Стрессийг намдаах ач тустай арга
Стрессийг намдаах ач тустай арга
«Нөр их хөдөлмөрлөдөг болон ачаа үүрсэн та нар бүгдээрээ над уруу ир. Би та нарыг сэргээнэ» (МАТАЙ 11:28, ШЕ).
1, 2. а) Хэт их стрессийг намдаахад тусалдаг юу Библид байдаг вэ? б) Есүсийн сургаал аль хэр үр нөлөөтэй байсан бэ?
ХЭТ ИХ стресс * аюултай бөгөөд яваандаа зовлон болдог гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Хүн төрөлхтөн бүхэлдээ их ачаа үүрэн шаналдгаасаа болоод өнөөгийн энэ их стресстэй амьдралаас ангижрахыг олон хүн тэсэн ядан хүлээж байдгийг Библид тэмдэглэсэн байдаг (Ром 8:20–22). Гэхдээ зовлонг өнөө үед ч гэсэн тодорхой хэмжээгээр хэрхэн намдааж болохыг Ариун Сударт бас бичжээ. 20 зууны тэртээ амьдарч байсан нэгэн залуугийн үлгэр жишээ болоод үг зөвлөгөөг дагавал тийнхүү намдааж болно. Тэр хүн жирийн мужаан байсан боловч хүмүүсийг ажлаасаа илүү хайрласан юм. Тэрээр сул дорой хүнд туслан, цөхөрсөн нэгнийг тайтгаруулж, тэдний хэрэгцээ шаардлагын талаар ярихад хэлсэн үг нь хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч байлаа. Түүнээс гадна, тэр олон хүнийг оюуны чадавхиа ашигладаг болоход нь тусалсан. Тийнхүү тэдний хэт их стресс намдсан шиг таных ч бас намдах болно (Лук 4:16–21; 19:47, 48; Иохан 7:46).
2 Энэ хүн бол Назар хотын Есүс байсан бөгөөд тэрээр эртний Ром Афин Александри зэрэг том хотуудад зарим хүний олж авсан тэр нарийн мэдлэгийг ашигладаггүй байв. Гэсэн ч түүний сургаал алдартай. Есүс нэгэн онцгой засгийн газрын тухай сургасан бөгөөд Бурхан үүний тусламжтайгаар манай дэлхийг амжилттай захирах юм. Есүсийн тайлбарласан амьдралын үндсэн зарчим эдүгээ ч үнэ цэнтэй хэвээр байна. Түүний зааж сургасныг сурч мэдээд хэрэгжүүлдэг хүн ач тусыг нь даруйхан хүртдэг бөгөөд тэр дундаа, хэт их стресс нь намддаг. Та ч үүнийг эдэлмээргүй байна гэж үү?
3. Есүс сэтгэл дулаацуулам ямар үг хэлсэн бэ?
3 «Тийм олон жилийн өмнө амьдарч байсан хүн одоо миний амьдралд шийдвэрлэх нөлөөтэй байж чадна гэж үү?» хэмээн та эргэлзэж байж магадгүй. Тэгвэл, Есүс: «Нөр их хөдөлмөрлөдөг болон ачаа үүрсэн та нар бүгдээрээ над уруу ир. Би та нарыг сэргээнэ. Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан. Та нар сэргэх болно. Яагаад гэвэл миний буулга эвтэйхэн бөгөөд миний ачаа хөнгөн» гэж сэтгэл дулаацуулам үг хэлсэн (Матай 11:28–30, ШЕ). Тэр энэ үгээрээ юун тухай хэлсэн юм бол оо? Энэ үгийг дэлгэрэнгүй авч үзээд, стрессийг хэрхэн намдаадгийг мэдэж авцгаая.
4. Есүс хэнд хандсан бэ? Есүсийг сонссон хүмүүст Хуулийн шаардлагыг биелүүлэх нь ямар учраас хэцүү байсан бэ?
