Жаргалтай Бурхантай хамт баярлагтун
Жаргалтай Бурхантай хамт баярлагтун
«Эцэст нь, ах дүү нараа баярлагтун... Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно» (2 КОРИНТ 13:11).
1, 2. а) Олон хүн баяр баясгалантай байж чаддаггүйн учир юу вэ? б) Баяр баясгалан гэж юу вэ? Түүнийг хэрхэн хөгжүүлж болох вэ?
ӨНӨӨГИЙН энэ баргар өдрүүдэд олон хүн баяр жаргал эдэлж чадахгүй байна. Хүмүүст өөрсдөд нь болон ойр дотныхонд нь гай зовлон тохиолдоход дээр үед амьдарч байсан Иовын: «Эмэгтэйгээс төрдөг хүн бол амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу» гэж хэлсний адил бодол төрдөг (Иов 14:1). Христианууд өнөөгийн «хэцүү цагийн» хэв шинж болсон дарамт хийгээд ачааллаас хамгаалах дархлаагүй учраас Еховагийн үнэнч үйлчлэгчид заримдаа сэтгэл санаагаар унадаг нь гайхах зүйл биш ээ (2 Тимот 3:1).
2 Тэгсэн хэдий ч христианууд бэрхшээлтэй үедээ ч гэсэн баяртай байж чаддаг (Үйлс 5:40, 41). Тэгэх ямар үндэс байгааг ойлгохын тулд эхлээд баяр баясгалан гэдэг нь чухам юу болохыг авч үзье. Баяр баясгалан гэдэг нь «ямар нэгэн сайн сайхан зүйлээс олж авсан буюу тийм юмыг найдан хүлээснээс бий болох сэтгэлийн хөөрөл» юм («Insight on the Scriptures», 2-р боть, 119-р хуудас). Тэгэхлээр хэрэв бид одоо баярлах үндэс юу байгаа хийгээд Бурхны шинэ ертөнцөд ямар сайхан зүйл хүлээж байгаа талаар бодох аваас баярлах бүрэн үндэс бий.
3. Хүн болгон бага ч гэсэн баярлах үндэстэй гэж ямар утгаар хэлж болох вэ?
3 Хүн болгон ямар нэгэн хэмжээгээр баярлан талархах ёстой ивээл хишгийг хүртэж байдаг. Тухайлбал, айл гэрийн тэргүүн ажилгүй болжээ гэж бодъё. Гэр орныхныгоо тэжээх үүрэгтэй болохоор үнэндээ ийм явдал түүний хувьд сэтгэлийн зовлон болох нь ойлгомжтой. Гэлээ ч гэсэн түүний бие эрүүл чийрэг байх аваас энэ нь баярлан талархах үндэс мөн билээ. Яагаад гэвэл ажил олдвол сайн ажиллах боломжтой байна гэсэн үг. Эсвэл христиан эмэгтэй гэнэт хүнд өвчин туслаа гэж бодъё. Гэвч тэр эмэгтэй өвчнөө хатан зоригтойгоор даван туулахад нь хайртай дотно анд нөхөд болон гэр орныхныхоо үзүүлсэн дэмжлэг тусламжид баярлан талархаж болно. Ер нь жинхэнэ христианууд нөхцөл байдал нь ямар ч байлаа гэсэн «жаргалтай Бурхан» болон «жаргалтай бөгөөд цорын ганц Эзэн» Есүс Христийг мэддэгтээ баярлаж болно (1 Тимот 1:11; 6:15, ШЕ). Тийм ээ, Ехова Бурхан Есүс Христ хоёр бол хамгийн дээд жаргал эдэлдэг юм. Дэлхийн нөхцөл байдал Еховагийн анхны санаа зорилгоос огт өөр байгаа хэдий ч тэд баяр баясгалангаа хадгалсаар байдаг билээ. Тэдний жишээ нь баяр баясгалангаа хэрхэн хадгалах талаар бидэнд олон сайхан сургамж болдог.
Тэд ямагт баяр баясгалантай байдаг байсан
4, 5. а) Анхны хүмүүн хос самууран босоход нь Ехова яасан бэ? б) Ехова хүн төрөлхтөнд хандах зөв хандлагаа хэрхэн хадгалсан бэ?
