Бурхны Үгийг заахад бүрэн бэлтгэгдсэн багш нар
Бурхны Үгийг заахад бүрэн бэлтгэгдсэн багш нар
«Тэр [Бурхан] биднийг... үйлчлэгчид байх чадвартай болгожээ» (2 КОРИНТ 3:5, 6).
1, 2. Заримдаа сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хийх ямар оролдлого гардаг вэ? Тийм оролдлого яагаад голдуу бүтэлгүйтдэг вэ?
ХЭРЭВ танаар огт хийж чадахгүй ажил хийлгэх гэвэл ямар санагдах байсан бэ? Хэрэгтэй бүх зүйлийг өмнө тань дэлгэж тавиад, гарт тань багаж хэрэгсэл бариулжээ гэж бодъё. Гэтэл та яахаа ч мэддэггүй. Ядахад яаралтай ажил болохоор бүр ч хэцүүдэх нь. Хүмүүс танд л найдаж байгаа. Ямар хяслантай вэ!
2 Дээрх дүрслэлийг сайтар ургуулан бодоод л биччихсэн хэрэг биш ээ. Жишээ авч үзье. Христ шашны ертөнцийн сүм хийд заримдаа айлаар дэлгэрүүлэх арга хэмжээ зохион байгуулж, үүнийгээ хэрэгжүүлэх гэж оролддог. Гэтэл тэдний хичээл зүтгэл суларсаар хэдхэн долоо хоног эсвэл сарын дараа бүтэлгүйтдэг. Яагаад? Яагаад гэвэл христ шашны ертөнц сүсэгтнүүдээ энэ ажлыг хийх чадвартай болгодоггүй. Тэр ч байтугай лам хуврагууд хүртэл иргэний болоод шашны их сургуульд олон жилээр суралцдаг атлаа сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хийх чадваргүй байдаг. Ингэж хэлж болохын учир юу вэ?
3. 2 Коринт 3:5, 6-д ямар үг ашигласан байдаг вэ? Энэ үг ямар утгатай вэ?
3 Сайн мэдээ дэлгэрүүлэгч яаж жинхэнэ чадвартай болдгийг Бурхны Үг тайлбарладаг. Элч Паул Бурхны онгодоор хөтлүүлэн, «Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурхнаас гардаг юм. Тэр биднийг... үйлчлэгчид байх чадвартай болгожээ» хэмээн бичжээ (2 Коринт 3:5, 6). Энд «чадвартай» гэдэг үгийг ашигласан буйг анхаарч үзнэ үү. Энэ үг ямар утгатай вэ? Библийн үг хэллэгийг тайлбарласан нэгэн тольд: «[Эх бичигт буй грек үгийг] эд юмны тухай ярихад ашиглавал „хангалттай“... гэсэн утга илэрхийлдэг бол хүний тухай ярихад „мэргэжсэн“, „зохистой“ гэсэн утга заадаг» хэмээн тэмдэглэжээ («Vine’s Expository Dictionary of Biblical Words»). Иймээс «чадвартай» хүн оногдсон даалгаврыг биелүүлэхэд мэргэжсэн буюу зохистой байдаг. Тийм ээ, Бурхны жинхэнэ үйлчлэгчид сайн мэдээ дэлгэрүүлэхэд мэргэжсэн, тохирсон, зохистой буюу ажлаа хийх чадвартай хүмүүс байдаг.
4. а) Тоотой хэдэн гоц хүн л Бурхны үйлчлэгч байх чадвартай болдог юм биш гэдгийг Паулын жишээ хэрхэн харуулдаг вэ? б) Ехова биднийг чадвартай үйлчлэгч болгохын тулд ямар гурван хэрэгсэл ашигладаг вэ?
