Та «үнэний сүнсийг» авсан уу?
Та «үнэний сүнсийг» авсан уу?
«[Эцэг] та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс мөн» (ИОХАН 14:16, 17).
1. Есүс дээд давхрын өрөөнд шавь нартайгаа сүүлчийн удаа уулзахдаа ямар чухал үг хэлсэн бэ?
«ЭЗЭН, Та хаашаа явах юм бэ?». Есүсийг сүүлчийн удаа элч нартайгаа Иерусалимын нэгэн байшингийн дээд давхрын өрөөнд уулзаж байхад түүнээс олон юм асуусны нэг нь энэ байлаа (Иохан 13:36). Ийн уулзаж байхдаа Есүс тэднийг орхиж, Эцэгтээ буцах цаг нь болсон гэдгийг хэлсэн (Иохан 14:28; 16:28). Үүнээс хойш Есүс тэдэнд заавар зөвлөгөө өгч, асуусанд нь хариулж, хажууд нь биечлэн байхаа болино. Гэхдээ тэрээр: «Би Эцгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна» гэж хэлж итгэл өгсөн (Иохан 14:16).
2. Есүс явсныхаа дараа шавь нартаа юу илгээхээ амласан бэ?
2 Есүс тэр туслагч гэж юу болохыг тодорхой хэлээд, шавь нарт нь хэрхэн туслахыг ч бас тайлбарлав. Тэрээр: «Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй. Харин одоо Би Намайг Илгээгч уруу явж байна. [...] Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ. ...Үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана» хэмээн тэдэнд хэлсэн (Иохан 16:4, 5, 7, 13).
3. а) «Үнэний сүнсийг» эртний христиануудад хэзээ илгээсэн бэ? б) Ариун сүнс тэдэнд ямар чухал байдлаар «туслагч» болж байсан бэ?
3 Элч Петрийн гэрчилснээр МЭ 33 оны Пентекостын өдөр тэрхүү амлалт биелсэн. Тэрээр: «Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн. Тиймээс Бурхны баруун гарт өргөмжлөгдөж, Эцгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм» гэж хэлсэн (Үйлс 2:32, 33). Пентекостын өдөр «цутгасан» ариун сүнс эртний христиануудад их зүйл хийж өгснийг бид хожим үзнэ. Харин Есүсийн амласан «үнэний сүнс» «тэдэнд түүний хэлсэн бүгдийг сануулах» учиртай байв (Иохан 14:26). Өөрөөр хэлбэл ариун сүнс тэдэнд Есүсийн үйлчлэл, сургаал, тэр байтугай, үг бүрийг сануулж, бичиж үлдээхэд нь туслах байв. Ялангуяа МЭ нэгдүгээр зууны эцсээр Евангелиэ бичиж эхэлсэн өндөр настай элч Иоханд их тустай байсан биз. Энэ Евангелид Есүс Дурсах оройн зоогийг зохион байгуулахдаа ямар үнэтэй зөвлөгөө өгснийг тэмдэглэжээ (Иохан 13–17-р бүлэг).
4. Эртний тослогдсон христиануудад «үнэний сүнс» хэрхэн тусалсан бэ?
4 Сүнс анхны дагалдагчдад нь «бүх зүйлийг заах бөгөөд» тэднийг «бүх үнэн уруу удирдана» хэмээн Есүс амласан билээ. Тэдэнд Судрыг гүн гүнзгий ойлгож, санаа, ойлголт, зорилго нэгтэй байхад нь сүнс тусалжээ (1 Коринт 2:10; Ефес 4:3). Ийнхүү ариун сүнс эртний христиануудыг «итгэмжит ухаалаг боол» болон нэгдэж, тослогдсон христиан болгонд «цагт нь [сүнслэг] хоол ундыг» өгөх үйл хэргийг явуулах хүч өгсөн (Матай 24:45).
Сүнс гэрчилдэг
5. а) МЭ 33 оны Нисан сарын 14-ний үдэш Есүс шавь нартаа ямар шинэ ирээдүй нээсэн бэ? б) Есүсийн амласныг биелүүлэхэд ариун сүнс ямар үүрэгтэй вэ?