4 Адам Ева хоёр Еден цэцэрлэгт байхдаа цоо эрүүл биетэй, төгс оюун ухаантай байсан. Тэр хоёр хосгүй сайхан ажилтай бөгөөд түүнийгээ хийж гүйцэтгэхэд өв тэгш орчин нөхцөл бүрдсэн байлаа. Хамгийн гол нь тэд дуртай цагтаа Еховатай харьцах боломжтой байв. Ирээдүйд тэднийг аз жаргалтай амьдруулах гэж энэ бүхнийг Бурхан өөрөө бэлдсэн юм. Гэвч өвөг дээдэс маань энэ бүх гайхамшигтай бэлэгт сэтгэл нь ханалгүй, идэж болохгүй гэж хориглосон «сайн мууг мэдүүлэгч модноос» дураараа авч иджээ. Энэхүү дуулгаваргүй байдал нь Адам Ева хоёрын үр удам болох бид бүхний өнөөдрийн эдэлж байгаа зовлон зүдүүрийн эх үндэс болсон билээ (Эхлэл 2:15–17; 3:6; Ром 5:12).
5 Гэхдээ Ехова, Адам Ева хоёрын үл талархах байдлаас болж баяр баясгалангаа алдаагүй. Тэр хоёрын үр удмаас цөөхөн ч гэсэн хүн өөрт нь үйлчилнэ гэдэгт Ехова итгэлтэй байсан. Үнэндээ Ехова, Адам Ева хоёрын анхны хүүхэд гарахаас бүр өмнө тэдний үр хүүхдээс дуулгавартайг нь зольж авах санаа зорилгоо мэдэгдэх хүртлээ үүнд итгэлтэй байсан билээ! (Эхлэл 1:31; 3:15). Үүнээс хойших олон зууны турш хүмүүсийн ихэнх нь Адам Ева хоёрын араас дагасан хэдий ч өргөн олноороо дуулгаваргүй болсноос нь болоод Ехова хүн төрөлхтнөөс бүрмөсөн нүүрээ буруулаагүй ээ. Тэрбээр «зүрхийг нь баярлуулсан» буюу хайртайнхаа үүднээс өөрт нь таалагдахыг хамаг хүчээрээ чармайдаг хүмүүст анхаарлаа төвлөрүүлж байсан (Сургаалт үгс 27:11; Еврей 6:10).
6, 7. Баяр баясгалангаа хадгалахад нь Есүст юу тусалсан бэ?
6 Харин Есүс баяр баясгалангаа хэрхэн хадгалсан бэ? Тэнгэр дэх хүчирхэг сүнсэн бодгалийн хувьд дэлхийн хүмүүсийн үйл ажиллагааг ажиглан харах боломж Есүст байсан. Төгс бус байдал нь тодорхой байсан хэдий ч Есүс тэднийг хайрладаг байлаа (Сургаалт үгс 8:31). Хожим дэлхийд ирээд хүмүүсийн «дунд орших» болсон ч хүмүүст хандах хандлагаа өөрчлөөгүй (Иохан 1:14). Нүгэлт хүмүүст хандах зөв хандлагаа хадгалахад нь Бурхны төгс Хүүд юу нөлөөлсөн бэ?
7 Юуны түрүүнд Есүс өөрийнхөө болон бусдын боломжийн аль алийг ухаалгаар тооцож байв. Бүх ертөнцийг өөрчилж чадахгүй гэдгээ мэдэж байсан (Матай 10:32–39). Тийм учраас Хаанчлалын тухай мэдээг чин сэтгэлтэй нэг хүн ч хүлээж авсан түүнд нь Есүс баярладаг байлаа. Шавь нарынх нь үйл ажиллагаа, бодол санаа заримдаа буруутдаг байсан хэдий ч бүх зүрх сэтгэлээрээ Бурхны хүсэл тааллыг биелүүлэх хүсэлтэй байдгийг нь Есүс мэддэг байсан ба үүнийх нь төлөө тэднийг хайрладаг байсан юм (Лук 9:46; 22:24, 28–32, 60–62). Есүс тэнгэрийн Эцэгтээ хандан залбирахдаа тэр цаг мөчийг хүртэл шавь нарынхаа замнаж ирсэн зөв замын талаар дүгнэн: «Тэд Таны үгийг сахьсан юм» гэж хэлсэн нь анхаарал татдаг (Иохан 17:6).
8. Баяр баясгалангаа хадгалах асуудлаар Ехова Есүс хоёрыг хэрхэн дуурайж болох вэ?
