүчийг дутуу ойлгодгийн илрэл юм. Мосе, Давид, Соломон болон элч Петр зэрэг хүмүүс нүгэл үйлдчихсэн байтал бид үйлдэхгүй дээ гэж хэлж болох уу? (Тооллого 20:2–13; 2 Самуел 11:1–27; Хаадын дээд 11:1–6; Матай 26:69–75). Сургаалт үгс 14:16-д: «Мэргэн хүн болгоомжилдог ба хорон муугаас зайлдаг. Харин мунхаг хүн омог бардам ба болгоомжгүй байдаг» гэж буй. Түүнээс гадна Есүс: «Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм» гэж хэлсэн (Матай 26:41). Төгс бус хүн бузар мууг үйлдэх төрөлхийн хандлагатай байдаг болохоор бид Паулын сануулгад нухацтай хандаж, хорхой хүргэм зүйлд жолоо алдахгүй байх хэрэгтэй. Эс тэгвээс «уначих» аюултай (Иеремиа 17:9).

6. Хорхой хүргэм зүйлд бид хэзээ, яаж бэлдэх хэрэгтэй вэ?

6 Гэнэт тохиолдож болох гай зовлонд бэлтгэлтэй байх нь ухаалаг хэрэг. Тайван цаг бол батлан хамгаалах барилга байгууламж барих цаг гэдгийг Аса хаан ойлгосон (Шастирын дэд 14:2, 6, 7). Дайсны довтлох үеэр хамгаалалт барих нь оройтсон хэрэг болно гэдгийг Аса мэдэж байлаа. Түүний нэг адил хорхой хүргэм зүйл тохиолдлоо гэхэд хэрхэх шийдвэрээ эрүүл саруулаар сэтгэж болох тайван үедээ гаргасан нь дээр (Дуулал 63:6). Даниел ба түүний Бурхнаас эмээгч нөхөд нь Еховагийн хуулинд үнэнч байх шийдвэрээ тэдэнд хааны тансаг идээ ундаа барихаас өмнө гаргасан. Тийм болохоор тэд итгэл үнэмшлээсээ гуйвж дайваагүй бөгөөд бузар хоолноос идээгүй юм (Даниел 1:8). Хорхой хүргэм зүйл тохиолдлоо гэхэд ёс суртахууны хувьд цэвэр ариун байдлаа хадгалан үлдэх шийдвэр төгс байдлаа бэхжүүлцгээе. Тэгвэл бид нүглийг тэвчиж чадна.

7. Бусад хүмүүс хорхой хүргэм зүйлийг амжилттай тэвчиж байсныг мэдэх нь яагаад тайвшруулдаг вэ?

7 «Та нарт учирсан сорилт [«хорхой хүргэм зүйл», ШЕ] нь хүнд тохиолддог л зүйл юм» гэж хэлсэн Паулын үг юутай тайвшруулам сайхан бэ! (1 Коринт 10:13). Элч Петр: «Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг мэдэн, түүнийг [Диаволыг] бат итгэлээрээ эсэргүүц» хэмээн бичсэн (1 Петр 5:9). Тийм ээ, бусад Гэрчүүд ийм хорхой хүрэм зүйлтэй тааралдаад, Бурхны тусламжтайгаар түүнд бууж өгөлгүй, тэвчин гарч чадсан байхад бид ч мөн тэгж чадах нь эргэлзээгүй. Бид хэдийгээр жинхэнэ христианууд мөн боловч нэгэнт задарсан ертөнцөд амьдарч байгаа болохоор хэн маань ч эрт орой хэзээ нэгэн цагт хорхой хүргэм зүйлтэй учирч болно. Тэгэхлээр хүмүүний сул дорой байдлаа болон нүгэл үйлдэхэд түлхдэг хорхой хүрэм зүйлийг ялан дийлнэ гэдэгтээ хэрхэн итгэлтэй байж болох вэ?