5 МЭ 33 оны Нисан сарын 14-ний үдэш Есүс шавь нартайгаа дотно яриа дэлгэн, хожим нь өөрөө тэднийг хүлээн авч, тэд Эцэгтэй нь болон өөртэй нь хамт тэнгэрт байна гэдгийг хэлсэн. Есүс: «Миний Эцгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно» гэв (Иохан 13:36; 14:2, 3). Тэд түүнтэй хамт хаанчлах учиртай байлаа (Лук 22:28–30). Харин тэнгэрт амьдрах ийм найдвартай болохын тулд Бурхны сүнсэн хөвгүүд болж «сүнснээс төрж», Христтэй хамт тэнгэрийн хаан, тахилчаар үйлчлэхийн тулд тослогдох ёстой (Иохан 3:5–8; 2 Коринт 1:21, 22; Тит 3:5–7; 1 Петр 1:3, 4; Илчлэлт 20:6).
6. а) «Тэнгэрлэг дуудлага» хэзээ эхэлсэн бэ? Хэдэн хүн энэ дуудлагыг хүлээн авсан бэ? б) Дуудагдсан хүмүүс юу уруу баптисм хүртсэн бэ?
6 Энэ «тэнгэрлэг дуудлага» МЭ 33 оны Пентекостын өдөр эхлээд ерөнхийдөө 1930-аад оны дундуур дууссан бололтой (Еврей 3:1). Сүнслэг Израильд орохын тулд ариун сүнсээр тамгалуулсан, «дэлхийгээс худалдаж авагдсан» хүний тоо 144 000 юм (Илчлэлт 7:4; 14:1–4). Тэд Христийн сүнсэн бие уруу, түүний хурал уруу, бас түүний үхэл уруу баптисм хүртсэн (Ром 6:3; 1 Коринт 12:12, 13, 27; Ефес 1:22, 23). Тэд усаар баптисм хүртэж, ариун сүнсээр тослогдсоныхоо дараа өөрийгөө золиослож эхлэх буюу үхэн үхтэлээ чин үнэнч амьдрах болдог (Ром 6:4, 5).
7. Ямар учраас зөвхөн тослогдсон христианууд Оройн зоогийн үеэр талх болон дарснаас хүртэх зүй ёсны эрхтэй вэ?
7 Сүнслэг израильчууд буюу тослогдсон христианууд Ехова болон «Бурхны Израилийн» хооронд байгуулсан шинэ гэрээнд нэгдэн орсон (Галат 6:16; Иеремиа 31:31–34). Шинэ гэрээ нь Христийн асгаруулсан цусаар хүчин төгөлдөр болсон. Есүс Дурсах оройн зоогийг зохион байгуулахдаа энэ тухай дурдсан билээ. Лук: «Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө „Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд“ гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, „Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм“ [гэв]» гэж бичжээ (Лук 22:19, 20). Үлдэгдэл буюу 144 000-ын дэлхий дээр үлдсэн гишүүд л Христийн үхлийг Дурсах оройн зоогийн үеэр бэлэгдлийн утга бүхий талх, дарснаас хүртэх зүй ёсны эрхтэй юм.
8. Тослогдогсод тэнгэрлэг дуудлагатай гэдгээ хэрхэн мэддэг вэ?
8 Тослогдсон христианууд «тэнгэрлэг дуудлага»-тай гэдгээ яаж мэддэг вэ? Тэдэнд үүнийг нь ариун сүнс баттай гэрчилдэг. Элч Паул тийм хүмүүст хандан: «Бурхны Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурхны хөвгүүд юм. [...] Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурхны өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм» гэж бичжээ (Ром 8:14–17). Сүнсний гэрчлэл маш хүчтэй учраас «тэнгэрлэг дуудлага» авсан эсэхдээ өчүүхэн төдий эргэлзэх аваас тийм хүн «тэнгэрлэг дуудлага»-гүй гэдгээ ойлгож, Дурсах оройн зоогийн үеэр талх болон дарснаас хүртэхгүй байх нь зөв болно.
Сүнс болон «өөр хонинууд»
9. Евангели болон «Илчлэлт» номд ямар хоёр өвөрмөц бүлгийн тухай бичсэн бэ?