4 Хуульд заасныг биелүүлэх гэж чармайн хичээвч, иудейн шашны удирдагчид шашныг дарамт болгосноос болоод «ачаа үүрсэн» олон хүнтэй Есүс ярьсан (Матай 23:4). Тэр удирдагчид амьдралын бараг бүх асуудлыг эцэс төгсгөлгүй хууль дүрэм болгохыг голчилж байсан. «Ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй» гэхийг дандаа сонсох яршигтай биш гэж үү? Харин Есүсийн үгэнд орсноор хүмүүс үнэн, зөвт байдал, илүү сайн амьдралд хүрэх байв. Тийм ээ, жинхэнэ Бурхныг мэдэхийн тулд Есүс Христийг анхаарах хэрэгтэй байсан юм. Учир нь хүмүүс Ехова ямар Бурхан болохыг түүнээс л мэдсэн бөгөөд өнөөдөр ч мэддэг билээ. Есүс: «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлсэн (Иохан 14:9).
Та ч гэсэн стресст их ордог уу?
5, 6. Есүсийн үеийн ажлын нөхцөл болон цалин хөлсийг одоогийнхтой харьцуулбал ямар вэ?
5 Ажил алба, гэр орныхоо байдлаас болж стресст ордог бол энэ асуулт танд хамаатай байж болох юм. Эсвэл таны хүлээдэг өөр бусад үүрэг хариуцлага дааж давшгүй мэт санагддаг байж болно. Хэрэв тийм бол та Есүсийн уулзаж тусалж явсан чин сэтгэлтэй хүмүүстэй адилхан ажээ. Жишээ болгоод амьдралаа залгуулах асуудлыг авч үзье. Есүсийн үед ч олон хүн амьдрах гэж тэмцдэг байсан, одоо ч мөн хүмүүс тэмцсээр байна.
6 Тэр үед ажилчин хүн долоо хоногт 6 өдөр, бүтэн 12 цагаар ажиллаад хөлсөнд нь өдөрт ердөө ганцхан денар авдаг байжээ (Матай 20:2–10). Үүнийг таны болон найз нөхдийн тань цалинтай харьцуулбал ямар байх бол? Дээр үеийн хөдөлмөрийн хөлсийг орчин цагийнхтай харьцуулахад амаргүй. Гэхдээ мөнгөний худалдан авах чадварыг авч үзэх нэг арга бий. Есүсийн үед дөрвөн аяга улаан буудайн гурилаар барьсан ганц талхны үнэ ойролцоогоор нэг цагийн ажлын хөлстэй тэнцдэг байжээ хэмээн нэгэн эрдэмтэн хэлжээ. Өөр нэг эрдэмтэн сайн чанарын аяга дарсны үнэ ойролцоогоор хоёр цагийн ажлын хөлстэй дүйдэг байсан гэжээ. Энэ мэт нарийн мэдээллээс үзвэл дээр үед хүмүүс амь зуух гэж борви бохисхийлгүй, хамаг чадлаараа зүтгэдэг байсан нь тодорхой байна. Тэдэнд стрессийг нь намдаах, тэднийг сэргээх зүйл хэрэгтэй байсан. Өнөөдөр бидэнд ч мөн хэрэгтэй. Хэрэв та ажил эрхэлдэг бол ажлаа үр бүтээлтэй хийх гэж ачаалалтай ажилладаг байж магадгүй. Алив асуудлыг сайтар эргэцүүлэн бодож байгаад шийдэх цаг зав ч бидэнд ихэнхдээ байдаггүй шүү дээ. Энэ бүхнээс ангижрахсан гэж та хүсэн хүлээдгээ зөвшөөрөх биз ээ.
7. Есүсийн хэлсэн үгийг хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ?
7 «Нөр их хөдөлмөрлөдөг болон ачаа үүрсэн» бүх хүнд хандан хэлсэн Есүсийн үг тухайн үедээ олон хүний сэтгэлийг дулаацуулж байсан нь тодорхой (Матай 4:25; Марк 3:7, 8). Үүнээс гадна Есүс: «Би та нарыг сэргээнэ» гэж амласныг санаарай. Энэхүү амлалт өнөөдөр ч гэсэн хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Хэрэв бид «нөр их хөдөлмөрлөдөг болон ачаа үүрсэн» хүмүүс мөн бол энэ нь бидэнд ч бас хамаатай. Түүнчлэн, бидэнтэй л адилхан нөхцөлд байгаа хайрлаж эрхэмлэдэг хүмүүст маань ч хамаатай.