4 Гэхдээ хүн яаж ийм чадвартай болдог вэ? Өөрийнхөө авъяас билгээр үү? Эсвэл сод ухаанаараа юу? Нэр хүндтэй сургуульд сурч нарийн мэргэжил эзэмшээд үү? Элч Паулд тэр бүхэн байсан (Үйлс 22:3; Филиппой 3:4, 5). Гэсэн ч Бурхны үйлчлэгч байх чадварыг сургууль боловсролоос биш Еховагаас авснаа даруухнаар хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл тоотой хэдэн гоц хүн л ийм чадвартай болдог уу? Паул Коринт хотын хурлынханд «бидний чадвар Бурхнаас гардаг» гэж бичсэн. Тэгэхээр Ехова бүх үнэнч үйлчлэгчээ даалган өгсөн ажлыг нь хийхэд мэргэжсэн буюу чадвартай болгодог гэдэг нь тодорхой. Өнөөдөр Ехова жинхэнэ христиануудыг хэрхэн чадвартай болгодог вэ? Түүний ашигладаг гурван хэрэгслийг авч үзье. Үүнд: 1) Бурхны Үг, 2) ариун сүнс 3) Бурхны дэлхий дэх байгууллага орно.
Еховагийн Үг биднийг чадвартай болгодог
5, 6. Ариун Судар жинхэнэ христиануудад яаж нөлөөлдөг вэ?
5 Юуны түрүүнд Бурхны Үг биднийг яаж Бурханд үйлчлэх чадвартай болгодог вэ? Паул: «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурхны хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм» хэмээн бичсэн (2 Тимот 3:16, 17). Иймээс Бурхны Үгийг хүмүүст заах «сайн үйлд бүрэн бэлтгэгдэхэд» Ариун Судар бидэнд тусалдаг. Тэгвэл христ шашны ертөнцийн сүм хийдийн тухайд юу хэлж болох вэ? Тэд ч гэсэн Библитэй шүү дээ. Бүгдээрээ л адилхан ном барьдаг хэрнээ яагаад зарим хүн Бурханд үйлчлэх чадвартай болдог, харин зарим нь тийм болдоггүй байна аа? Библид хэрхэн хандахаас л бүх юм шийдэгдэнэ.
6 «Христ шашны» янз бүрийн сүмд явдаг олон хүн Библийг «үнэхээр байгаагаар нь буюу... Бурхны үг» хэмээн хүлээн авдаггүй нь тун тоогүй (1 Тесалоник 2:13). Энэ тал дээр христ шашны ертөнц нэр хүндээ үнэхээр алджээ. Лам хуврагууд нь шашны их сургуульд олон жил сураад Бурхны Үгийг заахад бэлэн болдог уу? Юу л бол. Зарим нь сургуульд анх орохдоо Библид итгэдэг байсан бол төгсөхдөө итгэхээ больдог ажээ! Ийм болохоор тэдний ихэнх нь Бурхны Үгэнд итгэхээ бүр болиод, үүнийг дэлгэрүүлэх биш харин улс төрийн мэтгэлцээнд оролцох, «нийгмийн евангелийг» дэлгэрүүлэх, эсвэл гүн ухааныг сургаал номлолдоо дагнан авч үзэх зэргээр хүч анхаарлаа өөр зүйл уруу чиглүүлдэг (2 Тимот 4:3). Харин жинхэнэ христианууд Есүс Христийн жишээг дуурайдаг болохоор тэднээс ялгаатай.
7, 8. Есүс болон шашны удирдагчид Бурхны Үгийг хэрхэн өөр өөрөөр үздэг байсан бэ?
7 Есүс бодол санаагаа тухайн цагийнхаа шашны удирдагчдын нөлөөнд оруулаагүй юм. Тэрээр цөөн хэдэн элч нараа сургахдаа ч, хурсан олонд заахдаа ч Бурхны Үгийг байнга ашигладаг байлаа (Матай 13:10–17; 15:1–11). Үүгээрээ тэр тухайн үеийн шашны удирдагчдаас ялгаатай байв. Тэд энгийн ард олонд Бурхныг гүн гүнзгий таньж мэдэхэд ихээхэн саад болдог байсан. Тэр цагийн олон багш Библийн зарим зүйлийн санааг хэлэлцэж ярилцахын аргагүй гүн гүнзгий гэж үзээд, толгой дээгүүрээ юм нөмөрч байгаад зөвхөн гарын шавьтайгаа шивнэн ярилцаж заншжээ. Тэд Бурхны нэрийг дуудаж үл болно гэдэг шигээ Ариун Судрын тодорхой зүйлүүдийг авч үзэхдээ мөн л мухар сүсгийн үүднээс ханддаг байжээ!