Бид хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадна!

8. Хорхой хүргэм зүйлээс зайлсхийх гол арга юу вэ?

8 «Нүгэлд боолчлуулахгүй» байх гол арга бол хорхой хүргэм зүйлсээс аль болохоор зайлсхийх явдал юм (Ром 6:6). Библи бидэнд: «Хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь. Хорон муу хүмүүсийн замаар алхаж болохгүй. Түүнээс зайлсхий. Түүгээр дайран гарах ч хэрэггүй» хэмээн уриалдаг (Сургаалт үгс 4:14, 15). Ямар нэг нөхцөл байдал нүгэлд хүргэж болзошгүй гэдгийг бид урьдчилан мэдэх нь цөөнгүй. Тийм учраас христиан хүн гаж хүсэл төрүүлж, бузар тачаал бадраадаг зүйлс, газар болон хүмүүсээс холдон «зайлсхийх» хэрэгтэй нь ойлгомжтой.

9. Библид хорхой хүргэм нөхцөл байдлаас зугтахын чухлыг хэрхэн онцлон тэмдэглэсэн байдаг вэ?

9 Хорхой хүргэм зүйлийг тэвчихэд тустай өөр нэг үндсэн алхам бол хорхой хүргэм зүйл бий болгодог нөхцөл байдлаас «зугтах» явдал юм. «Садар самуун явдлаас зугтан явагтун» гэж Паул зөвлөсөн (1 Коринт 6:18). Бас: «Шүтээн шүтэх явдлаас зугт» гэж бичсэн (1 Коринт 10:14). Түүнээс гадна Паул Тимотод эд хөрөнгөний хойноос хэтэрхий хөөцөлдөхөөс болон «идэр насны дур хүслүүдээс зугтахыг» анхааруулсан (2 Тимот 2:22; 1 Тимот 6:9–11).

10. Хорхой хүргэм зүйлээс зугтах нь хичнээн чухал болохыг эсрэг тэсрэг хоёр жишээ хэрхэн харуулсан бэ?

10 Израилийн хаан Давидад ийм нэгэн явдал тохиолджээ. Тэрбээр ордныхоо дээвэр дээрээс, угаал үйлдэж буй үзэсгэлэнт бүсгүйг харсан бөгөөд зүрх сэтгэлд нь буруу хүсэл төржээ. Уг нь тэрбээр дээвэр дээрээс буун, хорхой хүргэм зүйлээс «зугтах» ёстой байсан юм. Түүний оронд Давид тэр бүсгүйн талаар тодруулж, Батшеба гэдэг эмэгтэй болохыг нь мэдсэн ба энэ нь эцсийн эцэст сүйрэлд хүргэжээ (2 Самуел 11:1–12:23). Тэгвэл эзнийх нь садар явдалт эхнэр өөртэйгөө унтахыг шаардахад нь Иосеф хэрхсэн бэ? Библид: «Тэр эмэгтэй өдөр бүр Иосефийг гуйсаар байсан боловч Иосеф үгийг нь сонссон ч үгүй, түүнтэй унтсан ч үгүй, түүнтэй хамт байсан ч үгүй» гэж бичсэн байдаг. Иосеф тэр үед өгөгдөөгүй байсан Мосегийн Хуулийн тушаалуудыг мэддэггүй байсан хэдий ч эмэгтэйд: «Би яаж ийм муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» хэмээн хариулжээ. Нэгэн өдөр эмэгтэй түүнийг барьж аваад: «Надтай унтаач» гэв. Иосеф тэндээ зогсоод эмэгтэйд ямар нэгэн тайлбар хэлж эхэлсэн үү? Үгүй ээ. Тэр «гадагш зугтан гарав». Иосеф өөрийгөө сексийн хорхой хүргэм зүйлд эзэмдүүлэх боломж гаргалгүйгээр зугтсан (Эхлэл 39:7–16).