8 Бид бүгдийн хувьд Ехова Бурхан болон Есүс Христийн өгсөн жишээг эргэцүүлэн бодох явдал их ашигтай гэдэг нь эргэлзээгүй. Жишээлбэл: Бүх зүйл санаснаар маань болохгүй байсан ч бид түүндээ хэтэрхий санаа зоволгүйгээр Еховаг илүү ойр дуурайж чадах болов уу? Бид өнөөгийн нөхцөл байдалд зүй зохистойгоор хандан, өөрөөсөө болон бусдаас хэтэрхий ихийг горьдолгүйгээр Есүсийн мөрөөр итгэлтэй явж чадах болов уу? Идэвх зүтгэлтэй бүх христиан хүний зүрх сэтгэлд эрхэм зүйл болох дэлгэрүүлэх ажилд эдгээр зарчмын заримаас яаж хэрэглэж болохыг үзэцгээе.
Дэлгэрүүлэх ажилдаа зөв санаагаар хандагтун
9. Иеремиа дахин яаж баяр баясгалантай болсон бэ? Түүний жишээ бидэнд хэрхэн тусалж болох вэ?
9 Ехова биднийг өөртөө баяртайгаар үйлчлээсэй гэж хүсдэг. Бидний баяр баясгалан хүрсэн амжилтаас маань хамаарах ёсгүй (Лук 10:17, 20). Зөнч Иеремиа үр өгөөж муутай нутагт олон жил дэлгэрүүлсэн. Тэгээд хүмүүсийн таагүй хандлагад анхаарлаа төвлөрүүлснээр баяр баясгалангаа алдсан (Иеремиа 20:8). Харин дэлгэрүүлж байгаа мэдээнийхээ ямар гайхамшигтай болохыг бодсоноор тэр дахин баяр баясгалантай болсон. Иеремиа Еховад: «Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь... би Таны нэрээр дуудагдсан билээ» хэмээн хэлсэн (Иеремиа 15:16). Тийм ээ, Иеремиа Бурхны үгийг дэлгэрүүлэх эрхэм үүрэг хүлээсэндээ баяртай байсан. Бид мөн адил баяртай байж болно.
10. Хэсэгтээ дэлгэрүүлэх ажлын амжилт гаргахгүй байлаа ч гэсэн баяр баясгалангаа хэрхэн хадгалж болох вэ?
10 Хүмүүсийн ихэнх нь сайн мэдээ хүлээж авахгүй байсан ч дэлгэрүүлэх ажлаараа бахархан баярлах бүрэн үндэс бидэнд байдаг юм. Зарим хүн өөрт нь үйлчлэхээр сэтгэл шулуудна гэдэгт Ехова өчүүхэн ч эргэлзээгүйг санаарай. Бид Еховагийн адилаар, эцсийн эцэст цөөхөн ч гэсэн зарим хүн маргаантай асуудлын учрыг ойлгож, Хаанчлалын тухай мэдээг хүлээж авна гэдэгт итгэл алдрахгүй байх хэрэгтэй. Хүмүүсийн нөхцөл байдал өөрчлөгддөгийг мартаж болохгүй. Заримдаа гэнэтийн явдал юм уу гай зовлон тохиолдсоноор хэт бардам зантай хүн хүртэл амьдралын утга учрыг нухацтайгаар эргэцүүлэн бодоход хүрдэг. Тийм хүн «сүнслэг хэрэгцээгээ мэдэрч» эхэлбэл та түүнд туслах уу? (Матай 5:3, ШЕ). Давтан уулзалтаар эргээд ирэхэд тань сайн мэдээг сонсох хүсэлтэй болчихсон хүн танай хэсэгт байж байхыг үгүйсгэх аргагүй!
11, 12. Нэгэн хотод юу болсон бэ? Эндээс бид ямар сургамж авч болох вэ?