8 Христ тэднээс тэс ондоо байлаа. Цөөн тооны хүнээр хязгаарлахгүй, бүх хүн «Бурхны амнаас гарах үг бүрийг» ойлгох ёстой гэж үздэг байсан. Есүс зөвхөн цөөн хэдэн эрдэмтнийг Ариун Судар ойлгох чадвартай болгохыг зориогүй. Тэрээр: «Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла» гэж шавь нартаа хэлсэн (Матай 4:4; 10:27). Есүс Бурхны тухай мэдлэгийг болж л өгвөл олон хүнтэй хуваалцахыг хүсдэг байсан.
9. Жинхэнэ христианууд Библийг хэрхэн ашигладаг вэ?
9 Бидний заадаг сургаал Бурхны Үгэнд үндэслэх учиртай. Жишээ нь: Хэрэв бид Хаанчлалын танхимд үг хэлж байгаа бол Библийн зүйлийг уншаад өнгөрөх нь төдийлөн хангалттай биш. Бид уншсан зүйлээ тайлбарлаж, жишээ татаж, хам сэдэвтэй нь холбон тайлбарлах ёстой. Бидний зорилго бол Библийн мэдээг амилуулж, сонсогчийнхоо зүрх сэтгэлд хүргэх явдал юм (Нехемиа 8:8, 12). Заавар зөвлөгөө өгөх, засаж залруулах шаардлага гарвал Ариун Судрыг бас ашиглах ёстой. Еховагийн ард түмэн угсаа гарал, үг хэл ондоо боловч бүгдээрээ л Библи гэдэг хосгүй номыг гүн хүндэтгэдэг.
10. Бурхны онгод оруулсан Библи бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
10 Библийг ингэж хүндэтгэвэл хүч нөлөө нь үйлчилдэг (Еврей 4:12). Үүний ачаар хүн завхайрах, садар самуун үйлдэх, хиймэл шүтээн шүтэх, архидан согтуурах, хулгай хийх зэрэг Бурханд таалагддаггүй үйл хэргээсээ ангижирч амьдралаа өөрчилдөг. Библийн тусламжтайгаар их олон хүн «хуучин хүнээ хойш тавьж, шинэ хүнийг өмссөн» билээ (Ефес 4:20–24). Тийм ээ, хэрэв бид Библийг хүний үзэл бодол, ёс заншлаас илүү хүндэтгэн, чанд баримтлах юм бол Бурхны Үгийг заахад бүрэн бэлтгэгдсэн багш болно.
Еховагийн сүнс биднийг чадвартай болгодог
11. Еховагийн ариун сүнсийг «Туслагч» гэх нь яагаад зөв бэ?
11 Хоёрдугаарт, бүрэн бэлтгэгдсэн багш болоход Бурхны ариун сүнс буюу үйлдэх хүч ямар үүрэгтэйг авч үзье. Еховагийн сүнс бол хамгийн агуу хүч мөн гэдгийг бид хэзээ ч мартах учиргүй. Ехова энэ бишрэм хүчийг жинхэнэ христиануудын тусын тулд ашиглах эрх мэдлийг хайрт Хүүдээ өгсөн. Иймээс ч Есүс ариун сүнсийг «Туслагч» гэсэн нь үнэхээр оножээ (Иохан 16:7). Есүс Еховаг ариун сүнсээ өгөөмөр элбэгээр өгнө гэж хэлээд шавь нараа сүнс гуйн залбирахыг уриалсан (Лук 11:10–13; Иаков 1:17).
12, 13. а) Бурханд үйлчлэхдээ ариун сүнсний тусламж авахаар залбирах нь яагаад чухал бэ? б) Фарисайчууд ариун сүнсний нөлөөгүй байснаа хэрхэн харуулсан бэ?