11. Хэрэв хорхой хүргэм зүйл тохиолдвол яах нь зөв бэ?

11 Зугтахыг зарим талаар аймхай хулчгарын шинж гэж үздэг боловч аюултай нөхцөл байдлаас зайлах нь гол төлөв туйлын ухаалаг явдал болдог. Жишээ нь: Бид ажил дээрээ хорхой хүргэм зүйлтэй байнга учирч болох юм. Ажлаа өөрчлөх боломжгүй байлаа ч гэсэн хорхой хүргэсэн нөхцөл байдлаас ямар нэгэн байдлаар зугтан зайлах боломж олдох нь магад. Бид буруу гэж үзэж байгаа бүхнээсээ «зугтах» хэрэгтэй бөгөөд зөвхөн зөвийг үйлдэх шийдвэр төгс байх хэрэгтэй (Амос 5:15). Хорхой хүргэм зүйлээс «зугтах» гэдэг нь Интернэтийн порно сайтыг нээж үзэхгүй, зугаа цэнгэлийн эргэлзээтэй газраар орохгүй байх гэсэн үг байж болох юм. Түүнээс гадна садар самуунтай холбоотой сэтгүүл байвал түүнийгээ устгах юм уу Бурхныг хайрладаг бөгөөд энэ талаар танд тусалж чадах найз нөхөд олж үерхэх гэсэн үг байж болно (Сургаалт үгс 13:20). Биднийг нүгэл үйлдэхэд түлхсэн ямар ч хорхой хүргэм зүйл байлаа гэсэн түүнээс эрс шийдэмгий татгалзах нь туйлын ухаалаг хэрэг мөн (Ром 12:9).

Залбирал хэрхэн тусалдаг нь

12. «Бидэнд хорхой хүргэм зүйл бүү учруулаач» гэж залбирахдаа бид Бурхнаас юу гуйдаг вэ?

12 Паул: «Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм» гэж хэлсэн нь ихээхэн урам зориг өгдөг билээ (1 Коринт 10:13). Бидэнд тусалдаг Еховагийн нэг арга бол хорхой хүргэм зүйлтэй тэмцэхэд туслахыг гуйсан залбирлыг маань хүлээн авч, хариу өгдөг явдал юм. Есүс Христ: «Бидэнд хорхой хүргэм зүйл бүү учруулаач, харин муу нэгнээс гэтэлгээч» хэмээн залбир гэж заасан (Матай 6:13, ШЕ). Тийм чин сэтгэлийн залбирлыг Ехова сонсох бөгөөд хорхой хүргэм зүйлтэй тулгарахад зүгээр орхилгүй, Сатан болон түүний занганаас биднийг гэтэлгэнэ (Ефес 6:11). Хорхой хүргэм зүйлийг ялган таньж, түүнийг эсэргүүцэх хүчтэй байхад туслахыг Бурхнаас гуйх хэрэгтэй. Хэрэв бид хорхой хүргэм зүйлд уруу татагдахгүй байхад туслахыг Бурхнаас шаргуу гуйвал Сатан буюу «муу нэгний» мэхэнд автахгүй байхад маань тэр тусална.

13. Хорхой хүргэм зүйл салахгүй байгаад байвал бид яах ёстой вэ?

13 Ялангуяа хорхой хүргэм зүйл салахгүй байгаад байвал шаргуу залбирах хэрэгтэй. Хорхой хүргэм зүйл заримдаа бидний хэчнээн сул дорой болохыг тод харуулдаг бодол санаа ба үзэл бодлын маань хоорондох тэмцэл буюу дотоод тэмцлийг хүчтэй болгодог (Дуулал 51:5). Жишээ нь: Орхисон муу зуршил маань эргэж бодогдоод зовоогоод байвал яах вэ? Хэрэв түүнийг эргээд хэрэглэмээр хорхой хүрээд байвал яах вэ? Тийм дур хүслээ зүгээр нэг дарахыг оролдоод явахын оронд Еховад хандан залбирах хэрэгтэй. Шаардлагатай бол олон дахин залбирч болно (Дуулал 55:22). Оюун санаагаа ариун бус бодлоос цэвэрлэхэд Ехова Бурхан Үг болон ариун сүнсээрээ бидэнд тусална (Дуулал 19:8, 9).

