Skip to content

Гарчиг руу орох

Еховагаас эмээхийг зүрхэндээ хөгжүүлэгтүн

Еховагаас эмээхийг зүрхэндээ хөгжүүлэгтүн

Еховагаас эмээхийг зүрхэндээ хөгжүүлэгтүн

«Тэд үргэлж надаас эмээн, миний тушаал бүгдийг сахихын тулд ийм зүрхийг хөгжүүлсэн бол» (ДЭД ХУУЛЬ 5:29, ШЕ).

1. Нэгэн цагт хүмүүс айдсаас чөлөөлөгдөнө хэмээн итгэж болохын учир юу вэ?

 ХҮН ТӨРӨЛХТӨН олон зууны турш айдаст хүлэгдэн байгаа билээ. Өлсгөлөн, өвчин, гэмт хэрэг, дайн зэргээс айдгаас болоод олон сая хүн цаг ямагт түгшиж явдаг. Энэ шалтгаанаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршилд бүх хүн төрөлхтөн айдсаас чөлөөтэй ертөнц байгуулах тухай хүслийг илэрхийлсэн буй *. Аз болоход тийм ертөнц бий болно гэдгийг Бурхан өөрөө батлан хэлсэн билээ. Гэхдээ тэр ертөнц хүний хүчин чармайлтаар бий болохгүй ажээ. Ехова зөнч Микагаараа дамжуулан зөвт шинэ ертөнцөд «[ард түмнийг нь] айлгах ямар ч хүн» байхгүй байна гэдгийг амласан (Мика 4:4).

2. а) Ариун Судар Еховагаас эмээхийг бидэнд хэрхэн уриалдаг вэ? б) Бурхнаас эмээх үүрэгтэй маань холбоотой ямар ямар асуулт гарч болох вэ?

2 Гэхдээ ашигтай айдас бас байдаг. Бурхны үйлчлэгчдэд Бурхнаас эмээж байхыг Ариун Судар нэг биш удаа уриалсан байдаг. Мосе израильчуудад хандан: «Чи өөрийн Бурхан ЭЗЭНээс эмээж, Түүнд зарагд» хэмээн хэлжээ (Дэд хууль 6:13). Түүнээс хойш олон зууны дараа Соломон: «Бурхнаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна» гэж бичсэн байна (Номлогчийн үгс 12:13). Тэнгэр элчүүдийн удирдлагаар дэлгэрүүлэх ажилд оролцохдоо бид бас «Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө» гэж бүх хүнд уриалдаг (Илчлэлт 14:6, 7). Гэвч христианууд Еховагаас эмээх төдийгүй, түүнийг бас бүх зүрхээрээ хайрлах ёстой (Матай 22:37, 38). Бурхныг хайрлахын зэрэгцээ түүнээс хэрхэн эмээж болох вэ? Хайрын Бурхнаас яагаад эмээх хэрэгтэй вэ? Бурхнаас эмээдэг болбол ямар ашигтай вэ? Эдгээр асуултад хариулахын тулд эхлээд Бурхнаас эмээх гэж юу болох хийгээд тийн эмээх нь Еховатай харьцах бидний харьцаанд яагаад тийм чухал ач холбогдолтой болохыг ойлгох хэрэгтэй.

Бишрэх, гүн хүндэтгэх, эмээх

3. «Бурхнаас эмээх» гэж юу гэсэн үг вэ?

3 Христианууд Бүтээгчтэйгээ харьцахдаа түүнээс эмээх ёстой. Тийм айдсыг нэгэнтээ «Бүтээгчийг бишрэн, гүн хүндэтгэж, түүнд таалагдахгүй зүйл хийчих вий дээ хэмээн зүй зохистойгоор эмээх» хэмээн тодорхойлсон буй. Тэгэхлээр Бурхнаас эмээх нь Бурханд болон түүний үзэн яддаг үйл хэрэгт хэрхэн хандах тухай бидний амьдралын хоёр чухал асуудалд нөлөөлдөг ажээ. Энэ хоёрын аль аль нь амин чухал бөгөөд нягт нямбай авч үзэх ёстой асуудал гэдэг нь эргэлзээгүй. У. Вайн гэдэг судлаач тийн сүсэглэн эмээх нь христиануудын хувьд «сүнслэг болоод ёс суртахууны талын асуудлуудад удирдан чиглүүлэх хүч» болдог хэмээн «Шинэ Гэрээний үгсийн тайлбар толь»-доо тэмдэглэжээ («Expository Dictionary of New Testament Words»).