8. Хүүхэд хүмүүжүүлэх ажил болон өндөр нас стресст хэрхэн нэрмээс болдог вэ?
8 Хүн өөр олон ачаа үүрдэг. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэдэг их амаргүй ажил мөн. Тэр битгий хэл, хүүхэд байх ч хэцүү хэрэг болоод байна. Сэтгэл мэдрэлийн болон бусад төрлийн өвчин ямар ч насанд тохиолдох нь улам элбэг болж байна. Хүний нас уртсаж, анагаах ухааны хөгжилд ахиц дэвшил гарч байгаа ч өндөр настай хүмүүсийг зовоож шаналгах зүйл мундахгүй байна (Номлогчийн үгс 12:1).
Буулганд ороод
9, 10. Эрт цагт буулга юуны бэлэгдэл байсан бэ? Ямар учраас Есүс хүмүүст буулгыг нь авахыг уриалсан бэ?
9 Матай 11:28, 29-д Есүс: «Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц» гэснийг та анзаарсан биз ээ. Тэр үед жирийн ажилчин өөрийгөө буулганд ороод ажиллаж байгаа мэтээр төсөөлдөг байсан байж болох юм. Эрт үеэс буулга нь боолчлол, дарлалын бэлэгдэл байжээ (Эхлэл 27:40; Левит 26:13; Дэд хууль 28:48). Есүсийн уулзаж учирч явсан, өдрийн хөлсний ажилчдын ихэнх нь амьдрал дээрээ жинхэнэ буулганд ороод, хүнд ачаа чирдэг байжээ. Буулга хийцээсээ шалтгаалаад хүзүү мөрөнд эвтэйхэн эсвэл үрж холгодог байсан байх. Есүс мужаан байсны хувьд буулга хийдэг, мөн яаж «эвтэйхэн» буулга хийхийг мэддэг байсан биз ээ. Буулгаа боломжийн хэрээр биед эвтэй болгохын тулд биед хүрэлцдэг хэсгийг нь арьс юм уу даавуугаар бүрдэг байсан байж магадгүй.
10 Есүс: «Буулгыг минь өөр дээрээ ав» гэж хэлэхдээ ажилчны хүзүү, мөрөнд «эвтэйхэн», хийц сайтай буулга хийдэг хүнтэй өөрийгөө зүйрлэсэн байж болох юм. Тийм ч учраас Есүс: «Миний ачаа хөнгөн» гэж нэмж хэлсэн. Энэ нь буулгыг ашиглахад эвтэйхэн бөгөөд хийх ажил ч тэсэшгүй бэрх биш гэсэн утгатай ажээ. Есүс сонсогчдоо буулга авахыг урьснаар тэдний амсаж байсан бүх л хэцүү бэрхийг тэр даруй арилгана гээгүй нь үнэн. Гэхдээ хүмүүс түүний хэлснээр үзэл бодлоо өөрчилбөл харьцангуй сэргэх байлаа. Мөн амьдралын хэв маяг болон дадал зуршлаа өөрчилбөл стресс нь намдах байлаа. Хамгийн чухал нь, бат бөгөөд гэрэлт найдвар тэдний амьдралыг стресс багатай болгох байв.
Та ч бас сэргэж болно
11. Ямар учраас Есүс зөвхөн буулгаа солиод боллоо гэж хэлээгүй вэ?
11 Есүс хүмүүсийг нэг буулгаа өөр нэг буулгаар соль гэж хэлээгүйг анхаараарай. Өнөөдөр христиануудын амьдардаг улс орныг төр засаг нь удирдан захирдаг шиг тэр үед ч Ромын эзэнт гүрэн захирч л байсан. Нэгдүгээр зууны Ромд байсан татварын тогтолцоо ч устаж үгүй болоогүй. Эрүүл мэндийн болоод эдийн засгийн бэрхшээл бахь байдгаараа үлдэж, төгс бус байдал, нүгэл хүмүүсийг нэрвэсэн хэвээр байсан. Гэхдээ хүмүүс Есүсийн сургаалыг хэрэгжүүлбэл сэргэх байлаа. Өнөөдөр бидний хувьд ч гэсэн ялгаагүй.
12, 13. Хүнийг сэргээх юуг Есүс онцлон тэмдэглэсэн бэ? Үүнд нь зарим хүн хэрхэн хандсан бэ?
