Skip to content

Гарчиг руу орох

Абрахамынх шиг итгэлтэй байгтун!

Абрахамынх шиг итгэлтэй байгтун!

Абрахамынх шиг итгэлтэй байгтун!

«Итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм» (ГАЛАТ 3:7).

1. Канаан нутагт нүүрлэсэн шинэ сорилтыг Абрам хэрхэн давсан бэ?

 АБРАМ Еховагийн тушаалыг даган, Ур хотын тохь тухтай амьдралыг орхин явсан. Гэвч дараагийн жилүүдэд тохиолдсон тохь тухгүй байдал Египетэд байхдаа даван туулах шаардлагатай болсон итгэлийн сорилтуудтай харьцуулбал өчүүхэн зүйл байлаа. Библид: «Тэр газарт ган болсон» гэж байдаг. Цөхрөн сөгдөхөд нь Абрамд ганц хуруу дутуу байв! Гэхдээ Абрам гэр бүлээ тэжээхийн тулд шаардлагатай алхмууд хийсэн. «Абрам Египетэд түр суухаар тийшээ очив. Тэр нутаг маш их гантай байжээ». Абрамын өнөр бүл ирснийг египетчүүд анхааралгүй өнгөрсөнгүй. Ехова амлалтаа биелүүлж, Абрамыг муугаас хамгаалсан болов уу? (Эхлэл 12:10; Египетээс гарсан нь 16:2, 3).

2, 3. а) Сараиг эхнэрээ гэдгийг Абрам яагаад нуусан бэ? б) Абрам нөхцөл байдалд тохируулан эхнэртэйгээ хэрхэн харьцсан бэ?

2 Эхлэл 12:11–13-т: «Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа өгүүлрүүн: «„Чи бол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгийг би мэднэ. Египетчүүд чамайг хараад, „Энэ бол түүний эхнэр байна“ гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ. Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана“ гэжээ» хэмээн бичсэн буй. Сараи 65 илүү насалсан байсан хэдий ч урьдын адил үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ байлаа. Энэ нь Абрамын амь насанд аюул учруулах шалтгаан болсон аж * (Эхлэл 12:4, 5; 17:17). Ехова Абрамын үр хүүхдээр дамжуулан газар дэлхийн бүх үндэстнийг ивээнэ гэж хэлсэн билээ. Тийнхүү дээрх асуудал Еховагийн хүсэл сонирхолд хамаатай байсан учраас бүр ч чухал байлаа (Эхлэл 12:2, 3, 7). Абрам хүүхэдгүй хэвээрээ байсан болохоор амьд үлдэх нь юу юунаас илүү чухал байв.

3 Абрам өөрийнхөө дүү бүсгүй гэж хэлүүлэхээр урьд нь тохиролцсон тэр зальжин аргаа хэрэглэхийг эхнэрээсээ гуйсан. Абрам эцгийн эрхт ёсны эрх мэдэлтэй байсан хэдий ч байр сууриа хэтрүүлэн ашиглалгүй, харин эхнэрээсээ хамтран ажиллаж, туслахыг гуйсан (Эхлэл 12:11–13; 20:13). Үүгээрээ Абрам тэргүүлэх үүргээ хайрын сэтгэлээс хэрхэн гүйцэлдүүлэхийг эрчүүдэд, харин Сараи нөхөртөө дуулгавартай байхын үлгэр жишээг орчин үеийн эмэгтэйчүүдэд үзүүлсэн (Ефес 5:23–28; Колоссай 4:6).

4. Өнөөдөр итгэл нэгтнүүд нь эрсдэхэд хүрвэл Бурхны үнэнч үйлчлэгчид биеэ хэрхэн авч явах ёстой вэ?

4 Сараиг Абрамын дүү гэж хэлж болох байв. Учир нь үнэн хэрэгтээ Абрам Сараи хоёр эцэг нэгтэй ах дүүс байсан юм (Эхлэл 20:12). Түүнээс гадна Абрам ямар нэгэн мэдээг мэдэх ёсгүй хүмүүст уг мэдээг хэлэх албагүй байсан (Матай 7:6). Өнөөдөр Бурхны үйлчлэгчид үнэнч шударга байх тухай Библийн тушаалыг чанд биелүүлдэг (Еврей 13:18, ШЕ). Жишээ нь: Тэд шүүх хуралд хэзээ ч худлаа хэлдэггүй. Хэдий тийм боловч мөрдлөг хавчлага юм уу нийгмийн эмх замбараагүй байдлын үед итгэл нэгтнүүд нь бие махбод болон сүнслэг талаараа эрсдэхэд хүрвэл тэд «могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай» гэсэн Есүсийн зөвлөгөөг сахин мөрддөг (Матай 10:16; «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1996 оны 11-р сарын 1-ний дугаарын 18-р хуудас, 19-р догол мөрийг үзнэ үү).