14. Хорхой хүргэм зүйлийг амжилттай давахад залбирал яагаад чухал бэ?

14 Гетсеманы цэцэрлэгт шавь нарынхаа нойрмоглоод байхыг ажигласан Есүс тэдэнд: «Хорхой хүргэм зүйлд бууж өгөхгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм» гэж хэлсэн (Матай 26:41, ШЕ). Хорхой хүргэм зүйлийг амжилттай давах нэг арга бол хорхой хүргэм зүйлийн янз бүрийн хэлбэрүүдийг мэддэг байхын зэрэгцээ түүний өчүүхэн төдий илэрлийг ч гэсэн мэдэрдэг байх явдал юм. Түүнээс гадна хорхой хүргэм зүйл тохиолдсон тэр даруйд нь залбирах нь туйлын чухал. Учир нь тийм залбирал бидэнд түүнтэй тэмцэх сүнслэг хүч өгдөг. Хорхой хүргэм зүйл бидний хамгийн сул газраар довтолдог учир түүнийг бид дан ганц өөрийн хүчээр тэвчин давж чадахгүй. Бурхны өгдөг хүчний тусламжтайгаар Сатаныг илүү сайн эсэргүүцэх чадвартай болдог учраас залбирах нь маш чухал (Филиппой 4:6, 7). Бидэнд «хурлын ахлагчдын» сүнслэг тусламж хийгээд залбирал хэрэг болж болох юм (Иаков 5:13–18, ШЕ).

Хорхой хүргэм зүйлийг идэвхтэй эсэргүүцэгтүн

15. Хорхой хүргэм зүйлийг эсэргүүцэхэд юу юу ордог вэ?

15 Хэрэв хорхой хүргэм зүйлээс зайлсхийх боломжгүй бол бид түүнийг өнгөртөл юм уу, эсвэл нөхцөл байдал өөрчлөгдтөл идэвхтэй эсэргүүцэх хэрэгтэй. Сатан Есүсийг сориход Есүс Диаволыг яван явтал хорхой хүргэм саналыг нь эсэргүүцсэн (Матай 4:1–11). Шавь Иаков: «Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» гэж бичжээ (Иаков 4:7). Эсэргүүцэх нь Бурхны Үгийн тусламжтайгаар ой ухаанаа бэхжүүлж, хэм хэмжээг нь сахин мөрдөхөөр хатуу шийдэхээс эхэлдэг. Бидэнд байдаг ямар нэгэн сул талыг илчлэн заасан Библийн гол зүйлүүдийг тогтоож, тэдгээрийг сайтар эргэцүүлэн бодох нь маш чухал. Санаа зовоож байгаа зүйлийнхээ талаар санал бодлоо солилцохын тулд, эсвэл хорхой хүргэм зүйл тохиолдсон үед төлөвшсөн Гэрч юм уу ахлагчтай уулзах нь ухаалаг хэрэг болно (Сургаалт үгс 22:17).

16. Яавал ёс суртахууны цэвэр байдлаа хадгалж болох вэ?