12 Буулганы тухай Есүсийн сургаалт зүйрлэлийн гол утга санаа шавь бэлдэх ажилтай холбоотой нь тодорхой болсон. Бурхны Хаанчлалыг онцлон тэмдэглэж, хүмүүст энэ тухай заах нь Есүсийн гол ажил байсан гэдэг эргэлзээгүй (Матай 4:23). Тиймээс тэрээр: «Буулгыг минь өөр дээр ав» гэж хэлсэн нь хийж байсан ажилд нь оролцон, түүнийг дуурайх гэсэн санаа агуулсан нь лавтай. Евангелид бичсэнээс үзвэл Есүс чин сэтгэлтэй хүмүүсийг ажил албаа өөрчлөхийг уриалсан. Гэтэл ажил гэдэг бол олон хүний амьдралд гол зүйл мөн. Тэрээр Петр Андрей Иаков Иохан нарт: «Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё» гэж хэлснийг санацгаая (Марк 1:16–20). Есүс, удирдамж тусламжийг нь авч, амьдралынхаа тэргүүн зэрэгт тавьж байсан тэр ажлыг хийвэл тэд хичнээн сэтгэл хангалуун болохыг тэдэнд үзүүлсэн.
13 Есүсийг сонссон зарим иудей хүн сургаалыг нь ойлгоод хэрэгжүүлсэн. Лук 5:1–11-д бичсэн үйл явдлыг төсөөлөөд үзье. Дөрвөн загасчин бүхэл шөнөжингөө загасчилсан боловч юу ч барьж чадсангүй. Гэнэт тор нь загасаар дүүрэв! Энэ бол тохиолдлын хэрэг биш байлаа. Харин Есүс оролцсоны дүнд ийм юм болжээ. Тэд эрэг уруу хараад Есүсийн сургаалыг шимтэн сонирхож буй олон хүн байхыг үзэв. Энэ бүхэн Есүсийн тэр дөрөвт хандан: «Үүнээс хойш [та нар] хүмүүсийг загасчлах болно» хэмээн хэлснийг ойлгоход тус болсон. Тэд үүнд хэрхэн хандсан бэ? «Тэд завиа эрэгт хүргээд бүхнийг орхин, Түүнийг дагалаа».
14. а) Өнөөдөр бид хэрхэн сэргэж болох вэ? б) Хүнийг сэргээх ямар сайн мэдээг Есүс тунхагласан бэ?
14 Уг нь та ч гэсэн үүнд адилхан хандаж болно. Хүмүүст Библийн үнэнийг заах ажил одоо хэр өрнөсөөр байна. Дэлхий даяар зургаан сая орчим Еховагийн Гэрч «буулгыг минь өөр дээрээ ав» гэсэн Есүсийн урилгыг хүлээн аваад, «хүмүүсийн загасчин» болсон (Матай 4:19). Зарим нь үүнийг бүрэн цагийн ажлаа болгосон байхад өөр зарим нь боломжийнхоо хэрээр цаг заваа зориулдаг. Энэ ажил нь тэднийг сэргээж, улмаар амьдрал ахуй нь стресс багатай болдог. Учир нь тэд бусдад «хаанчлалын сайн мэдээг» хүргэх дуртай ажлаа хийдэг юм (Матай 4:23). Хэн нэгэнд аливаа сайн мэдээ, тэр тусмаа энэ сайн мэдээг дуулгахад ямагт таатай байдаг. Хүмүүсийг стресс багатай амьдралаар амьдарч чадна гэж итгэхэд тус болох чухал мэдээ Библид байдаг (2 Тимот 3:16, 17).
15. Амьдралын тухай Есүсийн сургаалын ач тусыг яаж хүртэж болох вэ?
15 Бурхны Хаанчлалын тухай дөнгөж судалж эхэлж байгаа хүн хүртэл хэрхэн амьдрах талаарх Есүсийн сургаалаас тодорхой хэмжээгээр ач тус хүртдэг. Есүсийн сургаал тэднийг сэргээж, амьдралаа бүрмөсөн өөрчлөхөд нь тус болсон гэдгийг олон хүн шударгаар хэлж чадна. Есүсийн амьдрал ба үйлчлэлийн тухай бичсэн хэсэг буюу ялангуяа, Матай, Марк, Лук нарын бичсэн номд тэмдэглэсэн зарим зарчмыг анхаарч үзэх аваас та ч гэсэн үүний үнэнийг мэдэх болно.