12 Бид өдөр болгон ариун сүнс гуйн, ялангуяа үйлчлэх ажилдаа туслуулахаар залбирах хэрэгтэй. Энэхүү үйлдэх хүч бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Ариун сүнс бидний оюун санаа хийгээд зүрх сэтгэлд үйлчилж, сүнслэгээр өсөн, «хуучин хүнийхээ» оронд «шинэ хүнийг өмсөж», өөрчлөгдөхөд нөлөөлдөг (Колоссай 3:9, 10). Түүнчлэн Христийнх шиг эрхэм сайхан олон чанарыг хөгжүүлэхэд тусалдаг. Бид бараг бүгдээрээ Бурхны сүнсний «үр жимсийг» тоочин бичсэн Галат 5:22, 23-ыг цээжээрээ мэддэг. Хамгийн эхнийх нь хайр билээ. Хайрлахгүй бол Еховад үйлчлэх боломжгүй. Яагаад?
13 Хайр хамгийн том хөдөлгөгч хүч болдог. Жинхэнэ христианууд Еховаг болоод бусдыг хайрладаг болохоор сайн мэдээ дэлгэрүүлэх урам зориг дүүрэн байдаг (Марк 12:28–31). Ийм хайр үгүй бол бид Бурхны Үгийг заах чадвартай болж яавч чадахгүй. Есүс болон фарисайчууд ямар ялгаатай байсныг сана л даа. Матай 9:36-д Есүсийн тухай: «Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» гэж бичсэн байдаг. Тэгвэл фарисайчууд энгийн номхон ардад хэрхэн ханддаг байсан бэ? Тэд: «Хуулийг мэддэггүй энэ ард олон л хараагджээ» гэж хэлсэн (Иохан 7:49). Фарисайчууд хүмүүсийг жигшдэг байснаас хайрладаг байсангүй. Еховагийн ариун сүнс тэдэнд огт нөлөөлдөггүй байсан нь лавтай.
14. Есүсийн хайрандаа хөтлөгдөн үйлчилсэн жишээ бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
14 Есүс хүмүүсийг өрөвдөж, зовлонг нь мэддэг байсан. Ард олон доромжлуулан, хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсаныг ч мэдэж байв. Иохан 2:25-д бичсэнээр Есүс «хүний дотор юу байдгийг мэдэж байсан». Ехова бүхнийг бүтээх үед Есүс «уран дархан» байсан учир хүний мөн чанар ямар болохыг нэвтэрхий мэддэг байсан (Сургаалт үгс 8:30, 31). Энэ нь түүний хайрыг улам лавшруулжээ. Ийм л хайр биднийг дэлгэрүүлэх ажлаа хийхэд үргэлж хөтөлж байгаасай! Хэрэв энэ асуудлаар засарч сайжрах учиртайгаа мэдэх юм бол Еховагаас ариун сүнс гуйн залбирч үүнийхээ дагуу чармайцгаая. Тэгвэл Ехова бидэнд хариулж, эцэж цуцашгүй хүчээ илгээн, хамгийн чадвартай дэлгэрүүлэгч Христ шиг болоход маань тусална.
15. Исаиа 61:1–3-ын үг Есүстэй ямар холбоотой вэ? Мөн хуулийн багш нар болон фарисайчуудыг яаж илчилдэг вэ?
15 Есүсийг хэн тийм чадвартай болгосон бэ? «Эзний [«Еховагийн», ШЕ] Сүнс Над дээр байна» гэж тэр хэлсэн (Лук 4:17–21). Тийм ээ, Ехова өөрөө Есүсийг ариун сүнсээрээ томилсон. Иймээс Есүст үүнээс илүү баримт нотолгоо шаардлагагүй байсан. Тэр цагийн шашны удирдагчид ариун сүнсээр томилогдсон байсан уу? Үгүй ээ. Тэд Есүсийн өөртөө хамааруулан олны өмнө чанга дуугаар уншсан Исаиа 61:1–3-ыг биелүүлэхэд ч бэлэн байгаагүй юм. Та эдгээр зүйлийг уншиж үзвэл хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд энд бичигдсэнтэй нийцэхгүй байсныг ойлгоно. «Зовогсдод дэлгэрүүлэх сайн мэдээ» тэдэнд байгаагүй юм. Тэд өөрсдөө сүнслэгээр сохор, хүний зохиосон ёс заншлын боол байсан юм чинь яаж «олзлогдогсдыг чөлөөлж», сохор нэгнийг хараатай болгож чадах юм бэ! Тэгвэл бид тэднээс ялгаатай нь хүмүүст заах чадвартай билээ.
