Хэн биднийг Бурхны хайраас салгаж чадах вэ?
Хэн биднийг Бурхны хайраас салгаж чадах вэ?
«Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм» (1 ИОХАН 4:19).
1, 2. а) Биднийг хүмүүс хайрладаг гэдгийг мэдэх нь яагаад чухал бэ? б) Бидэнд хэний хайр бүхнээс илүү хэрэгтэй вэ?
ХҮМҮҮС таныг хайрладаг гэдгийг мэдэх нь аль хир чухал бэ? Хүн бага балчраасаа эхлээд өтөл нас хүртлээ бусдын хайрыг хүртэн амьдардаг. Хайртай эхийнхээ гар дээр байгаа бяцхан үрийг та харсан биз дээ? Бяцхан хүүхэд хайраар бялхсан эхийнхээ гар дээр энхрий харцыг нь ширтэн байхдаа эргэн тойронд нь юу ч болж байлаа гэсэн тайван амгалан байдаг. Та ер нь өсвөр насныхаа ширүүхэн үеийг заримдаа санадаг биз дээ? (1 Тесалоник 2:7). Тэр насандаа та юу хүсэж, юу мэдэрч байгаагаа ч ойлгож, мэддэггүй байсан байж болох юм. Гэхдээ эцэг эх минь надад хайртай шүү гэдгийг мэдэх нь танд хичнээн чухал байсан бол оо! Ямар ч асуудал, бэрхшээл тулгарсан эцэг эхдээ хандаж болно гэдгээ мэдээд сэтгэл тань амардаггүй байсан гэж үү? Үнэндээ бидний бүх л амьдралын туршид юу юунаас илүүгээр бусдын хайр хэрэгтэй байдаг. Тийнхүү бусад хүн биднийг хайрладаг нь бид тэдэнд хичнээн үнэтэй болохыг харуулдаг.
2 Үвтэгш, дүн нуруутай хүн болж өсөхөд эцэг эхийн хайр чухал үүрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэнгэрийн Эцэг Ехова маань биднийг хайрладаг гэдгийг мэдэж итгэх нь сүнслэг болоод сэтгэл санааны сайн сайханд маань бүр ч чухал билээ. Энэ сэтгүүлийг уншигчдаас зарим нь эцэг эхийнхээ хайр халамжийг жинхэнэ ёсоор хүртээгүй байж болох юм. Хэрэв тийм хүн байвал бүү гутраарай. Эцэг эхийн хайрыг ер амсаагүй буюу өчүүхэн бага амссан бол түүнийг Бурхны хувиршгүй хайр нөхнө.
3. Ехова ард түмнээ яаж хайрладагаа хэрхэн тунхагласан бэ?
3 Эх хүн хөхүүл хүүхдээ «мартаж» болох ч Ехова өөрөө ард түмнээ хэзээ ч мартахгүй гэдгээ зөнч Исаиагаар дамжуулан хэлсэн (Исаиа 49:15). Тэрчлэн дуулалч Давид: «Миний эцэг эх намайг орхисон, харин ЭЗЭН намайг босгоно» хэмээн итгэлтэйгээр хэлсэн (Дуулал 27:10). Юутай урам хайрласан үг вэ! Хэрэв та өөрийгөө Ехова Бурханд зориулсан үйлчлэгч нь болж, түүнтэй ойр дотно харьцаа хөгжүүлсэн байх аваас ямар ч нөхцөл байдал тулгарлаа гэсэн тэрээр таныг ямар ч хүний хайраас илүүгээр хайрлах болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй!
Бурхны хайран дотор өөрсдийгөө байлгагтун
4. Нэгдүгээр зууны христианууд Бурхны хайрыг хэрхэн мэдсэн бэ?
4 Еховагийн хайрыг та анх хэзээ мэдсэн бэ? Таны хувьд нэгдүгээр зууны христиануудад тохиолдсон шиг юм болсон байж магадгүй. Паул Ромын христиануудад илгээсэн захидлынхаа тавдугаар бүлэгт нэгэн цагт Бурхнаас хөндийрсөн байсан нүгэлтнүүд Еховагийн хайрыг хэрхэн мэдсэнийг яруу тодоор дүрсэлсэн буй. Тавдугаар зүйлд: «Бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурхны хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг» гэж буй. Паул наймдугаар зүйлд: «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм» хэмээн нэмж бичсэн.