4. Бүтээгчээ бишрэн, гүн хүндэтгэх сэтгэлийг хэрхэн хөгжүүлж болох вэ?

4 Бүтээгчээ бишэрч, гүн хүндэтгэх сэтгэлийг хэрхэн хөгжүүлж болох вэ? Байгалийн үзэсгэлэнт дүр зураг, сүрлэг сайхан хүрхрээ, нар шингэх үеийн улайран байх тэнгэрийн хаяа зэргийг хараад бид бишрэн гайхдаг. Эдгээрийг бүтээсэн Бурхныг итгэлийн нүдээр харахад ийм сэтгэл улам лавширдаг. Түүнээс гадна, Давид хаан өөрийгөө Еховагийн бишрэм бүтээлүүдийн дэргэд өчүүхэн гэдгээ ухааран ойлгосон шиг бид мөн тийн ухаардаг. «Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавина вэ?» (Дуулал 8:3, 4). Тийм бишрэлээс үүдэн гүн хүндэтгэх сэтгэл төрдөг бөгөөд энэ нь бидний төлөө хийдэг бүхнийх нь төлөө өөрийн эрхгүй Еховад талархаж, түүнийг магтан алдаршуулахад хүргэдэг. Тэрчлэн Давид: «Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм» хэмээн бичсэн (Дуулал 139:14).

5. Бид Еховагаас эмээх ёстойн учир юу вэ? Энэ тухайд хэн сайн жишээ үзүүлдэг вэ?

5 Бишэрч, гүн хүндэтгэх сэтгэл Бүтээгчийнх нь хувьд Бурхны хүчнээс, орчлонт ертөнцийн хууль ёсны Захирагчийнх нь хувьд түүний эрх мэдлээс зүй зохистойгоор эмээж, түүнийг хүндэтгэхэд хүргэдэг. Элч Иохан тэнгэр дэх байр сууриа эзэлсэн, «араатан ба түүний хөрөгтэй нь... тэмцэлдсэн тэмцэлд ялсан хүмүүс» буюу Христийн тослогдсон дагалдагчид: «Төгс хүчит Эзэн [«Ехова», ШЕ] Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн [«мөнхийн», ШЕ] Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн. Өө, Эзэн [«Ехова», ШЕ], Танаас эмээхгүй, нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ?» хэмээн тунхаглан байгааг үзсэн (Илчлэлт 15:2–4). Сүр хүчийг нь гүн хүндэтгэхээс үүдсэн Бурхнаас эмээхүй нь тэнгэрийн Хаанчлалд байгаа Христийн эдгээр хам захирагчдыг, хэмжээгүй эрхт Захирагчийнх нь хувьд Бурхныг хүндэтгэн дээдлэхэд хүргэдэг. Еховагийн хийгээд дуусгачихсан бүх зүйл болон орчлонт ертөнцийг зөв шударгаар удирдаж байгааг нь эргэцүүлэн бодохдоо бид түүнээс эмээх шаардлагатайг ойлгохгүй гэж үү? (Дуулал 2:11; Иеремиа 10:7).

6. Еховад таалагдахгүй юм хийчих вий хэмээн зүй зохистойгоор эмээх нь яагаад зөв бэ?

6 Гэхдээ Бурхнаас эмээх нь бишрэх болон гүн хүндэтгэхийн зэрэгцээ түүнд таалагдахгүй юм хийчих вий дээ гэх юм уу дуулгаваргүй байдал гаргачих вий дээ хэмээн зүй зохистойгоор эмээхийг өөртөө багтаах ёстой. Яагаад гэвэл Ехова «уурлахдаа удаан ба энэрэл хайраар... бялхам» хэдий ч «гэмтнийг шийтгэлгүй орхихгүй» гэдгийг санах ёстой (Египетээс гарсан нь 34:6, 7). Ехова хайрлаж, энэрдгийн зэрэгцээ зөвт бус байдал болон санаатайгаар нүгэл үйлдэх явдалтай эвлэрдэггүй (Дуулал 5:4, 5; Хабаккук 1:13). Еховагийн нүдэнд буруу зүйлийг санаатайгаар, дахин дахин үйлдэж, түүнийг эсэргүүцдэг хүмүүс шийтгэлгүй хоцордоггүй. Паулын хэлснээр «амьд Бурхны гарт орох нь аймшигтай хэрэг мөн». Тийм нөхцөлд орохоосоо зүй зохистойгоор эмээх нь биднийг хамгаалдаг (Еврей 10:31).