16. Өнөөдөр Еховагийн ард түмэн хүмүүст Бурхны Үгийг заах чадвартай гэдэгтээ хэрхэн итгэлтэй байдаг вэ?
16 Бид «христ шашны» тусгай их сургуульд сурч, Библийн багш хэмээн томилсон бичиг баримт аваагүй маань үнэн билээ. Ингэлээ гээд биднийг хүмүүст заах чадваргүй гэж хэлэх үү? Огт үгүй ээ! Ехова өөрөө биднийг Гэрчээ болгон томилсон юм (Исаиа 43:10–12). Хэрэв бид ариун сүнс гуйн Еховад залбирч, гуйсныхаа дагуу чармайх юм бол Библи заахад бүрэн бэлтгэгдэнэ. Бид төгс бус болохоор Агуу багш Есүсийн жишээг яг таг дуурайж чадахгүй маань ойлгомжтой. Гэсэн ч Ехова хүмүүст Үгээ заалгахаар биднийг бэлтгэж, чадвартай болгох гэж ариун сүнсээ ашигладагт нь гүнээ талархдаг.
Еховагийн байгууллага биднийг чадвартай болгодог
17-19. Еховагийн байгууллагаараа дамжуулан долоо хоног бүр явуулдаг таван цуглаан биднийг Бурханд үйлчлэх чадвартай болоход хэрхэн тусалдаг вэ?
17 Ехова биднийг Библи заах чадвартай болгохоор ашигладаг гурав дахь хэрэгслийг авч үзье. Энэ бол биднийг Бурханд үйлчлэх ажилд сургаж байдаг түүний дэлхий дэх хурал буюу байгууллага юм. Яаж сургадаг вэ? Биднийг сургахад зориулсан хөтөлбөрийг бодоод үзье. Бид долоо хоног бүр таван цуглаан явуулдаг (Еврей 10:24, 25). Ном судлалын цуглаанаар цөөхүүлээ цуглаж, Еховагийн байгууллагаараа дамжуулан өгдөг ном хэвлэлийг ашиглан Библийг гүн гүнзгий судалдаг. Цуглаан дээр бусдынхаа хариулахыг сонсон, мөн өөрөө хариулж, нэг нэгээсээ сурч харилцан бие биеэ урамшуулдаг. Ном судлалын хэсгийн удирдагч хүн бүрийн хэрэгцээ шаардлагад тохирсон заавар зөвлөгөө өгч, анхаарал халамж тавьдаг. Бас Нийтийн цуглаан болон «Харуулын цамхаг» судлах цуглаанаас бид шим тэжээл сайтай сүнслэг хоол арвин ихээр хүртдэг.
18 Теократ үйлчлэлийн сургууль биднийг туршлагатай багш болоход тусалдаг. Бид энэ сургуулийн суралцагч болж үг хэлэхээр бэлдэхдээ Бурхны Үгийг олон янзын сэдвээр өргөн хүрээтэй ашиглаж сурдаг (1 Петр 3:15). Та даалгаврынхаа сэдвийг гайгүй сайн мэддэг гэж бодоод бэлдэж байтал шинэ юм олж мэдсэн тохиолдол бий юү? Ийм явдал цөөнгүй гардаг. Олж мэдсэнээ бусдад тайлбарлах бол мэдлэгээ гүнзгийрүүлэх хамгийн сайн арга мөн. Бид өөрсдөө үг хэлэх даалгаваргүй ч гэлээ сайн багш болоход суралцах юм мундахгүй бий. Суралцагч болгон өөрийн гэсэн сайн талтай болохоор түүнийг нь яаж дуурайхаа бодож үзээрэй.