5. Бурхны хайр хичнээн их болохыг ойлгож, үнэлэхэд танд юу тусалсан бэ?
5 Түүнтэй адилаар та Бурхны Үгнээс үнэнийг мэдэж, итгэж эхлэх тэр үед зүрхэнд тань Еховагийн ариун сүнс үйлчилж эхэлсэн. Үүний ачаар, Ехова хайртай Хүүгээ таны төлөө үхүүлэхээр илгээн үйлдсэн тэр зүйлсийн чухал болохыг та ойлгон, үнэлж эхэлсэн. Хүмүүст ямар их хайртайг нь мэдэж авахад тань Ехова тийнхүү тусалсан. Хэдийгээр та Бурхнаас хөндийрсөн нүгэлт хүн болж төрсөн ч гэсэн Ехова хүмүүст, зөвт хүн хэмээн тунхаглагдан, мөнхийн амь авах боломж олгосон гэдгийг ойлгоод таны сэтгэл хөдлөөгүй гэж үү? Еховаг хайрлах хайр танд төрөөгүй гэж үү? (Ром 5:10).
6. Заримдаа Ехова хол байгаа юм шиг санагддагийн учир юу вэ?
6 Тэнгэрийн Эцгийнхээ хайранд татагдсаны дараа та амьдралаа түүнд таалагдахуйцаар өөрчлөн, өөрийгөө Бурханд зориулсан. Одоо та Бурхантай энхийн харьцаатай болсон. Гэхдээ танд заримдаа Ехова хол байгаа юм шиг санагддаг уу? Хүн болгонд тийн санагддаг байж болно. Харин Бурхан хэзээ ч өөрчлөгддөггүй гэдгийг үргэлж санаж яваарай. Нар илч дулаанаа, гэрэл гэгээгээ Дэлхий уруу илгээхээ хоромхон төдий ч зогсоодоггүй шиг түүний хайр хэзээ ч хувирч өөрчлөгдөхгүй бөлгөө (Малахи 3:6; Иаков 1:17). Харин бид болохоор түр хугацаагаар ч болов өөрчлөгддөг. Дэлхий тэнхлэгээрээ эргэхийн хирээр манай гаригийн нөгөө талыг харанхуй бүрхдэг. Түүн лугаа адил хэрэв бид Бурхнаас өчүүхэн ч атугай эргэх аваас түүнтэй тогтоосон харьцаа маань хөрөхийг мэдрэх болно. Тийм юм тохиолдвол яаж засах вэ?
7. Өөрийгөө шалгах нь Бурхны хайраас салахгүй байхад маань хэрхэн тусалж болох вэ?
7 Хэрэв биднийг ямар нэг юм Бурхны хайраас салгаад байгаа юм шиг санагдвал өөрөөсөө: «Бурхны хайрыг би байх л ёстой юм гэж үздэг юм биш биз? Би итгэлээ сулруулан, амьд бөгөөд хайртай Бурхнаасаа аажимхан нүүр буруулж байгаа юм биш биз? Би „сүнсний юмсыг“ бус, харин „махан биеийн юмсыг“ боддог юм биш биз?» гэх зэрэг асуултыг асуух хэрэгтэй (Ром 8:5–8; Еврей 3:12). Хэрэв бид Еховагаас холдсон бол түүнийгээ засаж, харьцаагаа дахин ойр, дулаан болгохын тулд шаардлагатай алхмууд хийж болно. Иаков бидэнд: «Бурханд ойртогтун. Тэгвэл тэр та нарт ойртоно» хэмээн уриалсан (Иаков 4:8). Иудагийн: «Хайртууд минь... та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, Ариун Сүнсээр залбиран... Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь [«байлга», ШЕ]» хэмээн хэлснийг бид анхаарах ёстой (Иуда 20, 21).
Нөхцөл байдал өөрчлөгдөх нь Бурхны хайранд нөлөөлөхгүй
8. Амьдрал маань хэрхэн гэнэт өөрчлөгдөж болох вэ?