11 Хуваарьтай хэсгийн маань оршин суугчдын бүтэц ч бас өөрчлөгдөж болно. Жишээ авъя. Нэгэн жижиг хотод өөр хоорондоо нөхөрсөг харьцаатай олон залуу гэр бүл амьдардаг байжээ. Еховагийн Гэрчүүд тэдгээр айлын үүдэн дээр: «Үүнийг бид сонирхдоггүй!» гэсэн нэг л ижил хариу сонсоно. Гэтэл тэдний хэн нэг нь Хаанчлалын тухай мэдээ сонирхож эхлэхэд бусад хөрш нь түүнийг Еховагийн Гэрчүүдтэй дахин уулзахгүй байхыг ятгадаг байв. Тийм болохоор тэдэнд ярих, дэлгэрүүлэх нь хэцүү байсан. Гэсэн ч Гэрчүүд бууж өгөлгүйгээр, дэлгэрүүлсээр байлаа. Тэгээд яасан бэ?
12 Аажимдаа мөнөөх айлуудын хүүхдүүд өсөж том болоод гал голомтоо бадраан, тэр хотдоо амьдрах болжээ. Гэтэл амьдрал нь жинхэнэ аз жаргалгүй байгааг тэдний хэн нэг нь анзаарч мэдээд үнэнийг хайж эхэлжээ. Тэд Гэрчүүдийн дэлгэрүүлдэг сайн мэдээнд анхаарлаа хандуулснаар үнэнийг олжээ. Тийнхүү олон жилийн дараа тэр жижиг хурал өсөж эхэлсэн байна. Хаанчлалын тухай бууж өгөлгүйгээр дэлгэрүүлж байсан Гэрчүүд хичнээн баярласныг төсөөлөөд үз дээ! Хаанчлалын тухай агуу гайхамшигтай энэ мэдээг цөхрөлтгүй дэлгэрүүлбэл бидэнд бас баяр баясгалан авчирж болно!
Итгэл нэгтнүүд тань тусална
13. Сэтгэлээр унасан үедээ бид хэнд хандах хэрэгтэй вэ?
13 Хүндрэл бэрхшээл тулгарах юм уу золгүй явдал тохиолдоход та хэнд хандан өршөөл энэрэл эрэх вэ? Еховад өөрсдийгөө зориулсан олон сая Гэрч юуны түрүүнд Еховад хандан залбирдаг ба дараа нь итгэл нэгтнүүддээ ханддаг. Есүс өөрөө дэлхийд байхдаа шавь нарынхаа тусламж дэмжлэгийг их үнэлдэг байсан. Алуулдаг шөнөө Есүс тэдэнд: «Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн» гэж хэлсэн (Лук 22:28). Шавь нар нь төгс бус хүмүүс байсан хэдий ч тэдний үнэнч байдал нь Бурхны Хүүг тайвшруулж байлаа. Итгэл нэгтнүүдийн маань тусламж дэмжлэг бидэнд ч мөн хүч өгнө.
14, 15. Хүүгээ алдсан христиан эцэг эхийг хүнд байдлаа даван туулахад нь юу тусалсан бэ? Та үүнээс ямар сургамж авсан бэ?
14 Мишель Диана гэдэг христиан хос, ах эгч нарын тусламж дэмжлэг хичнээн үнэтэй болохыг өөрсдийн биеэр үзжээ. Тэдний 20 настай хүү Жонатан тархины хавдартай болох нь тогтоогджээ. Тэр хүү идэвх зүтгэлтэй Гэрч бөгөөд ирээдүйтэй нэгэн байлаа. Эмч нар амийг нь аврах гэж хичнээн чармайсан ч Жонатаны биеийн байдал улам муудсаар нэгэн өдөр орой хир насан өөд болжээ. Мишель Диана хоёр орох гарах газраа олж чадахгүй байв. Яг тэр үед Үйлчлэх цуглаан болж байсан ба цуглаан дуусах цаг болж байгааг тэд барагцаалж байв. Аргаа барсан аав ээж хоёрт сэтгэл санааны дэмжлэг туслалцаа хэрэгтэй байсан учраас тэр хоёрын дэргэд байсан ахлагчийг хамт Хаанчлалын танхимд очихыг гуйжээ. Тэд Жонатаныг нас барсан тухай мэдээлж байх яг тэр үед танхимд хүрэлцэн ирсэн байна. Цуглааны дараа ах дүү нар уйлж гашуудсан аав ээж хоёрыг бүчин тэвэрч, сэтгэл зассан үг хэлцгээжээ. Хожим Диана: «Танхимд ирэх үед бидний сэтгэл хоосон болчихсон юм шиг байж билээ. Гэтэл сүнслэг ах дүүс маань сэтгэл санааны ямар их дэмжлэг үзүүлсэн гэж санана! Хэдийгээр тэд бидний уй гашууг бүрэн арилгаагүй ч гэсэн биеэ барихад маань их дэм болсон доо» хэмээн дурсан ярьж билээ (Ром 1:11, 12; 1 Коринт 12:21–26).