5. Сараи Абрамын гуйлтыг хүлээн авахад бэлэн байсны учир юу вэ?

5 Абрамын гуйлтыг Сараи хэрхэн хүлээж авсан бэ? Түүнтэй адил эмэгтэйчүүдийг элч Петр «Бурханд найдвараа тавьдаг» гэж тодорхойлон бичсэн буй. Тэгэхлээр энэ нь сүнслэг ямар асуудал хөндсөнийг Сараи ойлгож байсан гэсэн үг. Түүнээс гадна Сараи нөхөртөө хайртай бөгөөд түүнийг хүндэтгэдэг байв. Тийм учраас Сараи „нөхөртөө захирагдан“, эхнэртэй гэдгийг нь нуухаар шийджээ (1 Петр 3:5). Энэ нь аз туршсан хэрэг байсан нь мэдээж. «Абрамыг Египетэд очиход нь египетчүүд тэр бүсгүйн маш их үзэсгэлэнтэй сайхныг харжээ. Фараоны түшмэд ч түүнийг хараад, Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ» (Эхлэл 12:14, 15).

Еховагийн ачаар аврагдсан нь

6, 7. Абрам Сараи хоёр ямар хэцүү байдалд орсон бэ? Ехова Сараиг хэрхэн аварсан бэ?

6 Энэ хэрэг явдал Абрам Сараи хоёрт ямар хэцүү байсан нь ойлгомжтой! Нэгэн бодлын Сараи хүчинд автсан юм шиг байлаа. Түүнээс гадна Фараон Сараиг нөхөртэй гэдгийг мэдэлгүйгээр Абрамд «хонь, үхэр, эр эм илжиг, эрэгтэй, эмэгтэй боол, шивэгчин, тэмээ» зэргийг бэлэг болгон өгчээ * (Эхлэл 12:16). Уг бэлгийг авах нь Абрамд ямар гутамшигтай байсан бол оо! Хэдийгээр байдал хүнд байсан ч Ехова Абрамыг орхиогүй.

7 «ЭЗЭН Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхэнд хүнд гай зовлон учруулав» (Эхлэл 12:17). Фараон ямар нэг байдлаар энэ «гай зовлонгийн» жинхэнэ шалтгааныг мэдсэн аж. Тэрбээр тэр даруй арга хэмжээ авчээ. «Тэгээд Фараон Абрамыг дуудаж: „Чи яагаад надад ингэж хандав аа? Чи яагаад түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ? Чи яагаад түүнийг миний дүү охин гэж хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо аваад яв“ гэв. Фараон энэ тухай хүмүүстээ тушаасанд тэд Абрамыг болон эхнэрийг нь хамаг эд юмсынх нь хамт явуулав» (Эхлэл 12:18–20; Дуулал 105:14, 15).

8. Өнөөдөр Ехова христиануудыг юунаас хамгаалахаа амладаг вэ?

8 Өнөөдөр Ехова биднийг үхэл, гэмт хэрэг, өлсгөлөн хийгээд байгалийн гамшгаас хамгаална гэж амладаггүй. Харин сүнслэг байдалд маань аюул занал учруулдаг зүйлээс хэзээ ямагт хамгаалахаа амладаг (Дуулал 91:1–4). Тэрбээр Үгээрээ болон «итгэмжит ухаалаг боолоор» дамжуулан, аюулыг гол төлөв тухайн цагт нь урьдчилан сануулах замаар биднийг хамгаалдаг (Матай 24:45). Мөрдөн хавчигчдын гарт үхэх аюулаас хамгаалдаг уу? Бурхан хааяа зарим хүнийг үхэхийг хүлцдэг хэдий ч ард түмнээ бүхлээр нь устгуулахыг хэзээ ч зөвшөөрдөггүй (Дуулал 116:15). Хэрэв Бурхны үнэнч үйлчлэгчдээс хэн нэг нь насан өөд болох аваас бид түүнийг дахин амилна гэдэгт итгэлтэй байж болно (Иохан 5:28, 29).

Энхийн төлөө хохирол амсахад бэлэн байсан нь

9. Абрам Канаан нутгаар нүүдэллэн явахдаа хаана ч төвхнөн суурьшаагүй гэдгийг бид хаанаас мэдэж болох вэ?