«Түүнээс зуурагтун»

7. Еховагийн аврах хүчинд итгэх ямар үндэс байдаг вэ?

7 Бурхнаас сүсэглэн эмээж, түүний бишрэм хүчийг гүнээ ухааран ойлгох нь Еховад итгэж найдахын урьдчилсан нөхцөл болдог. Эцгийнхээ дэргэд байгаа хүүхэд аюулгүй байгаагаа мэдэрдэг шиг бид Еховагаар удирдуулахдаа аюулгүй, итгэлтэй байгаагаа мэдэрдэг. Ехова израильчуудыг Египетээс гаргахад тэдэнд ямар сэтгэгдэл төрснийг анхаарцгаая. «Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн, ЭЗЭНд... итгэв» (Египетээс гарсан нь 14:31). Тэрчлэн Елишад тохиолдсон явдал «ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг» гэдгийг нотолдог (Дуулал 34:7; Хаадын дэд 6:15–17). Бурхан хүчээ, өөрт нь үйлчилдэг хүмүүсийн сайн сайхны төлөө ашигладгийг Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүх, тэр дундаа бидний хувийн туршлага нотолдог (Шастирын дэд 16:9). Тийнхүү бид «ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий» гэдгийг ойлгодог (Сургаалт үгс 14:26).

8. а) Бурхнаас эмээх нь түүний замаар замнахад хүргэдгийн учир юу вэ? б) Бид Еховагаас хэрхэн «зуурахыг» тайлбарлана уу.

8 Бурхнаас зүй зохистойгоор эмээх нь түүнд итгэж найдахад маань нөлөөлөөд зогсохгүй биднийг түүний замаар замнахад хүргэдэг. Сүм нээх ёслолын ажиллагаан дээр Соломон Еховад хандан: «Бидний эцэг өвгөдөд Таны өгсөн энэ газарт тэд амьдрах бүх хугацаанд Таны замуудаар алхалж байхын тулд тэд [израильчууд] Танаас эмээх болно» хэмээн залбирчээ (Шастирын дэд 6:31). Түүнээс өмнө Мосе израильчуудад: «Та нар ЭЗЭН Бурхныхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурагтун» хэмээн уриалсан билээ (Дэд хууль 13:4). Бид Бурханд итгэж, найддаг учраас эдгээр зүйлд илэрхийлсэнчлэн Еховагаас «зуурч», замаар нь замнахыг хүсдэг. Тийм ээ, эцэгтээ бүрэн итгэж найдсан хүүхэд үнэхээр эцгээсээ зуурдаг шиг Бурхнаас эмээх нь биднийг Еховад дуулгавартай байж, түүнд үйлчлэн, түүнээс зуурахад хүргэдэг (Дуулал 63:8; Исаиа 41:13).

Бурхныг хайрлана гэдэг түүнээс эмээнэ гэсэн үг

9. Бурхныг хайрлах болон түүнээс эмээх хоёрын хооронд ямар холбоо байдаг вэ?

9 Ариун Судрын үүднээс үзвэл Бурхнаас эмээх гэдэг нь түүнийг хайрлаж болохгүй гэсэн үг ерөөс биш билээ. Харин ч израильчууд «ЭЗЭН Бурхнаасаа айн эмээж, Түүний бүх замаар явж, Түүнийг хайрлах» тушаалтай байлаа (Дэд хууль 10:12). Тэгэхлээр Бурхнаас эмээх болон түүнийг хайрлах нь хоорондоо нягт холбоотой юм. Бурхнаас эмээх нь биднийг түүний замаар явахад хүргэдэг бөгөөд ингэснээрээ бид түүнийг хайрлаж байгаагаа харуулдаг (1 Иохан 5:3, МБОХ, 1996 он). Хэрэв бид хэн нэг хүнд хайртай бол түүнийг гомдоохоос эмээх нь зүйн хэрэг. Израильчууд цөлд тэрсэлсэн үйлээрээ Еховаг гомдоосон. Бид тэнгэрийн Эцгээ тийм уй гашууд унагах ямарваа зүйл хийхийг огтхон ч хүсдэггүй маань эргэлзээгүй (Дуулал 78:40, 41). Нөгөө талаас «ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг... ивээдэг» болохоор бид түүнд дуулгавартай, үнэнч байдлаараа зүрхийг нь баярлуулдаг (Дуулал 147:11; Сургаалт үгс 27:11). Бурхныг хайрлах хайр биднийг түүнд таалагдахад, харин Бурхнаас эмээхүй нь түүнийг гомдоохгүй байхад хүргэдэг. Энэ хоёр бол бие биеэ үгүйсгэдэг бус, харин нөхөн дүүргэдэг чанар юм.