9 Есүс, сүнслэг Израилийг бүрдүүлэх хүний тоо хязгаартай гэдгийг мэдээд «өчүүхэн сүрэг» хэмээн нэрлэжээ. Тэд шинэ гэрээний «хашаанд» багтдаг бол «өөр хонинууд» тооны хувьд хязгааргүй бөгөөд Есүс тэднийг ч бас цуглуулах ёстой гэдгээ хэлжээ (Лук 12:32; Иохан 10:16, МБОХ, 1996 он). Төгсгөлийн цаг үед цугларсан энэхүү «өөр хонинууд» нь «үлэмж их зовлонг» эсэн мэнд давж, диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай «үй олон хүнийг» бүрдүүлэх хувьтай юм. МЭ нэгдүгээр зууны сүүлээр Иоханы үзсэн үзэгдэлд «үй олон хүн» болон сүнслэг Израилийн 144 000 гишүүний ялгааг харуулсан нь сонирхол татдаг (Илчлэлт 7:4, 9, 14). «Өөр хонинууд» бас ариун сүнс авдаг уу? Хэрэв тийм бол энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
10. «Өөр хонинууд» «Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр» баптисм хүртдэг нь ямар утгатай вэ?
10 Ариун сүнс «өөр хонинуудын» хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд Еховад өөрсдийгөө зориулснаа «Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр» баптисм хүртэж бэлэгдэн харуулдаг (Матай 28:19). Тэд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, Христийг Хаан бөгөөд Золигчоо хэмээн түүнд захирагдан, Бурхны сүнс буюу үйлдэх хүчний нөлөөнд автдаг. «Өөр хонинууд» өдөр тутмынхаа амьдралд «сүнсний үр жимсийг», тодруулбал, «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдлыг» хөгжүүлэхийг хичээдэг (Галат 5:22, 23).
11, 12. а) Тослогдогсод ямар өвөрмөц байдлаар ариусгагдсан бэ? б) «Өөр хонинууд» өөрсдийгөө ямар байдлаар ариусгаж, ариун болсон бэ?
11 Түүнчлэн тэднийг Бурхны Үг болон ариун сүнс цэвэршүүлэх буюу ариусгах ёстой. Тослогдогсод Христийн сүйт бүсгүй болохынхоо хувьд ариун ба зөвт хэмээн тунхаглагдан, их өвөрмөц байдлаар хэдийнээ ариусгагджээ (Иохан 17:17; 1 Коринт 6:11; ). Зөнч Даниел тэдний тухай «Хүний Хүү» Христ Есүсийн удирдлага дор Хаанчлалд орох «Дээдийн Дээд Нэгний ариун хүмүүс» хэмээн бичжээ ( Ефес 5:23–27Даниел 7:13, 14, 18, 27). Үүнээс өмнө Ехова, Мосе Аарон хоёроор дамжуулан Израилийн ард түмэнд: «Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Тиймээс өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ» гэж тунхагласан (Левит 11:44).
12 «Ариусгах» гэдэг үг «хэн нэгнийг ба ямарваа нэг зүйлийг Еховад үйлчлэхэд зориулан ариун болгох, тусгаарлах; ариун, ариусгасан, цэвэршсэн байдалд оруулах» гэсэн үндсэн утгатай ажээ. Тэртээ 1938 онд «Харуулын цамхаг» сэтгүүлд «„үй олон хүний“ бүрэлдэхүүнд орж, дэлхий дээр амьдрах хүн бүр өөрийгөө зориулах хийгээд ариусгагдах шаардлагатай гэдгийг [„ионадабчууд“ буюу „өөр хонинууд“] ойлгох ёстой» хэмээн тэмдэглэжээ. «Илчлэлт» номд «үй олон хүний» тухай үзэгдэл гардаг бөгөөд тэдний талаар «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ» гээд, «Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд [Еховад] үйлчилдэг» гэж бичсэн байдаг (Илчлэлт 7:9, 14, 15). «Өөр хонинууд» ариун сүнсний тусламжтайгаар Еховагийн ариун байх шаардлагад нийцэхийн тулд чадах бүхнээ хийдэг (2 Коринт 7:1).
Христийн «ах дүүст» сайн хандах
13, 14. а) Есүсийн хэлсэн хонь, ямааны тухай сургаалт зүйрлэлийн дагуу хонинуудын аврагдах эсэх нь юунаас шалтгаалах вэ? б) Төгсгөлийн цаг үед «өөр хонинууд» Христийн «ах дүүст» хэрхэн сайн ханддаг вэ?