9 Канаанд нүүрлэсэн өлсгөлөн өнгөрмөгц «Абрам эхнэр болон хамаг эд юмсаа аваад, Лоттой хамт Египетээс гарч, Негев [Иудейн уулсаас өмнө зүгт байдаг гандуу нутаг] уруу хөдөлжээ. Абрам мал адгуус, алт мөнгө ихтэй, маш баян байжээ» (Эхлэл 13:1, 2). Нутгийн оршин суугчдын хувьд Абрам эрх мэдэлтэй, нөлөө бүхий ноён байлаа (Эхлэл 23:6). Абрам канаанчуудын дунд төвхнөж, тэдний хэрэг явдалд оролцоогүй билээ. Харин ч, «Негевээс гараад Бетел хүртэл аялж, Бетел Аи хоёрын хооронд урьд өмнө майхнаа босгож байсан газартаа хүрч ирэв». Тийм ээ, Абрам хаашаа ч явсан Еховаг шүтэх асуудлыг цаг ямагт тэргүүн зэрэгт тавьдаг байлаа (Эхлэл 13:3, 4).

10. Абрам Лот хоёрын малчдын хооронд ямар бэрхшээл бий болсон бэ? Уг бэрхшээлийг даруй шийдэх нь яагаад чухал байсан бэ?

10 «Абрамтай хамт явсан Лот бас мал сүрэг, майхантай байсан учир тэр газар нь тэднийг хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир нэг дор хамтран амьдрах аргагүй болжээ. Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт канаанчууд болон перизчүүд нутаглан суудаг байлаа» (Эхлэл 13:5–7). Абрам Лот хоёрын мал сүрэгт ус унд, бэлчээр нутаг хүрэлцэхээ больсон. Иймээс малчид хоорондоо марган гомдоллох болжээ. Жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүсийн хувьд хэрэлдэж маргах нь зохимжгүй бөлгөө. Маргаан үл тасарвал эцэстээ эвдрэлд хүргэж болно. Тэгвэл Абрам асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ? Эцгийг нь нас барсны дараа Абрам Лотыг үрчлэн авч, яг л төрсөн хүү шигээ санан, өсгөж хүмүүжүүлсэн байх. Нөгөө талаар Абрам Лотоос ах хүн. Тийм болохоор Абрам өөртөө ашигтайгаар сонгох эрхгүй гэж үү?

11, 12. Абрам Лотод уужим сэтгэлээр ямар санал тавьсан бэ? Лотын сонголт яагаад ухаалаг бус байсан бэ?

11 Гэвч Абрам Лотод: «Бид бол ахан дүүс. Чи бид хоёрын хооронд, бас танай, манай малчдын хооронд маргаан бүү гараг! Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал, би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал, би зүүн тийшээ явъя» гэж хэлжээ. Бетелийн ойролцоо «Палестины хараа талбих толгой» гэж нэрлэдэг газар байдаг. Магадгүй энэ газраас «Лот хараагаа өргөн, Иорданы тал хөндийг бүх газартаа ус элбэгтэй, ЭЗЭНий цэцэрлэг шиг, мөн Зоар хүртэлх Египетийн нутаг шиг байхыг харсан» болов уу. «Энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв» (Эхлэл 13:8–10).

12 Библид Лотыг «зөвт» хүн тодорхойлдог хэдий ч энэ тохиолдолд тэр яагаад ч юм Абрамыг хүндэтгэж үзээгүйгээр барахгүй, ахмад настайг нь бодоод ч гэсэн түүнээс асууж, зөвлөөгүй бололтой (2 Петр 2:7). «Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, зүүн тийш нүүжээ. Тэд бие биеэсээ салцгаав. Абрам Канаан нутагт амьдран сууж, Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн, Содомын ойролцоо босгожээ» (Эхлэл 13:11, 12). Содом хот баян байсан бөгөөд тэнд оршин суугчид баян тансаг амьдрах боломжтой байжээ (Езекиел 16:49, 50). Эд материалын ашгийг бодвол Лотын сонголт мэргэн юм шиг байсан хэдий ч сүнслэг асуудлын хувьд ухаалаг бус байсан юм. Яагаад гэвэл Эхлэл 13:13-т бичсэнээр «Содомын хүмүүс хэт хорон муухай, ЭЗЭНий өмнө их нүгэлтэй байв». Тэр нутагт суурьших Лотын шийдвэр эцэстээ гэрийнхэнд нь их уй гашуу авчирсан.