15 Золгүй явдал Мишель Диана хоёрыг итгэл нэгтнүүдтэйгээ болон бие биетэйгээ улам ойр дотно болоход тусалжээ. Хожим Мишель: «Би эхнэрээ улам их хайрладаг болсон. Хүнд цаг мөчид бид хоёр өөр хоорондоо Библийн үнэний талаар, Ехова биднийг хэрхэн дэмжин тусалж байгаа талаар ярилцдаг юм» хэмээн ярьсан билээ. Диана: «Хаанчлалд найдах найдвар маань одоо бүр илүү утга учиртай болсон» хэмээн нэмж хэлсэн юм.
16. Хэрэгцээ шаардлагынхаа талаар ах дүүстээ хэлж мэдэгдэх нь яагаад чухал бэ?
16 Тийм ээ, хэцүү цагт христиан ах дүүс маань л бидэнд «түшиг тулгуур» болж, баяр баясгалангаа хадгалахад маань тусалдаг (Колоссай 4:11, ШЕ). Гэхдээ тэд бодол санааг маань уншиж чадахгүй нь ойлгомжтой. Тийм болохоор тусламж дэмжлэг шаардлагатай болсон үедээ хэлж мэдэгдэх нь зүйтэй. Дараа нь сэтгэл санаа зассан явдалд нь талархлаа илэрхийлэх хэрэгтэй бөгөөд үүнийг Еховагаас үзүүлж байгаа дэмжлэг тусламж хэмээн үзэх хэрэгэтэй (Сургаалт үгс 12:25; 17:17).
Хурлаа харагтун
17. Ганц бие христиан эхэд ямар ямар бэрхшээл тулгардаг вэ? Тийм хүмүүст бид хэрхэн хандах ёстой вэ?
17 Та итгэл нэгтнүүдтэйгээ хэдийчинээ ойр дотно танилцаж, тэдэнтэй хэдийчинээ ойр дотно харилцаатай байна тэднийг төдийчинээ үнэлж, төдийчинээ баяр баясгалан эдэлнэ. Хурлаа харагтун. Юу харагдаж байна вэ? Хүүдүүдээ үнэний замаар хүмүүжүүлэх гэж чармайж яваа ганц бие эмэгтэй байна уу? Тэр эмэгтэйн үзүүлж байгаа гайхамшигтай үлгэр жишээний талаар та бодож үзсэн үү? Тэр эмэгтэйтэй ямар ямар бэрхшээл учирдгийг та төсөөлөөд үз дээ. Жийнин гэдэг ганц бие эх тэдгээр бэрхшээлийн заримаас дурсаж байна. Үүнд: Ганцаардах, хамт ажилладаг эрчүүд нь садар самуун явдалд өдөн турхирах, мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдах гэх мэт. Хүүхдүүд янз бүрийн ааш араншин, хүсэл сонирхолтой учраас тэдний сэтгэл санааны хэрэгцээг хангах явдал хамгийн хэцүү асуудал гэж тэр ярьсан юм. Жийнин өөр нэгэн бэрхшээлийн талаар: «Хүүг гэрийн тэргүүн биш, нөхрийг минь орлож чадахгүй гэж бодох нь үнэндээ хүнд байдаг. Би охинтой. Заримдаа санаа зовоож байгаа зүйлийнхээ талаар ярьж, бүх бэрхшээлээ түүнд тохож болохгүй гэдгээ мартчихдаг юм» хэмээн ярьсан билээ. Жийнин бусад олон мянган ганц бие христиан эцэг эхийн адил бүхэл өдөржингөө ажиллахын зэрэгцээ гэр орныхоо ажлыг амжуулна. Түүний хажуугаар хүүхдүүдтэйгээ Библи судалж, дэлгэрүүлэх ажилд сурган, цуглаанд дагуулж явна (Ефес 6:4). Үнэнч шударга байдлаа хадгалахын тулд өдөр бүр хичээн чармайж байгаа энэ гэр бүлийг хараад Ехова яасан их баярладаг бол оо! Бидний дунд тийм хүмүүс байдаг нь зүрхийг маань баярлуулдаггүй гэж үү? Мэдээжээр, баярлуулалгүй яахав.