13 Есүс «эд юмсын тогтолцооны төгсгөлийн» талаарх зөгнөлдөө хонь, ямааны тухай сургаалт зүйрлэл хэлж, «өөр хонинууд» хийгээд «өчүүхэн сүргийн» хооронд нарийн уялдаа холбоо байдгийг онцлон харуулсан. Энэхүү сургаалт зүйрлэлээс «өөр хонинуудын» аврал Есүсийн «ах дүүс» хэмээн нэрлэсэн тослогдсон христиануудад хэрхэн хандахтай нягт холбоотой нь илэрхий харагддаг. Тэрээр: «Хаан Өөрийн баруунтайд байгсдад хандан хэлэх нь „Миний Эцгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. [...] ...Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг“» гэж хэлсэн (Матай 24:3, ШЕ, 25:31–34, 40).
14 «Тийнхүү хандсан» гэдэг нь Христийн, сүнснээс төрсөн «ах дүүсийг» хайрлаж дэмжихийг хэлдэг. Сатаны ертөнц тэднийг харь хүн хэмээн үзэж, тэр ч байтугай заримыг нь шорон гянданд хорьж байсан. Тэдэнд хоол хүнс, хувцас хунар хэрэгтэй. Бас эрүүл мэндэд нь санаа тавих хүн хэрэгтэй (Матай 25:35, 36). 1914 оноос хойш төгсгөлийн цаг үед олон тослогдсон хүн тийм байдалд орж байсан. Тэдний үнэнч хамтран зүтгэгчид, «өөр хонинууд» ариун сүнсээр удирдуулан, тусалж дэмжиж байсныг Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүх баталдаг.
15, 16. а) «Өөр хонинууд» дэлхий дээрх Христийн тослогдсон ах дүүст ямар ажилд онцгойлон тусалдаг вэ? б) Тослогдогсод «өөр хонинуудад» талархдагаа хэрхэн илэрхийлсэн бэ?
15 Төгсгөлийн цаг үед дэлхий дээр байгаа Христийн тослогдсон ах дүүс Бурхнаас өгсөн «Хаанчлалын энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглах» тушаалыг биелүүлэхдээ «өөр хонинуудын» идэвхтэй тусламж дэмжлэгийг авдаг (Матай 24:14; Иохан 14:12). Жил ирэх тутам дэлхий дээрх тослогдогсдын тоо цөөрч байгаа ч «өөр хонинуудын» тоо нэмэгдэж, хэдэн саяд хүрчээ. Тэднээс олон мянга нь бүрэн цагийн дэлгэрүүлэгч буюу эхлэгч, миссионерээр үйлчлэн, Хаанчлалын тухай сайн мэдээг «дэлхийн хязгаар хүртэл» түгээдэг (Үйлс 1:8). Өөр бусад нь гэрчлэх ажилд боломжийн хэрээр оролцон, энэхүү чухал ажлыг санхүүгийн талаас дэмжихдээ баяр баясгалантай байдаг.
16 Христийн тослогдсон ах дүүс хамтран зүтгэгчид нь болох «өөр хонинуудын» үнэн сэтгэлийн тусламж дэмжлэгийг өндрөөр үнэлдэг! Тэд ийн үнэлдгээ 1986 онд «итгэмжит ухаалаг боол»-оос гаргасан «„Энхийн Жононгийн“ удирдлагаар даян дэлхийд аюул үгүй болно» гэдэг номд (англи) илэрхийлэн бичжээ. Уг номд: «Эд юмсын тогтолцооны төгсгөлийн тухай Есүсийн хэлсэн зөгнөл Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш «өөр хонинуудын» «үй олон хүний» хичээл зүтгэлийн ачаар их өргөн хүрээтэй биелж байна. [...] Иймээс Матай 24:14-т [Есүсийн] хэлсэн зөгнөлийг биелүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг, олон улсын олон хэлтний «үй олон хүн»-д гүнээ талархаж буйгаа илэрхийлье!» хэмээн бичжээ.
«Бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм»
17. Дэлхий дээр дахин амилах эрт цагийн үнэнч хүмүүс тослогдогсодгүйгээр «төгс болохгүй» гэдэг нь юу гэсэн үг вэ?