13. Мөнгөтэй холбоотой асуудлаас болж маргаанд өртөж болзошгүй хүмүүст Абрамын жишээ ямар ашигтай вэ?

13 Үр удамд нь энэ нутгийг өгнө гэсэн Еховагийн амлалт эцсийн эцэст биелнэ гэдэгт Абрам итгэж байсан учраас энэхүү жижиг хэсгийн төлөө маргаагүй юм. Хожим 1 Коринт 10:24-т: «Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг» хэмээсэн зарчмын дагуу тэрээр уужим сэтгэлээр хандсан. Энэ бол мөнгөтэй холбоотой асуудлаас болж итгэл нэгтэнтэйгээ маргаж болзошгүй хүнд сайхан сануулга юм. Зарим Гэрч Матай 18:15–17-д байдаг зөвлөгөөг дагахын оронд итгэл нэгтнээ шүүхэд өгдөг (1 Коринт 6:1, 7). Абрамын жишээнээс харахад Еховагийн нэрийг гутаах юм уу христиан хурал дахь энх амгалан байдлыг эвдсэнээс хохирол амссан нь дээр аж (Иаков 3:18).

14. Уужим сэтгэл гаргасныхаа төлөө Абрам ямар шагнал хүртсэн бэ?

14 Абрам уужим сэтгэл гаргасныхаа төлөө шагнал хүртсэн. Бурхан түүнд: «Чиний үр хүүхдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол чиний үр хүүхдийг ч тоолж чадмуй» гэж хэлсэн. Ийнхүү амласан нь үр хүүхэдгүй Абрамд ямар их урам хайрлах ёстойг бод доо! Дараа нь Бурхан: «Босоод, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө» хэмээн тушаажээ (Эхлэл 13:16, 17). Тийм ээ, тохь тухтай хотод удаан суухыг Абрамд зөвшөөрөөгүй. Тэр канаанчуудаас тусдаа байх ёстой байв. Өнөөдөр ч гэсэн христианууд мөн адил, ертөнцөөс тусгаар байх ёстой. Еховагийн Гэрчүүд өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үздэггүй ч Библийн зарчимд харш үйл хэрэг уруу чангааж болохоор хүмүүстэй хэтэрхий ойр харьцдаггүй (1 Петр 4:3, 4).

15. а) Абрам хөндлөн гулд хэрэн явж байсан нь ямар ач холбогдолтой байсан байж болох вэ? б) Өнөөгийн христиан гэр бүлд Абрам ямар жишээ үзүүлсэн бэ?

15 Дээр үед хүн газар нутгийг эзэмшлээ болгон авахын өмнө түүнийг сайтар үзэж судлах эрхтэй байлаа. Тийм учраас тэр газар нутгаар Абрам хөндлөн гулд хэрэн явж байсан нь нэгэн цагт энэ бүх газар нутаг үр удмынх нь нутаг болно гэдгийг түүнд байнга сануулж болох байв. Абрам Еховад захирагдан «майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад, тэнд ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгожээ» (Эхлэл 13:18). Абрам Еховаг шүтэх шүтлэгийг амьдралынхаа ямар чухал хэсэг болгосноо дахин харуулсан. Гэр бүлийн судлал, хамтдаа залбирах, цуглаанд хамт явах зэрэг асуудал танай гэр бүлд чухал байр эзэлдэг үү?

Дайсны довтолгоо

16. а) Эхлэл 14:1-д байгаа оршил үг яагаад сүрдүүлэх өнгө аястай байдаг вэ? б) Дорнын дөрвөн хаан довтлох болсны учир юу вэ?

16 «Энэ үед Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер *, Гойимын хаан Тидал нар... дайтжээ». Эртний еврей хэлээр энэ оршил үг буюу «энэ үед...» нь «ивээлээр төгсдөг сорилтын үеийг» заасан сүрдүүлэх өнгө аястай байна (Эхлэл 14:1, 2). Дорнын дөрвөн хаан цэрэг эрсээ хөдөлгөн, Канаанд халдан довтолсноор сорилт эхэлсэн. Ямар зорилгоор довтолсон бэ? Содом Гоморра Адма Зебойим Бела зэрэг таван хотод гарсан бослогыг дарахын тулд ажээ. Эдгээр хаад бүх эсэргүүцлийг бут цохисоор «Сиддимийн хөндий буюу Давст тэнгис хүртэл холбоотон болж явав» (ШЕ). Лот болон түүний гэр бүлийнхэн үүнээс тун холгүй сууж байлаа (Эхлэл 14:3–7).