18, 19. Хурлынхаа гишүүдэд хэрхэн илүү ихээр хүндэтгэл үзүүлж болохоо жишээгээр үзүүлнэ үү.
18 Хурлаа дахин нэг харагтун. Цуглаандаа тогтмол ирж, Бурханд шүтлэг мөргөл үйлдэх газрыг «хэзээ ч орхилгүй» Еховад үнэнч үйлчилдэг бэлэвсэн эрчүүд, эмэгтэйчүүд байдаг байж болох юм (Лук 2:37). Тэдэнд ганцаардах үе байдаг уу? Мэдээжээр, байлгүй яахав. Тэд ханиа маш ихээр үгүйлдэг. Гэсэн хэдий ч тэд идэвх зүтгэлтэйгээр Еховад үйлчлэн, бусдад хайр халамжаа илэрхийлсээр л байдаг. Тэдний тууштай байдал хийгээд зөв сэтгэл хуралд баяр баясгалан нэмдэг! 30 гаруй жил бүрэн цагийн үйлчлэгчээр үйлчилсэн нэгэн христиан эмэгтэй: «Янз бүрийн олон сорилт бэрхшээлийг даван туулж, одоо хүртэл Еховад үнэнч үйлчилж байгаа нас өндөр болсон ах эгч нарыг харахад хичнээн баярламаар гээч!» хэмээн хэлсэн байна. Тийм ээ, нас өндөр болсон ах эгч нар маань залуучуудад их урам зориг өгдөг!
19 Хуралтай харьцдаг болсоор удаагүй байгаа шинэ хүмүүсийн тухайд ямар байдаг вэ? Цуглаанууд дээр итгэлээ илэрхийлж байгаа нь бидэнд урам зориг хайрладаггүй гэж үү? Библи судалж эхэлсэн цагаасаа хойш тэдний яаж ахиж дэвшсэнийг бодоорой. Ехова тэдэнд талархах нь мэдээж. Харин та? Тэдний хүчин чармайлтыг бид магтан сайшаадаг бил үү?
20. Хүн болгон хуралд чухал үүрэгтэй гэж хэлж болохын учир юу вэ?
20 Гэр бүлтэй юү, үгүй юү? Өнчин өрөөсөн үү, эсвэл бэлэвсэн, ганц бие үү? Хурлын гишүүн болоод удаж байна уу, үгүй юү? гэдгээс хамаарахгүйгээр үнэнчээр үйлчилж байгаа жишээ тань бидэнд урам зориг өгдөг гэдэгт та бүү эргэлзээрэй. Хаанчлалын танхимд хурлынхантайгаа хамт дуу дуулж, хариулж, Теократ үйлчлэлийн сургууль дээр сургалтын үг хэлж байгаа тань бидний баяр баясгаланд нэмэр хандив болж байгаа нь тэр юм. Гэхдээ бүхнээс чухал нь Еховагийн зүрхийг баярлуулж байгаад билээ.
21. Бид яах бүрэн үндэстэй вэ? Ямар ямар асуулт гарч болох вэ?
21 Тийм ээ, энэхүү түгшүүртэй цаг үед ч гэсэн жаргалтай Бурхнаа шүтсэнээр бид баяр баясгалан эдэлж чадна. Бид Паулын: «Баярлагтун... Хайрын ба энх тайвны Бурхан та нартай хамт байх болно» хэмээн хэлсэн урам хайрласан үгийг хүлээн авах бүрэн үндэстэй юм (2 Коринт 13:11). Гэтэл хэрэв бид байгалийн гамшигт нэрвэгдэж, мөрдлөг хавчлагат өртөх юм уу эдийн засгийн бэрхшээлтэй тулгарвал яах вэ? Тийм нөхцөлд ч гэсэн баяр баясгалангаа хадгалж болох уу? Дараагийн өгүүллийг уншаад дүгнэлт хийгээрэй.
Та хариулж чадах уу?
• Баяр баясгалан гэж юу вэ?
• Зөв сэтгэлтэй байх нь баяр баясгалангаа хадгалахад ямар тустай вэ?
• Дэлгэрүүлэх хэсгээ зөвөөр харахад бидэнд юу туслах вэ?
• Хурлынхаа гишүүдийг та юугаар нь үнэлдэг вэ?
[Догол мөрийн асуулт]