19 Бурхны Үгийг заахад бэлтгэгдсэн багш болоход Үйлчлэх цуглаан бас тус болдог. Долоо хоног бүр үйлчлэлтэй холбоотой үг, хэлэлцүүлэг сонсож, үзүүлбэр үздэг. «Библийн тухай яриа яаж эхлэх вэ? Дэлгэрүүлэх явцад гардаг онцгой бэрхшээлийг хэрхэн давах вэ? Дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлэх ямар боломж байна вэ? Давтан уулзах болон Библийн хичээл явуулахдаа туршлагатай багш байхад юу туслах вэ? (1 Коринт 9:19–22)» зэрэг асуултыг Үйлчлэх цуглаанаар нарийвчлан авч үзээд, хэлэлцэн ярилцдаг. Уг цуглааны ихэнх хэсгийг «Манай хаанчлалын үйлчлэл»-д нийтэлсэн өгүүллүүдээр явуулдаг ба сар тутмын энэ хэвлэл биднийг чухал ажлаа амжилттай явуулахад бэлтгэдэг.
20. Цуглаан болон чуулганы ашиг тусыг хэрхэн бүрэн хүртэж болох вэ?
20 Энэ таван цуглаандаа бэлдэх, таслахгүй очих, тэндээс сурч мэдсэнээ заах ажилдаа хэрэгжүүлэх гэдэг бидний хувьд гүнзгийрүүлсэн сургалт юм. Үүнээс гадна биднийг Бурхны Үгийг заахаар бэлтгэгдсэн багш болгодог зүйл бол жилд гурван удаа болдог том хэмжээний цуглаан буюу чуулган юм. Бид энэ бүх цуглаанаа тэсэн ядан хүлээж, хөтөлбөрийг нь анхааралтай сонсож, авсан зөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг хичээдэг! (Лук 8:18).
21. Бидний сургалт үр дүнтэй гэдгийн баталгаа юу вэ? Хэний ачаар ийм байдаг вэ?
21 Еховагийн явуулдаг сургалт үнэхээр үр өгөөжтэй байдаг уу? Шууд хариулахаа түр азнаад, баримт сөхөж үзье. Жил бүр олон зуун мянган хүн Еховагийн Гэрчүүдийн тусламжтайгаар Библийн үндсэн сургаалтай танилцаж, Бурхны шаардлагын дагуу амьдарч эхэлдэг. Бид тооны хувьд өсөн нэмэгдэж байгаа ч энэ бол бидний ач гавьяа огт биш ээ. Бид Есүсийн адилаар асуудалд бодитойгоор хандах хэрэгтэй. Тэрээр: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлсэн. Нэгдүгээр зууны элч нарын адилаар бидний ихэнх нь эрдмийн зэрэг цолгүй энгийн хүмүүс билээ (Иохан 6:44; Үйлс 4:13). Бидний амжилт чин зүрхтэй хүмүүсийг үнэн уруу татдаг Еховагаас шалтгаалдаг. Энэ санааг элч Паул: «Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм» гэж үнэхээр оновчтой илэрхийлжээ (1 Коринт 3:6).
22. Христиан үйлчлэлээ гүйцэд явуулж чадахгүй гэж гутрах хэрэггүйн учир юу вэ?
22 Тийм ээ, Үгийг нь заах бидний ажилд Ехова Бурхан гол үүрэг гүйцэтгэдэг. Бурхны Үгийг заах чадвартай гэдэгтээ итгэхгүй үе гарч магадгүй. Гэхдээ Ехова л хүмүүсийг өөртөө болоод Хүүдээ татдаг гэдгийг ямагт санаарай. Ехова өөрөө биднийг Үгээрээ, ариун сүнсээрээ, дэлхий дэх байгууллагаараа дамжуулан хүмүүст заах чадвартай болгодог. Биднийг Бурхны Үгийг заахад бүрэн бэлтгэгдсэн багш болгохоор Еховагийн өгдөг бүхнийг хэрэгжүүлэн, сайн сурцгаая!
Та хэрхэн хариулах вэ?
• Библи биднийг дэлгэрүүлэх ажилд хэрхэн бэлтгэдэг вэ?
• Биднийг Бурханд үйлчлэх чадвартай болоход ариун сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
• Таныг сайн мэдээ дэлгэрүүлэх чадвартай болоход Еховагийн байгууллага хэрхэн тусалдаг вэ?
• Бид Еховад итгэлтэйгээр үйлчилдгийн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]