17. Лотыг олзолсон нь Абрамын хувьд яагаад итгэлийн сорилт болсон бэ?

17 Канааны хаад булаан эзлэгчдийг шаргуу эсэргүүцсэн боловч яаж ч чадалгүй ялагдал хүлээсэн. «Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав. Тэд бас Содомд сууж байсан Абрамын ач дүү Лотыг эд юмстай нь хамт булаан авч оджээ». Энэ аймшигтай үйл явдлын тухай мэдээ Абрамд тэр даруйдаа дуулджээ. «Нэгэн зугтаж буй хүн еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байжээ. Тэгээд Абрам ач дүүгээ баригдсаныг сонсов» (Эхлэл 14:8–14). Итгэлийн хүнд сорилт байлаа! Сайн газар авчихсан гэж Абрам ач дүүдээ юм санасан уу? Булаан эзлэгчид Абрамын төрөлх нутаг Шинараас ирсэн гэдгийг бас санах хэрэгтэй. Тэдний эсрэг тэмцэх нь нутагтаа буцаж очих боломжийг нь бүр мөсөн хаана гэсэн үг. Бас Канааны орнуудын нэгдсэн хүчийг ялсан цэргийн эсрэг Абрам юу хийж чадах билээ?

18, 19, а) Абрам Лотыг аварч чадсаны учир юу вэ? б) Энэ ялалтыг хэн байгуулсан бэ?

18 Абрам дахиад л Еховад бүрэн найдсан. Абрам «гэрт нь төрсөн бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдан, Дан хүртэл нэхэн хөөжээ. Абрам өөрийнхөө хүмүүсийг тэдний эсрэг хувааж, шөнө дүлээр тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж, булаагдсан эд юмс, ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчиржээ» (Эхлэл 14:14–16). Еховад бат итгэсэн Абрам өөрөөс нь хүчээр давуу дайсныг ялж, Лотыг гэрийнхний нь хамт аварчээ. Чухам яг тэр үед Абрам Салемын хаан-тахилч Мелхизедектэй уулзжээ. «Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурхны тахилч байсан бөгөөд Абрамыг ерөөж өгүүлрүүн: „Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан Абрамыг ерөөх болтугай! Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай!“ гэв. Абрам түүнд бүх юмны аравны нэгийг өгчээ» (Эхлэл 14:18–20).

19 Ялалтыг Ехова байгуулсан билээ. Абрам итгэлтэй байсан учраас Ехова түүнийг дахин аварсан. Өнөөдөр Бурхны ард түмэн бусдын өдөөсөн дайнд оролцдоггүй хэдий ч олон бэрхшээл, сорилттой тулгардаг. Тийм бэрхшээл, сорилтыг амжилттай даван туулахад Абрамын жишээ хэрхэн тусалж болохыг дараагийн өгүүллээс үзнэ.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Судрыг ойлгох нь» гэдэг нэртэй бүтээлд: «Сайхан хүүхнийг баривчилж, нөхрийг нь алахыг цэргүүддээ тушаасан Фараоны тухай баримт нэгэн эртний муутуу цаасан дээр байдаг» хэмээн тэмдэглэсэн байна («Insight on the Scriptures»). Тэгэхлээр Абрамын айсан нь үндэстэй байжээ.

^ Тэр үед Абрамд бэлэг болгон өгсөн боолуудын дотор хожим Абрамын татвар эм болсон Хагар байсан байж магадгүй (Эхлэл 16:1).

^ Нэгэн үе Библийг шүүмжлэгчид Елам Шинарт хэзээ ч тийм нөлөөтэй байгаагүй бөгөөд Хедорлаомерын довтолсон тухай мэдээлэл худал гэж нотолдог байв. Библийн энэмэдээллийг нотолдог археологийн нотолгоо бүхий материалыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1989 оны 12-р сарын 1-ний дугаарын 4—7-р хуудаснаас үзнэ үү.

Үүнийг та анхаарсан уу?

• Канаан нутагт болсон өлсгөлөн ямар учраас Абрамын итгэлийн сорилт болсон бэ?

• Абрам Сараи хоёр орчин үеийн христиан нөхөр, эхнэрүүдэд ямар сайхан үлгэр жишээ үзүүлсэн бэ?

• Абрам өөрийнхөө болон Лотын зарц нарын хооронд үүссэн маргааныг хэрхэн шийдвэрлэсэн байдлаас бид ямар сургамж авч болох вэ?

[Догол мөрийн асуулт]