8 Эд юмсын энэхүү тогтолцооны үед бидний амьдрал янз бүр болон өөрчлөгддөг. Соломон хааны ажигласнаар «бүгдэд [бидэнд] цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» гэж байдаг аж (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Бидний амьдрал ердөө ганцхан цагийн дотор шал өөр болж болно. Өнөөдөр эв эрүүл явснаа маргааш нь хүндээр өвдөж болно. Өнөөдөр хашиж байгаа ажил алба маань баараггүй юм шиг санагдавч маргааш халагдахгүй гэх газаргүй. Үхэл хэлэлгүй ирээд ойр дотныхны маань хэн нэгнийг аваад явчихаж мэднэ. Зарим оронд христианууд хэсэг хугацаанд тайван амгалан амьдарч байснаа гэв гэнэтхэн харгис ширүүн мөрдлөг хавчлагын давалгаанд өртдөг явдал байдаг. Биднийг ямар нэгэн үндэсгүйгээр буруутгаснаас болоод хүмүүс бидэнд шударга бусаар ханддаг болж ч магад. Тийм ээ, бидний амьдрал тийм ч тогтвортой бөгөөд төгс найдвартай биш ээ (Иаков 4:13–15).
9. «Ром» номын наймдугаар бүлэгт анхаарлаа хандуулах нь яагаад ашигтай вэ?
9 Золгүй явдал гэнэт тохиолдоход бид өөрсдийгөө хаягдсан юм шиг, тэр ч байтугай Бурхан биднийг урьдынх шигээ хайрлахаа больчихжээ гэж хүртэл бодож болох юм. Тийм юм хэнд ч тохиолдож болно. Тийм учраас элч Паулын ромчуудад илгээсэн захидлын наймдугаар бүлэгт байдаг сэтгэл тайвшруулам үгсийг сайтар эргэцүүлэн бодох нь ашигтай. Эдгээр үгийг Паул сүнсээр тослогдсон христиануудад бичсэн. Гэхдээ энэ үгс нь зарчмын хувьд «өөр хонинуудад» хамаатай. Тэднийг христиануудаас өмнө амьдарч байсан Абрахамын адил зөвт хүмүүс хэмээн тунхаглаж, Бурхны анд нөхөд гэж нэрлэдэг (Ром 4:20–22; Иаков 2:21–23).
10, 11. а) Дайснууд Бурхны ард түмнийг заримдаа хэрхэн буруутгадаг вэ? б) Эдгээр буруутгал христиануудад ямар ч нөлөө үзүүлдэггүйн учир юу вэ?
10 Ром 8:31–34-ийг уншаарай. Паул: «Хэрэв Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ?» хэмээн асуусан. Үнэндээ Сатан болон түүний ёс бус ертөнц бидний эсрэг байдаг. Дайснууд биднийг үндэсгүй буруутган, шүүх хурал дээр хүртэл хуурамч мэдүүлэг өгдөг. Христиан эцэг эхчүүд Бурхны хуультай зөрчилддөг аргаар хүүхдүүдээ эмчлүүлэхээс татгалзаж, тэдэнд «харь үндэстнүүдийн» баяр тэмдэглэхийг зөвшөөрдөггүй учраас христиан эцэг эхчүүдийг үр хүүхдийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж буруутгах нь байдаг (Үйлс 15:28, 29; 2 Коринт 6:14–16). Дайны үед бусдыг алахаас татгалздагаас нь болоод юм уу, эсвэл улс төрд оролцдоггүйгээс нь болоод төр засгийн эсрэг самуун явдал гаргалаа гэж үнэнч христиануудыг үндэсгүй буруутгах явдал гардаг (Иохан 17:16). Тэрчлэн эсэргүүцэгчид олон нийтийн мэдээлийн хэрэгслээр Еховагийн Гэрчүүд бол «шашны аюултай бүлэг» хэмээн гүтгэлэг тараадаг.