10. Еховагаас эмээх нь өөрт нь баяр баясгалан болдог байсныг Есүс хэрхэн харуулсан бэ?

10 Есүс Христийн амьдрал бол Бурхныг хайрлахын сацуу түүнээс эмээж болдгийн тод жишээ юм. Зөнч Исаиа Есүсийн тухай: «ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино. Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог» хэмээн бичсэн (Исаиа 11:2, 3). Уг зөгнөлд бичсэнээс харахад Бурхны сүнс Есүсийг тэнгэрийн Эцгээсээ эмээхэд хүргэсэн байна. Түүнээс гадна тийн эмээх нь түүнд ер зовлон болдоггүй, харин ч сэтгэл хангалуун байх үндэс болж байсныг бид мэдэрдэг. Есүс хамгийн хүнд нөхцөл байдалд ч гэсэн Бурхны хүсэл тааллыг биелүүлж, түүнд таалагдах үйл хийснээрээ баяр баясгалан эдэлдэг байв. Тарчлаах шонд хадуулах шийтгэл нь ойртсон тэр үед Есүс Еховад хандан: «Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог» хэмээн залбирчээ (Матай 26:39). Есүс Бурхнаас тийн эмээдэг байсан учраас Ехова Хүүгийнхээ хүсэлтийг дуртайяа хүлээн авч, түүнийг зоригжуулсан бөгөөд үхлийн эрхшээлээс аварсан (Еврей 5:7).

Еховагаас эмээж сурах

11, 12. а) Бид Еховагаас эмээж сурах хэрэгтэйн учир юу вэ? б) Еховагаас эмээхийг Есүс бидэнд хэрхэн зааж өгдөг вэ?

11 Хүн байгалийн сүр хүчтэй тулгарахаараа өөрийн эрхгүй айдаст автдаг бол Бурхнаас эмээхүй нь хар аяндаа бий болдоггүй. Тиймээс ч Том Давид буюу Есүс Христ зөгнөлийн үгээрээ бидэнд хандан: «Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье» хэмээн уриалсан (Дуулал 34:11). Бид Еховагаас эмээхийг Есүсээс хэрхэн сурч болох вэ?

12 Есүс, тэнгэрийн Эцгийнхээ гайхамшигтай чанаруудыг ойлгоход туслан, Еховагаас эмээхийг бидэнд зааж өгдөг (Иохан 1:18). Есүс Эцгийнхээ чанаруудыг төгс тусгадаг учраас Бурхан яаж сэтгэж, бусдад хэрхэн ханддаг нь түүний жишээнээс харагддаг (Иохан 14:9, 10). Түүнээс гадна бид нүглээ наманчлан залбирахдаа Есүсийн тахилын ачаар Еховад хүрэх боломжтой болдог. Бурхны нинжин сэтгэлийн энэхүү хосгүй илрэл нь түүнээс эмээх хүчтэй шалтгаан болдог. Дуулалч: «Танаас эмээхийн тулд Танд уучлал байдаг билээ» хэмээн бичжээ (Дуулал 130:4).

13. Еховагаас эмээхэд «Сургаалт үгс» номд байдаг ямар ямар алхам бидэнд тусалдаг вэ?

13 «Сургаалт үгс» номд Бурхнаас эмээхүйг хөгжүүлэхэд туслахуйц нилээд хэдэн алхмыг тусгажээ. «Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал, мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол, хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол... ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурхны мэдлэгийг олж авна» (Сургаалт үгс 2:1–5). Тэгэхлээр бид Бурхнаас эмээхийн тулд Үгийг нь судалж, түүнд байгаа сургамжуудыг ойлгохыг хичээн, зөвлөгөөг нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарах ёстой.

14. Израилийн хаадад өгсөн зөвлөгөөг бид хэрхэн дагаж болох вэ?