Сэргэх арга
16, 17. а) Есүсийн зарим үндсэн сургаалыг хаанаас мэдэж болох вэ? б) Есүсийн сургаалыг хэрэгжүүлэн сэргэхийн тулд юу шаардлагатай вэ?
16 МЭ 31 оны хавар Есүс нэгэн номлол айлдсан нь өдгөө дэлхий дахинд ихэд алдаршсан билээ. Энэ номлолыг голдуу «Ууланд айлдсан номлол» гэдэг. Уг номлолыг «Матай» номын 5–7, «Лук» номын 6-р бүлэгт бичсэн байдаг ба өөр олон сургаалыг нь тоймлон бичсэн байдаг. Есүсийн бусад сургаалыг Евангелийн өөр бусад хэсгээс мэдэж болно. Түүний сургаалын ихэнх нь ойлгомжтой боловч яг амьдрал дээр хэрэгжүүлэхэд бас ч амаргүй. Дээрх бүлгүүдийг маш анхааралтай, сайтар эргэцүүлэн бодоод уншиж яагаад болохгүй гэж? Есүсийн сургаал таны бодол болон сэтгэлгээнд хүчтэй нөлөөлөг.
17 Есүсийн сургаалыг олон янзаар бүлэглэж болно. Ингээд сарын хугацаанд өдөр бүр нэг хэсгийг авч үзэж болохуйцаар үндсэн сургаалыг нь хуваая. Амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ? Юуны түрүүнд тэдгээрийг уншихдаа гүйлгэх төдий өнгөрч болохгүй. «Мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ?» гэж Есүсээс асуусан баян удирдагчийг сана даа. Есүсийг Бурхны Хуулийн хамгийн чухал шаардлагуудыг тоймлон хэлэхэд мөнөөх эрэгтэй тэр бүхнийг аль хэдийн биелүүлчихсэн гэж хариулдаг. Гэсэн ч тэрээр түүнээс илүүг хийх ёстойгоо ойлгосон. Бурхны зарчмуудыг амьдралдаа өргөн хүрээгээр хэрэгжүүлж, идэвхтэй шавь байхын тулд их чармайх хэрэгтэй гэж Есүс түүнд хэлсэн. Гэтэл өнөө эрэгтэй тэр бүхнийг хийхэд бэлэн бус байсан нь илэрхий болдог (Лук 18:18–23). Иймээс өнөөдөр Есүсийн сургаалыг сурч мэдэх хүсэлтэй хүн тэдгээрийг идэвхтэйгээр хэрэгжүүлэх нь зүгээр нэг хүлээн зөвшөөрөхөөс ялгаатай гэдгийг санах хэрэгтэй. Тэгж гэмээнэ тэдгээр сургаал стрессийг намдаадаг.
18. 15, 16-р хуудсанд байгаа хавсралтыг хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг жишээгээр тайлбарлана уу.
18 Есүсийн сургаалыг сайтар судалж, хэрэгжүүлэхийн тулд энэхүү өгүүлэлд хавсаргасан, 15, 16-р хуудсанд байгаа «Танд туслах сургаал» гэдэг жагсаалтын нэгдүгээр зүйлийг анхаарна уу. Энэ зүйл Матай 5:3–9-тэй холбоотой юм. Үнэндээ бол бидний хэн маань ч гэсэн энэ зүйлүүдэд бичсэн гайхамшигтай зөвлөгөөг эргэцүүлэн бодох цаг зав гаргах боломжтой билээ. Гэвч та эдгээрийг бүхэлд нь авч үзээд бид ямар сэтгэлгээтэй байх талаар юу гэж дүгнэж байна вэ? Хэрэв та амьдралынхаа их стрессийг давъя гэж үнэхээр хүсэж байгаа бол юу тус болох вэ? Та байнга сүнслэг асуудлыг бодон, түүнд анхаарлаа төвлөрүүлбэл ямар ач тус хүртэж болох вэ? Санаа зовоосон зүйл амьдралд гарсан ч түр хойш тавиад сүнслэг асуудлыг эрхэмлэн үздэг үү? Хэрэв тийм бол энэ нь одоо ч таны жаргалд нэмэр болно.
19. Ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд юу хийж болох вэ?
19 Одоо дараагийн алхмыг хийе. Дээр дурдсан зүйлийн санааг ханьтайгаа, ойр дотныхоо хамаатантай, найзтайгаа гэх мэтээр Бурхны өөр нэгэн үйлчлэгчтэй ярилцаж яагаад болохгүй билээ? (Сургаалт үгс 18:24; 20:5). Баян удирдагч чухал асуудлын талаар өөр хүнээс, тухайлбал, Есүсээс асуусныг санаарай. Есүсийн өгсөн хариулт түүнд илүү жаргалтай болж, мөнхийн аминд хүрэх боломж олгосон. Таны ярилцах итгэл нэгт ах дүү тань Есүстэй эн зэрэгцэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Есүсийн сургаалын тухай ярилцах та хоёрын хэн хэнд нь ач тустай байх болно. Үүнийг аль болох хурдан хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
20, 21. Есүсийн сургаалыг сурахын тулд ямар хөтөлбөр баримталж болох вэ? Ахиц дэвшлээ хэрхэн тодорхойлж болох вэ?
20 «Танд туслах сургаал» нэртэй хавсралтыг ахиад нэг харна уу. Сургаалыг хэсэг хэсгээр нь бүлэглэн хуваасан болохоор та өдөрт ядаж нэг хэсгийг авч үзэх боломжтой. Та эхлээд тэр зүйлүүдэд бичсэн, Есүсийн хэлсэн үгийг уншаарай. Дараа нь үгийнх нь тухай эргэцүүлэн бодоорой. Амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар тунгааж үзээрэй. Хэрэв та аль нэг сургаалыг хэрэгжүүлчихсэн гэж үзвэл тэрхүү сургаалын дагуу амьдрахын тулд бүр илүү юу хийж болохоо эргэцүүлэн бодоорой. Түүнийгээ тэр өдрийн турш хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Хэрэв ойлгоход юм уу хэрэгжүүлэхэд бэрхтэй бол тэр сургаалыг хэрэгжүүлэхэд ахиад нэг өдөр зориулаарай. Гэхдээ үүнийг өөрийн болгож байж л дараагийн сургаал уруу орно гэх хэрэггүй. Маргааш өдөр нь өөр нэг хэсгийг авч үзэж болно. Ингээд долоо хоногийн эцэс гэхэд Есүсийн сургаалаас дөрөв тавыг нь хэр зэрэг амжилттай хэрэгжүүлснээ дүгнэх боломжтой. Дараагийн долоо хоногт ч гэсэн өдөр болгон өөр өөр сургаал хэрэгжүүлэхийг оролдоорой. Хэрэв зарим нэг сургаалыг хэрэгжүүлэхдээ алдсан бол цөхрөх хэрэггүй. Христиан хүн бүрт л ийм юм тохиолддог (Шастирын дэд 6:36; Дуулал 130:3; Номлогчийн үгс 7:20; Иаков 3:8). Гурав дөрөв дэхь долоо хоногт ч гэсэн үргэлжлүүлэн хэрэгжүүлээрэй.
21 Нэг сар юм уу сар орчмын хугацаанд та бүх 31 зүйлийг авч үзэж дуусах байх. Ямар ч байлаа гэсэн, та эцэст нь ямар үр дүнд хүрэх вэ? Та илүү жаргалтай, магадгүй арай тайвширсан болохгүй гэж үү? Ахиц дэвшил бага байлаа ч гэсэн стресс тань багассаныг, үгүй ядахдаа стрессээ амархан давж чаддаг болох байх. Мөн Есүсийн сургаалыг цаашид тогтсон төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх зуршилтай болно. Есүсийн сургаалын өөр олон сайхан санааг энэ жагсаалтад бичээгүй гэдгийг бүү мартаарай. Тэдгээрийг олж мэдээд, амьдралдаа хэрэгжүүлэхэд болохгүй нь юу билээ? (Филиппой 3:16, ШЕ).