11 Гэвч элч нарын амьдарч байсан тэр үед хүмүүс: «Тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л түүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ» хэмээн ярьж байсныг мартаж болохгүй (Үйлс 28:22). Үндэсгүй буруутгал бидний Еховатай харьцах харьцаанд нөлөөлөхгүй. Яагаад гэвэл Бурхан жинхэнэ христиануудыг Христийн золих тахилд итгэсэн итгэлийг нь үндэслэн зөвт хүмүүс гэж тунхагладаг. Хэрэв Бурхан өөрийн үйлчлэгчдэд хамгийн үнэтэй бэлэг буюу хайртай Хүүгээ өгсөн юм бол яалаа гэж тэднийгээ хайрлахаа болих билээ? (1 Иохан 4:10). Дахин амилаад Бурхны баруун гарт сууж байгаа Христ эдүгээ христиануудыг идэвхийлэн өмгөөлж байна. Дагалдагчдадаа үзүүлж байгаа Христийн өмгөөллийг няцааж, өөрт нь үнэнч хүмүүсийн төлөө Бурхны гаргаж байгаа шийдвэрийг хэн үгүйсгэж чадах юм бэ? Хэн ч чадахгүй! (Исаиа 50:8, 9; Еврей 4:15, 16).
12, 13. а) Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй ямар нөхцөл байдал байдаг вэ? б) Диавол ямар зорилгоор бидэнд хүндрэл бэрхшээл учруулдаг вэ? в) Христианууд дандаа ялдагийн учир юу вэ?
12 Ром 8:35–37-г уншаарай. Биднийг өөрсдөөс маань өөр хэн буюу юу Бурхны хайраас болон түүний Хүү Есүс Христээс салгаж чадах вэ? Сатан дэлхий дэх төлөөлөгчдөө ашиглан христиануудад янз бүрийн бэрхшээл учруулж болох юм. Өнгөрсөн зуунд олон улс оронд бидний христиан ах, эгч нар харгис хэрцгий мөрдлөг хавчлагад өртөж байсан. Өнөөдөр зарим газар итгэл нэгтнүүд маань өдөр бүр эдийн засгийн бэрхшээлтэй тулгардаг. Зарим нь өлсөж цангах юм уу өмсөх хувцасаар гачигдаж байна. Диавол ямар зорилгоор энэ бүх хүндрэл бэрхшээлийг бий болгодог вэ? Түүний нэг зорилго бол Еховаг жинхэнэ ёсоор шүтэхэд саад болох явдал юм. Биднийг хайрлах Бурхны хайр хөрсөн гэдэгт итгүүлэхийг Сатан хүсдэг. Тэгвэл энэ нь үнэхээр тийм гэж үү?
13 Бид Бурхны Үгийг Дуулал 44:22-г иш татсан Паулын адилаар судалдаг. Энэ бүхэн Бурхны нэрийн төлөө, бидэнд буюу Бурхны «хонинуудад» тохиолддог гэдгийг бид ойлгодог. Бурхны нэрийг ариусгаж, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөх асуудал бол дээрхтэй холбоотой юм. Чухам энэ шалтгаанаар Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг болохоос биш биднийг хайрлахаа больсон хэрэг биш юм. Нөхцөл байдал ямар ч хүнд байлаа гэсэн ард түмнээ хайрлах Бурхны хайр, тэр дундаа бидний хүн нэг бүрийг хайрлах хайр нь өчүүхэн төдий ч багасахгүй гэдэгт бид итгэл төгс байдаг. Хэрэв бид Бурханд үнэнч байдлаа хадгалж чадвал ялагдал юм шиг санагдаж байсан болгон маань эцэстээ ялалт болон хувирна. Бурхны хувиршгүй хайрын баталгаа нь бидэнд хүч өгч, түшиг тулгуур болж байдаг.
14. Христиануудад янз бүрийн хүндрэл бэрхшээл тохиолдож болохыг үл харгалзан Паул тэднийг хайрлах Бурхны хайранд итгэлтэй байсны учир юу вэ?
14 Ром 8:38, 39-г уншаарай. Христиануудыг Бурхны хайраас юу ч салгаж чадахгүй гэдэгт Паул ямар учраас итгэлтэй байсан бэ? Паул үйлчлэх явцдаа амсаж туулсан бүхнээсээ, биднийг хайрлах Бурхны хайр хүндрэл бэрхшээлээс болж хувирдаггүй гэдэгт улам бат итгэдэг болсон нь эргэлзээгүй (2 Коринт 11:23–27; Филиппой 4:13). Түүнээс гадна Паул Бурхны мөнхийн санаа зорилгыг болон дээр үед ард түмэнтэйгээ хэрхэн харьцаж байсныг нь мэддэг байсан. Бурханд үнэнч үйлчилж байгаа хүмүүсийг үхэл Бурхны хайраас салгаж чадах уу? Яагаад ч үгүй! Бурхны үнэнч үйлчлэгчид үхлээ ч Бурхны төгс ойд амьд байх бөгөөд тохиромжтой цагт Бурхан тэднийг дахин амилуулна (Лук 20:37, 38; 1 Коринт 15:22–26).