14 Эртний Израилийн хаад Хуулийг хуулан бичиж аваад «уг хуулийн бүх үгийг хянан сахиж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээхийг сурахын тулд түүнийгээ амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших» тушаалтай байлаа (Дэд хууль 17:18, 19). Бидний хувьд ч гэсэн Библи уншиж, судлах нь Бурхнаас эмээж сурахад амин чухал ач холбогдолтой. Библийн зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхийн хирээр бид Бурхнаас ирдэг мэргэн ухаан болон мэдлэгийг олж авдаг. Бид сайн үр жимсийг нь амьдралын туршлагаасаа хардаг учраас «ЭЗЭНээс эмээхүйг ухаарч» эхэлдэг бөгөөд Бурхантай тогтоосон харьцаагаа өндөр үнэлдэг юм. Түүнээс гадна итгэл нэгтнүүдтэйгээ нэг дор тогтмол цуглаж, залуу хөгшин ялгаагүй Бурхны зааж байгаа зүйлд анхаарлаа хандуулан, Бурхнаас эмээхэд болон түүний замаар замнахад суралцаж болно (Дэд хууль 31:12).

Еховагаас эмээдэг хүн бүр аз жаргалтай

15. Бурхнаас эмээх нь бидний шүтлэгтэй ямар байдлаар холбоотой вэ?

15 Дээр өгүүлснээс харахад Бурхнаас эмээх гэдэг бол Еховаг шүтэх шүтлэгийн маань чухал хэсэг учраас хүн болгоны хөгжүүлбэл зохих зүй зохистой чанар юм. Тийн эмээснээр бид Еховад бүрэн дүүрэн итгэн, замаар нь замнаж, түүнээс зуурдаг. Бурхнаас эмээх нь Есүс Христийн адил биднийг, Бурханд өөрийгөө зориулах үедээ андгайлсан ам тангаргаа өдгөө болон үүрд мөнх биелүүлэхэд хүргэнэ.

16. Өөрөөс нь эмээхийг Ехова бидэнд уриалдгийн учир юу вэ?

16 Бурхнаас эмээхүй нь хэзээ ч муу үр дүнд хүргэж, эрх чөлөөг хэтэрхий боогдуулдаггүй. «ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ [«аз жаргалтай», ШЕ]» гэж Библи батлан хэлдэг (Дуулал 128:1). Өөрөөс нь эмээх чанар бидэнд хамгаалалт болно гэдгийг мэддэг учраас Ехова биднийг өөрөөсөө эмээхийг уриалдаг. Мосед хандан: «Тэд [израильчууд] болон тэдний хөвгүүд тодорхойгүй цаг хүртэл сайн сайхан байхын тулд тэд үргэлж надаас эмээн, миний тушаал бүгдийг сахихын тулд ийм зүрхийг хөгжүүлсэн бол!» хэмээн хэлсэн үгнээс нь түүний хайр халамж харагддаг (Дэд хууль 5:29, ШЕ).

17. а) Бурхнаас эмээх нь бидэнд ямар ашиг тустай вэ? б) Дараагийн өгүүллээс Бурхнаас эмээхийн ямар талуудыг авч үзэх вэ?

17 Бид ч мөн адил Бурхнааас эмээхийг зүрхэндээ хөгжүүлэх аваас тустай байх болно. Яаж? Нэгдүгээрт, тийм хандлага Бурханд таалагддаг бөгөөд биднийг түүнтэй ойртуулна. Давид амьдралын туршлагаасаа «Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна» гэдгийг мэддэг байсан (Дуулал 145:19). Хоёрдугаарт, Бурхнаас эмээхүй нь хорон мууд хандах хандлагад маань нөлөөлдөг учраас бидэнд тустай байх болно (Сургаалт үгс 3:7). Дараагийн өгүүллээс Бурхнаас эмээх нь сүнслэг аюулаас биднийг хэрхэн хамгаалдгийг болон Бурхнаас эмээж, буруу юмнаас буруулж байсан хүмүүсийн жишээнээс авч үзнэ.

[Зүүлт]

^ Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1948 оны арван хоёрдугаар сарын 10-нд батлан гаргасан.

Та хариулж чадах уу?

• «Бурхнаас эмээх» гэж юу вэ? Энэ нь бидэнд яаж нөлөөлдөг вэ?

• Бурхнаас эмээх болон түүнтэй хамт явах хоёр хоорондоо ямар холбоотой вэ?

• Бурхнаас эмээх нь Бурхныг хайрлах хайртай холбоотойг Есүсийн жишээ хэрхэн харуулдаг вэ?

• Бурхнаас эмээхийг бид зүрхэндээ хэрхэн хөгжүүлж болох вэ?

[Догол мөрийн асуулт]