17 Элч Паул тослогдсон христиануудыг төлөөлөн, Христийг дэлхийд ирэхээс өмнө амьдарч байсан үнэнч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаар: «Итгэлээрээ тэд бүгдээрээ сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж. Яагаад гэвэл Бурхан бидний [тослогдогсдын] төлөө илүү дээр ямар нэгэн юмыг урьдаас харж байсан. Ингэснээр тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм» гэж бичжээ (Еврей 11:35, 39, 40). Есүс Христ болон түүний 144 000 тослогдсон ах дүүс тэнгэрт мянган жил хаан, тахилчаар үйлчилж, Христийн золиосны ач тусыг дэлхий даяар хүртээнэ. Тэгээд «өөр хонинууд» бие махбод хийгээд оюун санаагаар «төгс болно» (Илчлэлт 22:1, 2).
18. а) Библи «өөр хонинуудад» юу ойлгуулдаг вэ? б) «Өөр хонинууд» «Бурхны хөвгүүдийн илчлэгдэхийг» нь хүлээхдээ юунд найддаг вэ?
18 Христиан Грек Сударт Христ ба түүний тослогдсон ах дүүсийн тухай, мөн Еховагийн санаа зорилгыг хэрэгжүүлэхэд тэд чухал үүрэгтэй талаар голлон бичсэн байдгийн учрыг «өөр хонинууд» ухаан санаандаа хоногшуулах учиртай. Иймээс «өөр хонинууд» «Бурхны хөвгүүдийн [Армагеддоноор болон Мянган жилийн туршид] илчлэгдэхийг» нь хүлээн, тослогдсон «итгэмжит ухаалаг боол»-ыг бүх боломжоороо дэмжихийг эрхэм үүргээ гэж үздэг. Тэд «ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдана» гэж найддаг (Ром 8:19–21).
Дурсах оройн зоогт биднийг сүнс нэгтгэнэ
19. «Үнэний сүнс» тослогдогсод болон хамтран зүтгэгчдийг нь яасан бэ? Гуравдугаар сарын 28-ны үдэш тэд хэрхэн өвөрмөц маягаар нэгдмэл байдлаа харуулах вэ?
19 МЭ 33 оны Нисан сарын 14-ний үдэш Есүс залбирахдаа: «Би... гуйж байна. Энэ нь, Эцэг минь, та надтай, би тантай нэгдмэл байдаг шиг, тэд бидэнтэй нэгдмэл байж, таныг намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэг» гэж залбирсан (Иохан 17:20, 21, ШЕ). Бурхан хайрандаа хөтлөгдөн, тослогдогсод болон дуулгавартай хүн төрөлхтнийг аврахаар Хүүгээ илгээж амийг нь өгсөн (1 Иохан 2:2). «Үнэний сүнс» Христийн «ах дүүсийг» хамтран зүтгэгчидтэй нь нэгтгэсэн. Тослогдогсод хийгээд «өөр хонинууд» гуравдугаар сарын 28-ны үдэш нар жаргасны дараа, Христийн үхлийг дурсан, Ехова хайрт Хүү Есүс Христээ золиослон өөрсдийнх нь төлөө хийсэн бүхнийг санахын тулд хамтдаа цуглана. Энэ чухал арга хэмжээнд хүрэлцэн очиж нэгдмэл байдлаа зузаатгаж, Бурхны хүсэл тааллыг цаашид биелүүлэх шийдвэрээ батжуулъя. Ингэж Еховагийн хайрладаг хүний тоонд ордогтоо баярладгаа харуулъя.
Давтах асуулт
• Эртний христиануудад «үнэний сүнсийг» хэзээ илгээсэн бэ? Энэ нь ямар байдлаар «туслагч» болсон бэ?
• Тослогдсон христианууд «тэнгэрлэг дуудлага»-тай гэдгээ яаж мэддэг вэ?
• Бурхны сүнс «өөр хонинуудад» хэрхэн нөлөөлдөг вэ?
• «Өөр хонинууд» Христийн «ах дүүс»-т хэрхэн сайн ханддаг вэ? Тэд тослогдогсодгүйгээр «төгс болохгүй» гэдэг нь юу гэсэн үг вэ?
[Догол мөрийн асуулт]