15, 16. Бурхныг үнэнч үйлчлэгчдээ хайрлахыг нь хэзээ ч зогсоож чадахгүй зарим зүйлийг тоочно уу.
15 Өнөөдөр золгүй явдал, хүнд өвчин, эдийн засгийн бэрхшээл гэх мэтийн ямар ч гай зовлон тохиолдлоо гэсэн ард түмнээ хайрлах Бурхны хайрыг юу ч бөхөөж чадахгүй ээ. Сатан болсон дуулгаваргүй тэнгэр элч шиг хүчирхэг тэнгэр элчүүд ч Бурхныг үнэнч үйлчлэгчдээ үл хайрладаг болгож чадахгүй (Иов 2:3). Төр засгаас Бурхны үйлчлэгчдийн үйл ажиллагааг хориглож, тэднийг шорон гянданд хорьж, тэдэнтэй зүй бусаар харьцан, «персона нон грата» хэмээн зарлаж болно (1 Коринт 4:13). Тийн төр засгийн зүгээс үзүүлж буй шударга бус үзэн ядалтаас болж хүмүүс бидний эсрэг хандаж болох хэдий ч орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн биднийг хэзээ ч орхихгүй ээ.
16 Христианууд бид эд юмсын энэхүү тогтолцооны үед болж байгаа үйл явдал болон нөхцөл байдал буюу Паулын нэрлэсэн «өнөөгийн юмс» ч юм уу, эсвэл ирээдүйд «ирэх юмс» ард түмэндээ үнэнч байх Бурхны үнэнч байдлыг эвдчих вий гэж айх хэрэггүй. Бидний эсрэг газрын болоод тэнгэрийн хүчнүүд тэмцдэг ч гэсэн Бурхны үнэнч хайр биднийг үргэлж дэмжих болно. Паулын онцлон тэмдэглэснээр Бурхны хайранд «өндөр ч, гүн ч» саад болж чадахгүй. Тийм ээ, биднийг гансруулсан, тэр байтугай бидэнд нөлөөлөх хамгийн хүчтэй юу ч байлаа гэсэн биднийг Бурхны хайраас салгаж чадахгүй. Бүтээгч болон түүний үнэнч үйлчлэгчдийн хоорондох харьцааг өөр ямар ч бүтээл тасалж чадахгүй. Бурхны хайр бол мөнхийн бөгөөд хэзээ ч дуусахгүй ээ (1 Коринт 13:8).
Бурхны хайр энэрлийг үүрд эрхэмлэгтүн
17. а) Бурхны хайр яагаад «аминаас дээр» вэ? б) Бурхны хайр энэрлийг эрхэмлэдгээ бид хэрхэн харуулж болох вэ?
17 Таны хувьд Бурхны хайр аль хир чухал бэ? Давидын: «Таны хайр энэрэл аминаас дээр учир уруул минь Таныг магтана. Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана. Би Таны нэр дээр гараа өргөх болно» хэмээн бичсэн шиг сэтгэгдэл танд төрдөг үү? (Дуулал 63:3, 4). Үнэндээ, Бурхны хайр болон түүнтэй тогтоосон үнэнч нөхөрлөлөөс илүү нандин юм энэ ертөнцөд бий юү? Жишээ нь: Цалин мөнгө ихтэй өндөр албан тушаал Бурхантай ойр дотно харьцаатай болсноор бий болох амар тайван, аз жаргалаас илүү юү? (Лук 12:15). Еховагаас татгалзах юм уу, эсвэл үхэх хоёрын аль нэгийг сонгох үе зарим христианд гарч байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистын бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан Еховагийн Гэрчүүдэд тийм сонголт хийх шаардлага байнга тулгардаг байсан. Цөөн хэдийг эс тооцвол, итгэл нэгт ах дүүс маань амиа алдаад ч хамаагүй Бурхны хайранд үлдэхээ илүүд үзэж байсан юм. Бурхны хайранд үнэнч үлддэг хүмүүс ертөнцийн өгч чадахгүй мөнхийн ирээдүйг Бурхан өгч чадна гэдэгт итгэлтэй байж болно (Марк 8:34–36). Гэхдээ энэ бол зөвхөн мөнх амьдрах тухай яриа биш ээ.