16 «Шинэ хүнийг өмсөхийг» Ариун Судар бидэнд уриалдаг (Ефес 4:24). Өөрөөр хэлбэл бид өөрсдийгөө хэлбэржүүлж, өөрчлөхийг Еховад зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Паул хамтран зүтгэгч Тимотдоо: «Зөв байдал, бурханлаг байдал, итгэл, хайр тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ. Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан» хэмээн бичсэн (1 Тимот 6:11, 12). Бурхны тухай гүн мэдлэгтэй болохын тулд Үгийг нь хичээнгүйлэн судалж, улмаар шаардлагынх нь дагуу биеэ авч явснаар бид «зөв байдлыг... эрхэмлэж» болно. Түүнээс гадна сайн мэдээ дэлгэрүүлэх хийгээд цуглаанд очих зэргийг тусгасан христиан үйл ажиллагааны нягт шахуу цагийн хуваарьтай байх нь их чухал. Хэрэв бид «Бурханд ойртож», өгч байгаа сүнслэг тусламжийг нь бүрэн дүүрэн ашиглаж чадвал сүнслэг талаараа өсөж, ёс суртахууны хувьд цэвэр байдлаа хадгалахад маань амар хялбар байх болно (Иаков 4:8).

17. Хорхой хүргэм зүйлтэй тулгарсан үед Бурхан биднийг орхихгүй гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

17 Бурхны олгосон боломжийн ачаар бид хорхой хүргэм ямар ч зүйлийг тэсэн гарах чадвартай гэдгийг Паул батлан илэрхийлсэн. Ехова бидэнд «түүнийг тэсэж гарах арга замыг» зааж өгнө (1 Коринт 10:13, ШЕ). Хэрэв бид Бурханд итгэж л байвал Ехова биднийг хорхой хүргэм зүйлийн өмнө сүнслэг хүч дутаж, нүгэл үйлдэх явдалд үнэндээ хүргэдэггүй. Тэрбээр өөрийнх нь нүдэнд буруу зүйл хийлгэх гэсэн хорхой хүргэм зүйлтэй хийсэн тэмцэлдээ ялалт байгуулахыг биднээс хүсэж байдаг. Түүнээс гадна бид түүний: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй» гэсэн амлалтад итгэж болно (Еврей 13:5).

18. Хүмүүний сул дорой байдлаа ялан дийлэхэд эргэлзэхгүй байж болохын учир юу вэ?

18 Паул хүмүүний сул дорой байдлынхаа эсрэг хийсэн тэмцлийнхээ үр дүнд эргэлзэхгүй байсан. Тэрээр өөрийгөө хөөрхийлөлтэй амьтан бөгөөд махан биеийнхээ хүсэл тачаалын арчаагүй боол гэж үзээгүй. Харин ч: «Би ямар ч зорилгогүй мэт гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус, харин бусдад сайн мэдээг тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ зовоож өөрийнхөө боол болгодог» гэж хэлсэн (1 Коринт 9:26, 27). Бид ч мөн адил төгс бус махан биетэйгээ амжилттай тэмцэж чадна. Ариун Судар, Библид үндэслэсэн ном хэвлэл, цуглаанууд болон төлөвшсөн итгэл нэгтнүүдээрээ дамжуулан бид зөв үйл хийхэд маань тусалдаг халамжит тэнгэрийн Эцгийнхээ зөвлөгөөг тогтмол авдаг юм. Еховагийн тусламжтайгаар бид хүмүүний сул дорой байдлаа ялан дийлж чадна!

[Зүүлт]

^ «Ариун Библи» (МБОХ, 2000) болон бусад монгол орчуулгад «сорих, сорилт, соригдох» гэх мэтээр орчуулсан грек үгийн утга нь «хорхой хүргэх, дур татах, толгой эргүүлэх» гэсэн утгатай болно.

Та санаж байна уу?

• «Махан биеийн бодол санаа» гэж юу вэ?

• Хорхой хүргэм зүйлд хэрхэн бэлдэж болох вэ?

• Хорхой хүргэм зүйлийг тэвчин өнгөрөөхийн тулд бид яах ёстой вэ?

• Хорхой хүргэм зүйлтэй тэмцэхэд залбирал ямар үүрэгтэй вэ?

• Хүмүүний сул дорой байдлаа ялан дийлэх боломжтой гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

[Догол мөрийн асуулт]