22. Есүсийн сургаалыг дагахын үр дүн юу вэ? Өөр юуны тухай авч үзэх нь зөв бэ?
22 Есүсийн буулга жинтэй ч гэлээ үнэхээр эвтэйхэн гэдгийг та лав ойлгосон байх. Түүний сургаалыг баримталж, шавь нь байх гэдэг хүнд ачаа биш ээ. Есүсийн дотны анд элч Иохан 60 гаруй жилийн туршлагаасаа: «Түүний тушаалуудыг сахих нь Бурхны хайр мөн. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» хэмээн хүлээн зөвшөөрчээ (1 Иохан 5:3). Та ч гэсэн ийм итгэлтэй байж болно. Та Есүсийн сургаалыг хэдийчинээ урт хугацаанд хэрэгжүүлнэ, өнөөдөр хүмүүсийн амьдралыг стресстэй болгож байгаа тэр бүхэн таны хувьд тийм ч их зовлон болохгүйг илүү мэдрэх болно. Түүнчлэн стрессээ харьцангуй намдсаныг ойлгоно (Дуулал 34:8). Гэхдээ Есүсийн эвтэйхэн буулганы тухайд авч үзвэл зохих өөр зүйл бас бий. Түүнчлэн Есүс өөрийгөө «дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан» гэж хэлсэн. Энэ нь Есүсийг дуурайж, түүнээс суралцахтай ямар холбоотой вэ? Дараагийн өгүүллээс энэ тухай мэдэж авъя (Матай 11:29).
[Зүүлт]
^ СТРЕСС − сэтгэлийн дарамт буюу бие махбодь, оюун санааны таагүй байдал.
Та юу гэж хариулах вэ?
• Хэт их стрессээ намдаахын тулд яагаад Есүст хандах хэрэгтэй вэ?
• Буулга юуны бэлэгдэл байсан бэ? Яагаад?
• Ямар учраас Есүс хүмүүст өөрийнх нь буулгыг авахыг уриалсан бэ?
• Та хэрхэн сүнслэгээр сэргэж болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[13-р хуудасны товчлол]
Еховагийн Гэрчүүдийн 2002 оны уриа: «Над уруу ир. Би та нарыг сэргээнэ» (Матай 11:28, ШЕ).
[15, 16-р хуудасны хавсралт/зураг]
Танд туслах сургаал
«Матай» номын 5–7-р бүлгээс ямар ашигтай зүйлийг мэдэж авч болох вэ? Эдгээр бүлэгт Агуу Багш Есүсийн Галилын ууланд байхдаа айлдсан сургаал байдаг. Та Библиэсээ доорх зүйлийг уншаад холбогдох асуултыг өөртөө тавиарай.
1. 5:3–9 Энэ зүйлийн дагуу би ямар сэтгэлгээтэй байх ёстой вэ? Аз жаргалд хүрэхийн тулд би яах ёстой вэ? Би сүнслэг хэрэгцээгээ хэрхэн илүү анхаарч болох вэ?
2. 5:25, 26 Хүмүүс хэрүүл маргаанд дуртай байдаг ч ямар байвал дээр вэ? (Лук 12:58, 59).
3. 5:27–30 Сексийн мөрөөдөлд автах тухайд Есүс юу онцлон тэмдэглэсэн бэ? Үүнээс зайлсхийх нь миний аз жаргал хийгээд сэтгэл санааны амар амгаланд ямар ач тустай вэ?
4. 5:38–42 Орчин үеийн нийгмийн хэв шинж болсон «хэний ч дор орохгүй байх» гэсэн хандлагаас зайлсхийх ёстойн учир юу вэ?
5. 5:43–48 Өмнө нь дайсан хэмээн үздэг байсан хүнээ сайн мэддэг болох нь ямар ач тустай вэ? Энэ нь сөргөлдөөн намдах буюу арилхад хэрхэн тус болох вэ?
6. 6:14, 15 Заримдаа би бусдыг уучилж өршөөхдөө хойрго байдаг бол үүний үндсэн шалтгаан нь атаархал эгдүүцэл мөн үү? Үүнийгээ би хэрхэн өөрчилж болох вэ?
7. 6:16–18 Би, дотроо ямар вэ гэдгээ бус, гадаад байдлаа илүү анхаардаг юм биш биз? Алийг нь илүү анхаарах учиртай вэ?