18. Бид ямар учраас мөнх амьдрахыг хүсдэг вэ?
18 Еховагүйгээр мөнх амьдрах боломжгүй хэдий ч эцэс төгсгөлгүй амьдрал Бүтээгчгүйгээр ямар байхыг төсөөлөх гээд үз дээ. Энэ нь ямар ч утга учиргүй хоосон зүйл байх болно. Ехова ард түмэндээ өнөөгийн эцсийн өдрүүдэд хийх сэтгэлд ханамжтай ажил үүрэг өгсөн. Тийм учраас бид санаа зорилгоо гүйцэлдүүлэгч Агуу Нэгэн болох Еховагийн өгөх мөнхийн амьдралд танин мэдэж, хийж гүйцэтгэвэл зохих гайхамшигтай зүйл их байна гэдэгт итгэлтэй байж болно (Номлогчийн үгс 3:11). Бид ирээдүйд олон мянган жилийн турш хичнээн ихийг таньж мэдлээ ч «Бурхны мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий» болохыг хэзээ ч төгс мэдэж чадахгүй (Ром 11:33).
Эцэг та нарыг хайрладаг
19. Есүс салах ёс үйлдэх үедээ шавь нартаа юу батлан хэлсэн бэ?
19 МЭ 33 оны Нисан сарын 14-нд буюу үнэнч 11 элчтэйгээ өнгөрөөсөн хамгийн сүүлчийн оройгоо Есүс ирээдүйд тохиолдох үйл явдлын талаар тэднийг зоригжуулж олон зүйл ярьсан. Есүсийг соригдоход нь тэд бүгдээрээ түүнтэй хамт үлдэж, хайрыг нь биеэрээ мэдэрсэн (Лук 22:28, 30; Иохан 1:16; 13:1). Тийм учраас Есүс тэдэнд: «Эцэг Өөрөө та нарыг хайрладаг» хэмээн батлан хэлсэн (Иохан 16:27). Тэнгэрийн Эцэг нь өөрсдийг нь хичнээн хайрладгийг ойлгоход эдгээр үг шавь нарт нь яасан их тус болсон бол оо!
20. Та юуг шийдвэртэйгээр хийж, юунд итгэлтэй байж болох вэ?
20 Хэдэн арван жилийн турш Еховад үнэнчээр үйлчилж байгаа олон хүн өнөөдөр энэ дэлхийд амьдарч байна. Энэхүү эд юмсын ёс бус тогтолцооны төгсгөл хүртэл бид өөр олон сорилттой тулгарах нь эргэлзээгүй. Гэхдээ эдгээр сорилт болон гай зовлон Бурхан биднийг хайрладаг гэдэгт итгэх итгэлд тань хэзээ ч бүү эргэлзээ төрүүлэг. Ехова таныг хайрладаг. Үүнд ямар ч хэтрүүлэг байхгүй ээ (Иаков 5:11). Үүний хариуд Бурхны тушаалуудыг үнэнчээр сахин биелүүлцгээе (Иохан 15:8–10). Боломж болгоныг ашиглан нэрийг нь алдаршуулцгаая. Еховад залбирч, Үгийг нь судлан, түүнд ойртох гэсэн шийдвэрээ улам гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хэрэв бид Еховад таалагдахыг хамаг хүч чадлаараа хичээх аваас маргаашийн өдөр юу ч боллоо гэсэн сэтгэл маань амар тайван, Бурхны хувиршгүй хайранд бүрэн итгэлтэй байж чадна (2 Петр 3:14).
Та хэрхэн хариулах вэ?
• Сүнслэг болоод сэтгэл санааны тэнцвэртэй байдлаа хадгалахад бидэнд хэний хайр гойд хэрэгтэй вэ?
• Еховаг үйлчлэгчдээ хайрлахыг нь юу, хэзээ ч зогсоож чадахгүй вэ?
• Еховагийн хайр яагаад «аминаас дээр» вэ?
[Догол мөрийн асуулт]