8. 6:19–32 Хэрэв би мөнгө, эд хөрөнгөний хойноос хэт санаа зовбол ямар уршигт хүрч болох вэ? Энэ асуудалд дүн нуруутай байхад ямар санаа тус болох вэ?
9. 7:1–5 Үргэлж өө сэв хайдаг, аливаад ямагт буруушаасан, шүүмжилсэн байдлаар ханддаг хүмүүсийн дэргэд байхдаа би ямар байдаг вэ? Тийм байхаас зайлсхийх нь яагаад чухал бэ?
10. 7:7–11 Залбирахдаа шургуу байх нь сайн. Харин амьдралын бусад асуудалд ч тийм байвал ямар вэ?
11. 7:12 Би «Алтан дүрэм»-ийг мэддэг ч гэсэн бусадтай харьцахдаа байнга ашигладаг билүү?
12. 7:24–27 Нэгэнт би амьдралаа удирдан чиглүүлэх хариуцлага хүлээх учиртайгаас хойш хүндрэл бэрхшээл хуй салхи мэт, зовлон зүдгүүр үер мэт буухын цагт хэрхэн сайн бэлтгэлтэй байж болох вэ? Энэ тухай яагаад одооноос бодох хэрэгтэй вэ? (Лук 6:46–49).
Авч үзвэл зохих нэмэлт сургаал
13. 8:2, 3 Есүс ядарч зүдэрсэн нэгнийг дандаа өрөвддөг байсан шиг би хэрхэн өрөвдөж болох вэ?
14. 9:9–38 Энэрэнгүй байх нь миний амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ? Би яавал илүү энэрэнгүй болох вэ?
15. 12:19 Би Есүсийн тухай зөгнөлөөс сургамж авч хэрүүл шуугианаас зайлсхийдэг үү?
16. 12:20, 21 Үг хэл болон үйл хэргээрээ бусдыг дарамтлахгүй байвал ямар ач тус гарах вэ?
17. 12:34–37 Би голдуу юуны тухай ярьдаг вэ? Жүржийг базахад шүүс нь гардгийн адилаар миний дотор хүн ямрыг, зүрхэнд минь юу байдгийг бодох яагаад хэрэгтэй вэ? (Марк 7:20–23).
15:4–6 Есүсийн хэлсэн үгнээс би настай хүмүүст санаа тавих талаар юу мэдсэн бэ?
18.19. 19:13–15 Юу хийх цаг гаргах хэрэгтэй вэ?
20. 20:25–28 Хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдлээ урвуулан ашиглах нь яагаад буруу вэ? Энэ асуудлаар Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?
«Марк» номд тэмдэглэсэн бусад санаа
21. 4:24, 25 Би бусадтай хэрхэн харьцдаг нь ямар ач холбогдолтой вэ?
22. 9:50 Хэлж ярьж, хийж үйлдэхдээ ая зүйг олох мэдрэмжтэй бол ямар сайн үр дүнд хүрэх вэ?
«Лук» номд бичсэн зарим сургаал
23. 8:11, 14 Хэрэв элдэв түгшүүр, эд баялаг, зугаа цэнгэл амьдралыг минь ноёлдог бол ямар уршигт хүрэх вэ?
24. 9:1–6 Есүс өвчнийг эдгээх хүч чадалтай байсан ч хамгийн тэргүүнд юуг тавьсан бэ?
25. 9:52–56 Би амархан гомддог уу? Өширхөх хүслээсээ хэрхэн зайлсхийж болох вэ?
26. 9:62 Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлэх үүргээ би хэрхэн үздэг вэ?
27. 10:29–37 Би харийн хүн биш, «хөрш» гэдгээ хэрхэн харуулах вэ?
28. 11:33–36 Амьдралаа энгийн болгохын тулд яаж өөрчилж болох вэ?
29. 12:15 Амь болон хөрөнгө ямар холбоотой вэ?
30. 14:28–30 Сайтар бодож байгаад шийдвэр гаргавал юунаас зайлсхийж, ямар ач тус хүртэх вэ?
31. 16:10–12 Чин үнэнч амьдарвал ямар ашиг тус хүртэх вэ?